| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0204/э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 10.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 208
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч Э.Хосбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С
Хохирогчийн өмгөөлөгч Б.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Д.Батбаяр
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн 1930002490167 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ... тоотод оршин суух, /рд:......./ М.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.А нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомт дээр Н.Бтой маргалдан түүний зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хэвлийн тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед Солонгос улсад байсан. Ээж утсаар ярьж хэргийн талаар хэлсэн. Тиймээс би хэргийн талаар сайн мэдэхгүй. Хэргийн материалтай танилцсан. Хохирлоо бүрэн төлсөн тул гомдолгүй байхгүй гэв.
1930002490167 дугаар хэргээс:
Шүүгдэгч М.А мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр У бид хоёр усанд явж худаг дээр байхад талийгаач Н.Б гаалийн талбайд нүүрсээ буулгаж дуусаад худаг дээр ирээд машинд ус нэмчих гэхээр нь 20 литр ус нэмсэн. Энэ үед Б Уын машинд байсан хараа нэртэй архийг задалж ундааны саванд хийчих гэхээр нь тайрсан ундааны саваар дүүрэн хоёр удаа архинаас уучихаад яваад өгсөн. Уын хамт худаг дээрээс машин дээрээ ирж үлдсэн. Энэ үед Б, Г нар нь ачааны автомашинтай яваад хэсэг хугацааны дараа ирэхдээ гаальд ажилладаг гэх хоёр залуугийн хамт ирсэн. Ирэхдээ архи авчирсан байсан. Миний бие Бат-Ундрахын хамт машинаа янзлаад байж байсан. Ингээд архи ууж эхэлсэн... Б бид хоёр эндэхийн ажил дууслаа, хоёулаа Говьсүмбэр орж уурхайд нүүрсэнд ажиллана гэж ярьж байсан. Б нь хэрэг болохоос өмнө 2 хоног архи уусан. Энэ үедээ машинаа зам дээр орхиод архи уугаад байсан учир би машиныг нь авчирч байрлуулж байсан бөгөөд архи уусан гэдгийг нь машины эзэн нь мэдсэн байсан. Тэгээд Б чи машины эзэнд намайг архи уусан талаар хэлсэн байна гээд над руу агсраад байсан. Би бие засах үедээ машины урд гупер дээр гар утсаа тавиад буцаж ирсэн чинь миний гар утас алга байхаар нь утас руугаа залгахад дуудаж байснаа холбогдохгүй болохоор утас яасан бэ миний гар утас холбогдохгүй болчихлоо гээд тэр хавиар хайгаад байж байтал Б намайг заамдаж аваад чи намайг машины эзэн болох Дэлгэрдалайд матсан гэхээр нь би тийм зүйл байхгүй гэж хэлээд цааш түлхэж байтал Бат-Ундрах ирж салгаж намайг машиндаа ор гээд оруулсан. Ингээд би гар утсаа хайгаад байсан бөгөөд миний гар утас яасан бэ гээд машинаас бууж чанга бархирсан чинь Б нь ирээд миний баруун нүдний орчимд нэг удаа цохьтол би газар унасан. Газраас босч ирэх гэтэл дахин намайг цохихоор нь чи яагаад байгаа юм гэтэл солиороод бай гээд толгойны баруун талаас өшиглөөд газар дахин унагаасан. Ингээд миний дээр гарч толгойноос гараараа бариад газар мөргүүлээд байсан. Тэгтэл миний ам хамраас цус гараад байхаар нь би үхлээ ш дээ болилдоо гэж орилсон. Би газраар мөлхөөд гараараа түлхсэн чинь надаас холдсон бөгөөд босох гэтэл дахин намайг өшиглөөд унагасан. Би гараараа нүүрнийхээ цусыг шувтраад машинаа түшээд сууж байтал Б нь машины дорцовын иш бариад алнаа гэж хэлээд над руу дайраад орж ирэхээр нь түлхүүрийн багажны савны орчимд гараараа тэмтэрч үзтэл гарт нэг юм баригдахаар нь баруун гартаа барьж байгаад цаашаа болооч гээд нэг удаа Бын гэдэсний орчимд түлхсэн. Тухайн үед би их айж сандарч балмагдсан, уг асуудал бол хоромхон зуурын хугацаанд болж өнгөрсөн юм. Б нь дахин над руу дайрч ирээгүй. Би шууд зогсож байсан газраа нэг хэсэг сууж сүүлдээ хэвтсэн. Миний бие чичрээд нэг хэсэг ухаан балартсан байсан. Тэгж байгаад Галаа гээд бархирахад Г гарч ирээд намайг машинд түшиж оруулаад цус арчиж өгч хүйтэн жин тавьж тамхи татуулаад унтуулсан. Б нь ямар байдалтай унтсан талаар мэдэхгүй. Энэ асуудал 22 цагийн үед болсон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өглөө бостол Б нь надад хандаж ус тамхи өгчих гэхээр нь очиход гэдэс цанхайгаад байна, эндээс цус гарч байна уу үзээдэх гээд гэдсээ харуулсан чинь хүйсний нүхний зүүн талд зүсэгдсэн мэт хөндлөн зураас байхаар нь машинаасаа шархны лент авчирч наагаад сумын төв оръё гэхэд байж бай гэсэн. Ингээд Бат-Ундрах, Г нарыг явуулж сумын төв орох унаа олоод ир гэтэл Уыг олоод ирсэн. У нь ирээд сумын төв явах 2-3 хүн байгаа тэр хүмүүсээ аваад ирье гээд яваад өгсөн. Энэ хооронд нь Гаар хоол хийлгүүлж идэх гэсэн чинь би мах зажилж чадахгүй байхаар нь шөл уусан. Б бага зэрэг хоол идсэн. Машин ирэхээс нь өмнө Б нь надад хандаж цусыг шороогоор бул гэхээр нь би өөрийнхөө цусыг шороогоор булсан. Удалгүй өмнө өдөр ирсэн залуу ундаатай ирээд явсан. Харин Б нь сумын эмнэлэг рүү явах үедээ хаймар зүсч байгаад өөрийнхөө гэдэс рүү хутгаар хатгасан гэж хэлнэ чи хамт орж болохгүй чи өөрийгөө эмчил гээд эмнэлэг рүү орсон. Би утсаар Бтой ярьж байсан, нэг удаа ярьсан чинь аймгийн төвөөс эмч нар ирнэ, хагалгаа хийнэ гэж байсан. 2019 оны 05 дугаар сарын 29-ний шөнө хагалгаа хийсэн. Энэ үед би гадаа л суугаад байсан. Харин 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой нас барсан юм. Б нь эмнэлгийн тусламж аваад эдгэрнэ гэж бодож байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуудас/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Манай машин эвдэрсэн учир Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомт дээр засвар хийж 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусгасан. Би өөрийнхөө жолооддог машиныг янзалж байхад Г, Б, А нар машин дотроо архи уугаад байсан.Тэд нар дахин дэлгүүр явж архи авчирахдаа танихгүй хоёр залуугийн хамт ирсэн. А, Б, Г нар нилээд согтсон байсан. Шөнийн 22 цагийн үед би машиндаа ороод хэвтэж байтал А, Б хоёр хоорондоо хэрэлдээд дуу нь чангараад байсан. Маргахдаа юуны талаар ярьсныг сонсоогүй. Би Аыг машинд нь оруулаад тэнд байсан хүмүүсийг унтаж амар гэж хэлээд өөрийнхөө машинд ороод дахин хэвтэж байтал А, Б нар дахин хоорондоо маргалдаад хоёр биенийхээ цамцны заамнаас барьчихсан байхаар нь Аыг салгаж аваад дахин машин руу нь суулгах гэсэн чинь машиндаа суухгүй байсан. Энэ үед би Гын машины түлхүүрийг нуучихсан байсан юм. Би зодооны талаар хараагүй. Г нь надаас машины түлхүүрээ авна гээд намайг зуураад газар унаж босоод хэсэг болсон. Энэ үед А, Б нар маргаж муудсан байх. Б, А нар нь хоорондоо маргалдаад барьцалдаад байхад нь би очиж салгаад хүргэн ах Аыг унтаж амар гээд машин руу нь оруулах гэхэд Г нь А ахын цамцны араас татаад Бат-Ундрах ахаа машины түлхүүрээ авъя гээд байсан. Мөн Б нь хамт дагаад маргалдаад яваад байсан. Г нь машин руугаа явахад Б араас нь дагаад явсан. Тэгэхээр нь одоо маргалдахгүй байлгүй гэж бодоод бие засчихаад буцаад ирээд машиндаа унтах гээд хэвтэж байхад дахиад маргалдаад шуугилдаад байхаар нь буугаад очиход Г нь А ахын араас хүзүүгээр нь тэврээд татаад Б хажууд нь А ахтай маргалдаад байх шиг байсан. Тэгээд би боль маргалдаад яахав гэж салгаад хоёр тийш нь болгочихоод явах гэхэд Г нь машины түлхүүр өг гээд над руу агсараад миний дээр дарсан. Тэгтэл Б ах наад хоёроо хоёуланг нь ал гээд бархираад байсан. Г нь дорцов барьчихсан миний түлхүүр хаана байгаа юм бэ гээд над руу гүйгээд ирэхээр нь гараас нь дорцовыг шүүрч аваад өөр газар руу шидсэн. Тэгээд буцаад Г бид хоёр Б, А нарын байсан газар руу очиход Б ах тонгойчохсон ёолоод байхаар нь та яасан бэ? гэхэд гэдэс рүүгээ заагаад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь фодволкийг нь сөхөөд гэрэл тусгаад үзэхэд хүйсний зүүн талд юманд зүсэгдсэн юм шиг харагдаж байсан ба тухайн үед цус гараагүй байсан. Тухайн үед А ах бархираад байхаар нь гэрэл тусгаад харахад нүүр нь хавдсан, нил цус болсон байхаар нь цагдаа, эмнэлэг дуудъя гээд хүн хайж явж байгаад олдохгүй болохоор нь хоёр цэрэгтэй таараад хамт эргээд иртэл бүгд амарсан байхаар нь хоёр цэрэг яваад өгсөн. Өглөө босоод Б ахын бие тааруу байх шиг байсан. Мөн А ахын нүүр танигдахгүй болчихсон байхаар нь эмнэлэг яв гэж хэлээд Г бид хоёр А, Б нарт унаа олж өгөөд Эрдэнэцагаан сум руу явуулсан. Б ах эмнэлэгт хэвтэж 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нас барсныг нилээн орой дүүгээсээ мэдсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 183 хуудас/
Гэрч Б.М мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “А, Галаа, Б бид дөрөв архи хувааж уусан. Нийтдээ 2-3 шил архи ууцгаасан. Архи уусаар байтал гадаа харанхуй болсон. Миний хувьд согтолт бага байсан. Машинаас хүмүүс бууж суугаад гарч бие засаад байсан бөгөөд А, Б нар машинаас буугаад буцаад Б нь орж ирэхдээ гэдэсний орчимд зүсэгдсэн шарх байсан. Тухайн үед Б богинохон фодвалк өмсчихсөн байсан бөгөөд А намайг хутгалчихлаа гэсээр орж ирсэн. Би шархыг нь харсан чинь хүйсний нүхний орчимд байсан бөгөөд би асаагуурын гэрэл тусгаж харсан чинь хөндлөн зүсэгдсэн гэмээр шарх байсан. Цус гарч байгаа зүйл ажиглагдаагүй. Удалгүй би яваад өгсөн. Маргааш өглөө нь би Б ах руу утсаар ярьж бие чинь гайгүй юу гэхэд зүгээрээ гэсэн бөгөөд би дэлгүүрээс ундаа аваад урьд өдөр байсан газар нь очиход Б нь зүгээр сууж байсан, харин А ахын нүүр нь хөх няц болчихсон зодуулсан байдалтай байсан” гэх /хх-ийн 29 хуудас/
Гэрч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бид машинаа элбэж зассан бөгөөд миний машинд архи ууцгаасан. Миний машинаас буух шинжгүй байхаар нь би Содмонгол нэртэй шатахуун түгээх станц руу явж түлш нэмж аваад за одоо дүү нь явлаа та нар буу гээд буулгасан чинь М ах ирээд миний машины түлхүүрийг аваад нуучихсан. Учир нь шатахуун түгээх станцаас машин дээр буцаж ирэх үед Б ах миний машиныг жолоодож ирсэн бөгөөд энэ үедээ их хурдтай ирсэн юм. Тэгтэл М нь согтуу машин жолоодлоо гээд түлхүүр авч нуусан байх. Энэ үед гадаа харанхуй болж байсан. Би машинаас бууж Маас машиныхаа түлхүүрийг авах гэж гуйж, сүүлдээ уурлаж байгаад авсан. Ингээд машинаа асаах гэхэд машин асахгүй болохоор нь машиныхаа кабинд унтсан. Намайг машиндаа унтаж байхад Б ах орж ирээд А намайг хутгалчихлаа гэхээр нь кабины гэрэл асаагаад харсан чинь хүйсний нүхний зүүн талд нь хөндлөн зураастай шархтай болчихсон, ямар нэгэн цус гараагүй байсан. Эмнэлэг, цагдаа дуудах уу гэсэн чинь гайгүй байна, ах нь унтаж амарлаа гэхээр нь машинаас буулгаж өөрийнх нь машинд суулгаж өгсөн. Буцаад машиндаа байж байтал А ах уйлаад Боо, Галаа, Ундраа гэх мэтээр бархираад байхаар нь би машинаасаа бууж очоод юу болсон талаар асуухад Б ах чинь зүгээр үү гэсэн. Би та машиндаа унтаж амар гээд машинд нь оруулсан чинь Аын хамараас нь цус гараад байхаар нь арчуулсан. Аын бие нь чичрээд байхаар нь архи уухаар чинь ийм зүйл болно шүү дээ гэж хэлээд тамхи асааж өгч өөрийнхөө тамхийг үлдээсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/
Гэрч Г.М мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим Н.Б нь нэг эрэгтэй хүнээр түшүүлсэн байдалтай дотуур их өвдөлттэй байна гээд ирсэн. Би эмч Оюунсувдыг дуудаад юунаас болж ийм шархтай болсон талаар асуухад хутгаар хаймар зүсч байгаад халитарч гэдэс рүүгээ дүрчихлээ гэсэн. Анх үзэхэд цус гарсан зүйл байхгүй боолт хийчихсэн байсан бөгөөд тэр даруйдаа эмч нар ирж хагалгаа хийх шаардлага гарсан. Тэгээд шархыг цэвэрлэсэн эмч нар үзээд дотуур цус алдалттай байна гээд тухайн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний орой хагалгаан хийсэн биеийн байдал нь хүнд учир 05 дугаар сарын 31-ний үүрээр 04 цагийн үед гэрийнхэн нь ирж уулзсан ба тухайн үед биеийн байдал гайгүй байсан. Тэгээд би тэр өдрийнхөө 10 цагийн үед буугаад ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 182 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтэнд: “1. Талийгаач Н.Бын цогцост хэвлийн зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн хэвлийн хөндийг нэвтэрсэн шарх: нарийн гэдэс, чацархайн хатгагдсан шарх, чацархайн судас гэмтэл, цус алдалт 3 литр, чацархайн уг орчмын түвшинд гол судасны өмнөд ханын серозон бүрхүүлийн урагдал, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, зүүн мөр, зүүн шууны дотор тал, зүүн долоовор хурууны 3-р үений гадна хэсэг, баруун гарын эрхий хурууны 2-р үений гадна хэсэг, зүүн өвдөг, зүүн шилбэний урд дунд хэсэг, хэвлийн өмнөд ханын зулгаралтууд бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэвлийг гэмтээсэн хатгаж зүсэгч багажийн ажлын хэсгийн өргөн 3 см-ээс дээшгүй, ажлын хэсгийн уртыг тогтоох боломжгүй, хатгалтын чиглэл урдаас хойш чиглэлтэй байна. 3. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ. 4. Хүйсний зүүн хэсэгт хэвлий рүү нэвт хатгагдсан шарх, нарийн гэдэс, цацархайн гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл, бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс цоорлын шалтгаант хэвлийн гялтангийн түгэмд гялтантасын улмаас нас баржээ. 6. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 8. Цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ. 9. Гэмтлүүд хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39-41 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 344 дугаартай “1. М.Аын биед баруун талын дээд эрүүний дээд доод, хажуу болон дотор ханын хугарал, баруун талын ухархайн ясны дээд ханын цууралт, толгойн оройн хуйх, зүүн чамархайн хуйханд өнгөц хатгагдсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт, баруун шанаанд, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн гарын алгасан ар хэсэгт эрхий хурууны харалдаа зулгаралт, баруун хацар шанаа нэлэнхүйдээ, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимд цус хураа, нүдний эргэн тойронд цус хуралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний хөдлөл гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн. 3. Баруун талын дээд эрүүний дээд доод, хажуу болон дотор ханын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун талын ухархайн ясны дээд ханын цууралт, толгойн оройн хуйх, зүүн чамархайн хуйханд өнгөц хатгагдсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт, баруун шанаанд, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн гарын алгасан ар хэсэгт эрхий хурууны харалдаа зулгаралт, баруун хацар шанаа нэлэнхүйдээ, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимд цус хураа, нүдний эргэн тойронд цус хуралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний хөдлөл гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 82 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 344 дугаартай “1. М.Аын биед нэмэлтээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдсэн. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 187 хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 хуудас/
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-45 хуудас/
Н.Бын өвчний түүх, шинжилгээ /хх-ийн 47-67, 96 хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69 хуудас/
М.Аын өвчний түүх /хх-ийн 71-81 хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт /хх-ийн 88-91 хуудас/
Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн засаг даргын 849 дугаартай тодорхойлолт /хх-ийн 134 хуудас/
Шүүгдэгч М.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 135 хуудас/
Шүүгдэгч М.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 хуудас/
Н.Бын 0110 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-ийн 139 хуудас/
Хохирлын баримтууд /хх-ийн 140-169 хуудас/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 175-176, 208- хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Аод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Аод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.А нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомт дээр хохирогч Н.Бтой маргалдан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хэвлийн тус газар нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б, Б.М, Б.Г, Г.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 41, 2019 оны 06 дугаар сарын 08 болон 09 дүгээр сарын 04-ний өдрийн 344 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Аын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний амьд явах эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Хохирогч Н.Бын зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч М.Аын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан болох нь гэрч Б.Бын “... маргалдаад шуугилдаад байхаар нь буугаад очиход Г нь А ахын араас хүзүүгээр нь тэврээд татаад Б хажууд нь А ахтай маргалдаад байх шиг байсан... Тэгтэл Б ах наад хоёроо хоёуланг нь ал гээд бархираад байсан... Тухайн үед А ах бархираад байхаар нь гэрэл тусгаад харахад нүүр нь хавдсан, нил цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 183 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 344 дугаартай “1. М.Аын биед баруун талын дээд эрүүний дээд доод, хажуу болон дотор ханын хугарал, баруун талын ухархайн ясны дээд ханын цууралт, толгойн оройн хуйх, зүүн чамархайн хуйханд өнгөц хатгагдсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт, баруун шанаанд, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн гарын алгасан ар хэсэгт эрхий хурууны харалдаа зулгаралт, баруун хацар шанаа нэлэнхүйдээ, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимд цус хураа, нүдний эргэн тойронд цус хуралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний хөдлөл гэмтлүүд тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 82 хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 344 дугаартай “1. М.Аын биед нэмэлтээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 187 хуудас/-үүдээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Аын хүний амьд явах эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Батбаяр, Х.Эрдэнэбаатар нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сд 8 500 000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул М.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэх болон албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой. Тиймээс заавал хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, хохирогчийн өмгөөлөгч Б.Г нараас шүүгдэгч М.Аод тэнсэн хянан харгалзахад татгалзах зүйлгүй гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Прокуророос М.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч М.Аыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Аод ял шийтгэл оногдуулахад тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч М.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн JULONG GR-V гэсэн бичигтэй засварын дорцов, STAINLESS STEEL гэсэн бичигтэй хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Аыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч М.Аод тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Аод мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аод авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн JULONG GR-V гэсэн бичигтэй засварын дорцов, STAINLESS STEEL гэсэн бичигтэй хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА