Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 215

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эбаатар,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Бд холбогдох 1930000000287 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар ..., А.Б

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 11  дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” дэлгүүрт хөргөгчин дээр тавьсан байсан хохирогч Н.Уийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 715 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би мөрдөн байцаалтын шатанд өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

    Эрүүгийн 1930000000287 дугаартай хэргээс:
    
    Шүүгдэгч А.Б мөрдөн байцаанданд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум руу явж байхдаа замдаа Халзан суманд ирээд архи авах гээд дэлгүүр рүү Ууганбаярын хамт орсон юм. Дэлгүүрийн үүдэнд хөргөгчин дээр хар өнгийн эмэгтэй хүний цүнх байсан. Намайг дэлгүүрт ороход нэлээд халамцуу бололтой хүмүүс бөөгнөрөөд цүнхийг харах сөхөөгүй байсан. Би Ууганбаяртай дэлгүүрээс архи, ундаа аваад машин руу очоод би буцаад дэлгүүр рүү орж нөгөө цүнхийг дэлгүүрийн үүдний хөлдөөгчин дээрээс өвөртлөж, куртикны дотор талдаа нуугаад авч гараад машинд суугаад Баяндэлгэр сум руу явцгаасан юм. Би машинд суугаад явж байхдаа цүнхний дотор талд байсан түрийвчийг авч үзээд мөнгө байхаар нь аваад түрийвчийг машины урд суудлын доогуур хийж, бие засна гэж машин зогсоогоод цүнхийг замдаа дэрсний хажууд хаясан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/

Хохирогч Н.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манайх Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг “Зөөлөн” гэх газар нутагладаг юм. Манай нөхөр  Д.Э бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө найз Дын хамт өөрсдийн Портер маркийн машинтай шөнөжин явж Сүхбаатар аймгийн Уулбаян суманд оршин суух найз Н.Гийнд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох Агтан хүрээг үзэх санаатай Н.Гийн Пародо маркийн машинтай манай нөхөр Д.Э, найз Д болон Н.Гийн найз Х бид нар хамт явцгаасан юм. Тэгээд бид нар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед Халзан суманд ирж “Э” гэх дэлгүүрээс хүнсний зүйл авахаар орцгоосон. Би өөрийн хар цүнхээ машинаас аваад дэлгүүр рүү ороод хүнсний зүйл авч байгаад хөргөгчин дээр цүнхээ тавих хооронд миний хар цүнх болон цүнхэн дотор байсан эд зүйл алдагдсан юм. Би дэлгүүрээс найз Дын хүнсний зүйлийг авчихаад сагсан дотор хийгээд тооцоо хийчихээд өөрийнхөө хүнсний зүйл аваад тооцоо хийх гэсэн чинь миний цүнх байхгүй байсан. Дэлгүүр дотор бид нараас өөр гаднаас танихгүй 2-3 залуу байж байсан. Миний хар өнгийн цүнхэнд саарал өнгийн түрийвчинд ХААН, ХАС, Төрийн банкны картууд, жолооны үнэмлэх, бэлэн 515.000 төгрөг, ЖИ мобайлын гар утас 2 ширхэг байсан. Би өөрийн барьдаг гар цүнхээ 30.000 төгрөг, Банкны картуудыг сэргээж авахад ямар үнэтэй тэр үнээр нь, саарал өнгийн түрийвчийг 28.000 төгрөгөөр 2018 онд худалдаж авч байсан. Би Хэнтий аймагт байхдаа ХААН банкны картаар  бэлэн мөнгө авдаг пост машинаас 500.000 төгрөгийг авсан. Би мөнгөний сери дугаарыг мэдэхгүй байна. Би алдагдсан гэх эд зүйлүүд бүрэн бүтэн хүлээн авсан гомдол санал байхгүй. Хавтас хэрэгтэй танилцахгүй, шүүх хуралд суухгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/

Гэрч О.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Халзан суманд архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй “Э” дэлгүүр ажиллуулдаг юм. Намайг дэлгүүрт сууж байхад 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед гадны бололтой 4-5 хүн орж ирээд хүнсний зүйл худалдаж авсан. Тухайн үед мөн гаднаас дэлгүүр рүү танихгүй 2 залуу орж ирээд 0.5 литрийн “Хараа” нэртэй архи 1 ширхэг, Панда гэх 2 литрийн ундаа худалдаж аваад гарсан юм. Тэгтэл нэг эмэгтэй сүүлд нэрийг нь мэдсэн /У/ гэх эмэгтэй гар цүнхээ хөлдөөгчин дээр тавьсан байхгүй байна гээд дэлгүүр дотор хайж байгаад сумын цагдаад мэдэгдсэн юм. Тэр танихгүй 2 залуу дэлгүүр рүү ороод гарсны дараа У гэх эмэгтэй гар цүнх байхгүй байна гэж мэдсэн болохоор тэр 2 залууг аваад гарсан байж магадгүй гэж цагдаад хэлсэн. Намайг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед дэлгүүрт сууж байхад Баяндэлгэр суманд барилгын ажил хийж байгаа гэх Бо гэх хүн танай дэлгүүрээс бэлэн мөнгө, эд зүйл алдагдсан уу гэж асууж орж ирэхээр нь манайх биш өглөө манай дэлгүүрт У гэх эмэгтэй хүнсний зүйл худалдаж авч байгаад гар цүнхээ алдсан гэж хэлээд би сумын цагдаад утсаар холбогдож хэлсэн юм. Манай дэлгүүр рүү 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед У гэх эмэгтэй 3-4 хүнтэй орж ирэхдээ гартаа цүнхтэй орж ирж байгаа харагдсан. Манай дэлгүүрийн касс үүдний хаалган дээр байдаг болохоор хүмүүс орж ирэх үед ямар эд зүйлтэй орж ирж байгаа нь харагддаг юм. Цүнхийг хаана тавьсныг би хараагүй. Тухайн үед хүмүүстэй тооцоо хийж байсан. Тэр 2 залуугийн 1 залуу улаан юүдэнтэй цамцтай, гадуураа ямар хувцастай байсныг хараагүй. Нөгөө залуу нь цэнхэр, барилгын хүмүүс өмсөөд байдаг куртиктэй 1 шил архи, 1 ширхэг ундааны тооцоо хийгээд дэлгүүрээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

Гэрч Б.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У, Б, Х нарын хамт Хүрэлтулгын Лотиц маркийн 63-66 БРА улсын дугаартай машинтай Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум руу гарсан юм. Бид нар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед Сүхбаатар аймагт ирж буудалд хоноод 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Баяндэлгэр сум руу гарч замдаа Халзан сумын дэлгүүрээс архи, ундаа авах гэж орсон юм. Би “Э” гэх дэлгүүр рүү Баттулгын хамт орж 0,5 граммын “Хараа” нэртэй архи, Панда нэртэй ундаа худалдаж аваад гарч машинд суух үед Б ах дэлгүүр рүү дахиж ороод удалгүй гарч ирсэн юм. Би Б ахыг яагаад буцаж дэлгүүр рүү орсныг тухайн үед мэдээгүй. Би Б ахыг дэлгүүрээс бусдын цүнх авсныг мэдээгүй. Би ногоон өнгийн куртик өмссөн байсан. Б ах улаан өнгийн юүдэнтэй цамц өмссөн, дээгүүрээ ногоон өнгийн куртик өмссөн байсан. Бид нар Баяндэлгэр сум руу явах замдаа зогсож Хүрэлтулга, Б хоёр дэлгүүрээс авсан архийг хувааж ууцгаасан юм. Тэгээд Баяндэлгэр суманд очоод Б ах дэлгүүрээс архи авна гээд мөнгө гаргаад байхаар нь гайхаад Бо ахад хэлээд Бо ах  Б ахаас хэнээс юу авсан юм бэ? гээд гаргаж өг гэхэд Б ах мөнгө гаргаж ирсэн. Мөн машины урд суудлын доороос түрийвч, дотор нь хүний бичиг баримтууд, гар утаснууд гарч ирээд Бо ах Халзан сум руу Б ахыг мөнгө, эд зүйлүүдийн хамт авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/

Гэрч Ж.Бо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ““...Би Улаанбаатар хотын “О” ХХК-нд барилгын инженер ажил хийдэг юм. Манай компани Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барихаар 2019 оны 11 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд манай компани Улаанбаатар хотоос хувийн барилгын каркас 4 хүнийг хөлсөөр ажиллуулахаар  ирүүлсэн юм. Тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны үдээс хойш 14 цагийн үед Лопас маркийн 63-66 БРА улсын дугаартай машинтай 4 залуу ирсэн. Тэр 4 залуугийн нэг Ууганбаяр надад “Б замдаа Халзан сумын дэлгүүрээс хүний цүнхтэй эд зүйл авсан байна, яах вэ” гэхээр нь би сандраад Баттулгын авсан цүнхтэй эд зүйл байгаа юм уу гэхэд Ууганбаяр бэлэн мөнгө нь байгаа цүнхийг нь замдаа дэрсний ойролцоо хаясан гэж хэлээд та Бд арга хэмжээ ав гэхээр нь би Баяндэлгэр сумын цагдаагийн тасаг руу очиход цоожтой байхаар нь шууд Халзан сум руу Б болон У хоёрыг суулгаад цүнхэн дотор байсан эд зүйлүүдийг бүрдүүлж авч явсан. Тэгээд би Халзан суманд ирээд эд зүйлээ алдсан Н.У гэх эмэгтэйтэй уулзаж мөн сумын цагдаад цүнхэнд байсан эд зүйлүүдийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/

Гэрч Б.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр урьд өмнө барилгын ажил хийж байсан Ууганбаяр, Б, У нарын хамт миний эзэмшлийн Лотиц маркийн 63-66 БРА улсын дугаартай машинтай Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явсан юм. Бид нар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Сүхбаатар аймгаас Баяндэлгэр сум руу гарахдаа би машинаа Уаар жолоодуулж, Бтай 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уусан юм. Бид нар Баяндэлгэр сум руу явж байх замдаа Халзан сумын дэлгүүрээс Ууганбаяр, Б хоёр архи авахаар орсон гэдгийг тухайн үед би согтуу байсан болохоор мэдээгүй. Б, Ууганбаяр хоёр 0,5 литрийн “Хараа” нэртэй архи, Панда нэртэй ундаа авч бид нар Баяндэлгэр сум руу хөдөлсөн юм. Тэгээд Баяндэлгэр суманд очоод Б ах дэлгүүр явж юм авъя гээд мөнгө гаргаад байхаар нь Б ах юун мөнгөтэй болчихвоо гээд Бо ахад Ууганбаяр, У нар хэлээд Бо ах Бас мөнгийг гаргаж аваад “чи юун мөнгө хаанаас авсан” гээд уурлах үед Б ах Халзан сумын дэлгүүрээс цүнхтэй эд зүйл авсан гэж хэлэх үед би Баттулгыг Халзангийн дэлгүүрээс цүнх авсан гэдгийг мэдсэн. Бо ах Б, У нарын хамт Халзан сум руу явж цүнх алдсан гэх хүнтэй уулзаж мөн сумын цагдаад болсон асуудлыг хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26 хуудас/

- Шүүгдэгч А.Баттулгын  иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 27 хуудас /

- Халзан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 хуудас/

-  Шүүгдэгч А.Баттулгын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     29 хуудас/

-  Шүүгдэгч А.Баттулгын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 36 хуудас/

- Хохирогч Н.Уийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 33 хуудас/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 34 хуудас/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 37 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 11  дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” дэлгүүрийн хөргөгчин дээрээс хохирогч Н.Уийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 715 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Баттулгын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.У, гэрч Д.Э, О.Эрдэмбилэг, Б.У, Ж.Бо,  Б.Хүрэлтулга, Б.Ууганбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Баттулгын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Баттулгын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Баттулгын бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч А.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Баттулгыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч А.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Ялтан А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.Ут 710 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА