Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 45

 

,

*** банкны нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2016/00323 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *** банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э,

Хариуцагч: Цнарт холбогдох

2013 оны 13-363 тоот, 2015 оны ЗГ-665 тоот зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 82920312,26 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны ЗГ665 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээнээс үүссэн хохирол 8 260 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бэ, Б.Б, хариуцагч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Э нь *** банкны Дорноговь салбарын харъяа Төв тооцооны төвөөс 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, ачааны автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд 2013.05.17-ны өдрийн 13-363 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Дорноговь аймаг, Сайншанд сумын *** тоот хаягт орших 108 мкв талбай бүхий амины орон сууц, 35 мкв граж, 525 мкв газрын хамтаар барьцаалсан. 2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 48600000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, Northbenz маркын авто чирэгч, чиргүүлийн хамт худалдан авах зориулалтаар тус тус авсан. Зээлийн барьцаанд 2013.05.17-ны өдрийн 13-363 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Дорноговь аймаг, Сайншанд сумын  *, *** тоот хаягт орших 108 мкв талбай бүхий амины сууц, 35 мкв барьцааны гэрээгээр барьцаалсан Дорноговь аймаг, Сайншанд  сумын *, *** тоот үйлчилгээ зориулалттай 30 мкв талбай бүхий халуун усны обьект, 232 мкв газрын хамтаар барьцаалсан. Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээний төлбөрт буюу үндсэн зээл 43618710,29 төгрөг, зээлийн хүүд 25970050,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45349,81 төгрөг, нийт 69634110,29 төгрөгийг, 

2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 810536,47 төгрөг, зээлийн хүүд 590253,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 318,15 төгрөг, нийт 1501107,77 төгрөгийг төлсөн байна.

Банк зээлийн гэрээний дагуу 2016.02.04-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

  1. 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээ болон 2015.06.26-ны өдөр ЗГ665 оот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах,
  2. 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээ болон 2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 26381289,71 төгрөг, зээлийн хүүд 2933310,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 160010,91 төгрөг, нийт 29474610,92 төгрөг,

2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 47789463,53 төгрөг, зээлийн хүүд 5627896,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28341,10 төгрөг, нийт 53445701,34 төгрөг, нийт 82920312,26 төгрөг гаргуулах

            3.  Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2013.05.17-ны өдрийн 13-363 тоот барьцааны гэрээ, 2015.06.26-ны өдрийн БГ665 гэрээнүүдэд дурьдсан барьцаа хөрөнгөөр хангуулах

            4. Монгол Улсын ИХШХШТХуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх /хөдлөх эд хөрөнгө, түүний банк дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ. /хх 1-3/

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 2016.02.03-ны өдөр А.Э би өөрийн биеэр *** банкинд очиж шүүхээр явж хүсэлт гаргасан. *** банк зөвшөөрч бичиг баримт бүрдүүлж шүүх дээр уулзъя гэж тохиролцсон. Учир нь би банк санхүүгийн мэдлэггүйгээсээ энэ машиныг авснаас болж өмнөх дуусах гэж байсан зээлээ төлж чадахгүй хоёр зээлийн алданги 8-9 сая төгрөг болсонд гайхаж шүүхэд хандсан болно. 2013.05.17-нд 3 жилийн хугацаатай *** банкнаас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Зориулалт нь гэр хороололд нийтийн халуун ус барих. 70 сая төгрөгийн зээлнээс төлсөн мөнгөн дүн 69640000 төгрөг. Нэг ч удаа хугацаа хэтрэлгүй төлөөд хэдхэн сарын дараа дуусах шатандаа явж байхад *** банкны захирал Алтанбаатар автомашин худалдан авах зээлийг нь гаргаж өгөх санал тавьсан. Би бодож үзээд авахаар болсон. Учир нь манай найз Мөнх-Эрдэнэ Дундговь аймагт Гөлтгөний уурхай багуулж Сайншандаас 7-8 машин явуулах санал тавьсан учраас энэ машиныг авах тохироо бүрдсэн. *** банкны барьцаанд байсан Ө гэгчийн 7 автомашинаас 1 машиныг авсан. Учир нь Ө зарим машинаа зарахгүй гэсэн учраас 4 машинаас сонголт хийж нэгийг нь авсан. Уг машин нь олон жил уурхайд явсан маш их эвдрэлтэй машиныг бид мэдэхгүй учраас гаднаас нь хараад л авсан. *** банк автомашины лизингийн зээлийг намайг Замын-Үүдэд явж байхад зээл чинь гарлаа, урьдчилгаа мөнгөө дансанд байршуул гэсэн. Надад тулгамдсан учраас урьдчилгаа мөнгө олдохгүй байгаа үнэн учраа хэлсэн. Энэ машины засвар их хийгдэж байгаа тул би больдог ч юм билүү гэхэд зээл батлагдсан, боломжгүй гэж хэлсэн. *** банкны орлогч Наранбаатар, Бэ нар урьдчилгаа төлбөрийг хүнээс зээлж дансанд байршуулсан.  3 хоногийн дараа хүнээс зээлж өгсөн урьдчилгаа төлбөрөө төл гэж шаардсан. Би Замын-Үүд явж жижиг тэргээ зарж 9 сая төгрөг *** банкны дансанд шилжүүлсэн. Б, Ц хоёрт 1 сая төгрөгийн хөлс өгөн чиргүүлийн тайралт хийлгэж машинаа засуулсан.  Чиргүүлийн файлцийн засвар 400000 төгрөг мөн өгсөн. Энэ машинаа засч дуусаад Дундговь аймгийн Гөлтгөний уурхайд нэг удаа яваад машин эвдэрсэн. Уг уурхайд яваад машины бөгс нь эвдэрсэн тул БНХАУ-ын Эрээнд аваачиж засуулсан. Эрээнээс УБ хот хүрэх замд машины мотор эвдэрч зогссон. Энэ машиныг авснаас хойш нийт 1200 км явсан, энэ машин нь эрээн болон бусад боомтоор гарах эрх байхгүй, эвдрэл гэмтэл маш ихтэй олон жил уурхайд яваад авах юмгүй болсон машинаа *** банк давхар зээл гарган надад өгөх болсонд би гомдолтой байна. Сүүлийн зээлээс болоод миний бие орон гэрээ алдах дээрээ тулаад байна. Иймд би автомашиныг бүрэн янзалж *** банкинд өгөх хүсэлтэй байна. *** банк намайг болон өөрсдийн хийсэн давхар зээлээ ойлгон энэ машинаа буцааж авбал өмнөх зээлээ төлөх боломж надад байна гэжээ.

Хариуцагч А.Э 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015.06.26-ны өдөр гэрээ байгуулан *** банкны Дорноговь салбараас 54000000 төгрөгийн үнэтэй Норд бенз маркийн автомашин худалдан авсан юм. *** банкнаас надад санал болгосны дагуу уг автомашиныг худалдан авсан ба уг машин нь олон жил уурхайд явсан, маш их эвдрэлтэй машин байсан. Би аваад засч янзлахын тулд 19 сая төгрөгийн зардал гаргасан. Одоо хүртэл уг машин миний нэр дээр шилжиж ирээгүй бөгөөд анх авахдаа эвдрэл гэмтэл ихтэй байсан. Машин нь Монгол Улсын аль ч зам дээр явахыг хориглосон жинтэй тул миний хувьд ашиглах боломжгүй байгаа юм. Би банк санхүүгийн мэдлэг дутмагаас болж энэ зээлийн гэрээг лизингийн гэрээ хийсэн гэж  бодож байсан ба *** банкийг нэхэмжлэл гаргахад ньуг автомашиныг зээлийн гэрээ хийж авсанаа мэдсэн болно. Энэ бүхнээс дүгнээд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул ЗГ-665 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тоооцуулж, уг хүчин төгөлдөр бус гэрээнээс үүссэн хохирол 8260000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Ч.Бэ шүүхэд гаргасан тайлбартаа:  А.Э нь манай банкнаас 2015.06.26-ны өдөр North benz автомашин 54000000 төгрөгөөр худалдан авах зориулалтаар 10 хувь болох 5400000 төгрөгийг өөрөө санхүүжүүлж, үлдэх 90 хувь болох 48600000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь 2015.04.12-ны өдөр зээл авах хүсэлт гаргасан бөгөөд зээлийн материал бүрдэж, судалгааг 2015.05.10-ны өдрөөс эхлэн хийсэн. Судалгаа хийх үед зээлдэгчийн өөрийн нэр дээрх 5376154912 тоот хугацаагүй хадгаламжийн дансанд урьдчилгаа төлбөр санхүүжүүлэх хэмжээний буюу 7,2 сая төгрөгийн үлдэгдэл байсан. Зээлийн шийдвэр *** банкны төв банкны зээлийн дэд хорооны 2015.05.26-ны өдрийн хурлаар батлагдсан. Зээл батлагдсанаас хойш барьцаа хөрөнгийн гэрчилгээ гарахтай холбоотой зээлийн гэрээ байгуулж, зээл олгох хугацаа хойшлогдож 2015.06.26-ны өдөр 48600000 төгрөгийн зээл олголтыг хийж, нийт 54000000 төгрөгийг автомашин худалдагч талын *** дансанд шилжүүлсэн. Энэхүү зээлээр ***  банкны барьцаанд 1 тус бүр нь 54000000 төгрөгөөр үнэлэгдэн барьцаалагдсан North benz маркын автомашинуудаас худалдан авсан бөгөөд худалдан борлуулж байгаа талтай тохиролцож зээлийн эцсийн шийдвэр гараагүй байхад машинаа сонгож авч, ажилдаа бэлдэж эхэлсэн байсан. Машинуудын хувьд 2011 онд үйлдвэрлэгдсэн, Монголд орж ирээд 25-35000 км явсан машинуудаас сонгон авсан.

Зээлдэгч А.Э 2013.05.17-ны өдөр 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авч сар бүр 2702400 төгрөг төлж дээрх зээлийг судлуулах үед 31988928 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлдэгчид 48600000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар олгохоо харилцан тохиролцож сар бүрийн нийт зээлийн төлбөрийг зээлдэгчид дарамт болохгүй байх үүднээс эхний 12 сард нь хөнгөлөлт үзүүлж хүү төлөх нөхцөлтэй, 13 дахь сараас буюу анхны авсан зээлийн төлбөр бүрэн дуусах үеэс нь сар бүр зээл хүүгийн төлбөрт 2250000 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Банкны зүгээс зээлдэгчид зээл авахыг тулган шаардсан зүйл байхгүй бөгөөд зээлдэгч А.Э болон ХҮГ Цнар нь эрх зүйн бүрэн чадвар чадамжтай, бие даан шийдвэр гарган Б.Өын машинаас худалдан авсан тул энэ хариу тайлбарыг хүлээн зөвшөрөхгүй. Энэхүү зээлийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бэ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.Э, Ш.Цнар нь эрх зүйн бүрэн чадвар чадамжтай, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 48600000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, Норд бенз маркын авто чирэгч, чиргүүлийн хамт худалдан авсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч А.Эын өөрийн хүсэлтээр худалдан авсан Норд бенз маркын авто чирэгч, чиргүүлийн хамт Ашид билгүүн ХХК-иар тухайн үеийн зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 55,0 саяар үнэлсэн байгаа нь банкны зүгээс зах зээлийн бодит үнэ ханшаар зарсан нь нотлогдож байна. Банкны зүгээс үйл ажиллагаа явуулахад саад учруулаагүй болно гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2013.05.17-ны өдрийн 13-363 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, А.Э, Ш.Цнараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 27973503,15 төгрөгийг гаргуулан *** банкны Дорноговь салбарт олгож, үлдэх 54946809,11 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар А.Э, Ш.Цнар шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Дорноговь аймаг, Сайншанд сум 3 дугаар баг, *** тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн 108 м2 талбай бүхий орон сууц, 35 м2 граш, улсын бүртгэлийн Г-*** дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  ЗГ-665 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээнээс учирсан хохирол 8260000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572551 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, А.Э, Ш.Цнараас улсын тэмдэгтийн хураамжид 297817 төгрөгийг гаргуулан *** банкны Дорноговь салбарт олгож, ***  банкны Дорноговь салбараас сөрөг нэхэмжлэлд 400950 төгрөгийг гаргуулан А.Э, Ш.Цнарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч ***  банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бэ давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан  шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2015.06.26-ны өдөр ЗГ-665 тоот зээлийн гэрээгээр *** банк зээлдэгч А.Э, Ш.Цнарт 48600000 төгрөгийн автомашин худалдан авах зориулалтаар зээл олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4, 6, 10-т зааснаар “...зээлээр санхүүжигдэх обьектын төлбөр тооцооны баримт, худалдан авах гэрээний хувь, эдийн засгийн тооцоо, санхүүгийн тайлан, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл” зэрэг нь тодорхойгүй байхад зээлийг олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж ЗГ-665 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон 54946809,11 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23-р зүйлд зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэрийг зохицуулж өгсөн бөгөөд энэ зүйл нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэхийг тодорхойлохгүй, харин Иргэний хуулийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1 дэх зохицуулалтууд нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох юм.  Анхан шатны шүүх ЗГ-665 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон мөртлөө үндсэн нэхэмжлэлээс 54946809,11 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, нэгэнт энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагын ЗГ-665 тоот гэрээтэй холбогдох хэсгийн шаардлагаас анх зээлүүлсэн 48600000 төгрөгийг манай банкинд гаргуулж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.  Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

*** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** банкнаас А.Э, Ш.Цнарт 2 удаа зээл олгосон байгаа. Эхний зээл дээр талууд маргаагүй учраас асуудал яригдаагүй. Харин сүүлийн зээл дээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэл болгосон байсан. 23 дугаар зүйлийг судлаад үзэх юм бол хэлцэл өөрөө хүчин төгөлдөр мөн эсэхийг 23 дугаар зүйлд өөрөө тодорхойлохгүй. Энэ нь өөрөө зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр гэсэн агуулгатай хэсэг байгаа. Хэлцлийг тодорхойлдог Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд хүсэл зоригийн илэрхийлэл, 42 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэр, мөн хуулийн 195 дугаар зүйлд гэрээ байгуулах санал, 200 дугаар зүйлд гэрээний стандарт нөхцөл гэсэн хэлцэлийг хүчин төгөлдөр эсэхийг шалгасан заалтууд байгаа. Зээлдэгч нар маань өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж саналаа тавиад үүний дагуу манай банкнаас зээлийг олгосон.  Хэрвээ анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэх юм бол ерөнхий зарчмынхаа дагуу өгсөн авсанаа гаргуулж шийдэх байсан. Гэтэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн мөртлөө анх өгсөн зээлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Зүй ёсоор нэмэгдүүлсэн хүүгээ хасаад 48600000 төгрөгөө нэг мөсөн гаргуулж өгөх ёстой байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйл гэдэг бол зээлийн хувийн хэргийн бүрдэлд тавьдаг агуулга болохоос зээлийн гэрээ хүчин төгөлдөр мөн эсэхийг шийддэг заалт биш. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан байгаа. Энэ шаардлагуудыг манай банкны зүгээс хангаж ажилласан. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч А.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг эзгүй Замын-Үүдэд явж байхад Алтанбаатар зээл чинь гарчихлаа гэж надад хэлсэн. Энэ машин урагшаа гардаггүй. Би машин тэргээ харж, үзээгүй. Надад энэ машиныг ав гээд өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар нь хариуцагч А.Э, Ш.Цнарт холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13-363 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 26381289,71 төгрөг, зээлийн хүү 2933310,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160010,91 төгрөг, нийт 29474610,92 төгрөг, 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ665 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 47789463,53 төгрөг, зээлийн хүү 5627896,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28341,10 төгрөг, нийт 53445701,34 төгрөг, бүгд 82920312,26 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ зээлийн болон барьцааны гэрээнүүдэд үндэслэсэн байна.

Хариуцагч А.Э, Ш.Цнар нь нэхэмжлэлээс 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ665 тоот зээлийн гэрээний үүрэг болох 53445701,34 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч машины лизингийн зээлээр *** банкны барьцаанд байсан машиныг худалдаж авсан ба машин эвдрэл ихтэй тул буцааж өгнө, энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохирол 8260000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч А.Э, Ш.Цнар нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийн хамт худалдан авсан гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг  хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бэ эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтанд бүрэн дүгнэлт хийж чадаагүй буюу  хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсанаас шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчдын хооронд 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдөр ачааны автомашин худалдан авах зориулалтаар 48600000 төгрөгийн,  ЗГ665 тоот зээлийн гэрээ байгуулагдан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч А.Эын 5376154912 дансанд /хх-72/ 48600000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, улмаар 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч А.Эаас машины үнэд нийт 54000000 төгрөгийг *** дугаарын дансанд шилжүүлж, мөн өдрөө *** дугаарын данснаас буюу Б.Өын данснаас 5381056292, 5381056305 данснуудад зээл төлөлт хийгдсэн тухай хэргийн үйл баримт тогтоогджээ.

            Хариуцагч 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ665 тоот зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ  зээлдүүлэгч буюу банкийг өөр зээлдэгчийн зээлийг төлүүлэхээр зорилгоор зээл олгож, доголдолтой автомашин борлуулсан гэжээ.

            Харин нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч А.Эыг банкны барьцаанд байгаа автомашиныг худалдан авах хүсэлт гаргасныг үндэслэн түүний хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон, автомашиныг өөрөө үзээд сонгож авсан тул доголдлыг хариуцахгүй гэж маргажээ.

Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад нийцсэн эсэхэд буюу зээлийн гэрээний зорилго, агуулга, зээл олгосон байдал зэрэгт үндэслэх учиртай.

            Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь  мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх бөгөөд энэ нь хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар ... тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, батлан даалттайгаар зээлдүүлэх нь банкны зээлийн гэрээний агуулгыг тодорхойлох юм.

            Энэ нь банкны байгууллага өөрийн болон хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг бусдад зээлүүлдэг тул зээлийг буцаан төлөх найдвартай нөхцөл бүрэн хангагдсан тохиолдолд зээл олгох, улмаар хадгаламж эзэмшигчдийн банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгийг алдах эрсдэлийг бий болгохгүй байх үндсэн зорилготой гэж ойлгогдоно.

            Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар нь хариуцагч А.Э, Ш.Цнарт 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээ байгуулан *** банк ХХК-аас ачааны автомашин худалдан авах зориулалтаар 48600000 төгрөгийн зээлийг олгохдоо дээрх хуульд заасан журмын дагуу олгоогүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хариуцагч нарыг ямар орлого олдог болон тэдний санхүүгийн чадварыг бүрэн дүүрэн үнэлээгүй, зээлийн хувийн хэрэгт зээлдэгчийн орлогын эх үүсвэрийг нотолсон баримт авагдаагүй, хариуцагч нарын урьд авсан 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13-363 тоот зээлийн гэрээний  эргэн төлөлт хугацаа хэтэрэлттэй байсан, мөн хариуцагч А.Этай худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүйгээс юуг үндэслэж 48600000 төгрөгийн зээл олгосон нь тодорхойгүй байх ба энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 21, 22, 23 дугаар зүйлүүдэд тус тус нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Б.Өын зээлийн барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн *** ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийн хамт хариуцагч А.Эт 54000000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх боловч худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгчийн Б.Өтай байгуулсан барьцааны гэрээний /хх106/ 5 дугаар зүйлийн 5.2-т “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор  барьцаалагч нь шилжүүлэн авсан барьцаа хөрөнгийг гэрээнд заасан үнээр захиран зарцуулна” , гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т  уг автомашиныг 21600000 төгрөгөөр үнэлсэн байхад юуг үндэслэж уг автомашиныг 54000000 төгрөгөөр үнэлж худалдсан нь тодорхойгүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэснийг болон хуулийн 163 дугаар зүйлд заасан барьцааны зүйлийг худалдах журамд нийцээгүйн гадна нэхэмжлэгчийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулахдаа гэрээ болон хуульд заасан журмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэл болох тул  нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар  болон хариуцагч А.Э нарын хооронд амаар байгуулагдсан *** ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ.

Мөн дээр дурьдсанаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар нь хариуцагч А.Э, Ш.Цнарт ачааны автомашин худалдах худалдан авах зориулалтаар 48600000 төгрөгийн зээлийг олгохдоо тухайн банкны эрсдэлд орсон өөр зээлийг төлөх зорилгоор зээлдэгч нарын санхүүгийн чадвар, орлогын байдлыг буюу зээлийн эргэн төлөгдөх нөхцлийг бүрэн дүүрэн судлаагүйгээр хуульд заасан үүрэг, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж гэрээ байгуулсан байх тул тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг мөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгох нь зүйтэй.

Энэ нь 1. Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс үүсэх үр дагавар нь хариуцагч А.Э нь *** ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийг нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарт буцаан өгөх, харин нэхэмжлэгч нь нийт 54000000 төгрөгийг хариуцагч А.Эт буцаан олгох үүрэгтэй болно.

Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар худалдах худалдах авах гэрээ нь нэхэмжлэгч *** банк болон хариуцагч А.Э нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба машины үнэ 54000000 төгрөг Б.Өын эзэмшлийн дансанд гүйлгээ хийгдэж орсон хэдий ч энэ нь худалдагч буюу нэхэмжлэгч *** банкны хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч А.Эыг үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

2. Мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс үүсэх үр дагавар нь хариуцагч нар нь нэхэмжлэгчид буюу *** банкны Дорноговь салбарт 48600000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба үүнээс төлсөн 1501107,8 төгрөгийг хасч 47098892,2 төгрөгийг хариуцагч нар төлнө.

3. Эдгээрийг хооронд нь тооцож дуусгавар болговол хариуцагч А.Э нь нэхэмжлэгчид автомашиныг буцаан өгөх, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 6901107,8 /54000000-47098892,2/ төгрөг төлөх үүрэгтэй болж байна.

4. Гэхдээ хариуцагч нар нь нэхэмжлэгчид 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13-363 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 26381289,71 төгрөг, зээлийн хүү 2933310,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160010,91 төгрөг, нийт 29474610,92 төгрөг төлөх үүрэгтэй ба мөн Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар эдгээр үүргийг хооронд нь тооцвол хариуцагч нар нь нэхэмжлэгчид 22573503,12 /29474610,92-6901107,8/ төгрөгийг төлөх үндэслэлтэй болно.

Харин хариуцагч А.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа автомашины доголдолтой холбоотой хохиролд нийт 8260000 төгрөг нэхэмжилсэн байх боловч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ч.Бийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурьдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 136/ШШ2016/00323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 453.1...” гэсний ард “238 дугаар зүйлийн 238.1“ гэж нэмж, “... 27973503,15...” гэснийг “  “22573503,12” гэж, “...54946809,11...” гэснийг “60346809,14” гэж,

3 дугаар заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.5, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар болон хариуцагч А.Э нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар болон хариуцагч А.Э, Ш.Цнарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ-665 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч А.Эаас *** ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийн хамт гаргуулан нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарт олгож, хариуцагч А.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8260000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дүгээр заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “...297817...” гэснийг “270817,5” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 432684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                  Н.БАТЧИМЭГ