| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0347/Э |
| Дугаар | 0363 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.С |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 0363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Н.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 1925006220370 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 09 сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн 4-2 тоот хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч Самсунг эс-6 загварын гар утас, эмэгтэй савхин дээл, суран чөдөр, суран бугуйл зэргийг хулгайлж Ж.Амараад 381.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Тэр өдөр архи уусан нилээн согтуу байсан. Би дүүгийнд байсан хайчыг аваад тэр айлын цонхыг хөшсөн. Энэ хайч нь манай дүүгийнх. Хохирлоо төлсөн байгаа. Өөртөө дүгнэлт хийж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Архи ууснаас ийм зүйл боллоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 09 сарын 04-ний өдөр Яргуйт багийн 4-2 тоот гэрт ирэхэд том өрөөний хөшиг ярагдсан байдалтай байхаар нь гэрийнхээ эд зүйлийг шалгаж үзэхэд хананд байсан суран бугуйл, чөдөр, хувцасны шүүгээний хажууд өлгөөтэй байсан хар өнгийн урт эмэгтэй хүний савхин дээл, том өрөөний шилэн ширээн дээр байсан Самсунг эс-6 загварын гар утас алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 42-43 ху/,
-Гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хулгай орсон гэх Яргуйт багийн 4-2 тоот айлын том өрөөний буйдан дээрээс хураан авсан гэх хар өнгийн бариултай төмөр хайч нь манай гэрийн хайч мөн байна. Ихэнхдээ авдар дээр маань байдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад би гэрээсээ гарсан. Даваадорж нь миний төрсөн ах учир манай гэрээр намайг байхгүйд орж гараад явж байдаг. Манай гэрийн цоож монгол цоож учир жижигхэн хөшөөд л онгойдог. ...миний бодлоор Даваадорж ах манай гэрээс хайч аваад тэр айл руу авч орсон байх гэсэн мэдүүлэг /хх 46-48 ху/,
-Гэрч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 2 цагийн орчим гэртээ унтах гээд хэвтэж байхад цонх хагарах чимээ гарахаар нь гараад хартал “Цогт чоно” 8 нэрийн хүнсний дэлгүүрт хулгайч орох гээд цонхыг нь хагалчихсан зогсож байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Хулгайч цонхоор ороход гэрэл ассан. Удаа ч үгүй “Цогт чоно” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хашааны жижиг хаалганы гадаа унадаг дугуй барьсан эрэгтэй хүн зогсож байсан. Явах гээд байхаар нь би хүлээж бай гэж хэлсэн. Цагдаагийн машины гэрэл тусгахад унадаг дугуйгаа хаяаад зугтсан гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 190 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн 2 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Тайлбаргүй наалтуузанд бэхжигдсэн болон 1 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна.
2. Шинжлэгдэж буй 2 гэж дугаарласан гарын мөр Гарын хээний салбар, нэгдсэн санд бүргэлтэй хүмүүсийн гарын хээний дардас, хэргийн газраас ирүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй болон Нямдалайгийн Даваадоржийн гарын хээний дардастай тохирохгүй байна дүгнэлт /хх 28-29 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 191 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэд байх гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна.
2. Шинжлэгдэж буй гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй тул Н.Дийн гутлын улны хээтэй харьцуулах боломжгүй гэсэн дүгнэлт /хх 36-37 ху/
-Н.Дийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 1-4 ху/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-12 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14, 38 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 15 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 20-24 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 70 ху/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 71-73 ху/
-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолт /хх 74 ху/
-Хохирлын баримт /хх 93 ху/
-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх 96-98 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 09 сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн 4-2 тоот хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч Самсунг эс-6 загварын гар утас, эмэгтэй савхин дээл, суран чөдөр, суран бугуйл зэргийг хулгайлж Ж.Амараад 381.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Тэр өдөр архи ууан нилээн согтуу байсан. Би дүүгийнд байсан хайчыг аваад тэр айлын цонхыг хөшсөн. Хохирлоо төлсөн байгаа. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Амараагийн “...2019 оны 09 сарын 04-ний өдөр Яргуйт багийн 4-2 тоот гэрт ирэхэд том өрөөний хөшиг ярагдсан байдалтай байхаар нь гэрийнхээ эд зүйлийг шалгаж үзэхэд хананд байсан суран бугуйл, чөдөр, хувцасны шүүгээний хажууд өлгөөтэй байсан хар өнгийн урт эмэгтэй хүний савхин дээл, том өрөөний шилэн ширээн дээр байсан Самсунг эс-6 загварын гар утас алга болсон байсан” гэсэн мэдүүлэгүүд/хх 42-43 ху/ мөн гэрч Н.Тулга /хх 46-48 ху/, гэрч Ж.Оюунцэцэг /хх 16-17 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Д-ийн хохирлоо төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогчид 381.000 төгрөг учирсныг шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоолын хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА