Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 978

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч О.Л,

нарийн бичгийн дарга Г.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Халх хошуу овогт Оюун-Эрдэнийн О.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028321243 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх.бүрэндунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, өвөө, эцэг, эх, 3 дүүгийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 15дугаар хороо, Жаргалант 70-1116 тоотод оршин суух, урьд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Халх хошуу овогт Оюун-Эрдэнийн О.Л /РД: УХ98030417/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч О.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Л нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 24-25-ны шилжих шөнө 04-05 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 49 дүгээр сургуулийн орчимд хохирогч Э.Бат-Амгалантай маргалдаж түүний нүүррүү гараараа 2 удаа цохиж, хутгаар гуяруу нь 2 удаа хатгаж эрүүл мэндэд нь духанд зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт, зүүн гуянд 121 шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Э.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 04 цагийн орчим найз нарынхаа хамт 100 айлд байрлах баранд Дөлгөөн, Хатанбаатар, Батэрдэнэ нартай төрсөн өдөр тэмдэглэж байтал Хайлаастын зүс таних Таагий, Гэрэлт, Зоригоо нар бас тэр бааранд байсан... О.Лийг бид нар Таагий гэж дууддаг юм тэгээд Таагий нь "та нар одоо хаачих вэ" гэхээр нь би "бид нар одоо гэрлүүгээхарилаа" гэтэл "тэгвэл хамт суугаад Хайлааст оръё" гэхээр нь "тэг тэг" гээд машиндаа суулгаад явахаар болоод... 2019 оны 10 дугаар сарын 25-ны 05 цагийн үед 49 дүгээр сургуулийн хажуу талд байрлах гүүрний хажууд ирээд би машинаас Нямка, Төгөлдөр, Орхон гуравтай буугаад бие засангаа юм яриад зогсож байтал. Араас Таагий бууж ирээд Нямка, Төгөлдөр, Орхоннарлуу томроод цохих гээд байхаар нь би болиултал Таагий миний нүүрлүү цохиод авсан тэгээд би зөрүүлж цохиод бид хоёр зодолдож байтал нямка, Гэрэлт, Орхон, Дөлгөөн, Төгөлдөр, Хатанбаатар, Бат-Эрдэнэ нар ирээд салгаад би машинруу очоод суух гэж байтал Таагий гэх залуу миний араас ирээд миний зүүн гуяны гадна талруу хоёр удаа хутгаар зоосон..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-14х/,

гэрч Т.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Таагий машинаас буугаад удаачгүй Сэнгүр нэртэй 2.5 литр савалгаатай пиво нэгийг аваад ирсэн. Тэр пивог бид нар 49 дүгээр сургуулийн урд байх шороон зам дээр машин дотроо суугаад ууж байсан би тэр пивоноос уугаагүй жолооны ард сууж байтал. Бат-Амгалан, Таагий хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн юунаас болсоныг нь мэдэхгүй байна... Бат-Амгалан, Таагий хоёр маргалдаад эхлэхээр нь би машин дотроос цонхоор хартал тэр хоёр бие биенээ заамдчихсан цохилцоод нөгөө хэд нь салгахгээд оролдож байсан тэгэхээр нь би машинаас буугаад машинаа тойроод очтол Таагий, Бат-Амгалан хоёр газар унаад босож ирээд Бат-Амгалан цаашаа машины цаагуур ортол Таагий босож ирээд Бат-Амгалангийн араас гүйж очоод урдаас нь Бат-Амгалангийн зүүн гуяны гадна талруу цохих шиг болсон Бат-Амгалан "чи зүгээр бай хөөе" гээд хоёр гараараа түлхээд холдуулаад "наадах чинь намайг хутгалчихлаа" гээд гуян дээрээ гараа тависан... Батамгалангийн гуянаас цус гарч байсан. Таагий хутгаа Гэрэлтэд өгчөөд өөрөө шоконд орсон бололтой зогсож байсан... би хутгыг нь аваад урагшаа жалгаруу шидчихээд Бат-Амгаланг машинд суулгаад Зоригт, Батэрдэнэ, Гэрэлт бид тав гэмтэл явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Бат-Амгалан, Таагий хоёр хоорондоо хэрэлдээд Таагий, Бат-Амгаланг нэг удаа цохиод авсан. Тэгхээр нь би Таагийруу болиочээ яагаад байгаа юм бэ гэтэл Таагий худлаа худлаа найз нь тоглож байншдээ гэсэн... Таагий Бат-Амгалангийн араас машины цаана гүйж очоод зүүн гуяруу нь хатгаад байх шиг байсан тэгэхээр нь би "наадах чинь шил юмуу юугаар хатгаад байгаа юм" гэтэл Бат-Амгалан өөрөөТаагийг өөрөөсөө холдуулчаад бид нар луу зүүн хөлөө чирээд доголж ирээд "намайг сая хутгалчих шиг боллоо" гэхэээр нь зүүн гуяруу нь хартал өмд нь нэл цус болчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

гэрч Б.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би машинд цэнэглэж байсан утсаа авахгээд машинруу очоод хаалгыг нь нээж байтал Таагий миний хажуугаар гүйгээд зөрсөн. Би утсаа аваад хаалгаа хаатал нэг нь "Таагий Бодоог хутгалчихлаа" гэж орилсон. Би Таагий дээр очоод "чи тэнэг юм уу" гээд уурлаад хэлтэл Таагий "би зодуулж чадахгүй" гэж байсан... Хатанбаатар, Бат-Эрдэнэ хоёр хэлэхдээ О.Л Төгөлдөр, Орхон, Нямка нарыг зодох гээд байхаар нь Бат-Амгалан өмөөрөөд маргалдсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

гэрч Г.Нямдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Таагий нь Орхонтамир, Төгөлдөр бид гуравруу томроод байсан. Тэгээд байж байтал Бат-Амгалан бид гурвыг өмөөрөөд "Таагий чи одоо болиочээ яагаад байгаан" гэтэл Таагий шууд Бат-Амгалангийн нүүрлүү машин дотор цохиод машинаас буучаад "Бат-Амгалан буугаад ир хөөе" гээд байсан... би буугаад салгах гээд очтол Таагий гартаа үзүүртэй юм барьчихсан зогсож байсан. Харин Бат-Амгалангийн хөлнөөс цус гарчихсан зогсож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

Шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12983 дугаартай дүгнэлт: "...Э.Бат-Амгалан-н биед духанд зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт, зүүнгуянд \2\ шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх духны зөөлөн эдийн няцрал, доод уруулын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зүүн гуяны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Зүүн гуяны \2\ шарх гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа болон нийлээд Гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар  эрүүл  мэндииг сарниулахгүи  тул  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 28-29х/

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-50х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч О.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Халх хошуу овогт Оюун-Эрдэнийн О.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Лийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Лид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Лид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ