Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 212

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Эт холбогдох 1930000000257 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Уулбаян сумын 4 дүгээр баг Д гэх газарт оршин суух, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих, Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сард эдлээгүй үлдсэн 7 сар 12 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, РД:..., Б.Э.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5-р багийн нутаг Б гэх газраас тус сумын иргэн Ш.Эийн 1 бярууг хулгайлж 600,0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                             
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөнгөний хэрэг гараад хүнээс мөнгө авсан байсан юм. Мөнгөнийхөө оронд бяруу өгсөн. Тэр бяруу нь хүний бяруу байсан. Энэ бяруу манай үхэрт ирж нийлээд нэлээн хэд хоносон юм. Манай хамаатан нэг бяруугаа алдсан харж байгаарай гэж надад захисан. Энэ бярууны эзэн нь олдохгүй байхаар нь би тэр бярууг байна гэж бодоод алга болчих гээд байхаар нь хүнд өгчихсөн.Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бярууны өрийг төлсөн.Би мөнгөний хэрэг гараад хүнээс мөнгө авсан байсан юм. Мөнгөнийхөө оронд бяруу өгсөн. Тэр бяруу нь хүний бяруу байсан. Би хулгай хийсэнээ хүлээн зөвшөөрч байна. Бярууны өрийг төлсөн.Дахин хулгай хийхгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

- Хохирогч Ш.Эийн: 2019 оны 05 дугаар сарын сүүлээр 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас өөрийн үхрээсээ баруун чих гол цуулбар имтэй охин хар бяруу алдсан юм. Тэгтэл уг бяруу нь 2019 оны 09 сарын эхээр тус суманд мал авч байгаа Э гэдэг хүний худалдаж авсан үхэрт байна. Тэгээд Эөөс энэ бярууг хэн өгсөн талаар асуутал манай сумын иргэн Б.Э гэх залуу уг бярууг мөнгөнд өгсөн байсан. Би хараад зүс болон имээр нь хараад таньж байна. Тухайн үед бяруу 600.000 мянга хүрч байсан тул тэр үеийн ханшаар үнэлнэ. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Эаас өөрийн бярууны орон бярууг аваад 10 сарын эхээр Улаанбаатар хотод аваачиж борлуулсан...гэх мэдүүлэг /хх-5-6, 8/

- Гэрч М.Гын: 2019 оны 05 дугаар сарын үеэр манай сумын гаралтай С.Г гэдэг хүн намайг хамт явж мал цуглаагаад өгөөч, би өөрөө газар мэдэхгүй тул заагаад өгөөч гэсэн. Би Гын хамт 2 өдөр мал цуглааж явсан. С.Гын өөрийнх нь цэнхэр өнгийн Портер маркийн машинтай бид хоёр хамт яваад Б.Эын гэдэг айлыг нүүдэл хийж байх үеэр нь очсон юм. Тэгээд Г нь Б.Эаас манай ах Эөөс бярууны мөнгө авсан байна, тэр бярууг авах талаар ирснээ хэлэхэд Б.Э нь гэрийнхээ урд талд байх хашааны хүрээнд байсан 10 гаруй үхэр дотроос хар зүсмийн охин бяруу барьж өгч байсан. Бид хоёр тэр бярууг ачаад явсан. Чухам ямар имтэй байсныг анзаараагүй... гэх мэдүүлэг /хх-7х/

- Гэрч О.Дгийн: Би Эрдэнэбаатараар 2012 оноос хойш малаа харуулж байна. Надад эр, охин хоёр хар зүсмийн бяруу байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын үед эр хар зүсмийн бяруу алга болсон гэж байсан. Харин охин хар бярууг 2019 оны 04 дүгээр сарын үед алга боллоо гэж байсан. Би өөрийнхөө малаас зарахдаа утсаар хэлдэг байсан. 2019 оны 06 дугаар сард миний хоёр хар бярууг алга болсон гэж байсан тул алга болсон бярууг зар гэж хэлэх боломжгүй юм...гэх мэдүүлэг /хх-9х/

- Гэрч Ц.Эийн: Б.Э нь 2019 оны 03 сарын үед надтай уулзаад мөнгөний хэрэг гараад байна, нэг бярууны мөнгө өгөөч гэхээр нь би тухайн үеийн бярууны ханш болох 250.000 төгрөг Б.Эд бэлнээр өгсөн юм. Тэгээд 2019 оны 05 сарын үед мөнгө тараасан бяруунуудаа цуглаасан бөгөөд 06 сарын үед би Б.Эаас бяруугаа авуулахаар С.Г гэх өөрийн хамаатны хүүхдийг машинтай явуулсан юм.Тэгтэл Б.Э нь надаас авсан мөнгөний оронд баруун чих цуулбар, зүүн чих имгүй хар зүсмийн охин бяруу өгч явуулсан байсан. Б.Эын надад мөнгөний оронд өгсөн хар зүсмийн баруун чих цуулбар, зүүн чих имгүй охин хар бяруу одоо миний худалдаж авсан үхэр дотор байгаа...гэх мэдүүлэг /хх-10х/

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ: охин тарган бяруу 600.000 төгрөг /хх-2х/

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Засаг даргын 94 дугаартай тодорхойлолт /хх- 23х/

-  Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-24х/

- Шүүгдэгч Б.Эын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-25х/

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-26х/

- Шүүгдэгч Б.Эын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /хх-27-28х/

- Шүүгдэгч Б.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-34х/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-64х/

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-68х/

- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-75-76х/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-77-91х/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-69-70х/

- Шүүгдэгч Б.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-92х/

- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/27 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-93х/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай санал /хх-94х/ зэрэг баримтууд болно.


    Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газраас тус сумын иргэн Ш.Эийн баруун чих цуулбар, зүүн чих имгүй охин хар бярууг хулгайлж 600,0000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Эын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.Э, гэрч М.Га, Д.Н, О.Д, Ц.Э нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын сүүлээр хохирогч Ш.Эийн 1 бярууг бэлчээрээс нь нууцаар, хууль бусаар авч бусдад төлөх өрөндөө өгсөн үйл баримт тогтоогдох ба энэ нь хохирогч Ш.Эийн “ 2019 оны 05 дугаар сарын сүүлээр 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас өөрийн үхрээсээ баруун чих гол цуулбар имтэй охин хар бяруу алдсан юм. Уг бяруу нь 2019 оны 09 сарын эхээр тус суманд мал авч байгаа Э гэдэг хүний худалдаж авсан үхэрт байсан. Эөөс энэ бярууг хэн өгсөн талаар асуутал манай сумын иргэн Б.Э гэх залуу уг бярууг мөнгөнд өгсөн гэсэн” гэх,
шүүгдэгч Б.Эын “Би мөнгөний хэрэг гараад хүнээс мөнгө авсан байсан юм. Мөнгөнийхөө оронд бяруу өгсөн. Тэр бяруу нь хүний бяруу байсан. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. “ гэх,
гэрч М.Гын “ 2019 оны 05 дугаар сарын үеэр манай сумын гаралтай С.Г гэдэг хүнтэй өөрийнх нь цэнхэр өнгийн Портер маркийн машинтай Б.Эын гэдэг айлд очсон. Г нь Б.Эаас манай ах Эөөс бярууны мөнгө авсан байна тэр бярууг авах талаар ирснээ хэлэхэд Б.Э нь гэрийнх нь урд талд байх хашааны хүрээнд байсан 10 гаруй үхрээс хар зүсмийн охин бяруу барьж өгч байсан. Чухам ямар имтэй байсныг анзаараагүй... гэх,
гэрч Ц.Эийн “ Б.Э нь 2019 оны 03 сарын үед надтай уулзаад мөнгөний хэрэг гараад байна, нэг бярууны мөнгө өгөөч гэхээр нь би тухайн үеийн бярууны ханш болох 250.000 төгрөг Б.Эд бэлнээр нь өгсөн юм. 2019 оны 05 сарын үед Б.Эаас бяруугаа авуулахаар С.Г гэх өөрийн хамаатны хүүхдийг машинтай явуулсан. Б.Э нь надаас авсан мөнгөний оронд баруун чих цуулбар, зүүн чих имгүй хар зүсмийн охин бяруу өгч явуулсан байсан. Б.Эын өгсөн бяруу нь хар зүсмийн баруун чих цуулбар, зүүн чих имгүй охин бяруу” гэх мэдүүлгүүд зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.
        
    Шүүгдэгч Б.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Б.Э нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын өмчлөх эрхэд халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг нэг бярууг хулгайлж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

    Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Эд учирсан 600.000 төгрөгийн хохиролд Б.Э нь орон бярууг өгч хохирлыг барагдуулсан бөгөөд  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

    Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Эын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Эт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
               
    Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч  Б.Эыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд ялтан Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    5. Ялтан Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН