| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2016/05804/И |
| Дугаар | 00593 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00593
| 2016 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2016/00593 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 16.519.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2015/10794 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/84 тоот тушаал гаргуулан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын Аюулгүй ажиллагааны дотоод хяналт хариуцсан менежерээр томилогдсон. Иргэний нисэхийн ерөнхий газар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шат, шатны шүүхэд гомдол гаргаж байсаар шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх арга хэмжээ авах хүртэл хугацаа сунжруулсан. Иймээс 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш ажилд томилогдсон 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 8 сар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 16.519.000 төгрөгийг гаргуулан олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь ******* холбогдуулан шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 16.519.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05781 дүгээр шийдвэрээр “...ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий хууль хууль зөрчиж ажилтан *******ыг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэн, *******ыг урьд эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалтай дүйцэхүйц, цалин хөлсийг нь бууруулуулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговорт 10.324.375 төгрөг гаргуулан олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал болох Иргэний нисэхийн ерөнхий газар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1517 дугаар магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисосугай” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар уг давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2016/00167 дугаар тогтоолоор “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн байна.
Ингээд *******ы энэ нэхэмжлэлд дурдсаны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2015/10794 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/84 дүгээр тушаалаар “*******ыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын Аюулгүй ажиллагааны дотоод хяналт хариуцсан менежер”-ээр томилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хэргийн оролцогч нь “шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах” эрхтэй гэж заасан байдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасныг баримтлан ажилтан *******ы “анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс түүнийг ажилд авсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны” 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /1 сарын дундаж цалин хөлс 2.064.871 төгрөгийг 8 сараар үржүүлж/ 16.518.968 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан *******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилтан *******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогч ******* даалгах нь зүйтэй юм.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгод нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгод 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас “...8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-т 16.518.968 төгрөгийг гаргуулан *******д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан “*******ы дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийх”-ийг хариуцагч ******* даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 240.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 240.544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД