Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 601

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К” ХХК /РД:********/

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, **-******дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К” ХХК нь С******* аймаг, Ерөө сум, Хүнгүйч зүр хүзүү нэртэй газарт 203 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах ашиглалтын 30 жилийн хугацаатай **-******дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол Улсын хууль батлагдан гарч байсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрхэх тухай асуудал тодорхойгүй байсаар ашиглаж чадалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой лавлагаа авах хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмал, Газрын тосны газарт гаргасны дагуу тус газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн */**** дугаартай албан тоотоор хариу хүргүүлсэн байдаг. Хариуд ашигт малтмалын ашиглалтын **-****** тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс /хуучнаар/-ийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар бүхий шийдвэрээр цуцлагдсан гэжээ.

Ашигт малтмалын газрын  Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь хэсэгт "... хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн ... ” гэж заасныг үндэслэн гарсан байна. Гэтэл нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид бүрэн төлөөгүй, өгөөгүй, энэ тухай огт мэдэгдэхгүй, хариу аваагүй мөртлөө ашигт малтмал ашиглах ашиглалтын 30 жилийн хугацаатай ***** дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалж манай компанийн ашигт малтмал ашиглах эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гарсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аливаа субъектив эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу хязгаарлаж, түүнд халдаж болно. Олборлох эрх нь өмчлөлийн зүйл болох учир гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих нөхөн олговор олгосны үндсэн дээр уг эрхийг хязгаарлах буюу дуусгавар болгоно. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлээр нөхөх олговорын үнэлгээг тооцоолон тогтоож, тогтоосон хэмжээний нөхөх олговорыг олгохоос өмнө олборлох эрх бүхий этгээдийг "...уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг” тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд  явуулахыг хориглосон нь бодит байдалд олборлох эрх буюу тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөрцгүй үр дагаврыг бий болгосон ба Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “...бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт ...үйл ажиллагаа зогсоохыг...” гэж манай компанийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д заасан хилийн заагийг Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсоор хилийн зааг нь тогтоогдоогүй байхад бүхэл бүтэн жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хориглосон атлаа нөхөн олговор авах эрхийг хязгаарлаж “дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг” гэсэн хандлагаар ажилласаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий талбайг нөөц болон тусгай хэрэгцээнд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон зэрэг тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор төлөхөөр заасан дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайд тусгай зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд зөвхөн нөхөх олговор авахаас өөр эрх байхгүй байхад нөхөн олговор авах хүсэлт гаргах хугацаагаар хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа уг харилцаанд тэгш бус байдлыг бий болгосон байдаг. Мөн анхнаасаа ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэл бүтэн 30 жилийн хугацаатай олгосон мөртлөө уг хугацааны явцад өөрсдийн санаачлагаар цуцлахдаа хуульд байх ганцхан эрхээр нь хангалгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасанд гомдолтой байдаг. 

Ашигт малтмал, Газрын тосны газарт буюу дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/3462 дугаартай албан тоотоороо цуцлагдсан нь хууль зүйн үндэслэлтэй байна, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...”, мөн хуулийн 14.2 дахь хэсэгт “...дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол...” гэж заасны дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  

Иймд  үндсэн хууль, холбогдох хуульд заасан хууль хэрэглэн гагцхүү хуульд захирагдах зарчмын дагуу асуудлыг нягтлан үзэж нөхөх олговор төлөгдөөгүй тул Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, **-****** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү “ гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...С******* аймгийн Хүнгүйч зүр хүзүү нэртэй 202.92 га талбайд 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдөр анх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1297 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “К” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн С******* аймгийн Ерөө сумын нутаг Хүнгүйч зүр хүзүү нэртэй талбайд орших **-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон газрын хилийн заагт хамаарагдсан тул ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хуулиар хориглосон болно.

Ийнхүү хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайд тухайн талбай хамаарагдсан тул Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн.

Энэ талаар “К” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2421 тоот албан бичгээр цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч “...энэ тухай огт мэдэгдээгүй, хариу аваагүй...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих нөхөх олговор олгосны үндсэн дээр уг эрхийг хязгаарлах буюу дуусгавар болгоно...” гэсэн байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан.

Уг журмын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлт гаргаагүй” бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” гэж заасан.

Энэ заалтын дагуу Ашигт малтмал газар/хуучнаар/-ын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7261 тоот албан бичгүүдээр дээрх хуулийн хилийн заагт давхцалтай хэсэгтээ нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг “К" ХХК-ийг мэдэгдсэн боловч заасан хугацаанд ашигт малтмалын ашиглалтын ***** дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй тул Ашигт малтмалын газраас хүсэлт гаргаагүй аж ахуйн нэрсийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид “0” төгрөгөөр олгосонд тооцуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлснийг хянан үзээд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичгээр хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг Ашигт малтмалын газарт мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан үндэслэлээр К” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ***** дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тул 56.2-д заасны дагуу тогтоогдсон энэ өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-2421 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлагдах үндэслэлийг үгүйсгэсэн нотлох баримтыг дээр заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул дээр дурдсан хууль, Засгийн газрын тогтоолын хүрээнд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын **-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.

Нэхэмжлэгч “...нөхөх олговор авах хүсэлт гаргах хугацаагаар хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа захиогааны байгууллагын үйл ажиллагаа уг харилцаанд тэгш бус байдлыг бийболгосон...” гэсэн байна.

Гэвч дээрх “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэрээр/ буюу төрийн захиргааны байгууллага өөрөө батлаагүй бөгөөд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан эрх зүйн акт болно.

Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэрээр/ нь хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд УИХ-аас баталсан хууль, уг хуулийн хүрээнд гарсан Засгийн газрын тогтоолыг нэг мөр дагаж биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй ажиллаж байсан.

Тиймээс нэхэмжлэгчийн Засгийн газрын тогтоолтой маргаагүй хэр нь түүнийг биелүүлсэн төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул “Капитап авто сервис” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд /хуучнаар/ “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, **-****** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Нэг: “Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

1.1.Ашигт малтмалын газраас “К” ХХК-д С******* аймгийн Ерөө сумын “Хүнгүйч зүр хүзүү”  нэртэй газарт орших 203 гектар талбайг 30 жилийн хугацаанд ашиглуулахаар 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн **-00***** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл -ийг олгожээ.

Тус компани нь маргаан бүхий актыг гартал өөрийн тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж буй талбайд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэн ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна .

Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар сарын 56.1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын болон хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2-т заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаар албан бичгийн дагуу “К” ХХК-ийн **-00***** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ .

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох” тухай 174 дүгээр тогтоолоор С******* аймгийн Ерөө сумын нутагт орших Ерөө голын  ай савыг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарч улмаар **-***** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байх тул байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд авч, уг газрын хилийн заагийг баталснаар “К” ХХК-ийн эзэмшиж байсан С******* аймгийн Ерөө сумын “Хүнгүйч зүр хүзүү” нутагт орших ашигт малтмалын ашиглалтын **-00***** тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хязгаарласан талбайд хамрагдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн бичгийн болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх бүхий байгууллага, албан тушаалтны удаа дараагийн албан бичгүүдээр тус тус тогтоогдох бөгөөд ийнхүү хамрагдсан талаар талууд маргадаггүй болно. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн /одоогийн нэрээр/ даргаас “К” ХХК-ийн эзэмших **-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлээ “...К” ХХК-ийн эзэмших талбайнууд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан талбайд хамаарсан талаар болон нөхөн олговор авах хүсэлтээ гаргаж ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байхад ийм хүсэлт гаргаагүй; нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн нөхөн олговрыг “0”-тэй тэнцүү гэж тооцон тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгоно” гэжээ. 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэжээ. 

Хэдийгээр хариуцагчаас 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5-1603 дугаар албан бичгээр “Мэдээлэл ирүүлэх тухай”, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5-837 , 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5-7261  дугаар албан бичгээр  “К” ХХК-д гэх нэрээр “Нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх тухай” мэдэгдэл  хүргүүлсэн гэх боловч тус албан бичгүүдийг “К” ХХК хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан баримт хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэдий тийм ч Засгийн газрын тогтоолоор баталсан дээрх журмын заалтаас үзвэл “нөхөх олговор олгохгүй байх” тухайн тохиолдлыг л зохицуулсан байгаа болохоос нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тогтоосон зохицуулалт биш байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас 5 сарын хугацаанд цуцална” гэж заажээ. 

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулиар төрийн байгууллагуудад “нөхөх олговор олгохыг ямар нэг хугацаагаар хязгаарлах, таслан зогсоох, дуусгавар болгох эрх олгосон” зохицуулалт тусгаагүй байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалт болон журмын дээрх заалт нь “нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд л тусгай зөвшөөрлийг нь цуцлах” эрхтэй байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст нь “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлт гарах хугацааг 90 хоногоор хязгаарлаж, энэхүү хүсэлтээ гаргаагүй гэдгээр нөхөх олговор олгохгүй гэсэн тайлбар гаргаж эрх зүйн үндэслэл нь тодорхойгүйгээр олгох ёстой нөхөх олговрыг “0” гэж тооцно гэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын хуулиас давсан зохицуулалтыг бий болгосон гэж үзлээ.

1.2. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “...тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн ... 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэсэн байтал хариуцагч хуульд зааснаар “мэдэгдэх” үүргээ хэрхэн хэрэгжүүлснээ нотолж чадаагүй болно. 

Мөн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2012 оны Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцсэн дэвтэрт  “К” ХХК-д 6-2805 гэж бүртгэгдсэн албан бичгийг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цагт н.Туяа гэж хүн гардан авч гарын үсэг зурсан байдгийг хариуцагч шууданд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Дээрх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт **-****** тоот тусгай зөвшөөрлийн талбайд ногдох нөхөх олговор олгох үндэслэлгүй болохыг Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаар албан бичгээр ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгджээ. 

Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаар албан бичигт “...Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т ...давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтын өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй гэж заасны дагуу тогтоосон хугацаанд хүсэлтээ гаргаагүй хавсралтад заасан нэр бүхий 69 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох үндэслэлгүй байна...”  гэжээ.   

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасны дагуу нөхөх олговрын хэмжээг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж, түүнийгээ баталгаажуулах эрхтэй байхад уг эрхийг нь эдлүүлэхгүйгээр дээрх албан бичгийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй юм. 

Нөгөөтэйгүүр дээр дурдсан тогтоол болон хуулиар тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа үргэлжүүлэн явуулах боломжгүй болсон тохиолдолд нэхэмжлэгчид нөхөх олговор олгох нь төрийн байгууллагын үүрэг, харин ийнхүү нөхөх олговороо авч чадаагүй тохиолдолд үргэлжүүлэн үйл ажиллагаа явуулах нь Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрх байна.    

Иймд нэхэмжлэгч “К” ХХК нь ашиглалтын **-******дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын газраас гаргасан нөхөн олговор авах аж ахуй нэгжийн жагсаалтад орсон боловч хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болж, хохирч байгаа тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн 20-д заасан “К” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Хоёр: “**-******дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 289 дүгээр тогтоолоор өмнөх 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцолд өөрчлөлт оруулж, өөрөөр хэлбэл усны сан бүхий эргээс онцгой хамгаалалтын бүсийг 50 метрт, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт байхаар тэмдэгжүүлэн, өмнөх 174 дүгээр тогтоолыг, 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгожээ. 

Дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн агуулгаас үзэхэд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан буюу Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өргөдөл гаргана” гэж зохицуулсан байна. 

Эндээс дүгнэхэд гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсоноор “К” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрөл энэ тогтоолоор тогтоосон хилийн заагт хамрагдаж хасагдсан талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй хэсэгт нь үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, тусгай зөвшөөрлийн координатад зохих өөрчлөлт хийх эрх хэмжээ хариуцагчид олгогджээ. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу Засгийн газрын тогтоолын биелэлтийг зохион байгуулах хүрээнд хариуцагчаас Засгийн газрын 2011 оны 174 тогтоолоор хасагдсан талбайгаас ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид нийцүүлэн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт ороогүй үлдсэн “К” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан талбайг буцаан олгохыг шийдвэрлэх боломжтой. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд “К” ХХК-ийн эзэмшилд байсан Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан ашигт малтмалын ашиглалтын **-00***** тоот талбайг нэхэмжлэгчид буцаан эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, **-******дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТБААТАР