Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 44

 

 

***ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2016/00297 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:   ***ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн *** алба,

Хариуцагч:   *** банкинд холбогдох,

2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулсан санал болгох хурал түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, Дорноговь аймаг Сайншанд сумын ***гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын зоорийн давхар бүхий 7 давхар үл хөдлөх хөрөнгө болон газрыг бусдад шилжүүлэхгүй байхыг *** банкинд даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагч Дорноговь аймгийн *** албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ***ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 240 тоот захирамжаар “***” ХХК-иас 3,201,580,699.00 төгрөгийг гаргуулж *** банкинд олгохоор шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 782 тоот Албадан гүйцэтгэх захирамж гарч 2013 оны 9 дүгээр сарын 10-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “***” ХХК нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцож ирсэн болно. Дорноговь аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Эийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаар “Үл хөдлөх хөрөнгииг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол гарсан. Уг тогтоолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сум ***байрлах Дорноговь зочид буудлын зоорьтой долоон давхар үл хөдлөх хөрөнгө буюу зочид буудлын байрыг л албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан бөгөөд уг эоорьтойгоо нийт 8 давхар обьектын хувьд л анхны болон 2 дахь дуудлага худалдаа явагдсан байдаг.

Түүнчлэн Дорноговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” А/31 дугаар тушаалд “...үл хөдлөх хөрөнгө /Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Залуучуудын гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын байрыг/ төлбөр авагч *** банкинд хүлээлгэн өгсүгэй гэжээ.  Шийдвэр гүйцэтгэгч нар нь “***” ХХК-ийн зээлийн барьцаа болох объектыг барьцаалсан байсан “***” ХХК-ийн өмчлөлийн “Дорноговь” зочид буудлыг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч сонирхогч этгээд гараагүй гэх бөгөөд барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон төлбөр авагч (*** банк)-д шилжүүлэн өгөх эсэхийг шийдэх САНАЛ БОЛГОХ ХУРАЛ-ыг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион явуулсан байна. Гэтэл уг санал болгох хурлаар 625 м.кв талбай бүхий ***ХХК-ийн эзэмшлийн газар /ГД:***НТД:***/-ыг *** банкинд шилжүүлсэн байна. Энэ нь хууль бус үйлдэл юм. Учир нь тус үл хөдлөх хөрөнгө болох газрыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд болон, шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалд зөвшөөрөл олгоогүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл, санал өгөөгүй 625 м.кв талбай бүхий газрыг (*** банк)-д шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “***” ХХК-ийг төлөөлөн оролцсон Х.Од “***” ХХК-иас олгогдсон 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот итгэмжлэлд нь *** тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг заагаагүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2. “ хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т зааснаар тус итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг харуулж байна.

Мөн *** тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7. “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэх хуулийн заалтын “тооцон” гэдэг нь 2 дахь дуудлага худалдаагаар Зочид буудлын байрны үнийг 5 тэрбум гэж тогтоосноор төлбөр авагч төлбөртөө тооцон авч зөрүү төлбөрийг өмчлөгч “***” ХХК-д төлнө гэж ойлгож байсан. Гэтэл тус хуулийн заалтыг шийдвэр гүйцэтгэгч нар буруугаар тайлбарлан санал болгох хурлаар шууд үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн шилжүүлж, манай компанид *** банкнаас зөрүү төлбөрийг төлөөгүй байхад тус банкны нэр дээр газрын гэрчилгээ болон зочид буудлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгсөн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх алдаатай, хуульд нийцээгүй ажиллагааны улмаас өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзээд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *** тухай хуулийн 34 дүтээр зүйлийн 34.3-д заасны дагуу Дорноговь аймаг дахь *** албаны даргад гомдол гаргасан болно. Бидний гаргасан гомдолд *** албаны дарга, хошууч П.У 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №955 тоот албан тоотоор хариуг өгч, шийдвэрлэх боломжгүй болохоо уламжилсан болно.

Иймд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаар “Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулсан санал болгох хурал түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 1-3/

            Нэхэмжлэгч ***ХХК 2015.12.21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ:  *** банкыг хамтран хариуцагчаар оролцуулж, тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тус банкны нэр дээр шилжсэн үл хөдлөх хөрөнгийг, эзэмшил газрын хамт бусдад шилжүүлэхгүй байхыг *** банкинд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ. /хх 148-149, 153-155/

Дорноговь аймаг дахь *** албаны шийдвэр гүйцэтгэгч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 240 тоот шүүгчийн захирамжаар ******ХХК-иас төлбөрт  3 201 580 699.95 төгрөгийг гаргуулж *** банкинд олгохоор шийдвэрлэсэн 250 дугаартай гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэлийн баримт бичигт дараахи ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. 2013 оны 09 дүгээр сарын 12 ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх актаар:

-           Дорноговь зочид буудлын зоорийн давхар ГД.***УБД:Ү-***

-           Дорноговь зочид буудлын нэг давхар ГД:*** УБД: Ү-***

-           Дорноговь зочид буудлын хоёр давхар ГД:*** УБД: Ү-***

-           Дорноговь зочид буудлын гурван давхар *** УБД: Ү-***

-           Дорноговь зочид буудлын дөрвөн давхар *** УБД: Ү-***

-           Дорноговь зочид буудлын таван давхар *** УБД: Ү-***

-           Дорноговь зочид буудлын зургаан давхар ГД:*** УБД: Ү-***

-           Дорноговь зочид буудлын долоон давхар *** УБД: Ү-***

-625 м кв талбай бүхий газар эзэмших эрх ГД:***НТД: *** тус бүр 15 м2 “Дорноговь зочид буудал”-ыг гүйцэтгэх захирал Ш.Энхбаясгалан болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан битүүмжилж улсын бүртгэлийн хэлтэст албан тоотоор мэдэгдсэн.

2. Шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөрийн барьцаа болох 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хураах актаар хураасан

3. ***ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 32 тоот шүүхийн шийдвэрээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээгдсэн.

4. Улсын бүртгэлийн хэлтэст ******ХХК-ийн захирлыг тодруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 190 тоот албан бичиг хүргүүлсэн.

5. 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хариу бичгээр ******ХХК-ны захирал нь Ц.Ш болохыг тогтоосон болно.

6. 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25/09, 25/10, 25/11 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааны тухай мэдэгдлийг талуудад хүргүүлсэн.

7. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 25/32, 25/33, 25/34 шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн.

8. ***ХХК, ******ХХК-с 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07, 47 тоот албан бичгээр үнийн санал ирүүлсэн.

9. Төлбөр авагч *** банк нь 2015 оны 04 дугээр сарын 15-ны өдрийн 3/1651 тоот албан бичгээр төлбөр төлөгч болон өмчлөгчөөс ирүүлсэн үнийн саналын дагуу дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт гаргасан.

10. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай санал гаргасан.

11. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарч тогтоолын хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

12. 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 25/37, 25/38, 25/39 тоот Дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг талуудад хүргүүлсэн.

13. Анхны албадан дуудлага худалдаанд оролцогч ирээгүй тул 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хоёр дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дүгээр зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч санал гаргасан.

14. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 05 дугаар сарын 22-ны 03 тоот тогтоолын дагуу талуудад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүргүүлсэн.

***ХХК-ийн ерөнхий захирал Ц.Э нь өөрийн гаргасан итгэмжлэлд яг ямар үйл ажиллагаанд оролцох эрхийг тодорхой бичиж өгсөн атлаа өөрийн гаргасан итгэмжлэлээ хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа бол хуулийн цаг хугацаанд нь гомдлоо гаргах ёстой байсан. Хоёр дахь дуудлага худалдаанд дэнчин тавьсан оролцогч байгаагүй тул *** тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч ******ХХК, төлбөр авагч *** банк, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ***ХХК-ийн төлөөлөгчдийг байлцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан зардлыг хасаж тооцон төлбөртөө тооцож авахыг санал болгох ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч талыг төлөөлж Ц.Эы итгэмжлэлээр хуулийн зөвлөх Х.О 2016.06.25-ны 88 дугаар итгэмжлэлээр, төлбөр төлөгч талыг төлөөлж ******ХХК-ийн нягтлан бодогч У ******ХХК-ийн захирал Ц.Шийн 2015.06.26-ны өдрийн 14 дугаар албан тоот итгэмжлэлээр, төлбөр авагч *** банкийг төлөөлж тус банкны тусгай активын мэргэжилтэн Г.Б, тэргүүн дэд захирал О.Банзрагчийн 2015.06.24-ний 2/2824 дугаар албан тоот итгэмжлэлээр оролцсон. Талууд харилцан тохиролцож нэг шийдэлд хүрсэн тухайгаа илэрхийлсэн байдаг.  Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд уг ажиллагаанаас гарсан шийдвэр, хурлын тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргийг оролцогч талуудад өгсөн. Уг ажиллагаанд оролцогчид бүгд хүлээн зөвшөөрч хүсэлтээ бичиж өгсөн ба акт нэг бүр дээр гарын үсгийг зуруулан баталгаажуулсан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт Битүүмжилсэн хураасан эд хөрөнгийг  чөлөөлөх тухай тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн албан тоотоор хүргүүлсэн бөгөөд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ***ХХК, *** ***ХХК нь Монгол улсын *** тухай хуулийн 34.3 дах хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүицэтгэгчиин үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрииг зөвшөөрөхгүй  бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт нь мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно”. Мөн 143.1.”Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана” гэж заасан бөгөөд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд гаргах эрхийг дурьдсан бөгөөд хуульд заасан хугацаа өнгөрсөн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  /хх 44-46/

Хариуцагч *** банк шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. *** банк нь “***” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ0002/120109 тоот “Зээлийн гэрээ”, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗБГ0002/120109 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЗБГ0001/120206” тоот “Зээлийн барьцааны гэрээ”, 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0002/120227” тоот “Зээлийн барьцааны гэрээ”, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗБГ0001/120912” тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан байдаг. Дээрх Зээлийн гэрээний дагуу 2,250,000 ам.долларыг жилийн 12 хувийн хүүтэй ба зээлийн төлбөрийг 12 сарын дотор төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Талууд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №ЗБГ0002/120109 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар баг 11-р хэсэгт байрлах “Дорноговь зочид буудал”-ыг хуульд заасан журмын дагуу барьцаалуулсан. Гэтэл “***” ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба *** банкнаас удаа дараа албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлсээр байтал зээлийн төлбөрийг төлөөгүй тул *** банк нь Зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэхийг Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №240 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг.

Тус шийдвэрт Хариуцагч нь *** банкинд 3,201,580,699.95 төгрөгийн төлбөрийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №02 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх акт” үйлдэн Дорноговь зочид буудлыг битүүмжилж, мөн оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №01 дугаартай “Эд хөрөнгийг хураасан акт” үйлдэн тус зочид буудлыг хураан авсан. Гэтэл ***ХХК-ийн зүгээс 2013 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн №240 тоот шүүгчийн захирамжаар *** банкинд 3,201,580,699.95 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Дорноговь аймаг дахь *** албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүйд тооцож, үнийн саналыг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нараас хуулийн дагуу авахуулж, дуудлага худалдааг шинээр явуулахыг аймгийн *** албанд даалгах, ******ХХК болон *** банкны хооронд 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЗБГ0001/120206 тоот зээлийн гэрээний дагуу барьцаалсан ***ХХК-ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ***ийн зүүн хэсэгт байрлах ***худалдааны төвийн барилгын холбогдох хэсгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгахтай холбоотой нэхэмжлэлийг Дорноговь аймгийн сум дундын шүүхэд хандан гаргасан.

Үүний дагуу хэрэг маргааныг хэлэлцсэн Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 109 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар магадлал, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №689 тоот тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. ***ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дээрх асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Дээрх шийдвэрийг үндэслэн Дорноговь аймаг дахь *** албанд *** банкнаас 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №3/1337 тоот албан бичгээр албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явуулах хүсэлтийг гаргасан ба *** албанаас 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №25/32 тоот мэдэгдэлд анхны дуудлага худалдаа явуулах, төлбөр төлөгчид анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. ******ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай албан бичгээр, ***ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай албан бичгээр Дорноговь зочид буудлын үнэлгээг 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгөөр үнэлсний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр оруулахаар *** албаны тогтоол гарсан. Анхны дуудлага худалдаанд дэнчин тавьсан оролцогч байгаагүй тул Иргэний хуулийн 177.2-д “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна” гэсний дагуу анхны дуудлага худалдаа дуусгавар болсон.

Ингээд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буюу Иргэний хуулийн 177.3 -д “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ ”гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар товлосон. Үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдааны адил 2 дахь дуудлага худалдаагаар оролцсон хувь хүн, хуулийн этгээд байгаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийг *** тухай хуулийн 48.7-д заасан үндэслэлээр “борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгох” хурлыг товлосон байдаг.

Ийнхүү 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Х.О, нягтлан бодогч З.У, *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар зээлийн үлдэгдэлтэй холбогдуулан тооцоо нийлсэн актыг үйлдсэн ба *** тухай хуулийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэж заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаан”-аар *** тухай хууль болон иргэний хууль холбогдох хуулийн дагуу төлбөр авагч нь төлбөртөө тооцон авах талаар талууд харилцан тохиролцож шийдвэрлэсэн тухай тэмдэглэлд дурдагдсан болно. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Үүнд: 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар төлбөр төлөгч “***” ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У, “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нар оролцож дараах асуудлыг хэлэлцсэн байдаг. Хурлын тэмдэглэлд “...*** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б: Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ***ХХК, *** банкны удирдлагууд харилцан тохиролцож Дорноговь зочид буудлын барилгыг хүлээлгэж өгөхөд ямар нэг гомдол санал байхгүй гэсэн тул хугацаа шаардлагагүй ээ, доторх үйл ажиллагаа нъ явагддагаараа явагдана. Доторх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг манай хоёр байгууллага тохиролцоод шийдвэрлэчихнэ.  Барьцаа хөрөнгийг өнөөдөр шилжүүпж өгнө үү. Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Э: ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3. У, ***ХХК-ийн төлөөлөгч X. О нараас саналыг сонсоё. ***ХХК-ийн итгэмжлэгдсэн телөөлөгч Х.О: Өнөөдөр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй, шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгье, хүлээлгэн өгөхөд хугацаа авах шаардлагагүй, доторхи үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Энэ талаар *** банктай ярилцаж шийдвэрлэсэн тул хугацаа алдахгүй хүлээлгэж өгье. ... ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У: Санал хүсэлт алга” хэмээн талууд дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон *** банкны өмчлөлд шилжүүлэхийг харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн дээр дурдсан хуралдаанаар “... Шийдвэрлэсэн нь: Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Э: Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаанаар оролцогч талууд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр харилцан зөвшилцөж нэг шийдэлд хүрсэн байх тул тус албанаас хугацаа өгөх шаардлагагүйгээр Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдрийн дотор барьцаа хөрөнгийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгохоор тогтов” гэж шийдвэрлэсэн ба талууд ямар нэгэн маргаан үүсгээгүй болох нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн "Албадан дүудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс төлбөртөө тооцон зөрүү төлбөрийг банкнаас авна хэмээн ойлгосон зэрэг шалтгаануудыг дурдсан байна. Гэтэл бодит нөхцөл байдал дээр ***ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө буюу Дорноговь зочид буудлыг *** ажиллагааны дагуу *** банкны нэр дээр шилжүүлсний дараа буцаан худалдан авах гэрээ байгуулах талаар ***ХХК болон *** банктай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат тус бүрт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараахи хугацаанд харилцан тохиролцож байсан. Энэ нь дараах байдлаар буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссаны дараа ***ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдээр нотлогдоно. Үүнд: ***ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №111 тоот *** банкинд хандаж гаргасан хүсэлтдээ “Дорноговь зочид буудлыг буцаан худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааг тодорхойлсон”,  ***ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №113 тоот албан бичигт мөн дээрхийн адил төлбөрийн санал ирүүлсэн байна. *** банкнаас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №3/4205 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байдаг. ***ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн № 137 тоот албан бичигт “Дорноговь зочид буудлыг буцаан худалдан авах” гэрээний саналыг ирүүлсэн байдаг.

Дээрхээс үзвэл талууд Дорноговь зочид буудлыг буцаан худалдан авах талаар тус банктай харилцан тохиролцож байсан болох нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар мэдээгүй гэдэг тайлбар нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “            Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуулъд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаанд талууд үүсэх нөхцөл байдлыг мэдэхгүй байснаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гэтэл ***ХХК-иас Дорноговь аймаг дахь *** албаны ******зочид буудлын төлбөрт тооцуулан шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг *** тухай хуулийн 48.7 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд "***" ХХК-ийн Дорноговь аймаг дахь *** алба болон *** банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 211-214/

Анхан шатны шүүх: *** тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албан, *** банкинд холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулсан санал болгох хурал түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, Дорноговь аймаг Сайншанд сумын ***гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын зоорийн давхар бүхий 7 давхар үл хөдлөх хөрөнгө болон газрыг бусдад шилжүүлэхгүй байхыг *** банкинд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч ***ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 136/ШЗ2016/00278 дугаар шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын ***гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын зоорийн давхар бүхий 7 давхар үл хөдлөх хөрөнгө, 625 м2 талбай бүхий газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг *** банкинд даалгасан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх 39-47/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 240 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар *** банкны нэхэмжпэлтэй “***” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “...хариуцагч нь нэхэмжлэгчид 3 201 580 699.95 төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрсэн болохыг баталж..."хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Дээр дурдсан шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тус шүүхээс 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 782 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, мөн өдийн 250 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн Дорноговь аймаг дахь *** албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 225 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гаргаж, ******ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ ажиллагааг явуулахдаа *** банкинд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох “***” ХХК-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байрлах зоорьтой, 7 давхар зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах, төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийсэн. Ингэж ажиллагаа явуулахдаа *** тухай хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн үйлдлийг гаргасан тул нэхэмжпэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Хоёр. ШШГА-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн тухайд:

1 .Талуудаас үнийн санал аваагүй, албадан дуудлага худалдаанд оруулаагүй “***” ХХК-ийн эзэмшил газрыг төлбөр авагчид санал болгосон тухайд:

ШШГА-ны Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Э 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сум ***байрлах Дорноговь зочид буудлын зоорьтой 7 давхар үл хөдлөх хөрөнгө буюу зочид буудлын байрыг л албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан бөгөөд уг зоорьтойгоо нийт 7 давхар объектын хувьд л анхны болон 2 дахь дуудлага худалдаа явагдсан байдаг. Түүнчлэн ШШГА-ны даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг томилох А/31 дугаар тушаалд “...үл хөдлөх хөрөнгө /Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Залуучуудын гудамжинд байрлах Дорноговь зочид буудлын байрыг/ төлбөр авагч *** банканд хүлээлгэн өгсүгэй” гэжээ.

Гэтэл Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлаар албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалд зөвшөөрөл олгоогүй, талуудаас үнийн санал аваагүй, албадан дуудлага худалдаанд оруулаагүй 625 м2 талбай бүхий “***” ХХК-ийн эзэмшлийн газрыг *** банкинд шилжүүлсэн нь хууль бус юм.

2. ШШГТХ-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийн зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэгч буруу хэрэглэсэн тухайд:

ШШГтХ-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэх хуулийн заалтын “тооцон” гэдэг нь 2 дахь дуудлага худалдаагаар Зочид буудлын байрны үнийг 5,000,000,000.00 /таван тэрбум/ төгрөг гэж тогтоосноор төлбөр авагч төлбөртөө тооцон авч зөрүү төлбөрийг өмчлөгч “***” ХХК-д төлнө гэж ойлгож байсан. Гэтэл тус хуулийн заалтыг шийдвэр гүйцэтгэгч нар буруугаар тайлбарлан Санал болгох хурлаар шууд үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн шилжүүлж, “***” ХХК-д *** банкнаас зөрүү төлбөрийг төлөөгүй байхад тус банкны нэр дээр Зочид буудлын болон газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгсөн.

ШШГтХ-ийн зохицуулалтаас үзэхэд Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж, төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг ШШГА нь боломжтой тохиолдолд хэрэгжүүлэх эрхтэй болохоос биш заавал хийх үүрэгтэй гүйцэтгэлийн ажиллагаа биш юм. Түүнчлэн уг ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөр төлөгчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээ, төлбөрт тооцон хураан авсан барьцаа хөрөнгийн үнийн дүн, тэдгээрийн хооронд зөрүү гарч буй эсэх, төлөх төлбөр, барьцаа хөрөнгийн үнэ зэрэг нь хоорондоо дүйцэж буй эсэхэд шийдвэр гүйцэтгэгч анхаарч, харгалзан үзэх ёстой юм.

3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус болох тухайд:

ШШГтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар “Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө.” Мөн КтХ-ийн 83 дугаар зүйлийн 83.1 , 83.8  дахь хэсэгт тус тус зааснаар өмчлөгчийг төлөөлөх, тус компанийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, *** ажиллагаанд оролцох эрхтэй цорын ганц субъект бол “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Э юм.

2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явагдсан “Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаан”-д барьцаа хөрөнгийн өмчлөгч “***” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал Ц.Эы гарын үсэгтэй 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот итгэмжлэлээр Х.О оролцдог. Х.Оы итгэмжлэлд ШШГтХ-ийн 27 дугаар зүйлд заасан Төлөөлөгчийн бүрэн эрхийг тодорхой заагаагүй, ИХ-ийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино” буюу 64.2.2-т заасан “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3  дахь хэсэгт зааснаар тус итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг харуулдаг. ИХ-ийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т дурдсан хэлцэл нь онцгой ач холбогдолтой байдаг тул нягтлан бодогчийн гарын үсэг итгэмжлэл олгох албан тоотод заавал нэмэгдэж, зурагдах ёстой юм.

4. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах хугацааны тухайд:

ШШГтХ-ийн 34, 143 дугаар зүйлд Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргахтай холбоотой хугацааг хуульчилсан байдаг. Манай тохиолдолд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан “...,эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах” ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулсан байх тул түүний үйл ажиллагаанд гомдол гаргах хугацааг ШШГтХ-ийн 143 дугаар зүйлд 143.14, 143.35 дахь хэсэгт зааснаар бус мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан ерөнхий зохицуулалтыг баримтлах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч “***” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч, төлбөр төлөгчөөр бус барьцаа хөрөнгийн өмлөгч /гуравдагч этгээд/-ийн хувьд оролцсон. ШШГтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа нь төлбөр төлөгч, төлбөр авагчид хамаарахаар хуульчлагдсан байх тул, мөн зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргах шаардлага нэхэмжпэгчид байхгүй, нэхэмжлэгч уг хугацааг баримтлах шаардлагагүй юм.

ШШГА-аас ШШГтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан ажиллагааг явуулсан байх тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.46 дэх хэсэгт зааснаар “***” ХХК-ийн гомдлыг шүүхээр хянан хянан шийдвэрлэхэд гомдол гаргах хугацааны зохицуулалт хамаарахгүй болно.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2016/00297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн *** албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. ******ХХК үнийн санал аваагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэгдсэн байгаа. ***ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг талуудад танилцуулж байгаа. Тухайн эд хөрөнгийг шилжүүлэхэд гарч байгаа бүх Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тусгаж талуудад хүргүүлсэн байдаг. Гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид хуулийн хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Хариуцагч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас 4 үндэслэл гаргаж ирж байна. Анхан шатны шүүх энэ 4 үндэслэлийг зөв дүгнэсэн. Энэ 4 үндэслэлийн талаар Улсын Дээд шүүх дээр хянагдчихсан. *** албаны ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж дүгнэгдсэн.  2015 оны 05 дугаар сард санал болгох хурал болсон байдаг. Тэр хурал дээр маргаан болоогүй. Нэг болон 2 дахь дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байдаг. Санал болгох хурлаас өмнө *** банктай төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн Э гэдэг хүн өөрөө ирж уулзаж объектоо хүлээлгэж өгье, 12 сар хүртэл мөнгөө төлөөд дуусгана гэсэн ийм л товчхон тохиролцоо хийсэн байдаг. Энэ тохиролцооны дагуу тооцоогоо нийлээд актаа үйлдээд саналаа нэгтгээд санал болгох хуралд оролцсон юм. Мөн итгэмжлэл хуулийн дагуу байсан. Мөн газрын асуудлыг дурдаж байгаа. *** тухай хуульд зааснаар объектийн бүрдэл хэсэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх зөв тайлбарласан байгаа. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт объектийн газар нь бүрдэл хэсэг учраас газар нь хамт шилжих заалттай гэж *** тухай хуулинд заасан байгаа. Хуулиндаа бүрдэл хэсэг гээд заагаад өгчихсөн байгаа учраас энэ зохицуулалтаар явсан нь зөв юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ***ХХК нь Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”,  2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурал болон түүнээс хойш хийгдсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** банкинд холбогдуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд *** банкны нэр дээр шилжсэн үл хөдлөх хөрөнгийг, эзэмшил газрын хамт бусдад шилжүүлэхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар *** ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд *** тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нь маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын гомдол гаргах журмыг *** тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3, 39 дүгээр зүйлийн 39.6, 143 дугаар зүйлийн 143.1, 143.3-т тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч ***ХХК нь эд хөрөнгийн өмчлөгч болохын хувьд хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаа, журам хамаарахгүй болно.

Харин нэхэмжлэгч ***ХХК нь  Дорноговь аймаг дахь *** албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Эийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай гомдлоо *** тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д зааснаар, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа болон түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай гомдлыг мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасны дагуу гаргасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл *** тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д гомдол гаргах хугацааг заагаагүй, нэхэмжлэгч ***ХХК нь хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар гомдлыг урьдчилан шийдвэрлүүлсэн тухай шийдвэр буюу Дорноговь аймгийн *** албаны даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 955 дугаар албан бичгийг хүлээн авснаас хойш 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасан шүүхэд гомдол гаргах 10 хоногийн хугацааг хэтрүүлээгүй тул нэхэмжлэгч ***ХХК-ийн *** байгууллагын ажилтны үйл ажиллагаанд гаргасан гомдлын үндэслэлд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй.

Улмаар анхан шатны шүүх нэхэмжлэгч ***ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Энэ нь:

1. Нэхэмжлэгч нь Дорноговь аймаг дахь *** албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Эийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн үндэслэлээ ***ХХК-ийн эзэмшлийн 625 м2  газрыг албадан дуудлага худалдаанд оруулаагүй атлаа албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийн хамт төлбөр авагчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчсөн ба уг газрын хувьд үнийн санал аваагүй, ***ХХК-аас зөвшөөрөл аваагүй гэжээ.

Нэхэмжлэгч ***ХХК-д Дорноговь аймгийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр нэгж талбарын 10100026 дугаар бүхий 625 м2 хэмжээтэй газрыг зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэхээр ***дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-16/ олгогдож, улмаар уг газар дээр баригдсан 7 давхар бүхий зочид буудлын барилга болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрлөөр газрын хамт  ******ХХК нь *** банкинд зээлийн барьцаа хөрөнгө болгон барьцаалж, зээлдэгч буюу ******ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 240 дүгээр шийдвэр /хх-48/, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар бүхий шүүхийн гүйцэтгэх хуудсыг /хх-47/ үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, уг газрыг 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж /хх-50/, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хурааж /хх-53/, улмаар газрын гэрчилгээг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэхээр Дорноговь аймаг дахь газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт мэдэгдсэн /хх123/ байх ба энэхүү ажиллагаа нь *** тухай хуулийн 34, 36, 37, 39, 43, 48-д тус тус нийцжээ.

Тодруулбал Дорноговь аймгийн *** алба нь уг 625 м2 талбай бүхий газрыг дуудлага худалдаанд оруулаагүй тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал, зөвшөөрөл аваагүй тухай гомдол үндэслэлгүй, мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар газрыг зориулалтаар нь эзэмшихээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох ба уг газрыг түүний үндсэн бүрдэл хэсэг болох барилгын хамт барьцаалсан /зохигчид энэ талаар маргаагүй/ байх тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар эдгээрийг салгаж үл болох эрх гэж үзэх бөгөөд газрыг албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийн хамт төлбөр авагчид шилжүүлэхээр буюу барьцааны зүйлээс үүргийг хангуулах ажиллагаа хийсэн нь дээрх хуулиудыг зөрчөөгүй болно.

2. Нэхэмжлэгч ***ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулсан албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа болон түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн үндэслэлээ ***ХХК-аас Х.Од олгосон итгэмжлэлийг /хх-28/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус, мөн *** тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүүг өмчлөгчид олгоогүй гэжээ.

Нэхэмжлэгч ***ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хууль, эрх зүйн ажилтан Х.Од дуудлага худалдаагаар орж борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “*** банк”-д санал болгох ажиллагаанд компанийг буюу эд хөрөнгийн өмчлөгчийг төлөөлүүлэхээр итгэмжлэл олгожээ.

*** тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хуулийн этгээдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцох тухай итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байхаар зохицуулсан ба  хэрэгт цугларсан нотлох баримтаар ***ХХК-аас Х.Од олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь *** тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа нь нэгэнт төлбөрт хураагдсан эд хөрөнгийн хувьд хийгдэж байгаа ажиллагаа ба уг ажиллагааг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан хуулийн этгээдийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх захиран зарцуулах ажиллагаатай адилтган үзэх боломжгүй, эрх зүйн өөр өөр агуулга, үр дагавартай ажиллагаа тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан шаардлага хангаагүй итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгч оролцуулсан тухай гомдол үндэслэлгүйн гадна албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаанд ***ХХК-ийг төлөөлж Х.Оыг оролцуулсан нь *** тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.6-д заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Э нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явагдах тухай ***ХХК-д мэдэгдсэнээр /хх-88, 93/  ***ХХК нь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаанд оролцах эрхийг Х.Од итгэмжлэлээр олгосон байх ба  ***ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээс татгалзсан тухай мэдэгдэл болон энэ тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмчлөгчөөс олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээг 10 000 000 000 /арван тэрбум/ төгрөгөөр үнэлж энэ үнэлгээг төлбөр авагч зөвшөөрч үнийг талууд харилцан тохиролцон тогтоосон /хх-63, 64, 65// байх  ба анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй буюу хэн ч оролцоогүй тул  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар хоёр дахь дуудлага худалдааг явуулж, улмаар Иргэний хуулийн 177.4-т зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар буюу 5 000 000 000 /таван тэрбум/ төгрөгөөр тогтоосон /хх-79, 84/ боловч мөн дуудлага худалдаагаар эд хөрөнгө борлогдоогүйгээс *** тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан ажиллагаа /хх-106/ хийгджээ.

*** тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцож өгөх үндэслэл нь дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгө үнийн хувьд төлбөрийн хэмжээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын нийт дүнгээс хэт өндөр биш, ойролцоо, дүйцэхүйц хэмжээнд байх үндсэн нөхцөлийг агуулах бөгөөд харин төлбөрийн зөрүүг олгох тухай агуулга тусгагдаагүй ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ***ХХК нь үнийн талаар дахин санал гаргаагүй тул  эд хөрөнгийг 2721852462 төгрөгийн төлбөрт дүйцүүлэн өгсөн нь дээрх хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

3. Нэхэмжлэгч ***ХХК нь *** банкинд холбогдуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд *** банкны нэр дээр шилжсэн үл хөдлөх хөрөнгийг, эзэмшил газрын хамт бусдад шилжүүлэхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байх ба уг нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасан агуулгад хамаарч, улмаар анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 136/Ш32016/00278 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-184/ шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байх тул энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.  

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2016/00297 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ***ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                  ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                 Н.БАТЧИМЭГ