Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 146

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О,

Иргэний нэхэмжлэгч С.Б, 

Шүүгдэгч А.Зт,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овгийн А.Зод холбогдох 1928000000135 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч А.Зт 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 05-15 тоот хашаанд байрлах Хилчин дэлгүүрт хууль бусаар нэвтэрч кассын машины төмөр хайрцагт байсан бэлнээр 200.000 төгрөг, 154.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт зэргийг хулгайлж Д.От 426.000 төгрөгийн, Төгөлийн 06-15 тоот хашаанд байсан С.Бын эзэмшлийн 08-13 ӨМЭ улсын дугаартай Тоёота пруйс-20 маркийн автомашинаас /цоожлоогүй байсан/ бэлнээр 55.000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт хулгайлсан, Төгөлийн 06-14 тоот хашаанд байсан Н.Нийн эзэмшлийн 08-18 ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк экс маркийн автомашинаас /цоожлоогүй байсан/ бэлнээр 13.000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт хулгайлж бусдад нийт 694.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Зт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймагт ирсэн. Тухайн өдөр нэг найзтайгаа хамт ахынхаа машиныг янзалж байгаад гарч яваад архи уусан. Тэрнээс болж энэ хэрэгт холбогдсон гэж бодож байна. Би нэг мэдсэн Төгөлийн тэнд явж байсан. Тэгээд би хулгай хийсэн. Худгийн ар талын хашаанаас машины түлхүүрийг бэлэн мөнгөтэй хамт авсан. Надад маш хэцүү байна. Эхнэрээ алдсан одоо ээжийгээ алдах гээд байж байхад ял авах гээд байж байгаа маань их хэцүү байна. Би ял аваад гарч ирээд 2 жил их сайхан амьдарч байсан  гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 оны 09 дүгээр сарын 15-нд би хөдөө яваад ирэхэд манай дэлгүүрт байх ёстой зүйлүүд бүгдээрээ байсан. Тэгээд би цоожилчхоод өглөө босоод ирэхэд дэлгүүр цоожгүй байсан. Ороод үзэхэд мөнгөний хайрцаг байхгүй байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Камер шалгахад шууд орж ирээд мөнгөний хайрцаг аваад бариад гарсан. Өөр зүйл байхгүй байсан. Одоо би 336.536 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мэдүүлсэн мэдүүлгүүд бүгд үнэн. Хамгийн гол нь мянга хотоос түлхүүр авчраад миний машин цоожлогдоно гэж байхгүй зөвхөн асаагаад явах төдий байгаа. Одоо заавал Улаанбаатар хот явж Смарт болгуулах шаардлагатай байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би “Ар цайз” ХХК-ний захирал бөгөөд өөрийн оршин суугаа хаяг дээр буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төгөлийн 08-15 тоотод “Хилчин” гэж нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өглөө 07 цагт дэлгүүрээ онгойлгоод өдөр 12 цагийн үед дэлгүүрээ хааж хамаг үүдээ түгжээд хөдөө явсан. Тэгээд орой 20 цагийн үед ирээд дэлгүүрийнхээ зүүн талын буюу хашаан дотор байдаг хаалгыг онгойлгоод хөдөөнөөс авч ирсэн сүү цагаан идээгээ дэлгүүрийн хөргөгчинд хийсэн. Тэгээд мөн дэлгүүрээ цоожлоод дэлгүүрээ тэр чигт нь хаасан. Тэгэхэд ямар нэг зүйл алдагдаагүй зүгээр байсан. Тэгээд орой 22-23 цагийн үед унтаж амарсан. Ингээд маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр эрт босоод дэлгүүрээ онгойлгох гэсэн чинь дэлгүүрийн зүүн талын хаалганы цоож нь байхгүй алга болчихсон байсан. Тэгэхээр нь дэлгүүрт ороод мөнгөнийхөө хайрцгийг үзсэн чинь орлого хийсэн байсан мөнгөний хар дөрвөлжин хайрцаг алба болчихсон байхыг хараад надад ирж хэлээд намайг өчигдөр хаалгаа цоожилсон юм уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хаалгаа цоожилсон н дээ гэж хэлээд очоод харсан чинь хаалганы цоож нь өөрөө алга болчихсон байсан. Цүү нь болохоор бүтэн байсан. Тэгээд цагдаагийн газарт мэдэгдсэн... Мөнгөний хайрцаг л алдагдсан. Уг мөнгөний хайрцаг дотор нийт 200000 гаруй мянган төгрөг байсан гэж бодоод байгаа. Дээр нь 75000 төгрөгний скайтелын нэгжийн карт, 79000 төгрөгний юнителийн нэгжийн карт тус тус алдагдсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй... Манай дэлгүүрийн өдрийн дундаж орлого 200000-700000 төгрөгний хооронд байдаг. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр бэлнээр 385000 төгрөгний орлого орсон. Түүнийг мөнгөний хар хайцагнаасаа авалгүй хоноод маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уг 385000 төгрөгнөөс Силкрүүт гэж гэр ахуйн бараа авсны мөнгө гэж 113710 төгрөгийг авч зарлагадсан. Дээр нь хөдөө явахдаа 70000 төгрөг бэлнээр авсан. Ингээд урд өдрийн орлогоос 201290 төгрөг үлдсэн. Дээр нь уг өдрийн буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07 цагаас 12 цаг хүртэл хугацаанд ажиллаж олсон орлогыг тэндээс авалгүй байлгаж байгаад алдчихсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 07 цагаас 12 цагийн хооронд яг нарийн хэдэн төгрөгний орлого орсон байсныг бичиж тэмдэглээгүй учраас мэдэхгүй байгаа юм.Тийм учраас би 200000 гаруй мянган төгрөг байсан гэж хэлээд байгаа юм...” гэжээ /хх-35-36/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Төгөлийн 08-15 тоотод байрлах Хилчин дэлгүүрт хулгайч орж Мөнгөний хайрцаг л алдагдсан. Уг мөнгөний хайрцаг дотор нийт 200000 гаруй мянган төгрөг байсан гэж бодоод байгаа. Дээр нь 75000 төгрөгний скайтелын нэгжийн карт, 79000 төгрөгний юнителийн нэгжийн карт тус тус алдагдсан. Би сая мөнгөний хар хайрцагаа болон хар хайрцаг дотор байсан 500 төгрөгний урагдсан тал дэвсгэрт 1 ширхэг, ЮО төгрөгний дэвсгэрт68 ширхэг, 50 төгрөгний дэвсгэрт 52 ширхэг, 20 төгрөгний дэвсгэрт 3 ширхэг, 10 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, скайтелын 1000 төгрөгний нэгжний 2 ширхэг карт, 5000 төгрөгний нэгжний 1 ширхэг карт, мобикомын 1000 төгрөгний 1 ширхэг карт, төгс карт 1500 төгрөгний 1 ширхэг буюу нийт 9970 төгрөг, 9500 төгрөгний нэгжийн картыг хүлээн авсан. Одоо үлдсэн мөнгөө нэхэмжилнэ...” гэжээ /хх-38-39/,

Иргэний нэхэмжлэгч С.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Төгөлийн 06-15 тоотод оршин суудаг юм. Би хувиараа өөрийнхөө машинаар таксинд хаяа явдаг юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гадуур таксинд явж байгаад шөнийн 00 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би машинаа хашаанд оруулаад гэрийнхээ зүүн талд хойш нь харуулж тавьчихаад гэртээ ороод телевиз харж хэвтэж байгаад нойр хүрээд байхаар нь 00 цаг 30 минутын орчимд унтсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед босоод машиндаа орох гэсэн чинь машин цоожтой байсан. Тэгэхээр нь би машинаа орой түгжээгүй шиг санагдаад бас дотор нь түлхүүрээ хийгээд түгжчихсэн юм биш байгаадаа гэж бодоод машиныхаа цонхоор харсан чинь машины шалан дээр 20, 50, 100-тын задгай мөнгөнүүд уначихсан харагдсан. Тэгэхээр нь би машиныхаа түлрүүрийг гэртээ бас эргэлзээд хайсан боловч байгаагүй. Тэгээд машиныхаа хаалгыг ямар ч байсан онгойлгоё гэж бодоод төмөр утас хайгаад явж байсан чинь манай нүүрсний хашааны дэргэд миний бор өнгийн түрүүвч хэвтэж байсан. Тэгээд түрүүвчээ үзсэн чинь бичиг баримтууд нь байж байсан харин бэлэн 55000 төгрөг байсан нь алга болсон байсан. Тэгээд би хулгайч миний эд зүйлийг авсан байна гэж мэдсэн. Тэгээд би машинаа төмөр утсаар онгойлгосон... Бэлэн 55000 төгрөг, мөн машины смарт түлхүүр алга болсон байсан. Өөр зүйл алдагдаагүй...” гэжээ /хх-41-42/,

Иргэний нэхэмжлэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Манайх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Төгөлийн 06-14 байдаг юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би гэртээ 4 хүүхэдтэйгээ 5-уулаа өнжсөн. Манай нөхөр ажлаар Цогтцэций сум явчихсан эзгүй байсан юм. Тэгээд орой 22 цагаас хотоос ирсэн хүүхдээ өөрийнхөө 0818 ӨМӨ улсын дугаартай “Тоёота Марк экс” маркийн тээврийн хэрэгсэлээр явж тосож авчихаад хашаандаа машинаа оруулаад гэрийнхээ урд талд тавьсан. Машинаа тавьж орхихдоо машиныхаа түлхүүрийг дотор нь зоолттой нь орхисон байсан. Тэгээд би хүүхдүүдтэйгээ 00 цагийн үед унтсан. Манайх хашаандаа ганц гэрээрээ байдаг юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд босоод цэцэрлэгийнхээ хүүхдийг хүргэж өгөхөөр гарсан чинь машины зоолттой байсан түлхүүр байхгүй болчихсон байсан. Тэгээд би түлхүүрээ хайгаад олохгүй болохоор нь машин дотрохоо үзсэн чинь машины урд талын хайрцаг дотор байсан 13000 төгрөг алга болсон байсан. Тэгээд хулгайч авсан юм байна гэж бодсон...” гэжээ /хх-44-45/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1-р баг Төгөлийн 8-15 тоотод гэр бүлийн хамтаар Хилчин нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байх үед манай нөхөр Баатаржав босоод дэлгүүр лүүгээ орсон тэгээд удалгүй эргэж гэрт орж ирээд надаас дэлгүүрээ өчигдөр шөнө цоожлоогүй байсан юм уу дэлгүүрийн зүүн талын хаалга онгорхой байна мөн лангууны ард байсан хайрцагтай мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь босоод дэлгүүрийн зүүн талын хаалган дээр очтол хаалганы цүү нь хэвийн харин цоож нь алга болсон байсан. Би тухайн үед шууд дэлгүүр лүүгээ ороод лангууны ард байсан хайрцагтай мөнгөө үзтэл хайрцагны хамтаар мөнгө алга болсон байсан. Тэгээд би тэр даруйдаа шууд цагдаад мэдэгдсэн.” гэжээ. /хх-46/,

Гэрч Д.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Нийт 200 гаруй мянган төгрөг хулгайд алдагдсан. 2019 оны 09 сарын 15 ны өдөр би дэлгүүрээ өглөөний 06 цагт нээгээд өдрийн 11 цагийн үед хаасан. Тухайн өдөр би цагаас дэлгүүрээ хаахдаа мөнгөний төмөр хайрцагнаас 70 орчим мянган төгрөг аваад бүхлээс нь аваад буодыг нь үлдээсэн. Миний санаж байгаагаар 20-тын дэвсгэрт 1 ширхэг, 10-тын дэвсгэрт 5-6 ширхэг, 5-тын дэвсгэрт 7-8 ширхэг үлдээсэн, Мөн дээр нь урд өдрийн буюу 2019 оны 09 сарын 14-ны орлогоны задгаЙ 20, 50,100, 500,1000 төгрөгний дэвсгэртийг би огт аваагүй юм. 2019 оны 09 сарын 06-ны өдар би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Юнителийн салбараас 134.000 төгрөгний нэгжийг гэрээгээр худалдан авсан. Тухайн нэгжнээс 70-80 мянга нь зарагдаагүй картаараа байсан. Мөн түүн дээр нэмэгдээд 2019 оны 08 сарын 14-ны өдөр Скайтелаас 80.000 нэгж авсан байснаас 75.000 гаруй нэгж үлдсэн байсан. Ер нь манай дэлгүүрт скайтелын нэгж зарагдадгүй юм. Нэгжний хувьд гэвэл ихэвчлэн 1000 болон 5000 нэгж дуусахаар нь би сэлбээд аваад хийчдэг юм... Тухайн бүртгэл дээр би нийт гэж бичсэн нь манай дэлгүүрийн тухайн өдрийн орлого юм. Харин дансаар гэж тэмдэглэж бичсэн нь манай дэлгүүрийн дансаар орж ирсэн орлого. Картаар гэж тэмдэглэсэн нь дэлгүүрт посс машинд карт уншуулж оржсон орлого. Мөн Бэлэн гэж бичиж тэмдэглэсэн орлого нь бэлнээр орсон орлого юм. Зарлага гэж бичсэн нь манай дэлгүүрт буусан барааны төлбөр юм. Тухайн төлбөрийг би бэлэн мөнгөөр буюу дансанд байгаа мөнгөнөөсөө төлдөг юм. Тухайн бүртгэл дээр 2019 оны 09 сарын 14-ны өдөр бэлнээр манай дэлгүүрт 385.000 төгрөгний орлого орсон байснаас би 70 мянган төгрөгийг бэлнээр аваад бусад мөнгий нь төмөр хар хайрцагандаа үлдээсэн юм...” гэжээ. /хх-47-48/,

Гэрч Б.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг Төгөлийн 8-15 тоот хашаанд өөрийн эхнэрийн хамтаар Хилчин нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байх үед би босоод хүнсний дэлгүүрээ онгойлгох санаатай дэлгүүрийн арын хаалган дээр очтол хаалга нь цоожгүй онгорхой байсан. Тэгээд би гайхаад дэлгүүр дотроо ороод лангуун доор байсан кассын мөнгөний төмөр хайрцгаа үзтэл алга болсон байсан. Тухайн үед би манай дэлгүүрт хулгайч орсон байна гэж ойлгоод гэртээ орж эхнэр Отгонбаярт хзлсэн. Түүний дараагаар Отгонбаяр дэлгүүр дотор орж үзчээд цагдаад мэдэгдсэн....” /хх-49-50/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 08-13 өмэ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашинаар Даланзадгад сумын төвд такси үйлчилгээнд явдаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны орой би Төглийн 6-15 тоотод байрлах өөрийн хашаанд, гэрийнхээ хажууд оройны 23 цаг 30 минутын үед машинаа тавьчаад гэртээ ороод амарсан юм. Тэгээд маргааш өглөө 09 цаг 15 минутын үед босоод машиндаа орох гэсэн чинь миний машины хаалга нь цоожтой байсан. Тэгээд би машиныхаа цонхоор харсан чинь голын хайрцаганд байсан НӨТ-ийн баримтууд машины шалавчин дээр бутарсан байсан. Тэгээд би машиныхаа хаалгыг юмаар хөшиж онгойлгосон чинь машины голын хайрцаганд байсан миний түрүүвч болон машины чиф түлхүүр алга болсон байсан. Тухайн үед би хашаан дотроосоо алга болсон түрүүвчээ олсон. Харин дотор нь байсан 55.000 төгрөг алга болсон байсан ба бусад зүйлс нь бүрэн бүтэн байсан...” /хх-51/,

Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг Төгөлийн 6-14 тоотод нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны орой би өөрийн эзэмшлийн 08-18 өмө улсын дугаартай марк икс маркийн автомашииаа хашаан дотроо гэрийнхээ хажууд байрлуулж тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө босоод машинаа асаах гэсэн чинь машины түлхүүр алга байсан. Би уул нь машиныхаа хөгжимд плаш хийчинсэн байсан юм тэгсэн чинь нөгөө плаш нь машины суудал дээр байсан. Тэгээд би хэн нэгэн миний машинд орсон байна гэж бодоод машин доторх юм хумаа үзтэл машины голын хайрцаганд байсан 13.000 төгрөг алга болсон байсан...” /хх-52/,

Гэрч А.Зт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед би хөдөө гэрээсээ Даланзадгад сумын төвд ирсэн. Тэгээд саахалт айлын ах Мөнхсоёлын машиныг Дундсайханд айлын хашаанд өдөржин янзалсан. Оройны 20 цагийн үед би ажлаа дуусгаад Дундсайханы 5А-13 тоотод байрлах төрсөн эгч Мөнхтуулын гэрт очсон. Мөнхтуулын гэрт байж байх үөд манай найз Баатархүү надруу гар утсаар залгаад бид 2 уулзахаар болсон. Удалгүй Баатархүү эгчийн гэрийн гадаа мотоцикльтой ирээд бид 2 Дундсайханд гэр нь байдаг хазгар Батсүхийнд очсон. Баатархүү бид 2 Батсүхийн гэрт ороход Урангоо, Батсүх, Ганбаа мөн танихгүй нэг эмэгтэй 4-үүлээ архи уугаад сууж байсан. Тэгээд Баатархүү бид 2 нэг шил архи гаргаад бөөнөөрөө ууцгаасан. Архиа ууж дуусгаад дэлгүүр хаах үед би яваад нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авчирч мөн л бөөнөөрөө ууцгаасан. Тэгээд тухайн архиа ууж дуусгаад би цагийг нь санахгүй байна ямар ч байсан шөнө дунд Батсүхийн гэрээс ганцаараа гараад Төгөлийн 1-10 тоотод байрлах эгчийнхээ гэрлүү явган алхсан. Эгчийндээ очих замдаа би Хилчин дэлгүүрийн арын ард байрлах хашаанд ороод гэрийн үүдэнд тавиатай байсан би одоо нэрийг нь мэдэхгүй байна ямар ч байсан суудлын жижиг автомашины хаалгыг татахад онгорхой байсан. Тэгээд би тухайн машины голын хайрцаганд байсан 13.000 төгрөгийг суудал дээр нь байсан машины чифтэй түлхүүрийн хамтаар авсан. Түүний дараагаар залгаа баруун талын хашааруу ороод мөн гэрийн үүдэнд байсан цагаан өнгийн приус маркийн автомашины хаалгыг таттал онгорхой байсан. Тэгээд би машин дотор нь орж суугаад голын хайрцаганд нь байсан бор өнгийн түрүүвчийг зоолттой байсан машины чиптэй түлхүүрийн хамт авсан. Машинаас гараад чифтэй түлхүүрийг атгатал тухайн цагаан приусны гэрэл нь анивчиж ассан. Тэгээд би бор өнгийн түрүүвчинд байсан 50.000 төгрөгийг аваад түрүүвчийг нь хашаанд нь хаячаад хашааны баруун талын хаалгаар нь гараад явсан. Тухайн үед миний хөл өвдөөд байхаар нь Хилчин дэлгүүрийн хашааны ар талд 30 орчим минут явган сууж байтал гудмаар машин өгсөөд гараад ирэхээр нь би дэлгүүрийн блокон хашааг ар талаас нь даваад орсон. Тухайн хашаанд ороод Хилчин дэлгүүрийн арын хаалган дээр очтол хаалга нь шар өнгийн жижиг цоожоор цоожлогдсон байсан. Тухайн үөд машины чиптэй түлхүүрэнд хятад цоожны түлхүүр байхаар нь би дэлгүүрийн хаалганы цоожинд тааруулж онгойлгоод дэлгүүр дотор орсон. Тэгээд би шууд дэлгүүрийн лангууд доор байсан мөнгөний төмөр хайрцгийг аваад өөр ямар нэгэн зүйл авалгүй орсон хаалгаараа буцаад гарсан. Дэлгүүрээс гараад дэлгүүрийн арын хашаан дээгүүр давах үедээ би хашааны гадна талд хөл алдаж газар унасан. Тэр үед нөгөө мөнгөний хайрцаг газар унаад онгойсон. Тэгээд би хайрцаган дотор байсан 3 ширхэг 10.000 төгрөг, 2 ширхэг 5.000 төгрөг, мөн 500, 1000 -тын дэвсгэртүүдийг аваад 50 болон зуутын дэвсгэртийг хайрцаганд нь үлдээсэн. Түүний дараагаар би цагаан приустэй айлын арын айлын хашааг давуулаад мөнгөний төмөр хайрцагийг шидэж хаясан. Тэгээд гудам уруудан доошоо нэвт алхаж явахдаа машины 2 түлхүүрийг газар хаясан. Би тухайн үед явган алхсаар байгаад гэрэлтэй цонх нэртэй Дунд сайханд байдаг дэлгүүрт очиж 2 шил 0.75, 0.5 литрийн савтай архи аваад буцаад Батсүхийн гэрт очсон. Намайг Батсүхийн гэрт ороход Баатархүү Урангоо Батсүх Ганбаа 4 архи уугаад сууж байсан. Тэгээд би авсан архиа гаргаж ирээд бөөнөөрөө хувааж ууцгаачаад амарцгаасан....” гэжээ. /хх-53-54/,

Шүүгдэгч А.Зт мөрдөн байцаалтын шатанд ялллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019.09.15-ны өдөр Баяндалай сумын 1-р багийн нутаг Охин хөтөл гэх газарт хөдөө хонио эргүүлчихээд Даланзадгад сумын төврүү замын машинд суугаад 12 цагийн үед ирсэн. Манай саахалт айлын хүн нуруу өвчтэй байгаа машин янзалж байна чи хүрч ирээд тус болоод өгөөч гэсэн байсан юм. Тэгээд би Дунд сайханд нөгөө машин янзлаж байгаа айлд явж очсон. Уг айлын хаяг дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Тэнд машиныг нь янзлалцаж байгаад гадаа харанхуй болчихоор нь маргааш үргэлжлүүлье гээд би тэднийхээс 20-21 цагийн үед явсан. Тэгээд эгч Мөнхтуулынд буюу Дунд сайханы 5а-13 тоотод очоод хоол идчихээд унтах гээд хэвтэж байсан чинь манай найз Баатархүү надруу задгаад шартаж үхлээ уучлзах юм уу гэхээр нь би тэгье чи эгчийнд хүрээд ир гэж хэлсэн. Манай эгчийнхийг Баатархүү ер нь өмнө нь мэддэг, байнга орж гардаг юм. Тэгэж ярчихаад удаагүй байж байтал Баатархүү мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгээд манай эгчийнд хоол цай идэж уучихаад бид хоёр эгчийнхээс 22 цагийн үед гарсан. Бид хоёр гараад Дунд сайханд байдаг хазгар Батсүхийнд очсон. Тэгеэн тэднийд Батсүх, Урангоо, бас 2 танихгүй хүүхэн залуу хоёр байсан. Сүүлд залуугийнх нь нэрийг асуухад Ганбаа гэж байсан. Би бол танихгүй. Тэгээд тэнд очоод Баатархүү шартаж үхлээ гээд байхаар нь би Дунд сайхан засмалын дээд талд байх “Ноён” гэх дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад буцаад Батсүхийнд очсон. Тэгээд тэнд тэр архийг Баатархүү, Урангоо, Ганбаа, бид 4 хувааж уусан. Тэнд байсан Батсүх гуай болон танихгүй хүүхэн хоёр архинаас уугаагүй. Батсүх гуай явж чаддаггүй хэвтэрт байдаг юм. Харин нөгөө хүүхэн нь намайг анх очиход л согтуу унтаж байсан. Архи уухад босож ирээгүй. Тэгээд тэднийд 0,75 литрийн Ерөөл архийг ууж дуучихаад би дахиад архинд Урангоотой хамт явсан. Дэлгүүрт би ганцаараа орж архи авсан. Урангоо гадаа нэг танилтайгаа таараад уулзаад үлдсэн байсан. Би дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл нэртэй архи аваад гарч ирээд Урангоотой хамт буцаад Батсүх гуайнд очсон. Тэнд авч ирсэн архиа нөгөө хэдтэйгээ хувааж уучихаад би гэртээ харьлаа гээд ганцаараа тэднийхээс гараад явсан. Тэд нар бүгдээрээ тэндээ үлдэцгээсэн. Тэгээд би Батсүхийнхээс гараад Төгөлд байдаг бас нэг эгчийндээ очиж хонохоор явж байгаад Төгөлд байдаг “Хилчин" дэлгүүрийн ард талын хашааны завсраар харсан чинь 2 гэртэй, 2 гэрийн гадаа нь 2 машин тавиатай байсан. Тэгэхээр нь би машин онгорхой байж магадгүй гэж бодоод хашааг нь урд талаас нь даваж ороод зүүн талын гэрийнх нь гадаа тавиатай байсан саарал жижиг машины /марк дугаарыг нь мэдэхгүй/ хаалгыг нь татаж үзсэн чинь онгорхой байсан. Тэгэхээр нь машинд нь би жолоочийн талын буюу баруун урд талын хаалгаар нь орсон, Тэгсэн чинь зүүн урд талын суудал дээр машиных нь түлхүүр тавиатай байхаар нь түүнийг авчихаад, дунд талын хайрцагийг нь онгойлгож үзэхэд 13000 төгрөг байсан. Мөн түүнийг авсан. Тэгээд урд хайрцгийг нь онгойлгож үзэхэд мөнгө төгрөг байгаагүй. Тэгээд машинаас гарсан. Тэгээд баруун гэрийнх нь гадаа байсан бараан өнгийн машины хаалгыг татаж үзсэн чинь цоожтой байсан, Тэгэхээр нь уг айлын хашааг баруун талаар нь давж хажуу хамар хашааруу нь орсон. Тэнд ганц гэр байсан. Уг ганц гэрийн гадаа цагаан өнгийн Приус 20 маркийн машин байсан./Дугаар номерыг нь хараагүй / Тэр машины жолоочийн талын буюу баруун урд талын хаалгыг нь татаж үзсэн чинь цоожгүй онгойсон. Тэгээд хаалга онгойлгоход машины түлхүүр нь нь зоолтой дийд дийд гээд дугарахаар нь түлхүүрийг нь аваад хармаандаа хийчихээд тэгээд машинд орсон. Тэгээд дунд талын хайрцганд байсан бор өнгийн түрийвчийг аваад баруун талынх нь хаалгаар гарсан. Тэгээд түрийвчийг онгойлгож үзэхэд дотор нь 10000-тын 5 ширхэг, 5000-тын 1 ширхэг дэвсгэрт буюу 55000 төгрөг байсан. Түүнийг аваад түрийвчийг нь хашааг нь давуулж шидчихээд “Хилчин” дэлгүүрийн зүг эргэсэн. Тэгээд би Хилчин дэлгүүрийн ард талын блокон хашааг давж хашаанд нь орсон. Ороход дэлгүүрийн хашаан дотор байх хаалга нь зүүн талдаа байсан. Нэг модон шар хаалга байсан. Хаалга нь хятад шар цоожтой байсан. Тэгээд би эхний орсон машины түлхүүртэй хамт нэг хятад цоожны түлхүүр байсан ш дээ гэж санаад нөгөө түлхүүрийг нь гаргаж ирээд цоожинд нь хийж үзсэн чинь яг өөрийнх нь юм шиг таарсан. Тэгээд дэлгүүрт нь явж ороод касс нь дээр нь очсон. Тэгээд кассных нь мөнгө хийдэг хар хайрцгийг нь үзсэн чинь цоожтой байсан. Тэгэхээр нь уг хайрцгийг аваад гарсан. Тэгээд хашааг нь хойшоо давж гарсан. Тэгэж давахдаа хар хайрцгийг нь газар унагаачихсан юм. Тэгсэн чинь харин нөгөө хайрцаг онгойчихсон. Тэгээд үзсэн чинь дотор нь 3 ширхэг 10000-тын дэвгэрт, 2 ширхэг 5000-тын дэвгэрт байсан. Мөн задгайгаар 1000, 500-тын дэвсгэртүүд болон 100, 50-тын дэвсгэртүүд байсан. Тэднээс нь би 100-тын болон 50-тын дэвсгэртүүдийг нь үлдээгээд бусдыг нь аваад хайрцгийг нь “Хилчин" дэлгүүрийн арын арын хашааг давуулаад шидчихсэн юм. Тэгээд явж байх замдаа хамаасандаа гараа хийсэн чинь 2 ширхэг машины түлхүүр болон дэлгүүрийн цоож байхаар нь тэр гурвыг замдаа явж байгаад хаясан. Яг хаана хаясан гэдгээ сайн санахгүй байгаа. Тэгээд би гэрэлтэй цонх гэж нэрлэгддэг дэлгүүрээс 1 шил архи аваад нөгөө Батсүх гуайнд очсон. ТэнД Урангоо, Батсүх, Ганбаа, Баатархүү нар сэрүүн байцгааж байсан. Харин нөгөө таНихгүй хүүхэн босоод яваад өгсөн байсан. Тэгээд би тэнд нөгөө авсан архиа заДлаад хувааж уучихаад унтсан.” Гэжээ /хх-70-73

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМА-391 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд: ”...Приус-20 маркийн автомашины чиптэй түлхүүр 100.000 төгрөг, Марк-Х маркийн автомашины чиптэй түлхүүр 100.000 төгрөг...” гэжээ. /хх-57-59/,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМА-3921 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд: ”...Кассын төмөр хайрцаг 70.000 төгрөг, Цоож 2000 төгрөг...” гэжээ. /хх-61-63/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-14/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-27/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-32/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-75/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-76/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол /хх-79-80/,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол /хх-81-82/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол /хх-83-85/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол /хх-86-89/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол /хх-90-91/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлын баримт /хх-101-108/,

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /хх-111/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-112/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Зтод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч А.Зтын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  А.Зт нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 05-15 тоот хашаанд байрлах Хилчин дэлгүүрийн  зүүн талын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч кассын машины төмөр хайрцагт байсан бэлнээр 200.000 төгрөг, 154.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт зэргийг хулгайлж Д.От 426.000 төгрөгийн, Төгөлийн 06-15 тоот хашаанд байсан С.Бын эзэмшлийн 08-13 ӨМЭ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинаас бэлнээр 55.000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт хулгайлсан, Төгөлийн 06-14 тоот хашаанд байсан Н.Нийн эзэмшлийн 08-18 ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк экс маркийн автомашинаас бэлнээр 13.000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт хулгайлж бусдад нийт 694.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдснийг,

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч , өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно. Харин нийтийн үйлчилгээний газар дэлгүүрт хууль ёсоор нэвтрэн орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдснийг нэвтэрсэн гэж үзэхгүй  байхаар тайлбарласан.

Шүүгдэгч А.Зт нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 05-15 тоот хашаанд байрлах Хилчин дэлгүүрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч кассын машины төмөр хайрцагт байсан  200.000 төгрөг, 154.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт зэргийг хулгайлж Д.От 426.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оын мэдүүлэг /хх-35-36/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оын  мэдүүлэг /хх-38-39/, гэрч Д.Оын  мэдүүлэг /хх-46-48/, гэрч Б.Баатаржавын  мэдүүлэг /хх-49-50/, шүүгдэгч А.Зтын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-70-73/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-4-6/, Хилчин дэлгүүрийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-14/, эд мөрийн баримтаар кассын мөнгөний хайрцгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27, 29/, Эд зүйл мөнгөний төмөр хайрцаг, дотор нь байсан мөнгөн дэвсгэртийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-31-32/ зэргээр,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төгөлийн 06-15 тоот хашаанд байсан С.Бын эзэмшлийн 08-13 ӨМЭ улсын дугаартай Тоёота пруйс-20 маркийн автомашинаас бэлнээр 55.000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт хулгайлсан болох нь иргэний нэхэмжлэгч С.Бын мэдүүлэг /хх-41-42/, гэрч С.Бын  мэдүүлэг /хх-51/, шүүгдэгч А.Зтын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...гэрийн гадаа цагаан өнгийн Приус 20 маркийн машин байсан. Тэр машины жолоочийн талын буюу баруун урд талын хаалгыг нь татаж үзсэн чинь цоожгүй онгойсон. Тэгээд хаалга онгойлгоход машины түлхүүр нь зоолтой дийд дийд гээд дугарахаар нь түлхүүрийг нь аваад хармаандаа хийчихээд тэгээд машинд орсон. Тэгээд дунд талын хайрцганд байсан бор өнгийн түрийвчийг аваад баруун талынх нь хаалгаар гарсан. Тэгээд түрийвчийг онгойлгож үзэхэд дотор нь 10000-тын 5 ширхэг, 5000-тын 1 ширхэг дэвсгэрт буюу 55000 төгрөг байсан. Түүнийг аваад түрийвчийг нь хашааг нь давуулж шидчихээд “Хилчин” дэлгүүрийн зүг эргэсэн.” гэх мэдүүлэг /хх-70-73/ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМА-391 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний ”...Приус-20 маркийн автомашины чиптэй түлхүүр 100.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-57-59/ зэргээр,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төгөлийн 06-14 тоот хашаанд байсан Н.Нийн эзэмшлийн 08-18 ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк экс маркийн автомашинаас бэлнээр 13.000 төгрөг, автомашины түлхүүрийн хамт хулгайлсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Нийн мэдүүлэг /хх-44-45/, гэрч Н.Нийн мэдүүлэг /хх-52/, шүүгдэгч А.Зтын  “...би Батсүхийнхээс гараад Төгөлд байдаг бас нэг эгчийндээ очиж хонохоор явж байгаад Төгөлд байдаг “Хилчин" дэлгүүрийн ард талын хашааны завсраар харсан чинь 2 гэртэй, 2 гэрийн гадаа нь 2 машин тавиатай байсан. Тэгэхээр нь би машин онгорхой байж магадгүй гэж бодоод хашааг нь урд талаас нь давж ороод зүүн талын гэрийнх нь гадаа тавиатай байсан саарал жижиг машины /марк дугаарыг нь мэдэхгүй/ хаалгыг нь татаж үзсэн чинь онгорхой байсан. Тэгэхээр нь машинд нь би жолоочийн талын буюу баруун урд талын хаалгаар нь орсон, Тэгсэн чинь зүүн урд талын суудал дээр машиных нь түлхүүр тавиатай байхаар нь түүнийг авчихаад, дунд талын хайрцгийг нь онгойлгож үзэхэд 13000 төгрөг байсан. Мөн түүнийг авсан. Тэгээд урд хайрцгийг нь онгойлгож үзэхэд мөнгө төгрөг байгаагүй. Тэгээд машинаас гарсан. Тэгээд баруун гэрийнх нь гадаа байсан бараан өнгийн машины хаалгыг татаж үзсэн чинь цоожтой байсан” гэх мэдүүлэг /хх-70-73/, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМА-391 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний ”...Марк-Х маркийн автомашины чиптэй түлхүүр 100.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-57-59/ зэргээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Зтыг хохирогч Д.Оын хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж үйл ажиллагаа явуулах зориулалттай “Хилчин” дэлгүүрт цоожийг эвдэж нэвтэрснийг,   мөн бусдын тээврийн хэрэгслийг онгорхой байхад нь нууц сэм нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсныг хууль бусаар  нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Зтын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Зтыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Зт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оын хохирол төлбөрт 336.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Бын хохирол төлбөрт 155.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Нт 113.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тус шүүхэд ирүүлсэн  баримтаар тогтоогдож байна.   

Иргэний нэхэмжлэгч С.Б, Н.Н нар мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ тээврийн хэрэгслийн түлхүүрээ Улаанбаатар хот явж смарт болгоход 200.000 төгрөгийн зардал гарахаар байгаа тул үүнийг нэхэмжилж эд хөрөнгөө бүрэн хохиролгүй болгож авмаар байна гэх боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хууль ёсны эзэмшигчийн эрх зөрчигдөхгүй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж” болохоор хуульчилсан.     

Иймд шүүгдэгч А.Зтыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас нийт 694.000 төгрөгийн хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч А.Зтын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Зтод хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч А.Зт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 Шүүгдэгч А.Зт өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч А.Зтыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр... гэснийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж  өөрчлөх нь хэргийн зүйлчлэлд хамаарахгүй тул зөвтгөснийг дурдав.

Шүүгдэгч А.Зтын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг Прокурорын яллах дүгнэлтэд “...хүн байнга...”  гэж бичсэнийг хасаж зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Буянт овгийн А.Зыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Зтыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зтод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч А.Зт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.От хохирол төлбөрт 336.500 / гурван зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Нт 113.000 / нэг зуун арван гурван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Бад 155.000 / нэг зуун тавин таван мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Иргэний нэхэмжлэгч Н.Н, С.Б нар тээврийн хэрэгсэлдээ смарт түлхүүр хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч А.Зт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Зтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ