Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00035

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Иргэн С.С-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Засаг даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/391 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1990 оноос бизнес эхлүүлсэн. Худалдааны мэргэжилтэй хүн. 2006 оноос Хангайн бүс худалдааны төвд бараа зарж эхэлсэн. Түүнийгээ өргөжүүлж хоёр павилон болгон ажиллаж байхдаа дандаа газрын түрээс өгдөг байсан. Цуг ажилладаг хүмүүстэйгээ нийлж үйлдвэрлэл эрхлэх саналтай байсан. Газрын түрээс төлөхгүйгээр өөрсдөө авчихъя гээд судалсан. Гэвч хангайн бүс худалдааны төвийн эзэмшил газар байсан учраас болохгүй байсан. Хүүхдүүддээ тавилгын үйлдвэрлэл эрхлэх нь зөв гэж санал оруулсан. Тэгээд хүүхдүүд маань хөөцөлдөж эхэлсэн. Ажлын шаардлагаас болоод газрын бичиг баримтыг хөөцөлдөх боломжгүйгээс хүүхдүүд маань хөөцөлдсөн. Г.Г-ийн нэр дээр хөөцөлд гэж Г.Г-д хэлсэн. Олон жил энэ газрыг авахаар хөөцөлдсөн учраас энэ олон жилийн үр шим үргүй битгий болоосой энэхүү 500 мкв газрыг олгож өгөөч. Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газрыг авах хүсэлтээ 2012 оноос хөөцөлдсөн. Газрын албанд холбогдох хувийн хэрэг бичиг баримт байхгүй. Өөрийн нэр дээр биш охиных нь нэр дээр байдаг учраас охинтой нь холбоотой хувийн хэрэгт хавсрагдаж явж байгаа. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/391 тоот энэхүү захирамжийг гаргахдаа С.С-ийн эрх ашиг хөндөгдсөн. Захиргааны байгууллага гуравдагч этгээдийн эрх ашгийг хангаагүй, сонсох ажиллагааг явуулаагүй. Захирамжийг хүчингүй болгох тухай мэдэгдэхдээ 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдээд 30-ны өдөр цуцалсан. Зөрчлийг арилгуулах актанд С.С-тэй холбоотой заалт байхгүй. Газар эзэмших эрхийг С.С-т олгосноос хойш Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгчийн дунд охин болох Г.Г нь эдгээр баримт бичгийг ашигласан асуудлаар шалгагдаж байгаа.

 Ийм учраас Байгаль орчны үнэлгээ хийх, газрын гэрчилгээ олгох, бүртгүүлэхэд цагдаагийн газраас битүүмжилсэн байхад захиргааны байгууллага харгалзан үзэлгүй хүчингүй болгосон. Эдгээрт сонсох ажиллагаа хийгдсэн бол хүчингүй болох шийдвэрийг тухайн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хамаарч байгаа асуудал мөн, биш эсэх талаар нягтлан шалгах боломжтой байсан. Дуудлага худалдааны төсөл сонгон шалгаруулалтад С.С өргөдлөө өгч Г.Г-ийн нэр дээр гаргасан ч цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн. Ингээд С.Сайнбилэг өргөдөл гаргатал Г.Г-ийн хэрэгт гацаачихсан. Энэ байдлыг Захиргааны байгууллага тухайн нөхцөл байдлыг мэдэж байсан. Гэтэл С.С-ийг дуудаж энэхүү ажиллагаанд оролцуулаагүй. Захирамж гаргахдаа ямар зөрчил гаргасныг нягталж харалгүй цуцалсан. Мөн дуудлага худалдаагаар ороогүй түүнтэй холбоотой бичиг баримт байхгүй гэсэн шаардлагыг тавьдаг. Засаг дарга хариулт өгөхдөө мэдэхгүй гэж хэлдэг. Харин Манлайбаатар мэдэж байгаа. Г.Г-ийн нэр дээр захирамж гарч болохгүй байсан учраас С.С-ийн нэр дээр Засаг даргын захирамж гарсан гэдэг. Б нь тухайн төсөл сонгон шалгаруулалттай холбоотойгоор нэг ч удаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөгүй. Г дээр гарч ирсэн асуудлыг С.С-ийн нэр дээр гарга гэж үүрэг болгосон гэсэн тайлбарыг хийдэг. Үүнээс харахад дуулага худалдаан төсөл сонгон шалгаруулалт болсон байна гэж үзэж байна. Яагаад С.С гэдэг хүний нэр гарч ирсэн бэ гэдгийг газрын албаны холбогдох ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн хэсгээс нотлох баримтаар мэдүүлгээ бүрдүүлж ирсэн гол шалтгаан. 500 мкв газар дээр С.С яагаад оролцсон юм бэ гэдгийг холбогдох газрын албаны ажилчидаас тодруулсан баримтыг хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэгт холбогдуулаад энэ захирамжийг хүчингүй болгож байна гэж ойлгосон. Гэтэл ямар зөрчил гаргасан нь тодорхой бусаар С.С-ийн газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон.

Газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон юм бэ? гэхэд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр хэлсэн. Үнэхээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй гэсэн үндэслэлээр захирамжийг цуцалсан бол гуравдагч этгээдэд сонсох ажиллагаа хийгдэх ёстой. Процесс ажиллагаа өөрөө хууль бус учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Захиргааны байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх, холбогдох зураг төсөл, эрх зүйн акт гарч байсан, түүнтэй холбоотой тайлбарыг гаргуулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү.”  гэв.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “...1. Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар иргэн С.С-т 500 м.кв газрыг Оюут багт НИК Петровис ХХК-ийн шатахуун түгээх станцын зүүн талд олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана/, 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/-т заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд энэхүү заалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шийдвэрийг үндэслэн тусгайлан заасан журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргана гэж заасан байдаг. Гэтэл иргэн С.С-т уг газрыг олгохдоо хуулийн тусгайлан заасан заалтыг буруу хэрэглэсэн.

2. Үндэсний аудитын газрын харьяа Орхон аймгийн Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ/ГАБ/2017/01-ГА дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагад зөрчил арилгаж хариуг ирүүлэхээр хавсралт 1-ийн 4 дүгээр мөрөнд заасан байна. Мөн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01-09-058/50 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын шаардах хэсгийн 2 дугаар заалтад “Хавсралт хүснэгт 1-д заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй 16 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын захирамжийг хүчингүй болгох саналыг Засаг даргад хүргүүлэх” гэж тус тус заасан.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ гэж тус тус заасны дагуу уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон болно.

Иймд иргэн С.С-ийн  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/391 дугаар захирамж хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “  Өмнөх тайлбараа дэмжиж байна. Газар эзэмших эрх олгосон актыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн хавсралт 1 дуудлага худалдаа явуулаагүй шууд хүсэлтээ гаргасан хүнд гээд үүний дөрөвт нь нэхэмжлэгч С.С-ийн нэр байдаг. Аудитын дүгнэлтийн хавсралтад төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй шууд гэрчилгээ авсан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн. Засаг даргын А/391 дүгээр захирамжид дуудлага худалдаа зохион байгуулаагүй Орхон аймгийн Аудитын газрын зөрчил арилгуулах албан шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдсоныг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар иргэн С.С-т сонсох ажиллагаа хийх үүднээс 05 дугаар сарын 23-ны өдөр 09 цаг 30 минутанд гардуулав гэсэн баримт байна. Үүнээс хойш А/391 дүгээр захирамж нь 06 дугаар сарын 30-ны өдөр буюу 1сар 7 хоногийн дараа тухайн акт гарсан. Нэг сар 7 хоногийн дараа иргэн С.С-ээс ямар нэгэн тайлбар ирээгүй. Цагдаагийн газар нь Засаг даргын бүрэн эрхэд халдаж хориг тавих эрх байхгүй. Шүүх, прокурорын газар мэдэгдсэний дараа хориг тавих эрхтэй.  Засаг даргын зүгээс тухайн процесст дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй. Сонсох ажиллагааг явуулах үүднээс иргэнд мэдэгдсэн. Иргэн С.С-ийн тайлбарыг 1 сар 7 хоногийн хугацаанд хүлээсний дараа захирамж гарсан.“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн С.С “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн А/391 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан. 

Орхон аймгийн Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн С.С-т Оюут багийн нутаг дэвсгэр Ник петровис ХХК-ийн ШТС-ын зүүн талд 500 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.  

 Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.”, 33 дугаар зүйлийн 33.1.2-д “ энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж тус тус заасны дагуу аймгийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгох шийдвэр гаргахыг  хуульчлан заасан.  

Хэдийгээр аймгийн Засаг дарга иргэн С.С-т 500м2 газар олгох тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтуудыг үндэслэсэн боловч хуулийн дагуу маргаан бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулж эзэмшүүлээгүй болох нь нэхэмжлэгч,түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Мөн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар “Газрын харилцаа талаар 2016 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар тус тус эзэмшүүлэх газрын байршлуудыг хавсралтаар баталсан байх ба нэхэмжлэгч иргэн С.С-т  эзэмшүүлсэн газар нь энэ жагсаалтад байхгүй байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь тогтоогдож байна.  

Иймээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ... тус тус хүчингүй болгоно.” гэж тус тус заасны дагуу  аймгийн Засаг дарга хууль  зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” А/378 дугаартай захирамж гарган иргэн С.С-т Оюут багийн нутаг дэвсгэр Ник петровис ХХК-ийн ШТС-ын зүүн талд 500 м2 газрыг эзэмшүүлэхээр  шийдвэрлэсэн захирамжаа хүчингүй болгож, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/391 дугаартай захирамж гаргасан нь  үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О иргэн С.С-ийн хүүхэд Г.Г нь модон эдлэлийн үйлдвэрлэл байгуулахаар төсөл хийж , энэ төслийн дагуу газрыг Г.Г-ийн эх С.С-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан боловч Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар “ Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх ажиллагааг явуулах байсан. Гэтэл Г.Г-ийн модон эдлэлийн үйлдвэрлэл байгуулахаар төсөл бичсэний дагуу түүний эх С.С-т газар эзэмшүүлсэн нь  хууль болон дээрхи журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт явагдсан гэж үзэх үндэслэлгүй болно. Энэ нь Г.Г-т эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэгдэж байгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Д.Ц, Г.Б нарын мэдүүлгээр давхар нотлогдсон болно. 

Захиргааны байгууллага болох Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн С.С-т 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 283 дугаартай албан бичгээр газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох гэж байгааг мэдэгдэж, уг мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.С хүлээж авсан байгаа нь Захирааны Ерөнхий хуулийн дагуу шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах эрхээр хангасан гэж шүүх үзсэн болно.

 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээрээ эзэмшүүлнэ.” гэж заасан ба нэхэмжлэгч С.С-тэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй болохыг, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01-09-058/50 дугаартай албан шаардлага, Орхон аймгийн Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ/ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагуудаар Газрын тухай хууль зөрчиж иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлснийг тогтоож, зөрчлүүдийг арилгуулахаар шийдвэрлэсэн,  дээрхи албан шаардлагуудын талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болохыг, нэхэмжлэгч С.С газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох гэж байгаа тухай мэдэгдлийг хүлээн авсан ба захиргааны үйл ажиллагаанд оролцдог болохоо мэдээгүй гэж тайлбарласан болохыг тус тус дурьдлаа. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэхь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/391 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан С.С-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА