| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0219/э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 229
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа
Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ат холбогдох 1930003290273 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт газарт оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 онд Дорнод аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдож, эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон, /рд:ЛА80022713/ П.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч П.А нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2019 оны 06 дугаар сард Д.Нгийн алдуул 61 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүйтэн бороо орж, гамшиг болоод манай тэндэхийн бүх айл хонь малаа алдсан. Би Д.Нгийн хониноос өөрийнхөө малыг ялгаад явж байхад замд хэсэг хэсгээрээ хонь таарсан. Бороонд уруудаад ирсэн мал гээд бодоод хөөгөөд явсан. Салхи шуурганд уруудсан малыг манай нутгийн хэн хүнгүй татаад ирдэг. Тиймээс би ч гэсэн уруудсан мал байна гэж бодоод өөрийнхөө хоньтой нийлүүлээд хөөгөөд явсан.Д.Нгийнхээс хойш 10 гаруй км зайд байсан. Сарын дараа Д.Н ирж сураглаад ирэхэд нь “манай хонинд тийм имтэй хонь байгаа. Чи өөрөө үзээд ялгаад авахгүй юу даа” гэж хэлсэн. Би Д.Нгийн хонийг нэг сарын хугацаанд харсан. Энэ хугацаанд тэдний хониноос нэг ширхэг ч хонь үрэгдүүлсэн, зарж борлуулсан зүйл байхгүй. Хэний хонь гэдгийг нь мэдэхгүй байсан учраас хүн сураглаад ирэх байх гэж бодоод яваад байсан. Сум оронд мэдэгдэх ёстойг нь анзаарсангүй. Гурван хэсэг мал хөөгөөд явсан. Даваа гэж хүн 3-4 хоногийн дараа ирээд малаа авсан. Намайг гурван ишиг дутуу байна гээд очиход “ хонь дутуу байгаа. Гялс хоёр ишгийг чинь барьж өгчихөөд хониныхоо араас явлаа “ гээд яараад яваад өгсөн. Тэгж уулзахад өөр юм ярьж амжаагүй. 7 сар гарсан учраас бүх хонины ноос суларсан байсан. Тиймээс хот хороогоор ноосоо хаяад хог тариад байсан учраас ноосолсон...гэв.
- Хохирогч Д.Нгийн: Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “Х” гэх газар нутагладаг. 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнийн хүйтэн борооноор хонь уруудаад алга болсон. Тэгээд хонио эрж хайж яваад 06 дугаар сарын 07-нд гэрийнхээ урд тал буюу Хорхойтын айраг гэх газраас олоход манай хониноос 140 орчим тооны хонь дутсан. Дутсан хонио эрж сураглаж яваад огт сураг гарахгүй байсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 04-нд Тэмээн толгой гэх газраас Амараагийн гэх айлын хониноос 61 тооны хонь олж авсан. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай хонь гэрийнхээ гадуур хэсэг хэсгээрээ тасарсан байсан бөгөөд би хонио бөөгнүүлэхэд манай хонинд айлын имтэй 50-60 ямаа нийлсэн байсан. Тэгээд би А гэх хүнд манай хонинд ямаа нийлсэн байна гэж хэлэхэд тэрээр Амараа гэдэг хүн ямаа эрээд явж байсан гэж хэлсэн. Удалгүй Амараа ирээд манай хониноос өөрийнхөө ямааг ялгаж аваад явсан. Маргааш нь буюу 06 дугаар сарын 08-нд мөн Амраа ирж ямаа аваад явсан би тэр үед нь Амраад хонь алдсан талаараа хэлж сурагласан боловч Ам “юм мэдэгдээгүй” гэж хэлж байсан. Би хонио тасалчихаад олохгүй байгаа гэж хэлэхэд мэдсээр байж хэлээгүйд гомдолтой байна. 2019 оны 07 дугаар сарын 04-нд Амарбаатарынд Атай цуг очиж алдсан хонио сураглахад тэрээр хурга голцуу хориод юм байгаа гэж хэлэхээр нь шүүрдэж үзэхэд 6 тооны эм хонь, 30 хурга, 24 тооны төлөг, 1 тооны ишиг нийт 61 тооны бог мал байсныг ялгасан. Амарбаатар нь манай хонь хургыг ихэнхийг нь ноосолсон, нэг хонины хүзүүнд улаан уяа хийгээд тэмдэг тавьсан байсан. Манай хонь ямааны им тамгыг сайн мэдэх хүн юм. Гэтэл 27,28 хоног болж байхад огт дуулгаагүй,бусад хонинуудыг үрж зарсан байх гэж бодож байна. 20 гаран хоног бензин тосоо гарздан байж эрэл хайгуул хийсэн. Энэ хугацаанд 1.0 сая төгрөгийн шатахуун зарцуулсан байгаа, энэ мөнгийг нэхэмжилнэ, мөн дутуу байгаа 79 тооны хонио нэхэмжилнэ. Учир нь Амарбаатар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай хониноос өөрийн ямааг ялгаж аваад буцах замдаа манай хонийг туугаад явсан байгаа юм. Амарбаатарын гэр манай хойт дээр харагддаг, хоорондоо 10 км гаран байдаг” ...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9х/,
- Гэрч Б.Гы: Манайх Сүхбаатар сумын 5 дугаар баг “Тэмээн толгой” гэх газар нутагладаг. 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө хүйтэн борооноор хонь ямаагаа таслаад алдсан. Тэгээд алдсан малаа Нгийн хонинд нийлсэн байсныг ялгаж аваад гэр рүүгээ хөөгөөд явж байтал 50-60 тооны хоньтой таарсан ба тухайн хонинд ямаа огт байгаагүй. Уг таарсан хонийг бас нэг айл уруудуулсан мал байх гэж бодоод бид хоёр хөөгөөд явахад мөн ойролцоо ойрхон хэсэг ямаа байсан. Тэгээд нийлүүлж хөөгөөд гэртээ авчирч хониндоо нийлүүлсэн. Бид хоёрын хөөж ирсэн ямааг Даваа гэх залуу 5-6 хоногийн дараа ирж аваад явсан.Харин хонийг хүн ирж аваагүй манайд 1 cap орчим болсон. Манайх хонь ноослохдоо уг хонинуудыг мөн ноосолсон. Тэгээд хүн ирж асууж сураглах байх гэж бодоод хүнд болон нутаг орны холбогдох хүмүүст хэлээгүй юм. Хонь ноосолж байхдаа би нөхөртөө энэ хонинууд их л холоос ирсэн мал байна даа, хүн сураглаж ирэхгүй бол сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд хэлэхгүй бол болохгүй байх гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
- Гэрч М.Нгийн: Манайх 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө хүйтэн борооноор 140 хонь, 50 ямаагаа алдсан. 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар баг Буян овоо гэх газраас 50 ямаагаа машинтай явж авчирсан. Тухайн үед их бороо орсны улмаас айлуудын хонь ямаа их сарнисан. 06 дугаар сарын 07-ны өдөр Амарбаатар гэх залуу манай хониноос өөрийн 40 гаруй тооны хонь ялгаад аваад явсан. Амарбаатар маргааш нь мөн манайхаас 3 тооны ишиг ялгасан. Тухайн үед манай нөхөр Н нь манай 140 тооны хонь, 50 ямаа дутаад байгаа танайхаар мэдэгдээгүй юу гэж асууж байсан. тэгсэн Амарбаатар нь “байхгүй, мэдэгдээгүй” гэхээр нь санаанд ороогүй. 07 дугаар сарын эхээр Н А ах хоёр Амарбаатараас хонио сураглаж очиход 20 гаруй тооны юм байгаа гэхээр нь ялгахад 6 тооны эм хонь, 30 хурга, 24 төлөг, 1 ишиг нийт 61 тооны мал ялгасан. Амарбаатар нь 06 дугаар сарын 07-ны өдөр манайхаас өөрийн ямаагаа ялгаж аваад буцахдаа хойт талаас манай хонийг туугаад явсан байгаа юм. Мөн манай адуучин болох Шажинбат нь асуухад хонь ямаа нийлсэн гэж хэлээгүй. Амарбаатар нь 06 дугаар сарын 08-ны өдөр манайхаас 3 ишгээ ирж аваад буцахдаа манай хонийг зам дээр байхад нь өөрийнхөө хоньтой нийлүүлж туучихаад 06 дугаар сарын 08-ны өдөр Нг асуухад өчигдөр хонь нийлсэн гэж хэлсэн бол одоо ингээд цагдаа сэргийлэх болоогүй, мөн адуучнаас нь асуухад хэлээгүйд нь гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
- Гэрч Б.Шын: Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед худаг дээр Амарбаатартай цуг байдаг гэх залуугаас Н 140 хонь тооны хонь алдаад олохгүй байгаа танайхаар мэдэгдээгүй биз гэж асуухад мэдэгдээгүй гэж хэлж байсан. Амарбаатар гэх залуугийнх Нгийнхээс хойш 14-15 км байдаг ба бид нар хонио эрэхдээ дандаа урагшаа эрж байсан юм.Ер нь Амарбаатар нь Нгийн хонийг 06 дугаар сарын 07-ны өдөр зам дээр байхад нь өөрийнхөө хонинд нийлүүлээд 07 дугаар cap хүртэл хэлээгүй нь сэжигтэй санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
- Гэрч Ө.Агийн: Манайх Сүхбаатар сумын 5 дугаар баг Х гэх газар нутагладаг бөгөөд саахалт айл болох Нгийнх 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр орсон борооноор 140 тооны хонио эрээд олохгүй байсан. 07 дугаар сарын эхээр Н бид 2 Амарбаатарынд очиж алдсан хонио сураглахад 30 орчим тооны мал байгаа гэхээр нь ялгахад 61 тооны хонь ялгасан. Тухайн ялгасан хонины заримыг нь ноослоод даавуу зүүчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
- Гэрч Ө.Өын: 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө байх сайн санахгүй байна, манай тэнд их хэмжээний бороо орсон. Манайхтай цуг байх П.А нь борооны дараа өдөр хонио алдчихлаа гээд эрэлд явсан. Тухайн өдрөө Хын тэндээс хонио олж ирсэн. Наашаа ирэхдээ замд байсан 50 гаруй тооны хонийг цуг туугаад ирлээ гэж надад хэлсэн юм. Борооны дараа надаас Шажинбат гэх хүн Нгийнх 140 тооны хонио борооноор алдаад олохгүй байгаа танайхаар мэдэгдээгүй биз гэж надаас асууж байсан нь үнэн. Би тухайн үед санаанд ороогүй ба Амараагаас асуухгүй юу гэж хэлж байсан юм. Би ер нь бол Амараагийнд 50 тооны хонь борооны дараа нийлсэн гэдгийг бол хэлээгүй нь миний буруу. Амарбаатар нь борооны дараа бол ямар нэгэн байдлаар яваагүй суурин байсан ба бусдад хонь ямаа зарсан зүйл бол байхгүй” /хх-ийн 19х/,
- Гэрч Б.Эийн:Д.Н нь 2019 оны 06 дугаар сарын эхээр орсон борооны үеэр хонио таслаад зүүн тийш буюу Буян овооноос хагасыг нь олсон гэж сонссон. Манайх тухайн борооны үеэр Буян овоо гэх газарт нутаглаж байсан ба Нгийнхээс ертөнцийн зүгээр зүүн урагш 20 км нутагладаг байсан. Н өөрөө ирж энэ талаар ярьсан зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 36х/,
- Шүүгдэгч П.Аын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37х/,
- Шүүгдэгч П.Аын Оршин суугаа хаягийн лавлагаа /хх- 38х/
- Шүүгдэгч П.Аын Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40х/
- Шүүгдэгч П.Аын Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 39х/
- Шүүгдэгч П.Аын Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрсийн дансны лавлагаа /хх-ийн 41х/
- Шүүгдэгч П.Аын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/
- Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-49х/,
- Шүүгдэгч П.А, гэрч Б.Г, Б.Өсөхбаяр, Б.Баттөмөр, Ч.Батхуяг, Д.Өлзийхутаг, Л.Сандэлэг нарын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 51-60х/,
- Шүүгдэгч П.А, гэрч Б.Г нарын Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 62-63, 64-68, 72-73х/,
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Малын үнэлгээ: эм хонь 90.000 төгрөг /6 эм хонь 540.000 төгрөг/ , төлөг 70.000 төгрөг / 24 төлөг 1.680.000 төгрөг/, хурга 50.000 төгрөг/ 30 хурга 1.500.000 төгрөг/, ишиг 30.000 төгрөг /1 ишиг 30.000 төгрөг /, нийт 61 бог мал 3.750.000 төгрөг гэжээ. /хх-ийн 78х/
- Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5/15 дугаартай прокурорын тогтоол /хх-79х/,
- Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/04 дугаартай прокурорын тогтоол /хх-80-82х/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч П.А нь 2019 оны 06 дугаар 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “ Х ” гэх газраас иргэн Д.Нгийн хүйтэн борооны улмаас ижил сүрэгээсээ тасарч, нутаг бэлчээрээсээ алдагдсан 61 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь:
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүйтэн бороо орж, гамшиг болоод манай тэндэхийн бүх айл хонь малаа алдсан. Би Д.Нгийн хониноос өөрийнхөө малыг ялгаад явж байхад Д.Нгийнхээс хойш 10 гаруй км зайд замд хэсэг хэсгээрээ хонь таарсан. Бороонд уруудаад ирсэн мал гээд бодоод өөрийнхөө хоньтой нийлүүлээд хөөгөөд явсан “гэх,
хохирогч Д.Нгийн ” 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнийн хүйтэн борооноор хонь уруудаад алга болсон. Дутсан хонио эрж сураглаж яваад огт сураг гарахгүй байсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 04-нд Тэмээн толгой гэх газраас Амараагийн гэх айлын хониноос 61 тооны хонь олж авсан. 06 дугаар сарын 07-ны өдөр хонио бөөгнүүлэхэд манай хонинд айлын имтэй 50-60 ямаа нийлсэн байсан. Тэгээд би А гэх хүнд манай хонинд ямаа нийлсэн байна гэж хэлэхэд тэрээр Амараа гэдэг хүн ямаа эрээд явж байсан гэж хэлсэн. Удалгүй Амараа ирээд манай хониноос өөрийнхөө ямааг ялгаж аваад явсан. Маргааш нь буюу 06 дугаар сарын 08-нд мөн Амраа ирж ямаа аваад явсан би тэр үед нь Амраад хонь алдсан талаараа хэлж сурагласан боловч Амарбаатар “юм мэдэгдээгүй” гэж хэлж байсан. Би хонио тасалчихаад олохгүй байгаа гэж хэлэхэд мэдсээр байж хэлээгүйд гомдолтой байна. 2019 оны 07 дугаар сарын 04-нд Амарбаатарынд Атай цуг очиж алдсан хонио сураглахад тэрээр хурга голдуу хориод юм байгаа гэж хэлэхээр нь шүүрдэж үзэхэд 6 тооны эм хонь, 30 хурга, 24 тооны төлөг, 1 тооны ишиг нийт 61 тооны бог мал байсныг ялгасан. Гэтэл 27, 28 хоног болж байхад огт дуулгаагүй “ гэх,
гэрч М.Нгийн” Манайх 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө хүйтэн борооноор 140 хонь, 50 ямаагаа алдсан. 06 дугаар сарын 07-ны өдөр Амарбаатар гэх залуу манай хониноос өөрийн 40 гаруй тооны хонь ялгаад аваад явсан. Амарбаатар маргааш нь мөн манайхаас 3 тооны ишиг ялгасан. Тухайн үед манай нөхөр Н нь манай 140 тооны хонь, 50 ямаа дутаад байгаа танайхаар мэдэгдээгүй юу гэж асууж байсан. Тэгсэн Амарбаатар нь “байхгүй, мэдэгдээгүй” гэхээр нь санаанд ороогүй. Амарбаатар нь 06 дугаар сарын 07-ны өдөр манайхаас өөрийн ямаагаа ялгаж аваад буцахдаа хойт талаас манай хонийг туугаад явсан байгаа юм. Мөн манай адуучин Шажинбат нь асуухад хонь ямаа нийлсэн гэж хэлээгүй.” гэх,
гэрч Б.Шын “ Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед худаг дээр Амарбаатартай цуг байдаг гэх залуугаас Н 140 хонь тооны хонь алдаад олохгүй байгаа танайхаар мэдэгдээгүй биз гэж асуухад мэдэгдээгүй гэж хэлж байсан. Амарбаатарийнх Нгийнхээс хойш 14-15 км байдаг ба бид нар хонио эрэхдээ дандаа урагшаа эрж байсан юм. Ер нь Амарбаатар нь Нгийн хонийг 06 дугаар сарын 07-ны өдөр зам дээр байхад нь өөрийнхөө хонинд нийлүүлээд 07 дугаар cap хүртэл хэлээгүй нь сэжигтэй санагдаж байна” гэх,
гэрч Ө.Агийн “ Манайх саахалт айл Нгийнх 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр орсон борооноор 140 тооны хонио алдаад эрээд олохгүй байсан. 07 дугаар сарын эхээр Н бид 2 Амарбаатарынд очиж алдсан хонио сураглахад 30 орчим тооны мал байгаа гэхээр нь ялгахад 61 тооны хонь ялгасан. Тухайн ялгасан хонины заримыг нь ноослоод даавуу зүүчихсэн байсан” гэх,
гэрч Б.Гы “2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө хүйтэн борооноор хонь ямаагаа алдаад, алдсан малаа Нгийн хонинд нийлсэн байсныг ялгаж аваад гэр рүүгээ хөөгөөд явж байтал 50-60 тооны хонь таарсаныг нэг айл уруудуулсан мал байх гэж бодоод бид хоёр хөөгөөд явахад мөн ойролцоо ойрхон хэсэг ямаа байсан. Тэгээд нийлүүлж хөөгөөд гэртээ авчирч хониндоо нийлүүлсэн.Харин хонийг хүн ирж аваагүй манайд 1 cap орчим болсон. Манайх хонь ноослохдоо уг хонинуудыг мөн ноосолсон. Тэгээд хүн ирж асууж сураглах байх гэж бодоод хүнд болон нутаг орны холбогдох хүмүүст хэлээгүй юм. Хонь ноосолж байхдаа би нөхөртөө энэ хонинууд их л холоос ирсэн мал байна даа, хүн сураглаж ирэхгүй бол сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд хэлэхгүй бол болохгүй байх гэж хэлж байсан юм” гэх,
гэрч Ө.Өын “ 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө байх манай тэнд их хэмжээний бороо орсон. Манайхтай цуг байх П.А нь борооны дараа өдөр хонио алдчихлаа гээд эрэлд явсан. Тухайн өдрөө Хын тэндээс хонио олж ирсэн. Наашаа ирэхдээ замд байсан 50 гаруй тооны хонийг цуг туугаад ирлээ гэж надад хэлсэн. Борооны дараа надаас Шажинбат гэх хүн Нгийнх 140 тооны хонио борооноор алдаад олохгүй байгаа танайхаар мэдэгдээгүй биз гэж надаас асууж байсан нь үнэн. Амараагаас асуухгүй юу гэж хэлж байсан юм. Би ер нь бол Амараагийнд 50 тооны хонь борооны дараа нийлсэн гэдгийг бол хэлээгүй нь миний буруу ” гэх,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Малын үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
П.А нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бороонд уруудан ижил сүргээсээ тасарсан алдуул малыг хониндоо нийлүүлэн өөрийн эзэмшилд авч завшин бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүх шүүгдэгч П.Аын “ Би гэмт хэрэг үйлдээгүй “ гэж, түүний өмгөөлөгчийн “ Малчид малаа өөрийн эзэмшилдээ байгааг нотлох баримт бол малын А данс. П.А нь тухайн малыг яг өөрийнхөө эзэмшилд шилжүүлээд, өөрийнхөө дансанд бүртгээд авсан зүйл байхгүй. Өнөөдөр энэ ажиллагааг тогтоогоод хийсэн зүйл байхгүй. Тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоод бүх айл малаа уруудуулаад малынхаа араас явж байсан. Үүний дагуу П.А мөн сайн санаад уруудаж явсан малыг татсан. Зарим малын эзэн нь гараад малаа аваад явсан. Орон нутгийн үнэлгээгээр 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Бодит учруулсан хохирол байхгүй. Хохирлын талаар орон нутгийн үнэлгээ хийгдсэн. Үнэлгээ хийсэн гээд байгаа дөрвөн хүн нь мэргэжлийн үнэлгээ хийх эрх авсан эсэхийг тогтоогоогүй. Хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй. Өнөөдөр Монголчууд цас, шуурганд уруудсан нэгнийхээ малыг өөрийнхөө малтай татдаг. Түүнийг нь эзэн нь ирээд аваад явдаг. Ийм л зохицуулалт байдаг. Хэрвээ миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл шуурганд уруудсан нэгнийхээ малыг татсан нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэрэгтэн болгох муу практик тогтоох гэж байна. Хуулинд “...бага хэмжээний бодит хохирол учруулсан бол...” гээд зохицуулсан байгаа. Гэтэл бодит учруулсан хохирол байхгүй. Хонийг нь ноосолсон гэж улсын яллагч ярьж байна. Зуны 07 дугаар сард хонины ноос унадаг учраас малчид бүх хонио ноосолдог гэдгийг бүгд мэднэ. П.Аыг 61 тооны малыг нэг сарын хугацаанд хариулсаных нь төлөө хулгайн гэмт хэргээр шалгаж байгаад тэр нь тогтоогдохгүй болохоор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу байна. Тиймээс П.Ат холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү “ гэж гэм буруугийн талаар мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч П.Аын хувьд тухайн орон нутагт хүйтэн бороо орсон буюу байгалийн давагдашгүй хүчний улмаас уг мал ижил сүргээсээ тасарч салсан, уг малыг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр атлаа хуульд заасан дээрх иргэний үүргээ биелүүлэлгүй, мөн хохирогч Д.Нг алдсан малынхаа талаар асуухад өөрийн хөөж аваачсан малын талаар огт хэлэлгүй нуун дарагдуулж, өөрийн эзэмшилд авч завшсан үйл баримт нь түүний “ Би Д.Нгийн хониноос өөрийнхөө малыг ялгаад явж байхад замд хэсэг хэсгээрээ хонь таарсан. Бороонд уруудаад ирсэн мал гээд бодоод өөрийнхөө хоньтой нийлүүлээд хөөгөөд явсан. Хэний хонь гэдгийг нь мэдэхгүй байсан учраас хүн сураглаад ирэх байх гэж бодоод яваад байсан “ гэх,
гэрч Б.Гы “хүн ирж асууж сураглах байх гэж бодоод хүнд болон нутаг орны холбогдох хүмүүст хэлээгүй юм. Хонь ноосолж байхдаа би нөхөртөө энэ хонинууд их л холоос ирсэн мал байна даа, хүн сураглаж ирэхгүй бол сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд хэлэхгүй бол болохгүй байх гэж хэлж байсан юм ” гэх,
хохирогч Д.Нгийн “ Маргааш нь буюу 06 дугаар сарын 08-нд мөн Амраа ирж ямаа аваад явсан би тэр үед нь Амраад хонь алдсан талаараа хэлж сурагласан боловч Амарбаатар “юм мэдэгдээгүй” гэж хэлж байсан. Би хонио тасалчихаад олохгүй байгаа гэж хэлэхэд мэдсээр байж хэлээгүйд гомдолтой байна. Гэтэл 27, 28 хоног болж байхад огт дуулгаагүй “ гэх,
гэрч М.Нгийн ” Амарбаатар маргааш нь мөн манайхаас 3 тооны ишиг ялгасан. Тухайн үед манай нөхөр Н нь манай 140 тооны хонь, 50 ямаа дутаад байгаа танайхаар мэдэгдээгүй юу гэж асуухад Амарбаатар нь “байхгүй, мэдэгдээгүй гэсэн” гэх мэдүүлэгүүдээр хэрэгт хөдөлбөргүй нотлогджээ.
Алдуул мал завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг буюу гэмт этгээдийн алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч, уг санаагаа хэрэгжүүлж алдуул малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлж завшсанаар тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдах бөгөөд шүүгдэгч П.Аын хувьд бусдын өмчлөлийн алдуул малыг өөрийн хонин сүрэгтээ нийлүүлснээр түүний үйлдсэн гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч П.Аын, хохирогч Д.Нгийн алдуул 61 бог малыг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
П.Аын үйлдлийн улмаас хохирогч Д.Нд 3.750.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдсөн буюу 61 бог мал тоо толгой, зүсээр буцаан олгогдсон болох нь Д.Нгийн “ 2019 оны 07 дугаар сарын 04-нд Тэмээн толгой гэх газраас Амараагийн гэх айлын хониноос 61 тооны хонь олж авсан “ гэх мэдүүлгээр нотлогдоно /хх-ийн 7-9х/.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Малын үнэлгээгээр Д.Нгийн эм хонийг 90.000 төгрөг /6 эм хонь 540.000 төгрөг / , төлөгийг70.000 төгрөг / 24 төлөг 1.680.000 /, хургыг/ 50.000 төгрөг/ 30 хурга 1.500.000 төгрөг/, ишгийг 30.000 төгрөг /1 ишиг 30.000 төгрөг /, нийт 61 бог малыг 3.750.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэргийн хохирлын талаар “ Хохирол учруулсан гэдгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2009.05.22-ний өдрийн 15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх ЭБШ болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүх таслан ажиллагаанд хэрэглэх тухай тайлбар байдаг. Энэ тайлбарын 6.1-т “ хохирлын хэмжээ гэдэг нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар “...эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг ойлгоно” гэж заасан. Орон нутгийн үнэлгээгээр 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Бодит учруулсан хохирол байхгүй. Хохирлын талаар орон нутгийн үнэлгээ хийгдсэн. Үнэлгээ хийсэн гээд байгаа дөрвөн хүн нь мэргэжлийн үнэлгээ хийх эрх авсан эсэхийг тогтоогоогүй. Хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй “ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13. “ нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”; 6.15. “ мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт ” зэрэг асуудлаар хэргийн оролцогч талууд гомдол, хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдврлүүлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “ тухайн хэргийн хохирол, хохирлын үнэлгээг тогтоосон асуудлаар “ маргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно“ гэж тодорхойлсон бөгөөд П.Аын бусдын 6 эм хонь, 2 төлөг, 30 хурга, 1 ишиг нийт 61 бог малыг завшсан үйлдлийн улмаас өмчлөгчийн эд хөрөнгөнд 3.750.000 төгрөгийн хохирол учирсаныг тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас гаргасан малын үнэлгээгээр тогтоосон нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нд шууд учирсан үр дагавар буюу бодит хохирол бөгөөд шүүх нотлох баримтанд үндэслэн дээрх хэмжээгээр хохирлыг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл 5 дахь хэсгийн “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэх зохиуулалтанд нийцнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл 4 дэх хэсгийн 4.3-т “ бага хэмжээний хохирол ” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж томъёолсон бөгөөд шүүгдэгч П.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэж тухайн гэмт хэргийн хохирлын хэмжээг заасан нь хуулийн дээрх зохицуулалт, хохирогч Д.Нд учирсан хохиролд тус тус хамааралтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлоно гэж заасан бөгөөд тухайн хэрэгт хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.М нь хүсэлт гарган Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссоор хохирогч Д.Нгийн малын үнэлгээг тогтоолгосныг шууд буруутгах үндэслэлгүй юм.
Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ санхүүгийн байдалд шаардагдах тайлан тэнцэл гаргах; харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан тайлан мэдээг хугацаанд нь хариуцан гаргуулж, хяналт тавих, ...ажлыг зохион байгуулах; нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах, мөн 33 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг даргын ажлын алба болох Тамгын газар нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг,.. хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах; Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах чиг үүргийг хүлээх бөгөөд энэ ажил үүргийн хувиар дээрх үнэлгээг гаргажээ.
Эрүүгийн хэрэгт эд зүйл, хөрөнгийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боловч шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримтлах үүрэггүй бөгөөд хуулиар олгогдсон ажлын чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд өөрийн орон нутгийн санхүү, үнэ ханш, зах зээлийн байдалд үндэслэн гаргасан нутгийн захиргааны байгууллагын дээрх үнэлгээг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Мөн дурдахад, өмгөөлөгчийн зүгээс тухайн бог малын үнэлгээний зүйлийн шинж байдал нь зах зээлийн үнэ ханштай нийцэхгүй байгаа, өндөр тогтоогдсон, шүүгдэгчид хохиролтой байгаа эсэх талаар ямар нэгэн гомдол гаргаагүй болно.
Шүүгдэгч П.Аын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
П.Аын тодорхой нөхцөл байдлын улмаас буюу байгалийн давагдашгүй хүчний улмаас ижил сүргээсээ тасарч, явах замд нь таарсан малыг авсан нь.тохиолдлын шинжтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч П.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Аыг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. П.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нд учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН