| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/4645/и |
| Дугаар | 183/ШШ2016/00397 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2016/00397
| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2016/00397 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 4 дүгээр байрны 32 тоотод оршин суух, Боржигон овогт Гүрпүрэвийн Нарантуяа /Регистрийн дугаар:ТЗ74102208/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 205/2 тоотод байрлах “Монос Хүнс” ХХК /Регистрийн дугаар: 5568927/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,121,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нарантуяа, түүний өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж “Монос хүнс” ХХК-д борлуулалт, маркетинг хариуцсан захирлын албан тушаалд томилогдож ажилласан. Миний хувьд ажиллах хугацаандаа үр бүтээлтэй, дэвшилттэй ажилласнаас борлуулалт сайжирч, компаний борлуулалтыг нэмэгдүүлсэн Тус компанийн гүйцэтгэх захирал “шинэ бүтээгдэхүүний имиджийн загвар гаргаж өгөөч” гэсний дагуу 2015 оны 10 дугаар сараас 330мл савлагаатай шинээр гаргах хүүхдийн чацарганы шүүсний сав баглаа боодол буюу шошгоны загварыг хийж эхэлсэн. Уг нь энэ ажил нь миний ажил үүргийн хуваарьт багтаагүй, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил байсан боловч удирдлагаас даалгасан болохоор загварыг хийсэн. Гэхдээ гүйцэтгэх захиралд тухай бүрт танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу хийж байсан. Гүйцэтгэх захирал өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж шошгоны загварыг баталсан. Мөн хэвлэх зөвшөөрлийг захирал өгч, санхүүгийн алба, үйлдвэрийн алба бүгдээрээ хамтран ярилцаж хийсэн. Би байгууллагад хохирол учруулаагүй бөгөөд надад санхүүгийн эрх мэдэл байхгүй. Шинээр хийсэн шошгоны загвар алдаатайн улмаас худалдаанд гаргаагүй ч энэ нь ажлаас халах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байна. Худалдаанд гаргахаар 7000 ширхэг шошго буюу нийтдээ 210,000 төгрөгний л шошго үйлдвэрлэсэн байсан.
Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн 61 тоот, хохирол барагдуулах тухай 60 дугаар тушаалын дагуу 300,000 төгрөгийг суутгаж авсан.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар туршилт тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэж заасан тул би хохирол төлөх үндэслэлгүй, сахилгын зөрчилд миний гаргасан алдааг тооцохгүй байх үндэслэлтэй юм. Дотооддоо шийдээд дахин хийж болох байсан.
Мөн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний бие өвдөөд ажилдаа очиж чадаагүй. Манай захирал, хүний нөөцийн менежер шинээр ажилд орсон байсан тул би утсаар мэдэгдэх гээд чадаагүй, харин өөрийн ажилтандаа мэдэгдсэн. Гэтэл надад ажил тасалсан гэж нэг сарын хугацаатай 20 хувиар цалин бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан. Би сахилгын шийтгэл ногдуулсан уг тушаалыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн ч, манай хүний нөөцийн менежер “цалин ганц сараар бууруулах юм чинь, та зураад өгчих” гэхээр нь би за яахав гэж бодоод “танилцсан” гэж зурсан.
Иймд сахилгын шийтгэл буруу ногдуулж ажлаас үндэслэлгүй халагдсан тул борлуулалт маркетинг хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
Би сарын 3,100,000 төгрөгний цалин авдаг байсан ба ажлаас халсан тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэлх 5 сарын хугацааны цалингаас нийгмийн даатгал, татвар шимтгэлийг хасан нийт 13,121,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулснаас хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй гэж үзэж байгаа тул гомдол гаргах хугацааг хэтрээгүй гэж үзэж байна.
Хариуцагч “Монос хүнс” ХХК шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь тус компанид борлуулалт, маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байх хугацаандаа шинээр худалдаанд гаргах 330мл савалгаатай чацарганы шүүсийн шошгоны загварыг хийхдээ зохиогч, патентын эрхийг зөрчиж My little pony, Мinion барааны тэмдгийг ашигласан болох нь тогтоогдсон. Уг үйлдлийг Биплас Монголиа компаниас манайд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл ирснээр зөрчлийг мэдсэн.
Уг үйлдлийн улмаас шинээр худалдаанд гаргах гэж байсан бүтээгдэхүүнийг хойшлуулж, түүний гаргасан загвараар үйлдвэрлэсэн шошго, хэвний загвар гээд 10 сая гаруй төгрөгний хохирол байгууллагад учирсан. Үүнээс зөвхөн 300,000 төгрөгний хохирлыг л төлүүлсэн. Хохирол учирсан болохыг манай аудитаас шалгаж тогтоосон баримт бий. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар туршилт тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирол гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах ёсгүй гэж байгаа нь үндэсгүй юм. Уг заалт нь тухайн байгууллагын үйлдвэрийн техник, технологийн ололт нэвтрүүлэх, сайжруулахаар хийсэн туршилт, тохируулгын явцад гарсан эд хөрөнгийн хохиролд хамааралтай заалт.
Мөн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг удирдах чиг үүрэг тусгагдсан байдаг тул миний хийх ёстой ажил биш байсан гэдэг нь үндэсгүй юм. Мөн өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч “Зөрчлийн бүртгэх хуудас”-т “оюуны өмчийн талаар мэдээлэлгүй байснаас болж буруу имидж ашиглалаа” гэж өөрийн гараар бичиж өгсөн байдаг.
Түүнчлэн тэрээр 2016 оны 02 сарын 16-ны өдөр ажил тасалж, улмаар түүнд гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаар тушаалаар нэг сарын хугацаанд цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Г.Нарантуяа нь өвчтэй байсан гэдэг ч энэ тухайгаа гүйцэтгэх захиралд мэдэгдээгүй, мөн эмнэлгийн акт, магадлагааг ч нөхөн үзүүлээгүй байдаг. Уг тушаалыг түүнд 2016 оны 02 дугаар сарын 18-нд танилцуулахад хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг.
Иймд өмнө нь сахилгын шийтгэлтэй байхдаа давтан зөрчил гаргасан тул Г.Нарантуяаг гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг нэхэмжлэгчид тэр өдөрт нь танилцуулсан бөгөөд хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь хариуцагч “Монос Хүнс” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 13,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.
Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь ”Монос хүнс” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, мөн сарын 19-ний өдрийн 88 дугаар тушаалаар түүнийг Маркетинг, борлуулалт хариуцсан захирлын албан тушаалд томилжээ./ххэргийн 10, 31-35, 42 дах тал/
“Монос хүнс” ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” 61 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.3.17-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр Г.Нарантуяаг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажил олгогч нь зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Г.Нарантуяад ”Монос хүнс” ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 8.1.2-т зааснаар сарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан болох нь тогтоогдож /хх 93 тал/ байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өвчтэй байсан тул ажил тасалсан, энэ тухайгаа мэдэгдсэн гэх боловч баримтаар нотлоогүйгээс гадна уг тушаалтай холбогдуулан шүүхэд маргаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Нарантуяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх ба тэрээр өмнөх сахилгын шийтгэлийг тухайн үед нь үгүйсгэж, энэ талаар зохих байгууллагад ямар нэг гомдол гаргаж хандаагүй байна.
Нэхэмжлэгч нь шинээр худалдаанд гаргах бүтээгдэхүүний шошгийг хийхдээ зохиогчийн эрхийг зөрчсөн үйл баримтад маргаагүй ч түүний гаргасан зөрчил ажлаас халах хэмжээнд байгаагүй, байгууллагад их хэмжээний хохирол учраагүй, мөн түүний ажлын чиг үүрэгт хамааралгүй ажил байсан гэх боловч хэрэгт авагдсан маркетинг борлуулалт хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолтод шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг удирдах /ххэргийн 36 дахь тал/, “Монос хүнс” ХХК-д хийсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн аудитын дүгнэлт, “7,000 ширхэг буюу 210,000 төгрөгний шошго үйлдвэрлэсэн байсан” гэх нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн ажлаас халах сахилгын шийтгэл нь гаргасан зөрчилд тохироогүй, хүндэдсэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлоогүй, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч /ххэргийн 39 дахь тал/, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас гадна “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хугацаа хэтрээгүй” гэх нэхэмжлэгч талын тайлбар зэргээс хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2, 69-р зүйлийн 69.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, “Монос хүнс” ХХК-ийн Маркетинг борлуулалтын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ