Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 158

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Тайж овогт Д.Мд холбогдох 1928002220155 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд иргэн Б.Бгийн Хаан банкны 5592099406 тоот данс бүхий картнаас 1.180.000 төгрөг хулгайлж, түүнд 1.180.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Цогтцэций суманд байхдаа 08 дугаар сарын сүүлээр Б.Бгийн  гэрийг нь нүүлгэж, тохижуулж өгсөн. Тэгээд хөдөө гэртээ байж байгаад 09 дүгээр сарын 06-нд Өмнөговь аймаг руу явсан. Тэгээд би аймагт орж ирээд Солонго дэлгүүрийн ATM-ээс мөнгө авах гээд өөрийнхөө картыг шалгахад мөнгө байгаагүй. Би эхлээд шалгахад тэр картын дугаар буруу байна гэж гарч ирсэн. Тэгээд би яагаад буруу байдаг билээ гээд шалгахад Б.Бгийн карт байсан. Би Б.Бгийн карт байна гэж мэдээд дансыг нь шалгахад мөнгө байсан. Би тухайн үедээ мөнгийг нь аваагүй гэртээ шууд очсон. Тухайн үед ээжийн маань бие өвчтэй байсан. Хөл дээрээ гишгэж чадахаа байж, хөл, нуруу нь өвддөг. Би гэртээ очиход ээж бие нь өвдөөд хэцүү байна гэсэн. Тэгээд би аавдаа тухайн картыг өгч явуулсан. Тэгээд аав худалдааны төвийн хойд талын АТМ-ээс 80.000 төгрөг, Голомт банкны АТМ-ээс 400.000, 700.000 төгрөг аваад надад авчирч өгсөн. Надад өгөхдөө наад мөнгөнөөс чинь 20.000 төгрөгийг нь хэрэглэсэн шүү гэсэн. Тэгээд 1.160.000 төгрөг надад авчирч өгсөн байгаа. Би тэр мөнгийг ээждээ өгөөд, хот руу эмчилгээнд явуулсан. Би Б.Бд данснаас чинь мөнгө авлаа шүү гэж хэлэх гэж байсан боловч утас нь болохгүй байсан. Тэгээд цагдаад ирснээс хойш Б.Бтэй 2, 3 удаа уулзсан. Тэгэхэд Б.Б надад чамд миний карт байсныг би мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол би цагдаад мэдэгдэхгүй байсан гэж хэлж байсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 сарын 07-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5592099406 тоот данснаас 80.000 төгрөг, 700.000 төгрөг, 400,.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар миний мобайл банкаар 10 минутын зайтай зарлага гарж байгаа талаар мэдээлэл ирсэн. Би тэгээд Хаан банкны лавлахаас асуухад Голомт банкны 99 дэх АТМ-нээс уншуулсан байна гэж хэлсэн. Би өөрийнхөө Хаан банкны дансаа хаалгасан. Миний Хаан банкны карт Цогтцэций суман дээр байхад надад байсан юм тэгээд миний данснаас дээрх мөнгөний зарлага гарахад би картаа алга болсон талаар мэдсэн...” гэжээ /хх-15-16/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай цалин 2019 оны 09 сарын 07-ны өдөр буусан тэр өдрийн орой зарлага гарсан. 2019 оны 08 сарын 25-ны үеэр байсан юм....” гэжээ /хх-18-19/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ: “...Цогтцэций дээр манай гэрийг нүүлгэлцсэн юм тэр хооронд мэдэж авсан байх. Миний төрсөн Мөнхгэрэл өдрийг мэддэг юм. Би төрсөн өдрөөрөө картны нууц кодоо нь тохируулсан байсан нь миний картны нууц кодыг Д.М мэдэж байх боломжтой... Хөдөө байхдаа нэг газар айл саахалт олон жил нутаглаж байсан болохоор сайн танина. Надад учруулсан 1.180.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Надад ямар нэг санал гомдол байхгүй..” гэжээ /хх-20/,

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 сарын 07-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5592099406 тоот данснаас 80.000 төгрөг, 700.000 төгрөг, 400.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар миний мобайл банкаар 10 минутын зайтай зарлага гарж байгаа талаар мэдээлэл ирсэн. Би тэгээд Хаан банкны лавлахаас суухад голомт банкны 99 дэх АТМ-нээс уншуулсан байна гэж хэлсэн. Би өөрийнхөө хаан банкны дансаа хаалгасан. Миний хаан банкны карт Цогтцэций суман дээр байхад надад байсан юм тэгээд миний данснаас дээрх мөнгөний зарлага гарахад би картаа алга болсон талаар мэдсэн. Миний данснаас мөнгө гаргаж авсан хүнийг олж өгч намайг хуулийн дагуу хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Асуулт.Та хамгийн сүүлд хэзээ хаана картаа байсан талаар мэдэж байгаа юм бэ? Хариулт: Манай цалин 2019 оны 09 сарын 07-ны өдөр буусан тэр өдрийн орой зарлага гарсан. 2019 оны 08 сарын 25-ны үеэр байсан юм...” гэжээ /хх-21-22/,

Насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Би Улаанбаатар хот руу тэмцээнд явах гээд байрлаж байсан байрнаасаа найз Сарнайгийн хамт зардлын мөнгөө авахаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Голомт банкны доод талд байрлах бэлэн мөнгөний АТМ дээр очиход уг АТМ-ний гадна талд нэг өвөө миний хүүхдүүд энэ данснаас мөнгө аваад өгөөч гээд ногоон өнгөтэй хаан банкны карт өгөхөөр нь би кодыг нь асуухад 0410 гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөг авах юм бэ гэж асуухад дансанд 1.200.000 төгрөг байгаа 800.000, 400.000 төгрөг аваад өг гэж хэлсэн. Тэгээд 400.000 төгрөгөөр аваад 800.000 төгрөг авах гэхэд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байхаар нь Сарнай бид 2 АТМ-нээс эргэж гараад үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхэд 700.000 төгрөгөөр аваад өг гэхээр нь эргэж ороод 700.000 төгрөг АТМ-нээс авч өгсөн. Тухайн үед тэр өвөө бид 2-т 20.000 төгрөг өгсөн. Бид 2 эргэж ороод өөрсдийнхөө мөнгийг аваад гараад ирэхэд нөгөө өвөө явчихсан байсан...” гэжээ. /хх-23-24/,

Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өөрийн аав Дэлгэрцогтод Хаан банкны 5592099406 тоот данстай виза картыг өгч явуулаад мөнгө аваад ирээч гээд нууц кодыг нь хэлээд явуулсан. Манай аав Дэлгэрцогт Голомт банкны АТМ, Хаан банкны АТМ-нээс тухайн өдөр нийт 1.180.000 төгрөг авч ирж надад өгсөн...би голомт банкны бэлэн мөнгөний машинаас сургуулийн бололтой 2 охиноор нийт 1.100.000 төгрөг авхуулсан. Би өөрөө банкны АТМ-нээс мөнгө авч чаддаггүй юм. Би надад мөнгө авч өгсөн 2 хүүхдэд 20.000 төгрөг тухайн үед өгч байсан...” гэжээ. /хх-26/,

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 сарын сүүлээр найз Бгийн гэрийг Цогтцэций суманд нүүлгэлцэж очоод тэдний гэрт 3 хоноод аймагт ирсэн. Тухайн үед Бгийн картыг ашиглаж дэлгүүрээс эд зүйл авдаг байсан. Намайг аймагт ирсэн дараа тухайн карт миний машинд ирчихсэн байсан. Тэгээд би тухайн картыг нь шалгаж үзсэн чинь нийт 1.280.000 төгрөг байсан. Бгийн эзэмшлийн картны нууц код нь төрсөн өдрөөр нь тохируулсан байсан. Тэгээд би дансны үлдэгдлийг нь үзчихээд тухайн үед манай ээж эмчилгээнд явах гээд мөнгө хэрэг болоод байхаар нь Бд мэдэгдэлгүйгээр аавдаа картыг нь өгч явуулаад данснаас мөнгө аваад ирээч гэж хэлээд мөнгө авсан юм. Намайг хүний картнаас хулгайгаар мөнгө авч байгаа талаар манай аав мэдээгүй. Би аавдаа мөнгө аваад ир гэж хэлээд картыг өгч, нууц кодыг хэлсэн байсан юм. Би тухайн үед өөрөө мөнгө авчихаар мэдэгдчих байх гээд аавыгаа гуйсан байсан юм. Би бусдын картнаас хулгайгаар мөнгө авсан асуудалдаа гэмшиж байна энэ талаар надаас өөр хэн нэгэн мэдээгүй байгаа... би нийт 1.180.000 төгрөгийг ааваараа авхуулсан... Би бусдын данснаас хулгайгаар мөнгө авсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна тухайн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчид! нийт 1.180.000 төгрөгийн хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан, Би 7 настай, 5 настай, 7 сартай нийт 3 хүүхэдтэй хүн. Энэ байдлыг харгалзан үзэж хэргийг хуулийн дагуу хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ. /хх-30-31/,

Насанд хүрээгүй гэрч Ч.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 сарын эхээр найз Энхзулын хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд Голомт банкны бэлэн мөнгөний машин дээр очиж байхад гадна нь сууж байсан өвөө картнаас мөнгө аваад өгөөч гэж гуйсан тэгэхээр нь мэддэггүй юм болов уу гэж бодоод зөвшөөрсөн. Бэлэн мөнгөний машин дээр очиход тухайн өвөө картаа өгөөд нууц кодоо хэлсэн тэгээд 1200000 төгрөг байгаа гэж хэлээд аваад өг гэж хэлсэн тэгэхээр нь данснаасаа эхлээд 400000 төгрөг авч өгсөн дахиж 800000 төгрөг авах гэхэд үлдэгдэл хүрэхгүй байна гэж хэлэхэд тэгвэл 700000 төгрөг авчих гэж хэлээд Энхзул бид хоёр тухайн мөнгийг нь авч өгсөн тэгэхэд баярлалаа гэж хэлчихээд яваад өгсөм Энхзул бид хоёр өөрсдийн картнаас мөнгө аваад үлдсэн.” Гэжээ. /хх-34-35/,

Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр найз Бгийн гэрийн Даланзадгад сумаас Цогтцэций сум руу хүргэж өгөөд гэр орныг нь бариад 2-3 хоног гэр орныг нь тохижуулж өгчихөөд хөдөө гэр лүүгээ явсан юм. Хөдөө гэртээ очоод нэлээд хэд хоног байж байгаад 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдөр Даланзадгад суманд ирсэн юм. Маргааш нь буюу 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдөр Солонго дэлгүүрийн АТМ ороод Хаан банкны картаа гаргаад дансны үлдэгдлээ шалгах гэсэн чинь код нь биш байна гэсэн тэгээд үзсэн чинь Бгийн карт байсан би Бгийн виза картны кодыг мэддэг учраас дансыг нь шалгахад 1.280.000 төгрөг байсан. Түүнийг үзчихээд буцаад гэртээ очсон гэртээ очоод аавдаа Бгийн картыг өгөөд энэ данснаас мөнгө аваад ирээч гээд кодыг нь өгөөд явуулсан. Аав төвийн хаан банкнаас 80.000 төгрөг, Голомт банкны АТМ-ээс 1.100.000 төгрөг авсан байсан надад мөнгө авчирч өгөхдөө 1.160.000 төгрөг авч ирж өгсөн аав нь 20.000 төгрөгийг нь хэрэглэчихсэн гэж хэлсэн тэгээд би тэр мөнгийг ээждээ өгөөд эмчилгээнд нь Улаанбаатар хот руу явуулсан юм. Тэр мөнгийг авсан өдрийн маргааш нь би Бд хэлэх гээд залгасан боловч утас нь холбогдохгүй байсан тэгэхэд Б ууланд явчихсан байсан... Б бид хоёр багийн найзууд байгаа юм. Багаасаа айл саахалт явсан юм. Б надад карт нь байсныг мэдээгүй явж байгаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм байна... Би Бгийн гэрийг Цогтцэций суманд аваачиж барьчихаад картыг хэрэглэж байсан юм. Бгийн төрсөн он сараар нь байдаг юм. Мөн урьд нь надад картаа хэрэглүүлж байсан юм...Яаралтай мөнгөний хэрэг гарсан юм.Манай ээжийн биеийн байдал муудаад Улаанбаатар хот руу эмчилгээд явах болсон юм. Тэгээд Бтэй холбогдож чадахгүй байгаад ийм байдалд хүрчихсэн юм...Би гэрийг нь барьж байхдаа картыг хэрэглэж байгаад картыг нь тэр чигээр нь аваад ирсэн байсан юм. Ааваараа мөнгө авхуулсан учир нь бол хүүхдээ унтуулах гээд аавыгаа явуулчихсан юм...” гэжээ /хх-39-40/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/,

Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй.  

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдснийг ойлгохоор хуулийг тайлбарласан.  

Шүүгдэгч  Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд иргэн Б.Бгийн Хаан банкны 5592099406 тоот данс бүхий картнаас 1.180.000 төгрөг хулгайлж, түүнд 1.180.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-15-16/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-18-19/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг  /хх-20/, гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хх-21-22/, насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-23-24/, гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд  өгсөн мэдүүлэг /хх-26/, насанд хүрээгүй гэрч Ч.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-34-35/, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 80.000 төгрөг, 400.500 төгрөг, 700.500 төгрөгийн зарлага Б.Бгийн 5592099406 данснаас гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/, Голомт банкны АТМ-ээс мөнгө авч байгаа талаарх Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-71-73/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.180.000 төгрөгөө төлж барагдуулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн “...Д.М 1.180.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Гомдол, саналгүй ..” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.Мийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.180.000 төгрөг төлж барагдуулсан хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Д.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг байхаар заасан  ба шүүгдэгч Д.Мийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг нь  6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг  тул хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мөн тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх мэдэгдэх нь зүйтэй байна.

Улсын яллагч Ц.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн харуицлагын дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Д.Мийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн харуицлагын дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч Д.М нь  бага насны 3 хүүхэдтэй. Бага хүүхэд нь хөхөө хөхдөг, ээжийнхээ асаргаанд байдаг. Олон цагаар хаяж явах боломжгүй. 2 хүүхдээ нэгийг нь цэцэрлэгт, нөгөөг нь сургуульд нь нааш цааш зөөж 3 хүүхдээ асардаг өрх толгойлсон эмэгтэй байгаа. Нөхөртэйгөө тусдаа амьдраад хэдэн жил болсон. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 1.1 болон 1.2-т заасан үндэслэлүүд байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлийг хуульчилсан байдаг. Иймд манай үйлчлүүлэгчийн ар гэрийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй учраас 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж  өгнө үү  гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Иймд шүүгдэгч Д.Мийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөч гэмшиж байгаа байдал, бусдад учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, 8 сараас 7 настай 3 хүүхэдтэй, ам бүл 4-лээ амьдардаг зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Д.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.М хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд хохирол төлбөрт 1.180.000 / нэг сая нэг зуун наян мянга/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Голомт банкны хяналтын камерийн бичлэг си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ