| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0696/Э |
| Дугаар | 964 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 964
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Ө.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911020860916 тоот хэргийг 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Дэнжийн 28-353 тоотод оршин суух хаягтай боловч, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24-281 тоотод түр оршин суудаг, урьд 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. Боржигин овогт Өлзийхутагийн Ө.О /РД:НС86070377/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ө.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.О нь 2019 оны 08 дугаар сарын 01-02 ны шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 40-534 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч О.Оюундэлгэрийг хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгой, цээж, хүзүү хэсэгт гарааараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, цээж, нүүр, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг
хохирогч О.Оюундэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны 01 цагийн үед намайг дахин сэрээгээд энэ юу юм бэ гээд утас үзүүлээд... удалгүй буцаад ороод ирсэн бөгөөд хаалга, цонхоо түгжээд миний толгойруу нэлээд хэдэн удаа цохисон бөгөөд миний цээжрүү болон баруун нүд, хүзүү гэх мэт газруудад гараараа цохисон юм... Энэ үед Ө.О эрүүл байсан бөгөөд О.Эрдэнэдаваа байсан юм... би анх удаа л цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Урьд нь хэн нэгэнд зодуулдаг талаараа хэлж, ярьж байгаагүй... намайг зоддог талаар манай аав Лхамхай, мөн Ө.Оын дүү Эрдэнэдаваа, Оргодол нар мэднэ... миний биед учирсан гэмтлийг Ө.О гараараа цохиж учруулсан гэмтлүүд юм...", "...миний хамтран амьдрагч Ө.О нь 2017 оны 12 дугаар сард хүүхдийнхээ үсний найрны асуудлаас болж бид хоёр маргалдсан бөгөөд тухайн үед Ө.О намайг нэг удаа алгадаж авч байсан... тухайн үед миний биед гэмтэл учраагүй ... 2018 оны 02 дугаар сард өвөл байсан ...араас Ө.О сэлэм барьж орж ирээд миний нүүр орчимд нэг удаа цохиод авсан... энэ болсон асуудлыг манай аав Лхамхай мэдэж байгаа. Энэ үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй... 2018 оны 07 дугаар сарын сүүлээр ...би 05 цаг болж байхад гэртээ ирсэн юм... өглөө нь Ө.О сэрээд надруу сандал аваад шидсэн юм... Хонгорзул энэ асуудлыг мэднэ.Энэ үйл явдлаас өөр зодож цохиж байсан удаа байхгүй юм... би 2014 оны 11 дүгээр сард хамтдаа амьдрах болсон... шүүх хурлаас гараад явж байхдаа би 2 хүүхдийнхээ аавыг шүүх дээр юу гэж хэлээд юу хийчихвээ гэж бодоод Ө.Оруу залгасан... Ө.Отай утсаар яриад маргаашнаас нь түүнтэй уулзаж эвлэрсэн. Одоо хамтдаа амьдарч байна... одоо надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 89-91х/.
гэрч Ө.Оргодолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү эхнэрээ зодож нүдэж байсан удаа байхгүй бөгөөд би Оюундэлгэртэй хамт мах зардаг болохоор зодуулсан байдалтай байгаагүй. Миний хажууд зодож байсан удаа байхгүй. Өнгөрсөн оны 8 дугаар сард би дүү Ө.Оын гэрт байж байхад Оюундэлгэрийн утаснаас болж маргалдсан бөгөөд энэ асуудлаас болж би 2 нялх хүүхдийг нь авч үлдэж 6 cap гаруй харсан юм. Оюундэлгэр хүүхдүүдээ хаяад 6 cap орчим болж байгаа юм. Бэр маань гэрт амьдрахгүй гээд байр түрээслэдэг байсан юм...", "...тухайн үед заазуур барьж дайрсан зүйл байхгүй бөгөөд Оюундэлгэрийг оройтож ирсэн гээд хоорондоо маргалдаж байсан... манай дүү хамтран амьдрагч Оюундэлгэртэйгээ маргалдах үе байдаг л байх гэхдзэ манай дүү эхнэрээ зоддог талаар би үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 100-101/,
гэрч О.Эрдэнэдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай ах Оюундэлгэрийг урьд нь зодож, гэмтээж байгаагүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 1-2 ны шилжих шөнө Ө.О ах Оюундэлгэрийн фэйсбүүкт чат ирсэнээс болж л маргалдаад ганц удаа алгадаж авсан... би тухайн үед гараад явсан бөгөөд буцаад орж ирэхэд хоёулаа зүгээр яриад байж байсан юм..." /хх 19-20х/,
гэрч Т.Лхамхайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сард болсон явдал шиг санагдаж байна. Ө.О, Оюундэлгэр нар манай хашаанд гэр барин амьдарч байсан бөгөөд би орой ажлаа тараад гэртээ ирэхэд Оюундэлгэр 2 хүүхдийнхээ хамт сууж байсан тэгээд би яасан талаар асуухад Ө.О согтуу ирээд зодчихоод яваад өглөө гэж байсан юм. Яг миний хажууд зодож байсан удаа бол байхгүй. Ер нь Ө.О зоддог талаар би мэдэхгүй байна. Харин хэл амаар доромжлоод хэрэлдээд байгаа харагддаг юм...", "...миний хажууд Ө.О манай охин Оюундэлгэрийг зодож цохиж байсан удаа байхгүй бөгөөд би өөрийнхөө нүдээр охиноо зодуулж цохиулж байхыг нь хараагүй... хэрвээ тийм зүйл болсон бол би үнэнийг мэдүүлнэ... манай охин шүүх хурал нь дуусаад маргаашнаас нь эхлэн Ө.О, Оюундэлгэр хоёр нэгдүгээр хороололд байр түрээслэн амьдарч байгаа юм... надад болохоор эвлэрсэн одоо санаа зоволтгүй хамтдаа амьдарч байгаа гэсэн..." /хх- 21-22, 92-93х/
гэрч Д.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ө.О, Оюундэлгэр нар нь гэр барин манай хашаанд түр зуур буюу 2018 оны 05-07 дугаар сарын үед манай хашаанд амьдарч байсан юм... манай хашаанд амьдарч байхдаа хоорондоо муудалцаж байхыг нь би мэдэхгүй байна... миний хувьд нөхөр нь эхнэрээ зоддог талаар би мэдэхгүй байна... Оюундэлгэр нь манай гэрт нөхөртөө зодууллаа гэж хэлж орж ирсэн удаа байхгүй нэг л удаа нөхөртэйгээ ам мурийгаад гэж орж ирж байсан... хэрвээ зоддог бол би мэдэх ёстой яагаад гэвэл манай хоёр гэр ойрхон байдаг байсан... эвтэй найртай л залуучууд байсан..." /хх 94-95х/,
Насанд хүрээгүй гэрч О.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би тухайн үед Ө.О, Оюундэлгэр нарын 2 хүүхдийг хардаг байсан... өглөө нь хоёулаа сэрээд Ө.О ах чи айлын эмэгтэй хүн өглөө үүрээр 6 цагт орж ирлээ гээд хоорондоо хэрэлдээд байсан ...ямар нэгэн байдлаар манай ах сандал шидсэн гэх мэт зүйл болоогүй бөгөөд бэр эгч яагаад тэгэж хэлснийг би мэдэхгүй байна... уг нь манай ах, эгч хоёр хэрэлдэж маргалдаад байдаггүй..." /хх 98-99 х/
ШШҮХ-ийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 9441 дугаартай шинжээчийн: "... О.Оюундэлгэр-н биед тархи доргилт, цээж, нүүр, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ө.Оыг хамтран амьдрагч хохирогч О.Оюундэлгэрийг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүлмэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Оюундэлгэр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хх-ийн 112х/ тул шүүгдэгч Ө.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ө.Оад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан 600 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Өлзийхутагийн Ө.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Оыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ө.Оад торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ