Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191

 

Иргэн Ж.Цэрэнжавын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 190 дүгээр магадлалтай, Ж.Цэрэнжавын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Цэрэнжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2000-2002 онд багийн Засаг дарга, 2005-2009 онд нийгмийн халамж үйлчилгээний ажилтан, 2009-2012 онд Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн, 2012-2014 оны хооронд Хууль эрх зүй дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Гэтэл Сумын Засаг даргын Тамгын газрын орон тоо бүтцийн өөрчлөлт хийгдсэний улмаас Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/3 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн бүтцийн өөрчлөлтөд орж ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулиар төрийн алба хаах иргэдийн нөөцөд бүртгэгдсэнд тооцох ёстой бөгөөд би өөрийгөө ийнхүү нөөцөд бүртгэгдсэн гэж ойлгож байсан. Энэ ч утгаараа “байгаль хамгаалагчийн ажлын байрны орон тоо” гарахад өргөдөл өгч, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 10 сарын 31-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” Б/07 дугаар тушаалаар  “Байгаль хамгаалагч”-аар түр томилогдсон. Түүнээс хойш үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байтал Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн чиний ажлын байранд орон тоо зарлах саналыг Төрийн албаны Салбар зөвлөлд хүргүүлсэн ба 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрийн албаны шалгалт авахаар байхад 1 хоногийн өмнө буюу 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн учраас төрийн албаны шалгалтанд орж чадаагүй. Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т заасныг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагч миний эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр болсон. Иймд, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын байр чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Тэс сумын Байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдсан учир ажлын байр чөлөөлөх зайлшгүй шаардлагатай болохыг аймгийн төрийн албаны зөвлөлөөс мэдэгдсэний дагуу ажлын байр чөлөөлөх тухай Б/10 дугаар тушаал гаргасан. Уг ажлын байранд тавигдах шаардлага нөхцөлийг хангаж нөөцөд бүртгэгдсэн хүн байгаа эсэх талаар Төрийн албаны салбар зөвлөлөөс лавласан боловч танайд нөөцөд бүртгэлтэй хүн байхгүй гэсэн хариуг өгсөн учраас уг тушаалыг гаргасан” гэжээ.

Хариуцагч Тэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Буяндалай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Тэс сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн байсан Ж.Цэрэнжавыг байгаль хамгаалагчийн ажилд, байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Б.Очхишигийг Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу тус тус томилсон болно. Дээрх ажилтнуудыг томилохдоо “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтыг баримтлан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргуулж Авилгатай тэмцэх газарт хүргүүлэн уг газраас 05/8703 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн томилгоо хийсэн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Ариунтуяа, Байгаль орчны газрын дарга Б.Ганболд нартай ярилцаж санал солилцон томилгоо хийсэн. Намайг ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд эдгээр хүмүүсийг хууль бусаар томилогдсон гэж үзэж ажлаас нь халаад ажлын байрны захиалга өгч оронд нь хүн томилсон байсан” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 5 жил байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилласан. Ар гэрийн гачигдал гарч Улаанбаатар хотод амьдарч байгаад 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Тэс суманд байгаль хамгаалагчийн ажлын орон тоог улс даяар зарлаж, зарыг интернэтээс хараад шалгалтанд орж 1-д орсон. Ж.Цэрэнжавын хувьд ажил мэргэжлийн хувьд таарахгүй болоод төрийн албаны салбар зөвлөлөөс ажлаас чөлөөлсөн. Иймд Ж.Цэрэнжав байгаль хамгаалагчийн ажлыг хуулийн дагуу хийх боломжгүй юм” гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар  зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5.3 дахь заалтыг тус тус баримтлан Ж.Цэрэнжавын “Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын байр чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Тэс сумын Байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухайн” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 190 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсгийг баримтлан Ж.Цэрэнжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын байр чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Тэс сумын Байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ж.Цэрэнжав нь 2014.06.26-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажлаас чөлөөлсөн. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын дарга байсан Г.Буяндалай нь ажлаас чөлөөлсөн талаарх мэдээллээ төрийн албаны салбар зөвлөлд хандан, төрийн албаны нөөцөд бүртгүүлээгүй нь тухайн үеийн удирдлага, албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагаа юм. Г.Буяндалай дээрх алдаагаа засахын тулд Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 6-д заасан төрийн албаны тухай хуулийн шаардлага, болзол хангаагүй шаардлага хангахгүй Ж.Цэрэнжавыг байгаль хамгаалагчаар 2014.10.31-ний өдрийн Б/0 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг бүхэлд нь үндэслэн түр томилсон нь хууль зөрчсөн шийдвэр байсан. Иймд, Засаг даргын Тамгын газрын даргын 2014.12.25-ны өдрийн 38 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалт явуулах саналыг хүргүүлсэн. Учир нь, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа: хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамруулж үзнэ гэсэн байдаг. Үүний дагуу төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зарласантай холбогдуулан ажлын байрыг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар чөлөөлсөн.  Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж шалгалтанд тэнцсэн Д.Бямбасүрэнг 2015.06.16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нэр дэвшүүлснийг Засаг даргын Тамгын газрын даргын 2015.07.03-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар байгаль хамгаалагчаар томилсон Ж.Цэрэнжавыг томилохоос бусад шийдвэрүүд нь хуулийн хүрээнд зохион байгуулж гаргасан болно. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д зааснаар байгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн иргэнийг байгаль хамгаалагчаар ажиллуулж болохоор байхад Батлан Хамгаалахын Их Сургуулийн “төрийн удирдлага”, “бизнес, менежмент”-ийн ухааны бакалаврын зэрэгтэй, дээд боловсролтой нэхэмжлэгч Ж.Цэрэнжавыг байгаль хамгаалагчаар ажиллах шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2.2.3-т “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан ... төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөд бүртгэх”-ээр заасан ба ингэхдээ аймаг дахь салбар зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн тухай томилох эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийхээр мөн журмын 3.3.3-т зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, дотоод хэрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Цэрэнжавыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/3 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд энэхүү шийдвэрээ аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөлд мэдэгдээгүй, Увс аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөл дээрх журмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн бүртгэлд зохих тэмдэглэгээ хийгээгүй болох нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, томилох эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн шийдвэрээ зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ж.Цэрэнжав төрийн жинхэнэ албанд орох иргэний нөөцийн бүртгэлд тэмдэглэгдээгүй асуудалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангахгүй байхад Ж.Цэрэнжавыг байгаль хамгаалагчаар томилсон  байсныг тухайн албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзнэ” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасан шаардлагыг хангасан Ж.Цэрэнжавыг байгаль хамгаалагчаар томилсон тушаал хүчинтэй, тэрээр тухайн албан тушаалыг эрхэлж байхад “албан тушаалын сул орон тоо гарсан, нийтэд мэдээлсэн” гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015  оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх, хөдөлмөрлөх эрх зөрчигджээ.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2, 88.1.2-т заасантай нийцсэн байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай   хуулийн 41   дүгээр   зүйлийн   41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН