Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 0286

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Н.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ө-д холбогдох эрүүгийн 1925004700317 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Ө

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Ө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 сарын 01-ний шөнө Б.Д-н нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 07 сарын 01-ний шөнө найзтайгаа уулзаад пиво уусан. Тэгээд Равжих дэлгүүрээс тамхи авах гээд очсон. Тэр дэлгүүрийн үүдэнд Бөхөө гэдэг залуу зогсож байсан. Бөхөө над руу муухай харахаар нь би яагаад муухай хараад байгаа юм бэ гэснээс болж маргаан үүссэн. Над руу нарийхан төмөр гаргаж ирээд дайрсан. Бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан. Энэ маргаан надаас болсон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирлоо төлөөгүй байгаа. Хохирлын баримтын хувьд шүүхээс төл гэснийг төлнө. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 07 сарын 01-ний шөнө 23 цаг 55 минутын үед өөрийн эгч Амарбаясгалан, дүү Бөхболд, бэр Ундрал, Дөлгөөн нарын хамт гэр хорооллын Шанд багт байх Арвижих дэлгүүр орчихоод гарч явтал Ниссан экстрел маркийн 70-10 ОРО улсын дугаартай машинаас улаан өнгийн цамц болон цагаан өнгийн цамцтай 2 залуу бууж ирсэн. Тэр хоёр манай дүү Бөхболдыг чи юундаа муухай хараад байгаа юм бэ. Чи намайг таньж байна уу гээд байсан. Улаан өнгийн цамцтай залуу нь манай дүү Бөхболдод хандан чи манай найзыг зодож байсан биз дээ. Одоо чамайг би ална гээд дайрсан. Тэр үед би тэр хоёрыг салгасан. Бөхболд улаан цамцтай залууд хандан чам руу харсан хүнийг чи яадаг юм бэ гээд маргаад байсан. Бид нар бүгд эрүүл явсан. Нөгөө улаан цамцтай залуу согтуу байсан. Улаан өнгийн цамцтай залуу нь миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд машинаа унаад зугтаасан. Машиныг цагаан өнгийн цамцтай залуу барьж байсан. Тэр үед цагаан өнгийн цамцтай залуу Бөхболдын цамцнаас зууран машинтайгаа хөдлөн цамцыг нь урсан. Тэгээд тэр хоёр залуу машинаасаа бууж ирээд улаан өнгийн цамцтай залуу нь намайг хэвлий орчимд маань хөлөөрөө жийж өшиглөсөн. Тэгэхлээр нь би тэр залууг түлхэн газар унагаасан. ...дараа нь миний хамар орчимд баруун гараараа нэг удаа цохисон. Шил хагарч хамарнаас их цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/

 

-Гэрч Э.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... улаан цамцтай залуу хадам ээжийг нүүр рүү нь нэг цохиод Даваадоржийн хамар руу бас нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 9 ху/

 

-Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...улаан цамцтай залуу нь манай дүү Даваадоржийг бас хамар руу нь цохисон. Тэгээд байж байтал цагдаа нар ирэхэд улаан цамцтай залуу нь машиныхаа жолооч талаар ороод гэнэт л шил хагарч байгаа чимээ гарсан бөгөөд тэр залуу машиныхаа цонхыг хагалсан байсан. Тэгээд цагдаа нар ирэхэд улаан цамцтай залуу бид нарыг машины цонх хагалсан гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай ах Даваадорж очоод нөгөө улаан цамцтай залууг чи яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм бэ гэсэн чинь манай ахын хамар руу нэг удаа цохиод хугалсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 457 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Д-н биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, цох хэсэгт 1 тооны шалбархай, нэг шүдний титэмийн эмтрэл бүхий гэмтэг тогтоогдлоо.

2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ.

3. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 17-18 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 456 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.Б-н биед зүүн даланд няцарсан шарх, зүүн гарын алга, баруун тохой, өвдөгт зулгаралт, зүүн шуу, бугалганд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

  1. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 22-23 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 459 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Ө-ын биед баруун гуя, хүзүүний зүүн хажууд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 27-28 ху/

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх 33-35 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 36 ху/

-Н.Өыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-43 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/

              -Хохирлын баримт /хх 56-68 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.Ө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 сарын 01-ний шөнө Б.Даваадоржийн нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Равжих дэлгүүрээс тамхи авах гээд очсон. Тэр дэлгүүрийн үүдэнд Бөхөө гэдэг залуу зогсож байсан. Бөхөө над руу муухай харахаар нь би яагаад муухай хараад байгаа юм бэ гэснээс болж маргаан үүссэн. Надруу нарийхан төмөр гаргаж ирээд дайрсан. Бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан. Энэ маргаан надаас болсон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Даваадоржийн “...Тэр хоёр манай дүү Бөхболдыг чи юундаа муухай хараад байгаа юм бэ. Чи намайг таньж байна уу гээд байсан. Улаан өнгийн цамцтай залуу нь манай дүү Бөхболдод хандан чи манай найзыг зодож байсан биздээ. Одоо чамайг би ална гээд дайрсан. Тэр үед би тэр хоёрыг салгасан. Бөхболд улаан цамцтай залууд хандан чамруу харсан хүнийг чи яадаг юм бэ гээд маргаад байсан. Нөгөө улаан цамцтай залуу согтуу байсан. Улаан өнгийн цамцтай залуу нь миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. ...тэр хоёр залуу машинаасаа бууж ирээд улаан өнгийн цамцтай залуу нь намайг хэвлий орчимд маань хөлөөрөө жийж өшиглөсөн. Тэгэхлээр нь би тэр залууг түлхэн газар унагаасан. ... дараа нь миний хамар орчимд баруун гараараа нэг удаа цохисон. Шил хагарч хамарнаас их цус гарсан” гэсэн /хх 5-6 ху/ мэдүүлэг, гэрч Э.Ундрал /хх 9 ху/, гэрч Н.Амарбаясгалан /хх 10 ху/, насанд хүрээгүй гэрч Э.Бөхболд /хх 12 ху/, нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, цох хэсэгт 1 тооны шалбархай, нэг шүдний титэмийн эмтрэл бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 457 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 456, 459 дугаартай дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Н.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, цох хэсэгт 1 тооны шалбархай, нэг шүдний титэмийн эмтрэл гэмтэл учирсан бөгөөд гэм хорын хохиролд 2.932.302 төгрөгийг нэхэмжилж, түлшний зардал 220.752 төгрөг, үнэлгээний төлбөр 20.000 төгрөг, КТГ 100.000 төгрөг, эм тарианы зардал 12.050 төгрөг, нүдний шилний төлбөр 45.000 төгрөг, шүдний паалан 80.000 төгрөг, мэс заслын зардал 2.022.500 төгрөг, галт тэрэгний билетны үнэ 27.500 төгрөг, нийт 2.527.802 төгрөгний нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлээс үнэлгээний дагуу харааны шилний үнэ 360.000 төгрөг, үнэлгээний төлбөр 20.000 төгрөг, КТГ 100.000 төгрөг, түлшний үнэ 50.000 төгрөг, эм тарианы зардал 12.050 төгрөг, нүдний шилний үнэ 45.000 төгрөг, шүдний паалан 80.000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөг, нийт 675.050 төгрөгний баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, үлдэх 2.257.252 төгрөгний нэхэмжлэлийн хувьд нотлох баримт нь шаардлага хангаагүй, 0057 хуудсанд авагдсан баримт нь үг үсэг нь тодорхойгүй, 170.752 төгрөгний түлшний баримт нь он сар өдөр тохирохгүй, 27.500 төгрөгний галт тэрэгний тасалбарын хувьд 9 сарын 6-наас хойш мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор дээр ирсэн гэх баримт байхгүй, мөн хэсгийн мэдээгүйжүүлэгч дор хамрын цөмөрсөн хугарал татах мэс ажилбар, ерөнхий мэдээгүйжүүлэгч дор хамрын хугарал, таславч, самалдаг засах мэс заслын төлбөр нийт 2.022.500 төгрөгний баримтын хувьд мэс засалд орсон өвчтөний түүхийг ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Н.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ө нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Ө-аас 675.050 төгрөгийг гаргуулж Б.Даваадоржид олгож, нэхэмжлэлээс 2.257.252 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

            7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА