| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/03140/и |
| Дугаар | 183/ШШ2016/00343 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2016/00343
| 2016 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2016/00343 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “” ХХК /Регистрийн дугаар:5578264/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******, 57-42 тоотод бүртгэлтэй ч ******* 15 дугаар хороо,,, “” ХХК /Регистрийн дугаар:5645794/-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 43,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК болон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“” ХХК нь “” ХХК-тай 2014 онд 043/2014R дугаар “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх” гэрээг байгуулж, 535 аралын дугаартай ECP-50CS маркийн бетон зуурмаг шахагч машиныг нэг сарын 33,000,000 төгрөгөөр түрээслэсэн.Түрээслэгч нь машиныг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10 өдрийг хүртэл нийт 112 өдөр түрээсээр ашигласан.2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс нэг сарын түрээсийн төлбөрийг 10,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Мөн гэрээнд хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор заасан.Түрээслэгч нь 2014 оны 7 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 33,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 33,000,000 төгрөгнөөс 21,000,000 төгрөгийг нийт 54,000,000 төгрөгийг төлсөн.
“” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөг, түүнд ноогдох 499 хоногийн алдангид 6,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг, түүнд ноогдох 469 хоногийн алдангид 5,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг, түүнд ноогдох 448 хоногийн алданги 3,500,000 төгрөг төлөх ёстой байна. Алдангийн хэмжээ хуульд зааснаас хэтэрсэн тул хасч тооцсон.
Иргэний хуулийн дагуу гэрээний хугацаа тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс эхлээд буцаан авах өдөр хүртэл үргэлжлэхээр заасан байдаг. Мөн энэ тухай гэрээний түрээсийн хугацаа ба түүнийг тоолох хэсгийн 2 дугаар заалтад тусгагдсан байгаа. Манай зүгээс түрээсийн төлбөрийг төлөхийг шаардан гэрээг цуцлах эрхтэй байсан ч “бетон зуурмагч машиныг ашиглах шаардлагатай байна” гэсэн хариуцагч талын хүсэлтийн дагуу гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүй, гэрээг цуцлаагүй. Түрээслэсэн машиныг буцаан хүлээн авснаар буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Мөн түрээслэсэн машиныг бүрэн ашиглаж чадаагүй, ашиг олоогүй гэх тайлбар нь түрээслэгчээс шалтгаалаагүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Иймд тус компаниас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг нийт 43,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч “Эн Си Жи Ти” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид төлбөрөөс 2014 оны 08 сарын 21-нээс 09 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд ашигласан төлбөрийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд түрээсийн гэрээг нэг сарын хугацаатай байхаар тусгаж, дараагийн төлбөр төлснөөр хугацаа сунгагдахаар, мөн түрээсийн төлбөр төлөх хугацааг 7 хоногоор хоцроосон тохиолдолд түрээслэгч тал гэрээг шууд цуцалж, тоног төхөөрөмжийг буцаан авахаар заасан байдаг. “” ХХК нь санхүүгийн хүндрэлийн байдлаас шалтгаалаад төлбөрийг төлөөгүй тул “” ХХК нь гэрээг шууд цуцалж, тоног төхөөрөмжийг буцаан авах ёстой байсан. Гэтэл түрээсэлсэн төхөөрөмжийг буцааж авалгүй удаж, төлөх төлбөрийг нэмэгдүүлсэн.
Мөн энэ хугацаанд ашиг олж чадаагүй, ихэнх хугацаанд ашиглаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгнөөс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гэрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “” ХХК-д бетон зуурмагч шахагч машины инженерээр ажилладаг. Техник, тоног төхөөрөмжид техникийн үзлэгийг хийдэг. Бетон зуурмаг шахагч машин нь өөрөө явагч машин дээр суурилуулагдсан хоёр хэсгээс бүрддэг техник юм.
Би 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК-д бетон зуурмагч шахагч машиныг хүлээлгэн өгч, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан авч, энэ тухай актыг үйлдсэн. Тус техникийн машин нь 535 арлын дугаартай, харин дээд талын насосын дугаарын сериал нь 1060 юм. Энэ хоёр актад тусгагдсан техник нэг л машиныг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн актууд юм гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “” ХХК нь “” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 43,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг “нэхэмжлэгч гэрээг дангаар цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй”, “мөн ашиг олоогүй, түрээсийн зүйлийг бүрэн ашиглаж чадаагүй” гэх шалтгаанаар зөвшөөрөхгүй гэж маргав.
“” ХХК, “” ХХК нь ECP53СS-5 маркийн зуурмаг шахагч машиныг нэг сарын 33,000,000 төгрөгөөр түрээслэх, хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцон 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 043/2014R дугаар “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх” гэрээг байгуулжээ. Уг гэрээнд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэг сарын түрээсийн төлбөрийг 10,000,000 төгрөг болгон буруулахаар харилцан тохиролцож, нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 232 дугаар зүйлин 232.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Талууд түрээсийн зүйлийг 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлж /хх 21 дэх тал/, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан авсан /хх 22 дахь тал/, энэ хугацаанд түрээсийн төлбөрт 54,000,000 төгрөг төлсөн гэдэгт маргаагүй байна.
Хариуцагч “түрээсийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээ цуцалж, шаардах эрхтэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул төлбөрийг төлөхгүй” гэх боловч зохигчид хэн алин нь гэрээг үргэлжлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр /хх 15,16, 26 дахь тал/ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ашигласан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч түрээсийн зүйлийг бүрэн ашиглаж чадаагүй, ашиг олоогүй болохоо баримтаар нотлоогүйгээс гадна уг нөхцөлд нэхэмжлэгч хамааралгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ноос 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ноогдох алдангид нийт 14,500,000 төгрөг нэхэмжилж байх боловч талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь зуурмаг шахагч машиныг буцаан хүлээн авснаар буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул энэ өдөр хүртэлх хугацаанд ноогдох алдангид (12,000,000*51хоног*0,2%+10,000,000*31хоног*0,2%) 1,286,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд “” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 29,000,000 төгрөг, алданги 1,286,000 төгрөг нийт 30,286,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,214,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “” ХХК-иас 30,286,000 /гучин сая хоёр зуун наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,214,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 309,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ