Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0273

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн өмгөөлөгч Х.У

Шүүгдэгч Ж.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Оэд холбогдох эрүүгийн 1925000000292 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “ХААН бууз” хоолны газрын гадаа 2019 оны 07 сарын 23-ны шөнө 01 цагийн үед иргэн Ү.Мөнгөнзаяатай маргалдан улмаар шатны уруу түлхэн унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 07 сарын 23-ны шөнө найзтайгаа паб-д орж жаахан юм уусан. Тэндээс гарч хоол идэхээр Хаан буузад орсон. Хоол идээд байж байтал гарах гээд босохдоо өөрийнхөө ширээн дээр байсан аягыг унагаагаад хагалсан. Тэгээд гарахаар хаалга руу явж байхад Болороо эгч 2-3 залуутай орж ирсэн. Гараад явахад араас хамгаалагч нь ирээд аяганы мөнгө нэхсэн. Би Болороо эгчээс авчих гэж хэлсэн. Тэгтэл Болороо эгч орилоод гараад ирсэн. Би Болороо эгчид та аяганы мөнгө төлчихөөч, угаасаа өртэй юм чинь гэтэл өөдөөс юу гэж чиний өрийг төлөх юм бэ гээд маргалдсан. Болороо эгч энэ өрөө өгөөгүй 1 жил гаран болсон байсан. Ингээд маргалдаж байхад шар үстэй хүүхэн гарч ирээд “манай эгч руу яагаад байгаа юм бэ” гэж өөдөөс дайраад нүүр ам руу цохиод байхаар нь би түлхчихсэн. Энэ түлхсэн нь миний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтын хүрээнд хохирол төлөхөд бэлэн байна. Тэр үед гурвуулаа 0.75 граммын виски хувааж уусан байсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Би хохирогчтой 3-4 удаа биечлэн ярьж байсан. Ингэхдээ уучлалт гуйж байсан. Мөнгөө өгөхдөө ч уучлалт гуйсан. Харин хохирогч уурлаж загнасан. Хохирлоо 2 хувааж төлсөн. Мөнгөө шилжүүлчихээд мессеж бичиж хурдан эдгээрэй гэж бичсэн. Би өндөр зээл авч бизнес хийдэг. Зээлээс зээлийн хооронд явж байгаа. Заримдаа шантрах үе ч гардаг. Миний хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялын хувьд хэцүү байна. Надад мөнгөн торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсч байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ү.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 07 сарын 23-наас 24-нд шилжих шөнө би өөрийн найз Болороо, Цогтсайхан, Баасандорж нарын хамт Хаан бууз хоолны газар шөнө 01 цагийн үед орсон юм. Тэгээд бид нар хоолоо идэх гээд байж байтал бид нараас зайтай сууж байсан нүдний шилтэй залуу ширээн дээр байсан аяга, тавагаа газар унагааж хагалсан. Тэгж байгаад тэр залуу хамт сууж байсан найзтайгаа гараад явсан. Тэгээд байж байтал нөгөө хоолны газрын маань хамгаалагч гэх залуу бид нар дээр хүрч ирээд гадаа үүдэнд таныг хүн дуудаж байна гэж Болороод хэлсэн. Бид нар хоолоо идчихээд гар гээд Болороог гаргаагүй. Гэтэл удаагүй байж байтал нөгөө нүдний шилтэй залуутай хамт байсан залуу нь буцаж орж ирээд манай найз Болороог таныг манай найз дуудаж байна гэж хэлээд Болороог аваад гадагш гарсан. Тэгэхлээр нь бид нар удалгүй араас нь гарцгаасан. Нүдний шилтэй залуу нь гадаа байхдаа манай найз Болороог элдэв үгээр хэлж доромжлон мөр орчимд нэг удаа гараа цохисон. Тэгэхлээр нь би хүүе чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлээд тэр нүдний шилтэй залууг хоёр гарын алгаараа цээж орчимд нь түлхэсэн. Гэтэл тэр нүдний шилтэй залуу миний хоёр гарнаас барьж аваад шатны уруу түлхэн унагаасан. Би өөрийнхөө биеийн баруун талаараа шатны уруу унасан. Тэгээд би босоод иртэл миний баруун гар их эвгүй болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/

 

-Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гэнэт аяга таваг хагарч хүмүүс орилхоор нь хартал миний зүс мэдэх Сүлд гэдэг залуу тавагтай хоолоо авч шидээд араас нь цайны аягаа авч шидэж байсан. ...над дээр залуу нь ирсэнээ эгчээ таныг дуудаад байх шиг байна гэсэн. Тэгээд би гарч очоод эгчийгээ дуудсан юм уу чи яагаад архи уучаа вэ гэхэд Сүлд намайг гичий минь чи өрөө өгөөч ална шүү янхан минь гэж над руу орилоод байсан. Тэгэхэд нь би эрүүлд чинь яръя чи согтуу байна гэж хэлэхэд Сүлд намайг цохих гэж дайраад өрөө өг гээд байхаар нь би Сүлдэд чи өрөө авах хүнээсээ аваач гэж хэлчихээд ирээд ширээн дээрээ ирж суусан. Тэгээд удалгүй Сүлд араас орж ирээд хаан буузан дотор орилоод байхаар нь манайхан авсан хоолоо идэж чадалгүй бүгд үүд рүү гарцгаасан. Үүдэнд гартал Сүлд над руу дайрсан хэвээр байсан, тэр үед хамт явж байгаа Мөнгөнзаяа Сүлдэд чи яагаад түрүүнээс хойш зүгээр байсан хүн рүү дайраад байгаа юм бэ гэхэд Мөнгөнзаяад гичий минь чи зайл гээд Мөнгөнзаяаг аваад шат руу шидчихсэн. Мөнгөнзаяа тэр үед доошоо хараад унасан гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,

 

-Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... нэг залуу тавагтай хоолоо авч шидээд араас нь аягаа авч шидээд тэрийгээр нэг орилоод байсан. Тэгж байгаад гараад явчихсан. Бид нартай хамт явж байсан Болороог хамгаалагч залуу дуудаад гарсан тэгээд удалгүй гадаа бөөн хэрүүл шуугиан болоод байсан. Хэрүүл шуугиан намдахгүй байхаар нь Мөнгөнзаяа бид 2 араас нь гараад цуг явсан найзыг нь бид 2 тайвшруулаад найзыгаа аваад явчихаа гээд тайвшруулаад зогсож байхад тэр өндөр нүдний шилтэй залуу Мөнгөнзаяаг аваад хаан буузны гаднах шат руу шидчихсэн гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 07 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед би өөрийн найз Цогтсайхан, Мөнгөнзаяа, Болороо нарын хамт ХААН бууз хоолны газар хоол идэхээр орсон. Тэгээд хоолоо идэх гээд байж байтал бид нарын сууж байсан ширээнээс холгүй сууж байсан нүдний шилтэй залуу ширээн дээр байсан тавагтай хоолоо ширээнээс авч газар шидсэн. Цайны аягаа газар унагааж хагалсан. Тэгж байгаад гараад явсан. Тэр залуугийн араас хоолны газрын хамгаалагч гараад явсан. Тэгээд бид нар хоолоо идээд байж байтал нөгөө нүдний шилтэй залуу хоолны газрын хамгаалагчтай буцаж орж ирээд миний хагалсан аяга, тавагны мөнгийг тэр хүүхнээс ав гээд Болороо руу заагаад байсан. Тэгэхлээр нь Болороо санаа нь зовоод хоолны газраас гараад явсан. Нөгөө нүдний шилтэй залуу бас гарсан. Бид нар ямар нэг юм болж магадгүй гэж бодоод араас гарсан. Болороо болон нөгөө нүдний шилтэй залуу хоёр хоорондоо миний мөнгийг өг гэх зэргээр хэрэлдэж байсан. Тэгж байгаад нөгөө нүдний шилтэй залуу Болороог элдэв үгээр харааж байгаад /янхан, гичий гэх зэргээр/ гараараа биед нь хүрч түлхсэн. Болороо тэр залууд түлхүүлээд унах үед нь би түшиж авсан. Энэ үед манай хоёр найз Мөнгөнзаяа, Цогтсайхан нар хүрч ирсэн. Би тэр нүдний шилтэй залуутай хамт явсан залууд нь найзыгаа аваад яв, маргааш учраа ол, олон хүний нүдэн дээр муухай юм биш үү гэж зөндөө хэлсэн. Миний үгэнд ороогүй. Тэр хоёр их согтуу байсан. Тэгээд байж байтал нөгөө нүдний шилтэй залуу Мөнгөнзаяаг цамцны захнаас нь гараараа зуурч аваад татаж газар унагаасан. Мөнгөнзаяа 3 давхар шатны уруу унасан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/

 

-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хоолны газар байж байтал манай найз Отгонсүлд хоолны зааланд сууж байсан нэг эмэгтэйг хараад надад мөнгөний өртэй хүүхэн сууж байна гэж хэлсэн. Тэгж байгаад Отгонсүлд өөрийнхөө урд байсан хоолны тавгаа ширээн дээрээс гараараа шудраад газар унагаасан. Таваг нь газар унаад хагарсан. Тэгэхлээр нь би найзыгаа аваад хоолны газраас гарсан. Гэтэл араас хамгаалагч нь гарч ирээд хагалсан аяга, тавагны мөнгөө нэхсэн. Тэр үед бид хоёрт бэлэн мөнгө байгаагүй. Гэтэл манай найз Отгонсүлд надад өртэй хүн наана чинь сууж байна. Тэр хүүхнээс очиж аяга, тавагны мөнгөө ав гээд байсан. Гэтэл хамгаалагч нь та өөрөө мөнгөө авч өг гээд байсан. Тэгэхлээр нь би тэр хамгаалагч залууг дагуулаад нөгөө өртэй гэх хүүхэн дээр нь очсон. Би Отгонсүлдийн заасан хүүхэн дээр очоод эгчээ таныг манай найз Сүлдээ мөнгөө өгөөч гэж байна гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй ийм үед нэхээд байхдаа яадаг юм бэ. Би өөрөө Отгонсүлдтэй очиж уулзана гэж хэлээд Хаан буузнаас гарч Отгонсүлдтэй уулзсан. Хаан буузны гадаа Отгонсүлд болон нөгөө мөнгөний өртэй гэх эмэгтэй хоёр мөнгө өг гэх зэргээр маргалдаад байсан. Тэгээд удаагүй байж байтал тэр өртэй гээд байсан эмэгтэйтэй хамт сууж байсан 2 залуу, 1 эмэгтэй гарч ирсэн. Тэгэхлээр нь би тэр хоёр эрэгтэйд нь хандан наад хоёр чинь хоорондоо өртэй юм байна. Хоорондоо учраа олог гэж хэлээд жоохон зайдуу холдуулсан. Гэтэл хамт явж байсан шар үстэй эмэгтэй нь хашгираад манай найз Отгонсүлд рүү дайраад байсан. Гэтэл манай найз Отгонсүлд чамд ямар ч хамаагүй асуудал гэж хэлээд тэр шар үстэй эмэгтэйг шат руу түлхсэн. Тэр эмэгтэй Хаан бууз руу ордог шатны дээд талд зогсож байсан юм. Тэгээд манай найз Отгонсүлдэд түлхүүлсэн шар үстэй эмэгтэй шатны уруу унасан. Шатны уруу унасан эмэгтэй ёо, ёо гээд хашгираад байсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 497 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ү.М-н биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 19-20 ху/,

 

            -Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 499 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Ж.О-ийн биед мөр, цээж, дал, бугалга, шуунд цус хуралт, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 30-31 ху/

 

-Ж.Оийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-2, 38-39 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-25 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/

              -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 673 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 60-61 ху/

              -Хохирлын баримт /хх 63-71, 93-98 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “ХААН бууз” хоолны газрын гадаа 2019 оны 07 сарын 23-ны шөнө иргэн Ү.Мөнгөнзаяатай маргалдан улмаар шатны уруу түлхэж унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Болороо эгч энэ өрөө өгөөгүй 1 жил гаран болсон байсан. Ингээд маргалдаж байхад шар үстэй хүүхэн гарч ирээд “манай эгч руу яагаад байгаа юм бэ” гэж өөдөөс дайраад нүүр ам руу цохиод байхаар нь би түлхчихсэн. Энэ түлхсэн нь миний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ү.Мөнгөнзаяагийн “...Бид нар хоолоо идчихээд гар гээд Болороог гаргаагүй. Гэтэл удаагүй байж байтал нөгөө нүдний шилтэй залуутай хамт байсан залуу нь буцаж орж ирээд манай найз Болороог таныг манай найз дуудаж байна гэж хэлээд Болороог аваад гадагш гарсан. Тэгэхлээр нь бид нар удалгүй араас нь гарцгаасан. Нүдний шилтэй залуу нь гадаа байхдаа манай найз Болороог мөр орчимд элдэв үгээр хэлж доромжлон нэг удаа гараа цохисон. Тэгэхлээр нь би хүүе чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлээд тэр нүдний шилтэй залууг хоёр гарын алгаараа цээж орчимд нь түлхэсэн. Гэтэл тэр нүдний шилтэй залуу миний хоёр гарнаас барьж аваад шатны уруу түлхэн унагаасан. Би өөрийнхөө биеийн баруун талаараа шатны уруу унасан. Тэгээд би босоод иртэл миний баруун гар их эвгүй болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/, гэрч А.Болороо /хх 10-11 ху/, гэрч Б.Цогтсайхан /хх 12 ху/, Г.Баасандорж /хх 13 ху/, Б.Болор-Эрдэнэ /хх 14-15 ху/ нарын  өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл үүссэнийг тогтоосон 497 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 499 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд  гэм хорын хохиролд 2.617.300 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад эм тариа эмчилгээний зардал 983.200 төгрөг, шатахууны зардал 158.800 төгрөг, зорчигч тээврийн зардал 38.600 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 2.680.600 төгрөгний баримт байгаагаас өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 1.180.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн хувьд завсарлага авч хохиролд 1.181.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ удаад хохирол төлөгдсөн гэж үзлээ. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлөх зардлыг хамааруулсан байх боловч энэ нь төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан өмгөөлөгчийн унааны зардал, өмгөөллийн хөлс, бусад зардлаас бүрдэх бөгөөд энэ зардлыг төр хариуцна. Харин төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь энэ зардалд хамаарахгүй тул өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.О нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг рентген зургийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА