Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 973

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Т.Т,

хохирогч Т.Чулуун-Уул

нарийн бичгийн дарга Г.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Төмөрбаатарын Т.Тд холбогдох эрүүгийн 1903011360506 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 11-23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Төмөрбаатарын Т.Т /РД: Ч386072063/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 29-ний орой 21 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Телевизийн хуучин эцсийн замд "Хьюндай Аванте" маркийн 46-48 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Т.Чулуун-Уулыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "..шинэ эцсийн буудлын урд замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй 1-р эгнээнд явж байтал замын баруун талаас 2-р эгнээнд явж байсан машины урдуур хоёр хүн гүйж гарч ирээд нэг хүн нь миний машины урдуур гараад араас нь явж байсан хүнийг мөргөөд зогссон" гэх мэдүүлэг /хх-ийн 52х/,

хохирогч Т.Чулуун-Уулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..Цэнхэр хаалга гэдэг газрын харалдаа замын баруун талаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарч яваад замын голд ирээд зогстол 2-р эгнээнд урдаас хойшоо чиглэлтэй явж байсан нэг машин зам тавьж өгөөд зогссон тэгтэл Зоригтбаатар түрүүлж алхаад зам хөндлөн гарсан би араас нь дагаад зам гарах гэж байтал 1 дүгээр эгнээгээр нэг “Хьюндай аванте” маркийн такси ирээд мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

гэрч Х.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..Цэнхэр хаалганы харалдаа замын баруун талаас зүүн тийш зам хөндлөн гарсан. Бид хоёр замын голд ирсэн чинь урдаас хойшоо явах урсгалын 2 дугаар эгнээнд явж байсан нэг машин зам тавьж өгөөд зогссон тэгээд бид хоёр уг машины урдуур гараад би түрүүлээд гарсан тэр үед машин харагдаагүй би түрүүлж зам гартал ард тас түс гээд явчихсан эргээд хартал Чулуун-Уул машинд мөргүүлээд газар унаж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,

гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..Телевизийн хуучин эцэс өнгөрөөд урдаас хойшоо чиглэлтэй 1 дүгээр эгнээнд явж байтал урд талд нэг цагаан өнгийн суудлын машин аваараа татаад зогсож байсан би уг машины зүүн талаар нь тойрч гараад буцаад нэгдүгээр эгнээ рүү орох гээд удаан явж байтал хүн дайрчлаа гээд хашгирсан би машинаас буугаад иртэл нэг эрэгтэй хүн миний машины баруун хойд хаалга талд сууж байсан ба намайг мөргөчихлөө гэж байсан би юу болов гээд хартал тэр хүнийг аваараа татаад зогсож байсан цагаан өнгийн машин мөргөчихөөд зогсож байсан ба мөргүүлсэн хүн нь зам дээр зам дээр сууж байсныг нь харалгүй хүрэх төдийн шүргэсэн юм шиг байна лээ" гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11875 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "..Т.Чулуун-Уулын биед баруун тахилзуур ясны далд хугарал, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх /хх-ийн 30х/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3х/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9х/, Жолооч Т.Т нь 1.60 хувийн согтолттой гэсэн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10х/, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 444 дугаартай дүгнэлт /хх-ийн 41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Т.Тг 1.60 хувийн согтолттой үедээ өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Чулуун-Уулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Чулуун-Уулд уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хавтас хэрэгт бичгийн баримтаар авагдсан 108.000 төгрөгийг шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэг явагдаж, гэм бурууг тогтоох хурал явагдсаны дараа хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Т.Чулуун-Уулын бусад нэхэмжилсэн үнийн дүнгийн баримт хавтас хэрэгт авагдаагүй, шүүх тогтоох боломжгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Тд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хавтас хэрэгт баримтаар авагдсан хохиролын хэмжээг төлсөн байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хорих ял оногдуулж, 1 нас 4 сартай Цогтгэрэлийн Сийлэн гэх охин хүүхэдтэй байх тул шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн Т.Тгийн ¹1125164 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг биелүүлж, тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Төмөрбаатарын Т.Тг согтууруусан үедээ автотээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Тг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Т.Тд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналтандаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Т.Чулуун-Уулд нийт 108.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Т.Тд шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан үеэс эхлэн хугацааг тоолуулахаар, түүний ¹1125164 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Хохирогч Т.Чулуун-Уул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ