| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0217/э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 219
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 1930003630278 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Т ХХКомпанид жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... тоотод түр оршин суух , Дархан-Уул аймаг Дархан сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух иргэний үнэмлэхийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../, Л.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Э” гэх газарт 88-04 ДОР улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.”, 23.9-т заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч О.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн эгч Улаанбаатар хотод нас барсан. Миний эгч Дорнод аймгийн харьяат учраас би 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан эгчийнхээ хүүхдүүдийн хамт буяны ажлаар Дорнод аймаг явж байгаад орой 16 цагийн үед осолд орсон. Хохиролд 2 300 000 төгрөг төлсөн гэв.
Эрүүгийн 1930003630278 дугаар хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “ 2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөө хүү О.Х, эхнэр Б.С нарын хамт 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус-10 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Дорнод аймаг явсан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс зүүн тийш 22 км “Э” гэх газар явж байхад тээврийн хэрэгслийг жолоодож байсан ээжийн дүү Л.Б нь засмал замын эвдэрсэн хагархайд гуядуулж зам тээврийн осолд орсон. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Харин хүү Хангарьдын эгэм яс дунд хэсгээр хугарсанБ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 14-14 хуудас/,
Гэрч Б.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус-10 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Дорнод аймаг явж байсан юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаар дамжин өнгөрөх Дорнод аймаг явах орон нутгийн А-0502 дугаартай асфальтан замд сумын төвөөс зүүн тийш 22 км “Э” гах газар 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан манай ээжийн дүү Л.Б нь засмал замын эвдэрсэн хагархайд гуядуулж зам тээврийн осолд орсон. Бид нар машин дотроос гарч цагдаа, эмнэлэг дуудах гээд гар утсаа харахад сүлжээгүй байсан. Хажуугаар өнгөрч байсан машиныг зогсоож дуудлага өгсөн. Тээврийн хэрэгсэлд 6 том хүн, 4 настай 1 хүүхэд явж байсан. Одоогийн байдлаар 3 дүү маань толгойн хэсгээрээ шалбарч гэмтсэн. Миний нүдний хажуу талд жоохон шалбарсан. Эмнэлэгт үзүүлээд анхан шатны тусламж авсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/
Гэрч А.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр нөхөр Б.Хын хамт Улаанбаатар хотоос Дорнод аймаг явж байсан юм. Гэтэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс зүүн тийш 22 км “Э” гэх газар Лувсаншарав Б нь 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус-10 маркийн тээврийн хэрэгслээр жолоодож явж байх үедээ засмал замын эвдэрсэн хагархайд гуядуулж зам тээрийн осолд орсон. Миний биед тархи доргилт, духны хэсгийн урагдсан шарх бүхий гэмтэл учирсан. Би жолоочийн арын суудалд сууж явсан. Бүс бүсэлсэн байсан. Унтаж байсан болохоор хэдэн км/цагийн хурдтай явж байсан болохыг хэлж мэдэхгүй байна. Засмал замын эвдэрсэн хагархай нүхэнд гуядуулж осол гарсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/
Гэрч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд сууж Дорнод аймаг явж байсан юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс зүүн тийш 22 км “Э” гэх газар явж байхад 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан Л.Б нь засмал замын эвдэрсэн хагархайд гуядуулж зам тээврийн осолд орсон. Уг осол нь тухайн өдрийн 16 цагийн орчим болсон. Миний биед тархи доргилт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан. Тээврийн хэрэгслийг Л.Б жолоодож явсан. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоочийн хажуу талын суудалд суугаад хамгаалах бүс бүсэлсэн байсан. Унтаж байсан болохоор хэдэн км/цагийн хурдтай явж байсан болохыг хэлж мэдэхгүй байна. Засмал замын эвдэрсэн хагархай нүхэнд гуядуулж осол гарсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/
Гэрч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 21-ний үүрийн 04 цагийн үед хүү О.Х нөхөр Б.О өөрийн эзэмшлийн 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус- 10 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Дорнод аймаг явж байсан юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаар дамжин өнгөрөх Дорнод аймаг явах орон нутгийн А-0502 дугаартай асфальтан замд сумын төвөөс зүүн тийш 22 км “Э” гэх газар явж байхад 88-04 ДОР улсын дугаартай Тоёато Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан ээжийн дүү Л.Б нь засмал замын эвдэрсэн хагархайд гуядуулж зам тээврийн осолд орсон. Тээврийн хэрэгслийг Л.Б жолоодож явсан. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хамгаалах бүс бүсэлсэн байсан. Хэдэн км/цагийн хурдтай явж байсан болохыг хэлж мэдэхгүй байна. Засмал замын эвдэрсэн хагархай нүхэнд гуядуулж осол гарсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 440 тоот дугаартай дүгнэлтэнд: 1. О.Хын биед баруун эгэмний зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна...гэх /хх-ийн 27 хуудас/
Техникийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Toyota Prius маркийн 88-04 ДОР улмын дугаартай автомашины жолооч Л.Б /ЖЪ67011073/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.8-д “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.”, 23.9.а/ “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэн явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх /хх-ийн 50 хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 8 хуудас/
- Вендо хөрөнгийн үнэлгээний компаний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 9-10 хуудас/
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 28 хуудас/
- Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 хуудас/
- Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 65 хуудас /
- Шүүгдэгч Л.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/
- Шүүгдэгч Л.Бын Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийн ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 75 хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Л.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Э” гэх газарт 88-04 ДОР улсын дугаартай Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.8, 23.9 дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч О.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, гэрч Б.Х, А.Н, Б.С, Б.Снарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 440, техникийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Бын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Л.Бын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Бын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Л.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Л.Б нь насанд хүрээгүй хохирогч О.Хад учирсан хохирол эмчилгээний зардалд 2 300 000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Бд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Бд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүгдэгч Л.Б нь 1 / нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.Бд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 300 000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА