Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 145

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Б,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Б.Бд холбогдох 1928001600148 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 10-15 ӨМҮ улсын дугаартай Старикс маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.7а дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Наадмын талбайн зүүн талд шороон зам дээр явган зорчигч Т.Бг мөргөж зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осол гаргаж Т.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Болсон үйл явдал гэвэл энэ хүний ярьсан бүгд үнэн. Би 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 200.000 төгрөгийг өгсөн байгаа. Би 800.000 төгрөгөө өгөх байх гээд нэлээн хугацаа өгсөн. Миний гар байнгын өвддөг. Би ажлаа ч хийж чадахгүй байгаа. Зарим зүйлийг мартчихдаг болсон. Ой ухаанд нөлөөлдөг юм болов уу? яадаг юм мэдэхгүй байна. Би хот явж эмчлүүлмээр байна гомдолтой гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гурвантэс сумын наадам болсон юм. Би тэр өдөр орой 18 цагийн үед сумаас зүүн хойно байдаг Наадмын талбай дээр шүдлэн насны морио уралдуулчихаад морио ачих гээд наадмын талбайны зүүн хаалганы харалдаа зам гатлах гээд морио хөтлөөд урагшаа явж байтал гэнэт баруун талаас нэг Старикс маркийн машин хүчтэй гарч ирээд миний зүүн талын мөр лүү хүчтэй мөргөчихөөд зогсохгүй чигээрээ явсан. Тэгэхэд би газар нүүрээрээ унасан тэгэхэд миний зүүн хацарнаас цус гарсан. Би тэгээд босоод тэр машины улсын дугаарыг харсан. 10-15 өмү улсын дугаартай, саарал өнгийн Старикс маркийн машин байсан. Тэр үед миний баруун талын тавчиг алга болчихсон байсан тэгээд нэг тавчигаа хайхад нэлээн хол зайтай хэвтэж байсан. Тэгээд би тавчигаа олчихоод байж байхад нэг цагдаа мотоцикльтой явж байхаар нь би тэр цагдааг дуудаж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэр автомашины миний араас, зүүн талын мөр лүү мөргөчихөөд явсан. Тэгэхэд мөр лүү таг гээд дуугараад би газар нүүрээрээ унасан, Тухайн үед миний хөтөлж байсан морь миний ард явж байсан тэгээд би газар унахдаа замынхаа зүүн талд нь хэвтэж байсан. Морь харин замын баруун талд сул зогсож байсан. Намайг машин мөргөх үед би мориныхоо жолоогоо алдсан байсан. Миний биеийн зүүн мөрний бугалганы яс хугарсан, хүзүүний яс бага зэрэг цуурсан, зүүн талын хацар шалбарч урагдсан, толгой тархи доргисон байсан. би машинд мөргүүлчихээд 2019 оны 07-р сарын 08-наас 13-ны хооронд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн.” гэжээ. /хх-16-17/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Надад 200.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. өөр мөнгө төгрөг өгөөгүй байна. Одоо гомдолгүй байна. Тэгж байгаа би хохирлыг барагдуулах. байх. Батлхагвын эгч нар надтай ирж уулзаад миний учирсан хохирлыг удахгүй төлж барагдуулна гэсэн.” гэжээ. /хх-16-17/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 07 дугаар сарын 01 -ний өдөр 18 цагийн үед наадмын талбай зүүн талд морь хөтлөөд явж байхад саарал өнгийн машин маш хурдтай ирж.зүүн талаас мөргөсөн би газар унаад босоод номерыг нь харахад 10-15 гэсэн улсын дугаартай делика маркийн машин байсан тэгээд би цагдаа нарт хандаж мэдэгдсэн.” гэжээ. /хх-19/,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тэр өдөр би нөхөр Мөнхжаргалын хамт сумын наадмын талбай дээр морь үзчихээд наадмын талбайн хойд талд байгаа морьныхоо шон руу машинтай явж байхад наадмын талбайны зүүн талд нэг эмэгтэй хүн тоос шороо болчихсон гуйваад явж байхаар бид хоёр нэг согтуу эмэгтэй явж байна гэж харсан.Тэгээд нөхөр бид хажуугаар нь яваад шон дээрээ очсон тэгээд нэлээн хэд хоногийн дараа байх манай нөхөр лүү тэр машинд дайруулсан эмэгтэйн нөхөр нь утсаар залгаж яриад та цагдаа дээр мэдүүлэг өгөөтөх үү та хоёр тухайн үед манай эхнэрийн хажууд явж байсан байна гэж хэлсэн юм... Тухайн үед уралдааны морь үзсэн хүмүүс буцаад наадмын талбай руугаа явцгааж байсан зөндөө олон хүмүүс байсан. Нөхөр бид хоёр тэр эмэгтэйг тийм их сайн анзаарч хараагүй. Согтуу хүүхэн явж байгаа юм байна гэж бодоод явсан. Хажууд морь байсан талаар анзаараагүй, Бид хоёрыг харахаас өмнө нь тэр эмэгтэйг машин мөргүүлсэн байсан байх. Тэгээд хувцас хунар, нүүр ам нь шороо тоос болчихсон байсан...” гэжээ. /хх-20/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 01-ны үдээс хойш байсан байх Ундрах бид хоёр Гурвантэс сумын хойд талд нь байгаа наадмын талбай дээр наадам үзээд наадмын хойд талд байгаа гэрүүдийн хавиар явж байхад саарал өнгийн Старикс маркийн автомашин зогсож байхаар нь бид хоёр хүрээд очсон чинь жолооч Батлхагва байсан хамт Мөнхбаяртай цуг хоёулаа явж байсан. Тэгээд бид хоёр очоод хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд Батлхагва талбайн урдаас хөлдөөгч ачаад сум руу явна гэхээр бид хоёр машины арын суудлын хойшоо \буруу\ харсан суудал дээр суугаад явсан. Тэгээд Батлхагва нь хөдлөөд наадмын талбайны хойноос зүүн урагшаа эргээд явж байгаад гэнэт Батлхагва нь машинаа зогсоох гэснээ болиод явахаар би “хөөш юу болсон юм бэ” гэхэд Батлхагва нь сая хөтөлж явсан хүн, морь хоёрын голоор орчихлоо, хүнийг шүргэчихшиг боллоо гээд наадмын талбайны урд талд очоод зогсохоор машинаас Ундрах бид хоёр явган яваад тэр газрыг нь очиж үзэх гээд очиход тэр газарт дайрагдсан хүн байхгүй байхаар тэр хавиар хайгаад хүмүүсээс асуусан чинь тэр хүнийг машин хүрч ирээд аваад явчих шиг болсон гэж хэлэхээр бид хоёр буцаж яваад Батлхагвын машин дотор нь ороод жолоочийг нь хүлээгээд байж байхад сумын цагдаа нар ирээд бид нарыг сумын төв руу цагдаагийн тасаг руу аваад явсан...” гэжээ. /хх-22/,

Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сумын нутагт нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “МАК“ ХХК дээрээ ажилтай байсан юм. Тийм учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг 2019 оны 07-р сарын 15-нд ажлаасаа буугаад гэртээ очиход манай эхнэр “Машинаа цагдаад хураалгачихсан, Батлхагва машин унаж яваад хүн шүргэчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би маргааш сумын цагдаа дээр очиж 10-15 өмү улсын дугаартай Старикс машинаа авсан..” гэжээ. /хх-38/,

Гэрч Л.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн үед би сумын эмнэлэг рүү явж байх замдаа Оюунцэцэг эмчтэй таараад Болормаагийн биеийг асуухад аймаг руу явж рентгент харуулах шаардлагатай байгаа юм гэж хэлэхээр би Болормаатай очоод уулзсан чинь би одоо аймаг явж үзүүлнэ, зүүн мөр огт хөдлөхгүй өвдөөд байна зардал мөнгө байхгүй хэцүү байна гэхээр би өөрд байсан 200.000 төгрөгийг Болормаад егөөд аймагт очоод эргээд яахаар байна холбогдоорой гэж хэлээд явуулсан. Түүнээс хойш Болормаа надтай холбогдоогүй.” гэжээ. /хх-27-28/,

Гэрч С.Умөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед би өөрийн найз Батмөнхийн хамт хуушуур зараад зогсож байтал Батаа, Мөнжиг хоёр ирээд арван хуушуур авсан тэгээд машинтайгаа хөдлөх үед нь болд бид хоёр наадмын талбай орох гэсэн дөхүүлээд өгөөч гэж гуйсан чинь суучих гэсэн тэгээд хойд талын суудал дээр Болд, бид хоёр суусан замдаа явж байтал Батаа хазлаад давхисан тэхээр нь би бууя гэж хэлсэн тэгсэн чинь тэр чигээрээ давхиж байгаад хүн шүргэсэн тэгээд шууд давхиад наадмын талбайн баруун талд зогссон Мөнжиг, Болд бид гурав тэр газар очсон чинь хүн байхгүй байсан тэгээд машин руугаа буцаад явж байтал цагдаа нар ирсэн..” гэжээ. /хх-31/,

Гэрч С.Умөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07-р сарын 01-ны үдээс хойш байсан байх Би сумын наадас үзэх гээд наадмын талбай дээр явж байгаад Болдтой таараад бид хоёр нэг шил архийг наадмын талбайны хойд талд уучихаад буцаад наадмын талбайны хойд талд нь явж байгаад Батлхагватай таарсан юм. Тэгээд Болд бид хоёр Батлхагвын унаж байсан машины арын суудал дээр нь суугаад явсан. Би тэр өглөө архи уусан байсан нэлээн их согтуу байсан.Тэгээд машинд суугаад явсан тэгтэл гэнэт Батлхагва нь машинаа зогсоох гэснээ болиод явахаар Болд “хөөе юу болсон юм бэ” гэж хэлэх шиг болоход Батлхагва би сая хөтөлж явсан хүн, морь хоёрын голоор орчихлоо, тэр хүнийг шүргэчихшиг боллоо гэж хэлээд машинаа зогсоогоогүй яваад наадмын талбайны урд талд очоод зогсохоор Болд бид хоёр машинаас буугаад бид хоёр явган яваад тэр газрыг нь очиж үзэх гээд явган яваад очиход тэр газарт дайрагдсан хүн амьтан.морь байгаагүй тэгээд бид хоёр буцаж яваад Батлхагвын машинд нь ороод сууж байхад сумын цагдаа нар ирээд .бид нарыг сумын төв руу аваад явсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна.” гэжээ. /хх-32-33/,

Шинжээч С.Бат-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Зам тээврийн осол гарсан жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-р зүйлд зааснаар жолооч тээврийн хэрэгслээ бүрэн нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг юм. Батлхагва нь энэ дүрмийг зөрчиж, ослын газраас автомашинаа хөдөлгөж явсан байна... Б.Б нь 2015 оны 08-р сарын 14-нд Өршөөлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.3-д зааснаар жолооны эрхийг нь сэргээсэн байна. Иймд Б.Б нь одоогийн цагдаагийн лавлагаагаар жолооны эрх нь хүчинтэй төлөвт “В", “С” ангилалттай байна.” гэжээ. /хх-29/,

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...huindai starex маркийн 10-15 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Батгэрэл овогтой Батлхагва нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дахь заалт 3.7-ын “а” дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. huindai starex маркийн 10-15 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Батгэрэл овогтой Батлхагва нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-ын “а”-д заасан “...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай байна. Батгэрэл овогтой Батлхагвын согтуурлыг шалгахад драгерийн заалт 2.62 хувийн согтолттой байсан байна. Батгэрэл овогтой Батлхагвын жолоочийн үнэмлэхний лавлагааг гаргуулж авахад “В,С” ангилалын №793815 жолооны үнэмлэх хүчинтэй төлөвт байв.” гэжээ. /хх-36/,

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Бгийн биед зүүн хацарт зулгаралт, гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн: зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-41/,

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Бгийн биед гархины доргилт, зүүн бугалга ясны далд зөрүүгүй хугарал гэмтэл уусчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-49/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-13/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15/,

Жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-37/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-43-45/,

Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-60/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-61/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-62/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-63/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-64/,

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-65/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-86/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89/,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-90-91/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өвчний түүх /хх-107-115/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Бын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 10-15 ӨМҮ улсын дугаартай Старикс маркийн автомашиныг жолоодож Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Наадмын талбайн зүүн талд шороон зам дээр явган зорчигч Т.Бг мөргөж зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах байдлаар нотлогдоно.

Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг жолоочид хамааруулна гэж тодорхойлсон, мөн шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В, С ангиллын эрхийн жолоочийн үнэмлэхтэй болох нь жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-37/,  2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хх-36/, Шинжээч С.Бат-Очирын “...Б.Б нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өршөөлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.3-т зааснаар жолооны эрх нь сэргээгдсэн байна. Иймд Б.Б нь одоогийн цагдаагийн лавлагаагаар жолооны эрх нь хүчинтэй төлөвт В, С ангилалтай байна...” гэсэн мэдүүлэг /хх-29/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Быг Hyundai starex маркийн 10-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан В, С ангиллын үнэмлэхтэй жолооч гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргах үедээ согтуурсан буюу 2.62 хувийн согтолттой байсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай замын цагдаагийн шинжээчийн “...Батгэрэл овогтой Батлхагвын согтуурлыг шалгахад драгерийн заалт 2.62 хувийн согтолттой байсан байна...” гэсэн дүгнэлт /хх-36/, Согтуурлыг багажаар шалгахад 2.62 хувьтай гэх тэмдэглэл /хх-65/ зэргээр тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 10-15 ӨМҮ улсын дугаартай Старикс маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “...жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”  3.7а-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөн болох нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...huindai starex маркийн 10-15 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Батгэрэл овогтой Батлхагва нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дахь заалт 3.7-ын “а” дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. huindai starex маркийн 10-15 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Батгэрэл овогтой Батлхагва нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-ын “а”-д заасан “...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай байна. Б.Бын согтуурлыг шалгахад драгерийн заалт 2.62 хувийн согтолттой байсан байна. Б.Бын жолоочийн үнэмлэхний лавлагааг гаргуулж авахад “В,С” ангилалын №793815 жолооны үнэмлэх хүчинтэй төлөвт байв.” гэх дүгнэлт /хх-36/, Шинжээч С.Бат-Очирын “...Зам тээврийн осол гарсан жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-р зүйлд зааснаар жолооч тээврийн хэрэгслээ бүрэн нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг юм. Батлхагва нь энэ дүрмийг зөрчиж, ослын газраас автомашинаа хөдөлгөж явсан байна... Б.Б нь 2015 оны 08-р сарын 14-нд Өршөөлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.3-д зааснаар жолооны эрхийг нь сэргээсэн байна. Иймд Б.Б нь одоогийн цагдаагийн лавлагаагаар жолооны эрх нь хүчинтэй төлөвт “В", “С” ангилалттай байна.” гэх мэдүүлэг /хх-29/ зэргээр тогтоогдож байна.

Зам тээврийн осол гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгасан.

Шүүгдэгч Б.Б замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Т.Бг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бгийн “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гурвантэс сумын наадам болсон юм. Би тэр өдөр орой 18 цагийн үед сумаас зүүн хойно байдаг Наадмын талбай дээр шүдлэн насны морио уралдуулчихаад морио ачих гээд наадмын талбайны зүүн хаалганы харалдаа зам гатлах гээд морио хөтлөөд урагшаа явж байтал гэнэт баруун талаас нэг Старикс маркийн машин хүчтэй гарч ирээд миний зүүн талын мөр лүү хүчтэй мөргөчихөөд зогсохгүй чигээрээ явсан...Тэр автомашин миний араас, зүүн талын мөр лүү мөргөчихөөд явсан. Тэгэхэд мөр лүү таг гээд дуугараад би газар нүүрээрээ унасан. Тухайн үед миний хөтөлж байсан морь миний ард явж байсан тэгээд би газар унахдаа замынхаа зүүн талд нь хэвтэж байсан. Морь харин замын баруун талд сул зогсож байсан. Намайг машин мөргөх үед би мориныхоо жолоогоо алдсан байсан. Миний биеийн зүүн мөрний бугалганы яс хугарсан, хүзүүний яс бага зэрэг цуурсан, зүүн талын хацар шалбарч урагдсан, толгой тархи доргисон байсан. Би машинд мөргүүлчихээд 2019 оны 07-р сарын 08-наас 13-ны хооронд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Т.Бгийн “...2019 оны 07 дугаар сарын 01 -ний өдөр 18 цагийн үед наадмын талбай зүүн талд морь хөтлөөд явж байхад саарал өнгийн машин маш хурдтай ирж.зүүн талаас мөргөсөн би газар унаад босоод номерыг нь харахад 10-15 гэсэн улсын дугаартай машин байсан тэгээд би цагдаа нарт хандаж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-19/, гэрч С.Ундрахын  “...наадмын талбайны хойд талд нь явж байгаад Батлхагватай таарсан юм. Тэгээд Болд бид хоёр Батлхагвын унаж байсан машины арын суудал дээр нь суугаад явсан. Би тэр өглөө архи уусан байсан нэлээн их согтуу байсан. Тэгээд машинд суугаад явсан тэгтэл гэнэт Батлхагва нь машинаа зогсоох гэснээ болиод явахаар Болд “хөөе юу болсон юм бэ” гэж хэлэх шиг болоход Батлхагва би сая хөтөлж явсан хүн, морь хоёрын голоор орчихлоо, тэр хүнийг шүргэчих шиг боллоо гэж хэлээд машинаа зогсоогоогүй яваад наадмын талбайны урд талд очоод зогсохоор Болд бид хоёр машинаас буугаад бид хоёр явган яваад тэр газрыг нь очиж үзэх гээд явган яваад очиход тэр газарт дайрагдсан хүн амьтан морь байгаагүй тэгээд бид хоёр буцаж яваад Батлхагвын машинд нь ороод сууж байхад сумын цагдаа нар ирээд бид нарыг сумын төв руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Бгийн биед гархины доргилт, зүүн бугалга ясны далд зөрүүгүй хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-49/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бгийн “...наадмын талбайны зүүн хаалганы харалдаа зам гатлах гээд морио хөтлөөд урагшаа явж байтал гэнэт баруун талаас нэг Старикс маркийн машин хүчтэй гарч ирээд миний зүүн талын мөр лүү хүчтэй мөргөчихөөд зогсохгүй чигээрээ явсан...Тэр автомашин миний араас, зүүн талын мөр лүү мөргөчихөөд явсан.” гэсэн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Т.Бгийн “...2019 оны 07 дугаар сарын 01 -ний өдөр 18 цагийн үед наадмын талбайн зүүн талд морь хөтлөөд явж байхад саарал өнгийн машин маш хурдтай ирж зүүн талаас мөргөсөн би газар унаад босоод номерыг нь харахад 10-15 гэсэн улсын дугаартай машин байсан тэгээд би цагдаа нарт хандаж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-19/, гэрч С.Ундрахын “... мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед би өөрийн найз Батмөнхийн хамт хуушуур зараад зогсож байтал Батаа, Мөнжиг хоёр ирээд арван хуушуур авсан тэгээд машинтайгаа хөдлөх үед нь Болд бид хоёр наадмын талбай орох гэсэн дөхүүлээд өгөөч гэж гуйсан чинь суучих гэсэн тэгээд хойд талын суудал дээр Болд бид хоёр суусан замдаа явж байтал Батаа хаазлаад давхисан тэхээр нь би бууя гэж хэлсэн тэгсэн чинь тэр чигээрээ давхиж байгаад хүн шүргэсэн тэгээд шууд давхиад наадмын талбайн баруун талд зогссон Мөнжиг, Болд бид гурав тэр газар очсон чинь хүн байхгүй байсан тэгээд машин руугаа буцаад явж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-31/, гэрч С.Ундрахын “...Тэгээд Болд бид хоёр Батлхагвын унаж байсан машины арын суудал дээр нь суугаад явсан. Би тэр өглөө архи уусан байсан нэлээн их согтуу байсан. Тэгээд машинд суугаад явсан тэгтэл гэнэт Батлхагва нь машинаа зогсоох гэснээ болиод явахаар Болд “хөөе юу болсон юм бэ” гэж хэлэх шиг болоход Батлхагва би сая хөтөлж явсан хүн, морь хоёрын голоор орчихлоо, тэр хүнийг шүргэчих шиг боллоо гэж хэлээд машинаа зогсоогоогүй яваад наадмын талбайны урд талд очоод зогсохоор Болд бид хоёр машинаас буугаад бид хоёр явган яваад тэр газрыг нь очиж үзэх гээд явган яваад очиход тэр газарт дайрагдсан хүн амьтан морь байгаагүй тэгээд бид хоёр буцаж яваад Батлхагвын машинд нь ороод сууж байхад сумын цагдаа нар ирээд бид нарыг сумын төв руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, Шинжээч С.Бат-Очирын “... мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Зам тээврийн осол гарсан жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-р зүйлд зааснаар жолооч тээврийн хэрэгслээ бүрэн нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг юм. Б.Б нь энэ дүрмийг зөрчиж, ослын газраас автомашинаа хөдөлгөж явсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-29/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Үг зүйн талаасаа зориуд гэдэг ойлголт нь зорилготой, санаатайгаар үйлдэл хийхийг, хэргийн газраас зугтаасан гэдэг ойлголт нь тээврийн хэрэгслийн жолооч зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр, эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг тус тус ойлгохоор тайлбарласан.

Шүүгдэгч Б.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлээ санаатайгаар үйлдээгүй хэдий ч хүн шүргэснээ мэдсэн боловч хэргийн газрыг санаатайгаар орхиж наадмын талбай руу тээврийн хэрэгслээрээ явсан үйлдлийг  зориуд  орхиж зугтаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б нь 1992 оны 10 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум 4 дүгээр баг Шугшаагийн 3-1 тоотод оршин суух, урьд Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, тээврийн хэрэгсэл жолоодох В, С ангиллын эрхтэй болох нь жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-37/, Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-60/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-61/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-62/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-63/, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-86/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89/, Сум дундын 15 дугаар шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-90-91/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтооно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан. Хавтаст хэргийн 77-83 дугаар талд авагдсан хохирлын баримтын хүрээнд хохирлыг дараах байдлаар шийдвэрлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б эмчилгээний зардал 532.000 төгрөг, Замын зардал 180.000 төгрөг, таксины зардал 287.000 төгрөг нийт 999.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт 592.302 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.

Хэргийн 78-83 талд авагдсан нотлох баримтаар гарсан хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, төлбөр гэж үзэж шүүгдэгч Б.Бас 592.302 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Бд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөгийн хохирол төлбөр хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бд өгсөн болох нь хохирогчийн “...Надад 200.000 төгрөгийг бэлнээр өгч байсан...” гэх мэдүүлгээр /хх-16-17/, шүүгдэгч Б.Б хохирол төлбөр төлөхөөр завсарлага авч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 400.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бд төлсөн болох нь хохирол төлсөн талаарх баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бгийн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн унааны зардал болох 406.698 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бд 600.000 төгрөгийн хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Быг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хувьд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан зэрэг байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2  жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоног хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  6  сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бын нийт эдлэх ялыг  7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь жолоочийн үнэмлэхгүй хэдий ч тээврийн хэрэгсэл жолоодох В,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь дээрх байдлаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж  6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан тул шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн болно.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаар хугацааг тоолохоор тогтоох нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг төлж барагдуулсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж  шүүгдэгч Б.Бд оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б нь цаашид Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож шийдвэрлэсэн тул улсын яллагчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих тухай саналыг үндэслэн шүүх шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Шүүхэд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Б.Быг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний буюу 15.000 / арван таван мянга/ төгрөгийг хорих ялыг 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоног хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хасах ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бд хохирол төлбөрт нийт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бгийн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 406.698 /дөрвөн зуун зургаан мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ