Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00594

 

 

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00594

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,

           Хариуцагч:“*******” ХХК-д холбогдох,

            76.000 ам доллар буюу 155.661.680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: *******,******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “*******” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 32 тоотод байрлах, 100 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалсан. Анх захиалгын гэрээ байгуулж байхад ******* нь 2008 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно гээд гэрээ байгуулсан өдөр буюу 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 38.000 ам.доллар өгөөд үлдэх төлбөр болох 38.000 ам долларыг 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгасан. Ингээд энэ байр хэл ам, хэрүүл шуугиан болж 2010 онд бүрэн ашиглалтанд орсон боловч “*******” ХХК-ийн захирал ******* нь “...Энхбаатар ахаа та надад туслаач, би танд энэ байрнаас өгөх боломжгүй байна, банкны зээлэнд таны байрыг өгөх болчихлоо, энэ хажууд баригдаж байгаа 2 дугаар ээлжийн байрнаас та авчих, тун удахгүй...” гээд удаа дараа утсаар гуйж, гэрт ирээд бас гуйгаад та надад туслаач гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл 2012 ондоо бүрэн ашиглалтанд оруулна гэсэн 2 дугаар ээлжийн орон сууц нь өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй, барилгын суурь тавьсанаас өөр юу ч хийгээгүй, тэр чигтээ зогссон. “*******” ХХК-тай холбоотой орон сууц захиалсан иргэд шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлсэн гэсэн яриа захиалагч нарын дунд гарах болсон. Ингээд захирал *******тэй уулзахаар очиход байхгүй, утсаар ярихад зугатах болсоны зэрэгцээ 2 дугаар ээлжийн барилга гэж огт байхгүй, залилан мэхэлсэн байх тул байрны үнэнд төлсөн 76.000 ам.доллараа гаргуулахаар шүүхэд хандаж байна. ******* нь булчингийн сулралтай, 2008 оны эхээр онош нь тавигдсан бөгөөд энэ хугацаанд тасралтгүй эмнэлэгт хэвтэж эмчийн хяналтанд байдаг байсан. Явж чадахгүй, жаахан явахаар булчин нь сулардаг өвчтэй хүн. Тэрээр эмчилгээ хийлгэх гэж БНСУ руу явсан. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Бээжингийн их сургуулийн эмнэлэгт шинжилгээнд хамрагдаж, хариу нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дөрвөн мөчний хүчний сулрал гэдэг өвчнөөр 2 жил өвчилж байгаа гэсэн онош тавигдсан. 2008 оны 4 дүгээр сараас хойш эмнэлгээр явсан ч 2014 оноос хойш онош нь тогтоогдож эмчилгээ хийлгэсэн. *******тэй утсаар нь байнга холбогддог байсан ямар ч байсан 2 дугаар ээлжинд ашиглалтанд орох орон сууцнаас 100 м.кв байрыг чинь өгнө, тэвчээртэй хүлээгээч гэсэн. 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн баригдаж дуусна гэсэн. Ингээд эмнэлгээр явахынхаа хажуугаар холбогдож асууж сураглаж байсан. ******* нь өөр хүмүүс хохирсон талаар зурагтаар үзээд ******* рүү утасдаад хохиролгүй болгож өг, цагдаад хандлаа гэхэд цагдаад битгий хандаач эрүүгийн хэрэг 56-57 хохирогчтой үүсчихсэн байгаа. Чи нэмээд өргөдөл гаргавал би балрах гээд байна, нэг нутгийн хүмүүс учраас туслаач би чамайг яаж ийж байгаад орон сууцтай болгоно гэж хэлсэн учраас түүнд нь итгээд цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаагүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй учраас иргэний хэрэг гээд цагаадсан. ******* нь сүүл рүүгээ утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Сая сүүлд 2015 оны 11 дүгээр сард Баянзүрх дэх хаягаар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч хаягтаа байхгүй гэсэн. Тэгээд улсын бүртгэлээс лавлагаа авахад Хан-Уул дүүргийн энэ хаяг дээр байсан. Тэгээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг татаад аваад ирсэн. Одоо яг байгаа хаяг нь Хан-Уул дүүргийн энэ хаягт *******ын хувийн байдлыг нь харгалзан хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Орон сууц захиалгаар бариулах гэрээ биелэлээ олоогүй, орон сууц баригдаагүй тул гэрээнээсээ татгалзаж, 76.000 ам доллар буюу 155.661.680 төгрөгийг “Тэмүүлэн баатар” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ын нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох, гэрээнээсээ татгалзаж, 76.000 ам доллар буюу 155.661.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“*******” ХХК болон ******* нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь барилгын ажил гүйцэтгэж, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байр, 1 дүгээр орц, 6 давхарын 32 тоот, 100 м.кв талбайтай орон сууцыг захиалагч *******т шилжүүлэх үүрэг хүлээж, ******* нь 1 м.кв-ыг 760 ам.доллараар тооцож 100 м.кв орон сууцны үнэднийт 76.000 ам.доллар 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хоёр хувааж ажил гүйцэтгэгч “*******” ХХК-д төлсөн болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ, уг гэрээний 3.4-т мөнгө тушаасан баримт дээрх тамга, дардас, мөн “*******” ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Орлогын ордерын тасалбар”-т “******* орон сууц захиалгын төлбөр 38.000 ам.доллар” гэсэн, “*******” ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Орлогын ордерын тасалбар”-т “******* орон сууц захиалгын төлбөр 38.000 ам.доллар” гэсэн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд захиалагч ******* нь ажил гүйцэтгэгч “*******” ХХК-д гэрээгээр тохирсон хөлс 76.000 ам.долларыг төлсөн ба ажил гүйцэтгэгч нь тохиролцсоны дагуу 2010 онд болон 2012 онд ажлын үр дүн болох орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөөгүй болно. Захиалагчаас ажлын үр дүнг удаа дараа шаардахад ажил гүйцэтгэгч “одоо боломжгүй байна, гэм хэрэгт шалгагдаж байгаа удахгүй өгнө, 2 дугаар ээлжийн байр ашиглалтад ороход өгнө, түр хүлээж байна уу” гэсээр өдийг хүрчээ.

 

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар захиалагчаас “ажил гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2010 онд байраа хүлээлгэж өгөөгүйд, нэмэлт хугацаа өгч 2012 онд хүлээлгэж өгөх боломж олгосон” хэдий боловч үр дүн гараагүй байх тул мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээгээ цуцлаж, “*******” ХХК-д шилжүүлсэн 76.000 ам.доллар буюу 155.661.680 төгрөгийг ******* нь шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар “*******” ХХК, ******* нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан Худалдах-худалдан авах гэрээ”-ний хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй байна.

 

Учир нь нэхэмжлэгчийн тайлбараар “уг орон сууцыг ажил гүйцэтгэгч 2010 онд хүлээлгэж өгөх байсан, дараа нь хугацаа сунгаж 2012 он болгосон, миний бие “булчингийн сулрал” гэдэг өвчний улмаас 2012 оноос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, гадаад улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн” гэсэн нь холбогдох эмчийн магадлагаа, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Ливер-Ген эмнэлгийн шинжилгээний хариу, биохимийн шинжилгээний хариу, Интермед эмнэлгийн хариу, шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт зэргээр нотлогдож байх бөгөөд мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх он, сар, өдрийн талаар тусгаагүй байсныг дурдав.

 

Шүүхээс хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******т нэхэмжлэлийн хувийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, түүний хүсэлтээр шүүх хуралдаан хойшилжээ.

 

Түүнчлэн, хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

 

“*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь *******, байгууллагын хаягийн бүртгэл нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороонд байрладаг гэжээ.

“*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрладаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/04169 дүгээр захирамжаар тогтоогдсон ба хариуцагчийн төлөөлөгч *******т “нэхэмжлэл гардуулсан баримтад дурдсан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, өнөр хороолол, 20-28 тоот гэсэн хаягаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут товлогдсон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч уг хаяганд “*******” ХХК болон ******* бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь хорооны 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “... ийм хүн байхгүй, шилжиж яваад 6 жил болж байна” гэсэн магадлагаа, тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 

Мөн тус өдрийн шүүх хуралдааны зарыг мэдэгдэхээр нэхэмжлэлд дурдсан хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 91 дүгээр байр, 32 тоот хаягаар хүргүүлснийг “Мөнхтуяа” гэж хүн гардаж авчээ.

 

Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч талд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж заасныг дурдах нь зүйтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр уг гэрээний хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, гэрээг цуцлаж, хариуцагч “*******” ХХК-иас 76.000 ам.доллар буюу 155.661.680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг баримтлан “*******” ХХК, ******* нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан Худалдах-худалдан авах гэрээ”-ний хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

 

2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан Худалдах-худалдан авах гэрээ”-г цуцлаж, хариуцагч “*******” ХХК-иас 76.000 ам.доллар буюу 155.661.680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 300.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/14191 дүгээр захирамжид дурдсаны дагуу 636.258 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч *******аас 636.258 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн ,,, тоот дансанд оруулж, хариуцагч“*******” ХХК-иас 936.258 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД