| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2016/05264/И |
| Дугаар | 00646 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00646
| 2016 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00646 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Н ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 100.399.328 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээнээс учирсан хохиролд 86.388.773 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК болон “*******“ ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барих ажилд барилгын шороон далангийн ажлыг 540.117.906 төгрөгийн үнийн дүнгээр 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх гэрээ, мөн 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам барих ажилд барилгын шороон далангийн пикетүүдийн ажлыг 109.251.224 төгрөгийн үнийн дүнгээр 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Тус хоёр гэрээт ажлын нийт үнэ нь 649.369.130 төгрөг болсон бөгөөд захиалагч тал нь гүйцэтгэлийн нийт үнийн дүнгээс 69.546.828 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд тооцоо нийлсэн акт байгуулснаас хойш гүйцэтгэгч талд шилжүүлээгүй үлдэгдэлтэй байгаа болно. Үүнд гэрээт ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 10.271.773 төгрөг, гэрээт ажлын барьцаа болох 32.247.055 төгрөг, карьерийн нөхөн сэргээлтийн 27.028.000 төгрөг орж байгаа. Гүйцэтгэгч тал нь тус 2 гэрээний гэрээт нийт ажлыг захиалагч талд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд авто замын далангийн дүүргэлтийн ажилд байрлах карьеруудын нөхөн сэргээлтийг 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Байгаль орчин хариуцсан улсын байцаагчид карьер хүлээлцсэн №4 актаар хүлээлгэн өгч, хувийг захиалагч талд хүргүүлсэн. Захиалагч нь сүүлийн тооцоо нийлсэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш дээрх хоёр гэрээний үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч талд шилжүүлээгүй бөгөөд гүйцэтгэгч “*******” ХК нь захиалагч “Нэйшлдевелопер” ХХК-д удаа дараа нэхэмжлэх хүргүүлэн шаардсан боловч одоог хүртэл 69.546.828 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчиж гүйцэтгэгч талыг хохироож байна. Иймд тус 69.546.828 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх хоёр ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 27 дугаар зүйлд заасны дагуу алдангийн хэмжээ хоногт гэрээний үнийн 0.01 хувь байна гэж тохиролцсон. Тооцоо нийлсэний дараах 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 475 хоногийн хугацаанд хоногт 64.640 төгрөгийн алданги тооцоход нийт 30.846.500 төгрөг болж байна. Тиймээс гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр, алданги болох нийт 100.399.328 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажлыг ЭТЗ 2011/04/125 тоот гэрээ байгуулан ажилласан ба уг барилгын ажлыг гүйцэтгэхдээ гэрээний дагуу хэд хэдэн компаниудтай гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Туслан гүйцэтгэгч компаниудад гэрээний дагуу санхүүжилтийг хийн ажилласан. “*******” ХК-иас бусад туслах компаниуд нь гэрээний үүргээ биелүүлэн ажилласан. Харин “*******” ХК нь Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй. Бид “*******” ХК-иар Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 50 км замын ПК6+000-ПК12+000 хэсгийн далангийн ажлыг гүйцэтгүүлсэн. Уг далангийн ажлын зарим хэсгийг техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгээгүй болох нь чанарын баталгаат хугацаат илэрсэн байна. Энэ нь хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон буталсан чулуун суурийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд далан цөмрөх, бамбалзуур үүсэх зэргээр илэрч байсан тул бид гэрээний дагуу далангийн ажлыг чанар стандарт, техникийн шаардлагын дагуу засварлахыг удаа дараа шаардсан. Гэвч “*******” ХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул бид өөрсдийн хөрөнгөөр далангийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг ажлын зардалд нийт 128.907.601 төгрөгийн засварын зардал гарсан. Мөн “*******” ХК-ийн ашиглаж байсан карьерийн материалд шинжилгээ хийж хяналтаар баталгаажуулсан. Гэтэл эвдэрч байсан далангаас дээж авч материалыг шинжлэн үзэхэд танай компани нь зөвшөөрөгдсөн карьерийн материалыг ашиглалгүй харин техникийн шаардлагад нийцээгүй материалыг даланд ашигласан нь тогтоогдсон. 2014 онд бид зам барилгын ажлын байдлыг шалгаж үзэхэд “*******” ХК-ийн гүйцэтгэсэн далангийн дахин засварлаагүй хэсгүүд дээр мөн л суулт өгч хучилт их хэмжээгээр эвдэрсэн байсан. Энэ нь манай компанийн ажилд ихээхэн сөргөөр нөлөөлж хүндрэл учруулсан. Суулт өгч эвдэрсэн хэсгийг засварлах, давхарлан хучилт хийх зэргээр компанийн санхүүд ихээхэн хохирол учруулсан. Мөн дээрхи эвдрэл, суултаас шалтгаалан Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 50 км авто замыг улсын комисс хугацаандаа хүлээн аваагүй болно. Мөн “*******” ХК нь 2012 онд ашигласан карьераа манайд хүлээлгэн өгөөгүй. Тухайн үед зөвхөн сумын байгаль орчин хариуцсан байцаагчид хүлээлгэн өгсөн гэж байсан ч тус карьерийг Аймгийн байгаль орчны алба, Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд хүлээж аваагүй. Энэ дагуу танайд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №07/09/03 тоот албан бичиг хүргүүлсэн боловч танай зүгээс арга хэмжээ авалгүй удсан учир бид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн сэргээлтийг манай компани хийж “*******” ХК-ийн зардлаас хассан. Иймээс манай компанийн зүгээс “*******” ХК-ийн нэхэмжилж байгаа баталгаат засварын барьцаа болон карьерийн нөхөн төлбөрийг өгөх боломжгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Эрдэнэт суврага” ХК нь манай компанитай 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болон 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-нүүд байгуулан авто зам барих ажилд 6-12 болон 41-45 км-т шороон далангийн, хөрс хуулах зөөх ажлуудыг “Эрдэнэт суврага” ХК-иар гүйцэтгүүлэхээр болсон. “Эрдэнэт суврага” ХК нь 6-12 дахь км-ийн далангийн ажлын зарим хэсгийг техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгээгүй болох нь гэрээний тусгай нөхцөлийн 22-т заасан чанарын баталгаат хугацааны дотор тогтоогдсон. Энэ нь хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон буталсан чулуун суурийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд далан цөмрөх, бамбалзуур үүсэх зэргээр илэрч байсан тул бид гэрээний ерөнхий нөхцөлийн 33-д заасны дагуу өөрсдийн хөрөнгөөр далангийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг ажлын зардалд нийт 128.907.601 төгрөгийн засварын зардал гарсан. “Эрдэнэт суврага” ХК-ийн ашиглаж байсан карьерийн материалд шинжилгээ хийж хяналтаар баталгаажуулсан. Гэтэл эвдэрч байсан далангаас дээж авч материалыг шинжлэн үзэхэд зөвшөөрөгдсөн карьерийн материалыг ашиглалгүй харин техникийн шаардлагад нийцээгүй материалыг даланд ашигласан нь тогтоогдсон. Мөн “Эрдэнэт суврага” ХК нь 2012 онд ашигласан заримт карьераа манайд хүлээлгэн өгөөгүй билээ. Тухайн үед зөвхөн сумын байгаль орчин хариуцсан байцаагчид хүлээлгэн өгсөн гэж байсан ч тус карьерийг Аймгийн байгаль орчны алба, Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд хүлээж аваагүй. Энэ дагуу 2012 онд ашигласан карьераа манайд хүлээлгэн өгөөгүй билээ. Тухайн үед зөвхөн сумын байгаль орчин хариуцсан байцаагчид хүлээлгэн өгсөн гэж байсан ч тус карьерийг Аймгийн байгаль орчны алба, Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд хүлээж аваагүй. Энэ дагуу “Эрдэнэт суврага” ХК-д 2013 оны 6 дугаар сараас эхлэн мэдэгдсэн ба 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №07/09/03 тоот албан бичиг хүргүүлсэн боловч “Эрдэнэт суврага” ХК-ийн зүгээс арга хэмжээ авалгүй удсан учир бид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр нөхөн сэргээлтийг өөрсдөө хийж “Эрдэнэт суврага” ХК-ийн зардлаас хассан. 2013 онд бид зам барилгын ажлын байдлыг шалгаж үзэхэд “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэсэн далангийн хэсгүүд дээр суулт өгч далан их хэмжээгээр эвдэрсэн байна. Энэ нь манай компанийн ажилд сөргөөр нөлөөлж ихээхэн хүндрэл учруулсан. Гэсэн хэдий ч бид гэрээний үүргээ биелүүлж Монгол Улсын Засгийн Газрын бодлогын хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох ажлын хамгийн эхнийх болох Баянхонгор аймгийг нийслэл хоттой холбосон замыг барьж 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн. Иймд манай компани нь “Эрдэнэт суврага” ХК-ийн гүйцэтгэсэн ажлыг дахин хийж гүйцэтгэсэн нийт 128.907.601 төгрөгийн засварын зардал гарсан ба уг зардлаас “Эрдэнэт суврага” ХК-ийн баталгаат засварын барьцаа 32.247.055 төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл 10.271.773 төгрөгийг хасаж нэмэлт ажлын зөрүү төлбөр болох 86.388.773 төгрөгийг “Эрдэнэт суврага” ХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл бол хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон огтолцсон шулуун суурийн ажил гүйцэтгэж байх үед далан цөмрөх, бамбалзуур үүсэх зэргээр илэрч байсан тул өөрсдийн хөрөнгөөр засварын ажлыг хийж 128.907.601 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарласан. Хэргийн материалд 128.907.601 төгрөгийн зардал гарсан гэх бодит тооцоо, санхүүгийн баримт байхгүй бөгөөд тус ажлыг хэнээр гүйцэтгүүлсэн, цалин ажлын хөлс, бусад зардал гүйцэтгэлийг хэрхэн, яаж төлбөр хийсэн гэсэн нэгэн баримт огт байхгүй. Мөн хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил гэсэн тооцоо дээр нь санхүүгийн ямар баримт байхгүй хамгийн доод хэсэгт нь хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил болон огтолцсон суурийн чулууны ажлыг өөрсдөө хийж байгаа мэтээр маргасан мөртлөө 128 сая төгрөгийн ажилд өөрсдийнх нь хийж гүйцэтгэх ёстой байсан ажлаа оруулсан. Уг ажлыг манай компани гэрээний дагуу хийж гүйцэтгэдэггүй. Өөрсдөө энэ төсвийг бичээд ирсэн нь хэргийн материалаас харагдаж байгаа. Анх бид “Эрдэнэт суварга” ХХК-ийн ашиглаж байсан карьерийн материалд шинжилгээ хийж, хяналтаар баталгаажуулсан. Эвдэрч байсан далангаас дээж авч, материалыг шинжлэн зөвшөөрөгдсөн карьерийн материалыг ашиглахгүй, харин техникийн шаардлагад нийцээгүй материал даланд ашигласныг тогтоосон гэсэн байна. Манай компани зөвшөөрдөгдөөгүй техникийн материалыг дураар ашиглан гүйцэтгэх ямар ч боломжгүй. Учир нь гэрээт ажлын талбайд “Нэйшнл девелопер” ХХК-ийн төслийн удирдагч, материалын чанарын инженер, талбайн болон геодизийн инженер, лабораторийн техникч, төслийн нарийн бичгийн дарга бүгд байдаг. Мөн тус гэрээт ажлыг гүйцэтгэхэд чанар шалгах ба материалыг хянаж байдаг зөвлөх хяналтын үйлчилгээний “Мон-Ази” гэдэг компанийн замын болон материалын инженер бүгд байсан. Тухайн үедээ карьерийн материалаас өдөр тутам дээж авч шинжилгээ хийгээд одоо хийж эндээс авч болох юм байна зөвшөөрөл өгсний үндсэн дээр манайх зөөсөн. Мөн техникийн шаардлагад нийцээгүй материалыг даланд ашигласан нь тогтоогдсон гэж маргах боловч техникийн шаардлагад нийцээгүйг тогтоосон баримт хэргийн материалд байхгүй. “Эрдэнэт суварга” ХХК-ийн баталгаат засварын барьцаа 32.247.055 төгрөг болон гэрээт ажлын үлдэгдэл 10.000.000 төгрөгийг хасаж нэмэлт ажлын зөрүү 86.388.773 төгрөгийг “Эрдэнэт суварга” ХХК-иас гаргуулж өгнө үү гэж байна. “Эрдэнэт суварга” болон “Нэйшнл девелопер” ХХК-тай 2012, 2013, 2014 онуудын төлбөр тооцоог нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлсэн. Тухайлбал 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн харилцан тооцоо нийлсэн актаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны тооцоог нягтлан үзэхэд 48.271.773 төгрөгийг “Нэйшнл девелопер” ХХК нь “Эрдэнэт сурварга” ХХК-д төлөх үлдэгдэлтэй болсон ба энэхүү тооцоонд оруулаагүй авч үлдсэн карьерийн нөхөн сэргээлийн 27.028.000 төгрөгийн нөхөн сэргээлт хийж байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсний дараа өгнө гээд суутган авсан бөгөөд энэ мөнгийг одоо болтол өгөөгүй байна. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тооцоог нягтлан үзэхэд 2012 оны гэрээт ажлын барьцаа 32 сая төгрөг, ажлын үлдэгдэл 10 сая төгрөг нийт 42.518.810 төгрөгийг “Нэйшнл девелопер” ХХК нь манайд өгөхөөр гарсан. Мөн талууд 2015 оны эхээр тооцоо нийлэхэд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд “Нэйшнл девелопер” ХХК нь нийт 42.518.828,29 төгрөгийг “Эрдэнэт суварга” ХХК-д төлөх үлдэгдэлтэй болох нь харилцан баталсан. Гэтэл “Нэйшнл девелопер” ХХК нь үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулаад худал алдаатай, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хэвлэж хийсэн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн. Энэхүү тайланд дурдснаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр далангийн засварын ажил 42 сая төгрөгийг хасаад 86.388.773 төгрөгийг “Эрдэнэт суварга” ХХК-иас авах авлагатай гэсэн. Энэхүү баримт нь худал болох нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлээр нийлж 42.518.818 төгрөг, хэрэв манай компани ийм үлдэгдэлтэй байсан бол харилцан тооцоо нийлж үзэхэд 42.518.828,29 төгрөгийг “Эрдэнэт суварга” ХХК-д төлөх үлдэгдэлтэйг харилцан баталсаныг нотолж байгаа. Хэрвээ манай компани 2013 онд ийм үлдэгдэлтэй байсан бол 2014 онд харилцан санхүүгийн тооцоо нийлж манайх 42 сая төгрөгийн авлагатай гэж батлахгүй байсан. Иймээс энэ баримт нь худал болох нь тодорхой байна. Манай компани 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ашиглаж байсан карьерийнхаа нөхөн сэргээлтийг бүрэн хийж Өвөрхангай аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч, байцаагч хүлээн авсныгаа “Нэйшнл девелопер” ХХК-д хүргүүлсэн. Эдний талаас хамтарсан гурван компани хүлээж авах ёстой гэж тайбарлаж байна. Ингэж хүлээж авах ёстой гэсэн баримт хэргийн материалд байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 100.399.328 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, гэрээнээс учирсан хохиролд 86.388.773 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. “*******” ХК, “*******” ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-ээр туслан гүйцэтгэгч “*******” ХК нь Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын хатуу хучилттай авто замын барилгын шороон далангийн ажлыг 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотор хийж дуусган ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэж өгөх, ерөнхий гүйцэтгэгч “*******” ХХК нь уг ажлын /2-р хэсэг болох 6-12 дахь километр/-ын хөлсөнд 540.117.906 төгрөг төлөхөөр үүрэг хүлээжээ.
2. “*******” ХХК, “*******” ХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-ээр туслан гүйцэтгэгч “*******” ХК нь Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын хатуу хучилттай авто замын барилгын шороон далангийн ажлыг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор хийж дуусган ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэж өгөх, ерөнхий гүйцэтгэгч “*******” ХХК нь уг ажлын /хавсралтад тусгасан пикетүүд/-ийн ажлын хөлсөнд 109.251.223 төгрөг төлөхөөр үүрэг хүлээжээ.
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан талаар талууд маргадаггүй бөгөөд дээрх хоёр гэрээний дагуу “*******” ХХК нь “*******” ХК-ийн ажлын хөлсөнд нийт 649.396.130 төгрөг төлөхөөс 42.518.828 төгрөгийн үлдэгдэлтэй болох талаар зохигчид маргадаггүй ба талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Төлбөрийн гэрчилгээ”, 2014 оны “Тооцоо нийлсэн акт”, хариуцагчийн төлөөлөгч Б.Гансүхийн “...баталгаат засварын барьцаа 32.247.055 төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл 10.271.773 төгрөг, нийт 42.518.828 төгрөгийг сөрөг нэхэмжлэл болох 128.907.601 төгрөгөөс хасаж тооцно” гэсэн тайлбар зэргийг үндэслэн хариуцагч “*******” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр, баталгаат засварын барьцаа болох 42.518.828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох карьерийн нөхөн сэргээлтийн хөлс 27.028.000 төгрөг гаргуулах, гэрээний Тусгай нөхцөлийн 27 дугаар зүйлд зааснаар “...төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 475 хоногийн алдангид 30.846.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч карьерийн нөхөн сэргээлтийн 27.028.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй болно.
Мөн гэрээний Тусгай нөхцөлийн 27 дугаар зүйлд “Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0.01 хувь байна” гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн...” гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч “*******” ХК нь алданги шаардах эрхгүй юм.
Иймд үндсэн нэхэмжлэлийн хувьд хариуцагч “*******” ХХК-иас 42.518.828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57.880.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
2. “*******” ХХК-ийн “...талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний талаар маргаагүй, харин 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ‘*******’ ХК-ийн хийсэн ажил болох далангийн ажлын зарим хэсгийг техникийн шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгээгүй, доголдолтой байсны улмаас бид уг доголдолыг арилгаж ажлыг гүйцэтгэсэн тул уг ажлын зардалд гарсан 128.907.601 төгрөгөөс ‘*******’ ХК-ийн баталгаат засварын барьцаа 32.247.055 төгрөг, гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 10.271.773 төгрөг, нийт 42.518.828 төгрөгийг хасаж тооцон 86.388.773 төгрөгийг ‘*******’ ХК-иас гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Учир нь талуудын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “*******” ХК-ийн хийсэн ажил доголдолтой талаар “*******” ХХК-иас ажил гүйцэтгэгчид гэрээний Ерөнхий заалтын 30-33 дугаар зүйлд заасны мэдэгдээгүй байх бөгөөд хариуцагч талаас албан бичиг хүргүүлсэн гэж тайлбарладаг /хавтаст хэргийн 84-88 дугаар тал/ боловч “*******” ХК-д хүргүүлсэн, мэдэгдсэн, гардуулсан талаар нотлож чадсангүй.
Түүнчлэн, хариуцагч талаас ирүүлсэн баримт, фото зураг нь “...******* ХХК нь доголдолыг арилгахад 128.907.601 төгрөгийн зардал гаргаргасан” болохыг нотлохгүй байна.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”, гэрээний Тусгай нөхцөлийн 22 дугаар зүйлд “Чанарын баталгаат хугацаа 365 хоног байна” гэж зааснаар хариуцагч “*******” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-ний доголдолын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 75.2.1, 80.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 42.518.828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57.880.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс учирсан хохиролд 86.388.773 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75.2.1, 80.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 42.518.828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57.880.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс учирсан хохиролд 86.388.773 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “*******” ХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 747.949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 88.002 төгрөгийг “*******” ХК-д буцаан олгож, хариуцагч “*******” ХХК-иас 370.544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, хариуцагч “*******” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 589.894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД