Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 965

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

өсвөр насны шүүгдэгч Ц.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд овогт Гантулгын Г.М, Олхонууд овогт Цогтбаатарын Ц.Т нарт холбогдох эрүүгийн 1811025590881 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит задгай тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Зээрд овогт Гантулгын Г.М /РД: ЛЮ97082532/

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 36-471 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Олхонууд овогт Цогтбаатарын Ц.Т /РД: УХ02320971/

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Г.М,  өсвөр насны яллагдагч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой 20-21 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээд салхитын 34-465а тоотод оршин суух хохирогч Ц.Отгонхүрэлийн эзэмшлийн монгол гэрийн ханын шийрийг хугалан хууль бусаар нэвтэрч 32 инчийн Элко загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

хохирогч Ц.Отгонхүрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө гэрээсээ 06 цагийн үед гараад орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 34-465а тоотод байрлах гэртээ орох гэтэл гэрийн ханы шийр хугалж хулгай орсон байсан... Элко загварын 32 инчийн зурагт алдагдсан...", "...харин уншиж, бичиж ерөнхийдөө чадна... надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30х/,

гэрч Э.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ц.Тынд унтаж байтал орой 21 цагийн орчимд Ц.Т найз нь гэсэн байх Г.М гэдэг хүүхэдтэй орж ирээд жижиг зурагт тэвэрсэн орж ирсэн. Тэгээд хамтдаа явж энийг ломбарданд тавъя гэж хэлээд хамт явцгаасан... Г.Мын зурагт гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34х/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-21х/, нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 24х/, "Дамно" хөрөнгийн үнэлгээний ЧД2-18-669 дугаартай дүгнэлт /1хх-ийн 41-42х/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 44х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээд салхитын 36-478 тоотод байх хохирогч Н.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хатавчны бүслүүрийг тасалж хууль бусаар нэвтэрч 5 лангийн орцтой мөнгөн цөгц 1 ширхэг, 5 лангийн орцтой дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...миний бөөгийн зан үйлийн монгол гэрийн ханыг эвдэн мөнгөн цөгц, дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг жижиг мөнгөн аяга зэрэг эд зүилс алдагдсан..., БНХАУ-руу явахдаа тахилын гэрээсээ алтан ээмэг, алтан бөгжөө гэртээ аваачаад тавьчихсан байсан. Манай тахилын гэрээс алтан ээмэг, бөгж алдагдаагүй... би архинуудыг үнэлүүлэхгүй... надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 148-151х/,

гэрч Н.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хамгийн сүүлд би 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр очиход зүгээр байсан... намайг очиход манай эгч Ариунтуяа гэрийн хаалгыг онгойлгож орсон байсан гэрт ороход хамаг эд зүйлсийг онгичсон хоёр авдарны хаалга онгорхой шкаф онгорхой байсан. Гэрийн хатавчны бүслүүрийг таслаад орсон юм шиг байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 152х/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 133-136х/, нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-ийн 144х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 160х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-21-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн   19   дүгээр   хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбулаг”   зуслангийн   задгай   тоотод   байх хохирогч Э.Гэрэлмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн онгойлгон хууль бусаар нэвтэрч 52 инчийн Соний маркийн зурагт 1 ширхэг, Пилипс маркийн видио /DVD/тоглуулагч 1 ширхэг, Ротенза загварын шарах шүүгээ 1 ширхэг, чемодан 1 ширхэг, Үлгэрийн далай нэртэй судар 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 2.647.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Э.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:   "...Манайх зуслангийн байшиндаа хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд зүгээр байсан ба өнөөдөр 16 цагийн үед зуслангийн байшиндаа ирэхэд манай зуслангийн байшингийн мансартны полконоор хулгай орсон байсан. Тэгээд дотор ороход зурагт алдагдсан тул цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхээр нь эд зүйлсээ шалгахад 52 инчийн Sony зурагт, DVD тоглуулагч, печь, Үлгэрийн далай, Гэсэр гэж нэртэй 2 ширхэг судар, чемодан, орны бүтээлэг зэрэг алдагдсан байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 36-37х/

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 27-32х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 49х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 04-05 ны шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шадивлан” зуслангийн задгай тоотод байх иргэн хохирогч Д.Мөнхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, бөөгийн зан үйлд хэрэглэдэг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн суварга 1 ширхэг, шүрэн толгойтой халтар манан дунд зэргийн хэмжээтэй хөөрөг 1 ширхэг, мөн тоотод байх монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч гуулин тоногтой иж бүрэн модон эмээл зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай зуслангийн байшинд хулгай орж их гарын 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 7 ширхэг мөнгөн аяга, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, гуулин тоногтой модон эмээл, гуулин хазаар, ногт, дөрөө, бөөгийн мөнгөн толь, мөнгөн суварган орой, шүрэн толгойтой халтар манан дунд зэргийн хэмжээтэй хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан... манай гэрээс бас нэг виски алдагдсан. Яг ямар нэртэй виски алдагдсан талаар мэдэхгүй байна... надад гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэрт орж хулгай хийсэн хүнд сануулга, анхааруулга өгнө үү..." гэх мэдүүлэг /1хх-ийн 206-207х/,

гэрч П.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байхад ах Д.Мөнхбаатар, найз Г.Долгорсүрэн нарын хамт ээжийн эгч Д.Мөнхтуяагийн байшинд очсон. Тухайн үед Д.Мөнхтуяа эгчээс зуслангийн байшингийнх нь түлхүүрийг аваад би сахиусаа буулгах гээд очсон... намайг 2017 оны 9 дүгээр сарын 03-ны орой эгч Д.Мөнхтуяагийн гэрт очиход одоо алдагдсан гэх зүйлүүд бүгд байсан... 10 ширхэг мөнгөн аяга, мөнгөн толь, мөнгөн суварган орой, шүрэн толгойтой халтар манан хөөрөг, иж бүрэн эмээл зэрэг эд зүйлс алдагдсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 209-210х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 189-196х/, нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 197х/, "Дамно" хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-19-419 дугаартай дүгнэлт /1хх-ийн 216-217х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 218х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-421 тоотод оршин суух хохирогч Д.Даариймаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч Тошиба загварын зөөврийн компьютер 1 ширхэг, процессор 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 138.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Даариймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 хороо Рашааны 7-421 тоотод байрлах манай байшингийн цонхоор хулгай орж гэрээс компьютерын процессор зөөврийн комьпютер зэрэг хулгайд алдсан. Хар өнгөтэй компьютерын процессор байсан би төрөл үзүүлэлт зэргийг нь сайн мэдэхгүй байна. Манай хүү Эрдэнэбаяр 100.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан. Хар өнгөтэй жижиг мини зөөврийн компьютер байсан 80.000 гэж байсан байх..." гэх мэдүүлэг /2хх-ийн 94-95х/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 82-87х/, "Дамно" хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн СБ2-19-449, ЧД2-19-645 дугаартай дүгнэлтүүд /2хх-ийн 106-109х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.М нь өсвөр насны шүүгдэгч Ц.Ттай бүлэглэн нийт 3 удаагийн үйлдлээр шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг журамлаж ял сонсогсоныг Г.М, Ц.Т нар нь гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэж өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь шүүгдэгч Г.Мтай бүлэглэн  3 удаа, ганцаараа 2 удаа нийт 5 удаагийн үйлдлээр шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг журамлаж ял сонсогсоныг Г.М, Ц.Т нар нь гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэж өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нарын бүлэглэн нийт 3 удаа, өсвөр насны шүүгдэгч Ц.Тын ганцаараа нийт 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Ц.Отгонхүрэл, Н.Алтантуяа, Э.Гэрэлмаа, Д.Мөнхтуяа, Д.Дариймаа нарт учирсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нар нь шүүгдэгч нараас хэн аль нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Мд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо хувийн байдлыг нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлан цээрлүүлж, хүмүүжүүлэн, нийгэмшүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэнэ гэж шүүх үзэн хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Зээрд овогт Гантулгын Г.М, өсвөр насны шүүгдэгч Олхонууд овогт Цогтбаатарын Ц.Т нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Мд 1 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Тд 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Ц.Тд шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/  жилийн хугацаагаар тогтоож, тус ялыг нээлттэй сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Г.М, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Г.М, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М, Ц.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ