Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 08

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Д.Ба,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Д-гийн Бад холбогдох 1928000000180 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 27 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 4, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Д-гийн Ба, регистрийн дугаар .................................;

Шүүгдэгч Д.Ба нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-23 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Гурвантэс сумын төвд байрлах Говь шанх зоогийн газарт иргэн Д.Бу-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийг би өөрийнхөө буруугаас болж хийсэн. Дахиж ийм алдаа гаргахгүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Говь шанх нэртэй караокед 2 найзын хамт дуулахаар ороход Ба намайг дуудсан. Намайг дуудаад өөрийн сууж байсан ширээн дээрээ суулгаад юм ярьж байтал хажуу талаас хамт явсан Чогсомзаан нь муухай хараад байна уу гэхээр нь би муухай хараагүй Ба ах надтай юм ярьж байгаа болохоор нь урдаас нь хараад сууж байна гэж хэлсэн. Гэтэл үгийн зөрүү байхгүй Ба намайг шууд хамар луу нэг удаа цохиод авсан. Хамраас цус гараад байхаар нь би босоод нойл орсон. Нойл ороод хамраас гарсан цусаа угааж байхад Ба, Чогсомзаан нар орж ирсэн. Нойлоос гараад ирэхэд зөөгч нь цагдаа дуудсан байсан. Би Баэс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний бие хэвийн байгаа. Надад гомдол санал хүсэлт байхгүй. /хх-ийн 05-06-р хуудас/

Гэрч Б.Чо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Говь шанх караокед Намдаг, Ууганбаатар, Ба, бид нар тухайн караокед 0,5 литрийн Экс гэх архийг тойруулаад сууж байхад Бу нь текнээс ундаа захиалаад цааш яваад нойл орчоод буцаад ирэхээр нь Ба дуудаад ширээн дээрээ суулгаад юм яриад сууж байсан манай ширээн дээр сууж байсан Ууганбаатар, Намдаг хоёр гадаа гарч тамхилчихаад ирье гээд гарсан тэр хойгуур Ба Бу-ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон, хамарнаас нь цус гарахаар нь нойл орж угаасан. Ба, Бу нар хоорондоо юм яриад сууж байгаад гэнэт Ба, Бу-ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. /хх-ийн 12-р хуудас/

Гэрч Д.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Говь шанх нэртэй караокед 2 найзын хамт ороод нэг номерын өрөөнд дуулаад сууж байхад хаалга онгойлгоод Ба намайг дуудсан. Намайг дуудаад өөрийн сууж байсан ширээн дээрээ суулгаад юм ярьж байтал хажуу талаас хамт явсан Чогсомзаан нь муухай хараад байна уу гэхээр нь муухай харсан юм байхгүй Ба ах надтай юм ярьж болохоор нь урдаас нь хараад сууж байна гэж хариулсан. Гэтэл Ба намайг шууд хамар луу нэг удаа цохиод авсан. Би сууж байсан газраасаа босоод нойл орсон. Нойл ороод хамарнаас гарсан цусаа угааж байхад Ба, Чо нар орж ирсэн. Нойлоос гараад иртэл зөөгч охин цагдаа дуудсан байсан. /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Говь шанх караокед На, Ба, Ч бид нар тухайн караокед 0,5 литрийн Экс гэх архийг тойруулаад сууж байхад Бу ус ундаа захиалаад явж байхаар нь Бат- эрдэнэ дуудаад байсан. Би тухайн үед Н тамхи татах гээд гараад явчихсан хойгуур Ба Бу-ыг цохиж зодсон гэж сонссон. Ба бид нар 2 шил Экс архийг гурвуулаа хувааж уусан. Ба бага зэрэг согтуу байсан. /хх-ийн 15-р хуудас/

Гэрч Ж.На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Говь шанх караокед У, Ба, бид нар тухайн караокед 0,5 литрийн Экс гэх архийг тойруулаад сууж байхад Бу ус ундаа захиалаад явж байхаар нь Ба дуудаад ширээн дээрээ юм ярьж байсан.Би тухайн үед тамхи татахаар гараад явсан иргээд ороод ирэхэд Ба Бу-ыг зодсон гээд цагдаа нар ирсэн байсан. /хх-ийн 16-р хуудас/

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Говь шанх караокед үйлчлүүлж байсан манай үйлчлүүлэгч Бу-ыг Ба гэх залуу нэг удаа нүүрэн тус газар нь цохиод хамарнаас нь цус гаргасан.Тухайн үед хамт явсан залуу нь салгасан. Ба, Бу нар хоорондоо юм яриад сууж байсан. Нэг мэдэхэд Ба Бу-ыг нэг удаа цохиж байхыг нь би харсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй. /хх-ийн 17-р хуудас/

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Ба-тэй хамаатан садны харилцаа байхгүй. Гурвантэс сумын ГТУА 67-р ангид хамт ажилладаг. Ба архи согтууруулах ундаа хаяадаа хэрэглэж байхыг харж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээд агсам согтуу тавьж байгаагүй. Ба хамт олны дунд тусархаг, нийтэч, бусад алба хаагч нарыг тусалж дэмждэг. Хамт олны дунд дулаахан уур амьсгалын бүрдүүлж бусад алба хаагчийг хошуучлан ажилладаг. Манай байгууллагын шилдэг ажилтны нэг. Ба нь түргэн ууртай. Тэхдээ хэр баргын юманд уурлаад байхгүй. Юманд их ул суурьтай ханддаг залуу. Ба сагс, гар бөмбөг, бөхийн спортоор хичээллэдэг. Улс аймгийн чанартай тэмцээнд оролцдог. /хх-ийн 07-р хуудас/

Гэрч У.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 6 сараас эхлээд Ба-ийн салаан захирагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд ажилдаа ирэхдээ архи согтууруулах ундаа үнэртүүлсэн зүйл харагдаагүй. Би салаан захирагчийн хувьд Ба-нийг ажилсаг, бусдад тусархаг, хамт олондоо нэр хүндтэй, сагс, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг мундаг залуу гэж боддог. Бага зэрэг түргэн ууртай надад санагдсан. Ба хамт олны дунд тусархаг, нийтэч, бусад алба хаагч нартаа тусалж дэмждэг. Хамт олны дунд дулаахан уур амьсгалын бүрдүүлж бусад алба хаагчийг хошуучлан ажилладаг. Манай байгууллагын шилдэг алба хаагч. Ба сагс, гар бөмбөг, бөхийн спортоор хичээллэдэг. Улс аймгийн чанартай тэмцээнд оролцдог. Ба сүүлийн үед зөрчил дутагдал гаргаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. /хх-ийн 09-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №734 дугаартай дүгнэлтэд: Д.Бу-ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 19-р хуудас/

Шүүгдэгч Д.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сумын төвд байрлах Говь шанх нэртэй караокед үйлчлүүлж байсан Бу-ын биед халдаж нүүрэн тус газар нь нэг удаа цохиж биед нь гэмтэл учруулсан. /хх-ийн 23-24-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ба нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-23 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Гурвантэс сумын төвд байрлах Говь шанх зоогийн газарт иргэн Д.Бу-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бу-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №734 дугаартай дүгнэлтэд: Д.Бу-ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 19-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бу-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би Ба-эс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний бие хэвийн байгаа. Надад гомдол санал хүсэлт байхгүй” гэснээр шүүгдэгч Д.Ба-нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрч тохиролцсон хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Д.Ба нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Д.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бу-од хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ба-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овгийн Д-гийн Ба-нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Д.Ба нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Д.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бу-од хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ба-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА