| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0270/Э |
| Дугаар | 0279 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 0279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Р.К
Улсын яллагч Л.О
Хохирогч Н.Б
Шүүгдэгч Ё.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.М-д холбогдох эрүүгийн 1925005740334 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ё.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ё.М нь 2019 оны 08 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой багийн Тариаланчидын 3 дугаар гудамж 10 тоотод Н.Батсүхтэй хэрэлдэж маргалдан улмаар Н.Б-н цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ё.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ийм хэрэг болсонд гэмшиж байна. 2019 оны 08 сарын 17-ны өглөө найз Энхбаатар, эхнэр Батцэцэг бид гурвыг байж байхад Батсүх орж ирсэн. Би Батсүхэд урагшаа ногооны талбай орж усалгаа хий гэж хэлсэн. 9 цагийн үед Батсүх гарч яваад 1 шил архи авчирсан. Тэгээд Энхбаатар, Батсүх бид гурав нийт 3 шил архи хувааж уусан. Бид 2 согтуудаа маргадаг, эрүүлдээ зүгээр байсан. Батсүх нь миний дагавар охины нөхрийн ах нь юм. Тэр өдөр маргалдаж барилцаж аваад айлгах гэж хутга авсан. Тэгтэл хутгалсан байсан. Энэ хэргийн хувьд маргахгүй. Үнэн. Хохирогчид эмчилгээний зардлыг эмнэлэгт байхад нь төлсөн. Эмнэлгээс гарсан хойно нь эмчилгээний зардлыг өгсөн. Нийтдээ 800 гаран мянган төгрөг өгсөн. Тэр хутга манай гал тогооны ширээн дээр байсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид хоёр худ ураг. Намайг санаатай хутгалаагүй. Бид 2 маргалдаж ноцолдож байгаад ийм зүйл болсон. Ийм зүйл болно гэж санаагүй. Мэс бариад ирэхэд нь ингэнэ гэж бодоогүй. Одоо миний бие зүгээр болсон. Мөнхжаргалаас хохиролд 1 сая гаран төгрөг зарцуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.Гомдол санал байхгүй. Тэр үед архийг би авсан. Архи уумаар санагдаад Мөнхжаргал ахтай уусан гэсэн мэдүүлэг,
-Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өнөөдөр манай гэрт манай худ Батсүх өглөө намайг 06 цагийн үед үнээ сааж байхад орж ирсэн. Батсүх манай гэрт архи уугаагүй эрүүл орж ирсэн. Тухайн үед манай гэрт манай нөхөр Мөнхжаргал унтаж байсан. Эрдэнэтээс манай намрын ажилд туслах гэж ирсэн Энхбаатар бас манай гэрт унтаж байсан юм. Тэгээд би үнээгээ саачихаад хашаандаа хүлэмжин дотор ногоогоо услаад ажилтай байх хойгуур өглөө 10 цагийн үед нөгөө хэд бүгд согтсон байсан. /Мөнхжаргал, Батсүх, Энхбаатар/ Би тэр хэдийг архи уусан байхаар нь Батсүхэд хандан чи ирэхээрээ дандаа архи ууж хүн уруу татаж байх юм гэж загнасан. Тэгээд өдөр болтол Батсүх, Мөнхжаргал, Энхбаатар гурав архиа ууж байгаад 15 цагийн үед унтаад өгсөн. Энхбаатар нь унтаагүй зурагт үзээд байсан. Орой 18 цагийн үед Батсүх манай нөхөр Мөнхжаргал нар сэрцгээсэн. Тэгэхлээр нь би Батсүхэд хандан одоо та нар архи дарс чинь гараад гайгүй болсон байна. Ахиад битгий уучихаарай гэж хэлсэн. Тэгээд намайг гадаа хоол бэлдэж байхад Батсүх ахин архи авчран манай нөхөр Мөнхжаргал, Энхбаатар нартай ууж байсан. Би тэр гуравт цуйван хийж өгсөн. Манай нөхөр Мөнхжаргал, Батсүх, Энхбаатар нар хоолоо манай гэрийн хажууд байх гал тогооны жижиг амбаарт орж идсэн юм. Орой 20 цагийн үед гадаа хүчтэй салхи шуураад байхаар нь би гэрээс гарч хашаа хороондох юмаа эмхлэн хашааны хаалгаа бэхлэн хашаан дотроо үнээгээ сааж байтал Энхбаатар яанаа цус гараад байна гээд намайг дуудсан. Тэгэхлээр нөгөө хэдийн хоол идэж байсан гал тогооны жижиг амбаарт гүйгээд ортол Батсүх манай гал тогооны жижиг амбаарын бандан сандал дээр сууж байсан. Батсүхийн аймхаа орчмоос нь цус гарч байсан. Тэгэхлээр нь би Энхбаатарын хамт 00 цаас таслан авч Батсүхийн цусыг тогтоохоор шархан дээр нь дарсан. Цус нь тогтохгүй байхаар нь Энхбаатар нүүр гарны алчуураар Батсүхийн шархыг дарсан гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,
-Гэрч Ч.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай нөхрийн хамаатан Батцэцэг эгч надруу утсаар яриад Мөнжаргал ах чинь Батсүхийг хутгалчихлаа, Батсүхээс цус их гараад байна. Түргэн дуудаадах гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Энхсайхан эмч рүү утсаар яриад Жагаа ах Батсүхийг хутгалчихсан гэж байна. Цус их алдаж байгаа гэнэ гэж дуудлага өгсөн. Би эмнэлэгт дуудлага өгчихөөд Жагаа ахын гэр рүү яваад очсон. Намайг очтол Батцэцэг эгч Батсүхийн цусыг цэвэрлэсэн байдалтай Батсүхийн цээж хэсэгт гар нүүрийн алчуур тавьсан байсан. Алчуур нь их цус болсон байсан. Хажууд нь Жагаа ах согтуу байсан. Батсүх бас согтуу байсан. Жагаа ахын гэрт Батсүх, Жагаа ах хоёроос гадна Энхбаатар гэдэг залуу байж байсан. Тэгээд байж байтал Энхсайхан эмч ирээд Батсүхийг аваад эмнэлэг рүү аваад явсан юмгэсэн мэдүүлэг /хх 27 ху/,
-Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хоол идэж байтал Батсүх гэрийн эзэн Мөнхжаргалыг гэрээс нь хөөгөөд байсан. Чи эндээс зайл гээд байсан. Тэгээд Батсүх, Мөнхжаргал хоёр хоорондоо бие биенээ барилцаад авсан. Тэгэхлээр нь би тэр хоёрын голоор салгах гэж орсон боловч салгаж дийлээгүй. Тэгээд байж байтал Мөнхжаргал шүүгээн дээр байсан хар, цагаан алагласан хуванцар иштэй хутгыг барьж аваад Батсүхийг нэг удаа аймхай орчимд нь хутгалсан юм. Тэгээд Мөнхжаргал гал тогооны өрөөнөөсөө гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,
-Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг Тариаланчид 3-10 тоотод очиход Батсүх гэж хүн хэвлий хэсэгтээ гараараа дарчихсан. Хэвлий орчмоос нь их цус гарсан байдалтай сандал дээр сууж байсан. Намайг үзэхэд Батсүхийн аймхаа орчимд 2 см орчим зүсэгдсэн шархнаас цус гарч байсан. Шархны орчимд хавдсан байсан. Би Батсүхийн даралтыг үзсэн. ...үзүүлэлтүүд нь хэвийн байхаар нь сумын эмнэлэг дээр Батсүхийг авчирсан. Би Батсүхэд цус тогтоох эмчилгээ хийгээд дараа нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 552 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Б-н аюулхайд хатгагдсан шарх, хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /400мл/ тохойд түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдийн аюулхайд хатгагдсан шарх, хэвлийн хөндийрүү нэвтэрч элгийг гэмтээсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тохойд түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх аюулхайд хатгагдсан шарх, хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн шарх хэвлийн хөндийд шингэн хуралдалт /400 мл/ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд хэрэгт хамаарна. Тохойд түлэгдэлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой шинэ гэмтлүүд байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 30-31 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 157 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хутган дээрээс гарын мөр илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх 36-37 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 4, 38-39 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 6 ху/
-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8 ху/
-Ё.Мыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг /хх 46-49 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 68, 70 ху/
-Хохирлын баримт /хх 71-77 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ё.М нь 2019 оны 08 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой багийн Тариаланчидын 3 дугаар гудамжны 10 тоотод Н.Батсүхтэй маргалдан улмаар Н.Батсүхийн цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...Энхбаатар, Батсүх бид гурав нийт 3 шил архи хувааж уусан. Бид 2 согтуудаа маргадаг, эрүүлдээ зүгээр байсан. Тэр өдөр маргалдаж барилцаж аваад айлгах гэж хутга авсан. Тэгтэл хутгалсан байсан. Энэ хэргийн хувьд маргахгүй” гэсэн, хохирогч Н.Батсүхийн “...Намайг санаатай хутгалаагүй. Бид 2 маргалдаж ноцолдож байгаад ийм зүйл болсон. Ийм зүйл болно гэж санаагүй. Мэс бариад ирэхэд нь ингэнэ гэж бодоогүй. Одоо миний бие зүгээр болсон” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч С.Батцэцэг /хх 22-23 ху/, гэрч Ч.Тунгалаг /хх 27 ху/, гэрч Ц.Энхсайхан /хх 26 ху/, гэрч Г.Энхбаатар /хх 24-25 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед аюулхайд хатгагдсан шарх, хэвлийн хөндийрүү нэвтэрч элгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /400мл/ тохойд түлэгдэлт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 552 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 157 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, байх тул түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ё.М нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талаас шинжилгээ, эм тарианы төлбөрийн 675.660 төгрөгний баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “миний бие зүгээр болсон. Мөнхжаргалаас хохиролд 1 сая гаран төгрөг зарцуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М-ын эдлэх 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ц.АЛТАНГАДАС