| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0006/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 07
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Ж.Ар, И.Бо,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн И-ийн Бо, Ш овгийн Ж-ны А-д нарт холбогдох 1928002840176 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, урьд Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Ш.......... овгийн Ж-ны Ар, регистрийн дугаар ........................,
Монгол Улсын иргэн, 27 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас 3 жилийг хасч, 2 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Т овгийн И-гийн Бо, регистрийн дугаар .....................,
Шүүгдэгч Ар нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Ногоочдын 1-25 тоотод М.У, З.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч И.Бо нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Ногоочдын 1-25 тоотод М.У-ын гэрт З.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ар, И.Бо нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүгдэгч И.Бо шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч М.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байж байтал манай найз Б 10 цагийн үед манайд ганцаараа ирсэн. Тэгээд хамт явж дэлгүүр ороод нэг шил 0.75 граммын архи аваад манайд очсон. Тэгээд Арыг Б утсаар ярьж дуудсан. Тэгээд Ар 11 цаг өнгөрөөгөөд манайд ирсэн. Бид 3 авсан архиа хувааж ууж дуусгаад дэлгүүр лүү хамт явж дахиад 1 шил 0.75 граммын архи авч манайд ирж гурвуулаа хувааж ууж дуусгасан. Тэгээд орой 16 цагийн үед байх дахиж нэг шил архи авч хувааж ууж дуусгасан. Б манайд унтаж үлдсэн. Ар бид хоёр хамт явж Бо-ы гэрт очсон. Тэгээд нэг шил архи гаргаж хувааж ууж байсан. Би согтоод түүнээс хойш юу болсон хаагуур явснаа санахгүй байгаа. Нэг сэргэхэд бид нар манай гэрт ирчихсэн архи уугаад сууцгааж байсан. Манай эхнэр байж байсан. Тэгж байхад Б, Ар нар хоорондоо зодолдож байсан. Би голоор нь ороод салгаж байтал Ар миний нүүр рүү цохиод байсан. Тэгж байгаад цааш юу болсныг санахгүй байна. Согтоод тасарчихсан. Нэг мэдэхэд цагдаагийн газарт ирсэн байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд Ногоочдын 1-25 тоотод байх У-ын гэрт очоод хамт дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн архи аваад буцаж очоод Ар-той утсаар ярьчихаад архиа хувааж уугаад талдаа ороогүй байтал Ар ирсэн. Тэгээд бид нар тэр архийг хувааж уучихаад дэлгүүр орж дахиад нэг шил архи аваад буцаж У-ын гэрт очиж архиа уусан. Ар ирсний дараа дахиад 1 шил архи авч уусан. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд сууж байсан. Би У-ынд очихдоо гэмтэл шархгүй эрүүл байсан. Сүүлчийн архийг аваад явж байхад бас зүгээр байсан. Намайг согтоод тасарсан хойно л хүн зодсон байх. Би хэнд зодуулснаа санахгүй байгаа. У-ын эхнэрээс маргааш нь асуухад Бо-ыг би цохисноос болоод Бо миний нүүр лүү цохиод байсан гэж хэлсэн...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг/хх- ийн 35-36-р хуудас/
Гэрч Г.Но мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би ажил тараад 19 цаг өнгөрөөгөөд гэр лүүгээ найзынхаа машинаар хүргүүлэх гээд явж байтал У утсаар яриад ирээд аваатах гэрээс зүүн тийш ойрхон явж байна гэхээр нь очиж авахад Ар, Бо нартай хамт явж байсан. Тэгээд гэрийн гадаа очоод би буусан чинь тэд нар машинтай яваад дэлгүүр орчихоод ирсэн. Тэгэхэд гэрт Б гэдэг залуу унтаж байсан. Тэгээд манай нөхөр нөгөө хоёртойгоо хамт ирцгээсэн. Нэг шил архи авч ирсэн байсан. Б-ыг дуудаж босгоод архиа хувааж уусан. Тэгж байгаад архи нь дуусах дөхсөн чинь Ар нь Б-ыг чи нэг шил архи авч өг, эсвэл миний утсанд нэгж хий гэж хэлсэн. Б би та нарын архийг авч өгөх ёстой юм уу гэж хэлсэн. Ар босч ирээд Б-ын нүүр рүү алгадаад, цээж рүү нь өшиглөөд байсан. У хажуунаас нь боль гээд хувцаснаас нь татсан чинь Ар У-ыг чи энийг өмөөрөөд байна уу гэсэн чинь У юу яриад байгаа юм наадах чинь согтуу байна, эрүүлд нь учраа олооч гэж хэлсэн. Тэгсэн чинь Ар У-ын нүүр ам руу гараараа цохиж зодоод байсан. Тэгж байгаад хажуу тийш нь түлхээд унагахад У ширээ мөргөөд унасан. Б зүгээр зогсож байсан Бо-ыг цохиж авсан чинь Бо зөрүүлээд Б-ын нүүр рүү гараараа нилээд олон удаа цохиод хамар, нүд, амыг нь шалбалаад цус гарсан. Тэгээд тэднийг салгаад байж байтал цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/
Гэрч Ч.Га мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Орой 22 цаг өнгөрч байхад жижүүрээс станцаар Ногоочдын 1-25 тоотод согтуу хүмүүс агсам тавиад байна гэсэн дуудлага ирлээ, оч гэсний дагуу Ногоочдын 1-25 тоотод очиход нилээд согтуу бололтой гуйвсан 4 залуу байсан. Хоёр залуугийнх нь хөлийн шилбэ орчмоос цус гарчихсан байхаар нь хамт байсан нэг эмэгтэйгээс юу болсныг асуухад тэр гэрийн эзэн гэх эмэгтэй нь эд нар архи уучихаад хоорондоо зодолдоод байсан, манай нөхөр энэ гээд нэг залуу заасан. Тэгэхэд нөхрийнх нь шилбэний хавиас цус гарсан байсныг хэн юугаар гэмтээсэн юм бэ гэхэд тэр залуу би өөрөө шилэнд зүсчихлээ зүгээр ээ, би гомдолгүй гээд байсан. Тэдгээр залуучуудыг цагдаагийн газарт авч ирж драгерь үлээлгэж шалгаад, гэмтэлгүй 2 залууг нь эрүүлжүүлсэн. Гэмтсэн гэх 2 залууг нь эмнэлэгт хүргэж өгч оёдол тавиулсан, тэгээд эрүүлжүүлсэн. ...Гэрийнх нь дотор шалан дээгүүр нь архины шил хагараад бутарчихсан байсан. Нүүрс асгарчихсан, хулдаасан дээр цус гоожуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №687 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Б-ын биед зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Зүүн шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 48-р хуудас/
Шинжээч С.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б-ын биед учирсан доод уруулын салст язарсан шарх нь нэг удаагийн, зүүн нүдний дээд зовхины оёдол тавигдсан шарх нь мөн тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл тус бүр нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 57-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №685 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.У-ын биед тархины доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 54-р хуудас/
Шүүгдэгч Ар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой би Уын гэрт Б, Бо нартай хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаад У, Б нартай зодолдсон. Би тухайн үед У-ын нүүр шанаа руу гараараа цохьсон. Б-ын нүүр, нуруу руу нь гараараа цохьсон. Б согтуурхаад агсам тавиад байхаар нь боль гэж байгаад муудалцсан. Харин У нь Быг өмөөрч над руу дайрснаас болоод бид муудалцсан.../хх-ийн 63-64, 66-67-р хуудас/
Шүүгдэгч И.Бо мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой би гэртээ байж байтал миний танилууд болох У, Ар нар ирсэн. Тэгээд бид нар хамт явж дэлгүүрээс нэг шил архи аваад У-ын гэрт хамт очиж ууцгаасан. Тэгж байхад Б согтуурхаад над руу агсраад байсан. Тэгж байгаад Ар-той зодолдсон. Би голоор нь ороод салгах гээд Б-ыг бариад авсан чинь Б намайг алгадахаар нь би зөрүүлээд нүүр лүү нь 2 удаа алгадаж цохьсон. Тэгээд Б-ыг тэврээд баруун талын орон дээр нь дарж байхад Ар, У нар гэрийнх нь зүүн талд зодолдсон. Тэгж байгаад болиод бид нар эвээ олоод байж байгаад би гадагшаа гарч бие засчихаад эргээд гэрт орж ирэхэд Ар, Б, У нар хоорондоо зодолдож байсан. Тэгэхэд гадаа цагдаагийн машин ирж байгаа харагдсан. Тэгээд тэд нар зодолдохоо болиод салцгаасан. Тэгээд цагдаа орж ирсэн. Б миний хацар луу эхлээд цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа нүүр лүү нь 2 удаа цохиж авсан. /хх-ийн 70-71-р хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 75-88, 91-92, 95-101, 105-115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ар нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Ногоочдын 1-25 тоотод М.У, З.Б нарыг зодож 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч И.Бо нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Ногоочдын 1-25 тоотод М.У-ын гэрт З.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Арын үйлдлийн улмаас хохирогч М.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: М.У-ын биед тархины доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 54-р хуудас/ гэснээр,
Мөн шүүгдэгч Арын үйлдлийн улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: З.Б-ын биед зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Зүүн шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Бо-ы үйлдлийн улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: З.Б-ын биед зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, зүүн шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Зүүн шилбэний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ар-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.У, З.Б нарын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч Ар-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Бо-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч И.Бо-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ар, И.Бо нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ар-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч И.Бо-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Ар, И.Бо нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогч нарын гомдол саналгүй гэх мэдүүлэг болон шүүгдэгч нар нь тогтмол цалинтай ажил эрхэлж байгаа байдал болон шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ мөнгөн торгууль оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргав.
Түүнчлэн шүүгдэгч нар хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байсан хэдий ч шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ар-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч И.Бо-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Ар, И.Бо нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ар, И.Бо нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ар, И.Бо нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт хураагдсан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ар, И.Бо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овгийн Ж-ны Ар-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бо-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ар-од 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бо-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ар, И.Бо нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ар, И.Бо нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ар, И.Бо нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ар, И.Бо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА