Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн 1930004100276 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг. Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, РД:....., Боржгон овгийн Баатарын Бямба

Хоёр: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, , Ж.Б

Гурав: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт “А” гэх газарт оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял шийтгэгдэж байсан,РД:....., Д.Х

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нар бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хулстай” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ш.Бийн 21 тооны ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     
                                        
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох    баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 09 дүгээр сарын 18-ний өдөр сумын төв орчихоод гэртээ ирсний маргааш өдөр нь шургааг мод ачаад хөрзөн гишгэх, өвөлжөөгөө янзлах ажлаар өвөлжөө рүүгээ явсан юм. Өвөлжөөн дээрээ очиход цөөн тооны ямаа байхаар хэнийхийг нь мэдэхгүй тэнд нь хашаад орхисон. Бид гурав хамт байсан. Бүгдээрээ харсан. Би анх очихдоо хулгай хийнэ гэж очоогүй. Маргааш өдөр нь би өөрийнхөө малыг борлуулах зорилгоор 21 тооны бог, 1 тооны үхэртэй ачаад өвөлжөөн дээрээ очоод уг хашсан ямаанаас 8 тооны ямааг нэмж ачаад аймаг руу явсан. Бусад ямааг гаргаад орхисон. Мөнгө болгох зорилгоор ачсан 8 ямааг ачсан. Машин нь миний эзэмшлийн машин, одоо манай гэрийн хашаанд байгаа. Банкинд 5.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Банк зээл олгохдоо барьцаанд аваад өөрийн нэр дээр болгосон. Аймагт ирсэн найман ямааг эзэн нь ирээд аваад явсан. Харин хашаанаас гаргасан 13 тооны ямаа нь олдоогүй гэсэн. Тиймээс би өөрийнхөө малаас 13 тооны ямаа ачиж аваачиж өгсөн.Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...гэв.

- Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Миний мэдүүлэг нөхөр болох Б.Багийн мэдүүлэгтэй ижил.  Тухайн үед хулгайлъя гэсэн санаа огт байгаагүй. Хэний мал гэдгийг нь ч огт мэдээгүй. Би тухайн үед энэ хоёрт хэрэггүй, хашаанаас нь гаргая гэж хэлж байсан. Энэ хоёр миний үгэнд ороогүй юм. Ш.Бийнх 4-5 айлын хонь байдаг учраас олон янзын имтэй юм байна лээ.Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин тээврийн хэрэгсэл ашигласан гэдгийг харж үзэхийг хүсэж байна...гэв.

- Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мэдүүлэг Б.Ба ахын мэдүүлэгтэй ижилхэн. Сумаас ирээд хөрзөн гишгэх гээд өвөлжөөн дээр очиход уг ямаанууд эзэнгүй, тасарсан байхаар нь юм бодоогүй хашсан. Түүнээс хулгай хийе гэж бодсон зүйл байхгүй. Эзэнгүй явж байсан болохоор им, тамгыг нь мэдэх гээд хашсан юм. Би хөдөө байдаггүй учраас тэр хавийн айлын малын имийг мэдэхгүй. Тухайн ямааг борлуулаад ашгаа хуваана, мөнгө өгнө гэсэн зүйл огт яриагүй. Тэгээд 21 тооны ямааг хашаад маргааш өдөр нь арай том ямаануудыг ачъя гээд ачсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй... гэв.

- Яллагдагч Б.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д.Х, Ж.Б бид гурав гишгэсэн хөрзөнгөө эргүүлж тойруулж байтал манай өвөлжөөнөөс урагш 100 метр орчим зайд 21 тооны хонь байхаар нь явган хөөж ирээд өөрийнхөө өвөлжөөн дээр авчирч хашаад гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн 22 хонь, 4 ямаа, 1 үхрийг өөрийн 77-81 СҮА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад тэндээсээ шууд бид гурав манай өвөлжөөн дээр очоод хашиж орхисон ямаанаас арай том биетэй нас бие гүйцсэн 8 ямааг ачиж, үлдсэн 13 ямааг тэнд нь үлдээж хашаанаас нь гаргаж орхисон. Тэгээд бид гурав шууд Баруун-Урт сум руу явсан. Б гэх айлын хашаанд машинаа засуулах гэж байгаад цагдаад баригдсан. Би тухайн үед өөрийнхөөсөө 22 хонь, 4 ямаа, 1 үхрийг авч явсан. Тэр малтайгаа цуг нийлүүлээд 8 ямааг нь Баруун-Урт суманд борлуулах санаатай ачсан. Би Х, Бч хоёртой дээрх 21 ямаанаас арай гайгүй ямааг нь ачаад Баруун-Урт сум руу очиж маханд өгье гэж санааг нь гаргасан. Манай эхнэр Бч нь хэрэггүй юм биш үү гээд байхаар нь би зүгээрээ хэнийнх нь мэдэгдэхгүй ямаа юм чинь ямар хамаатай юм гээд ачсан. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Банзрагчид 13 тооны ямааг 2019 оны 10 сарын эхээр нь аваачиж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,  

- Яллагдагч Ж.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэцагаан сум руу 12 цагийн үед түлш авахаар орсон бөгөөд сумаас таньдаг дүү болох Хг ойр зуурын ажил хийлгэх гээд хөдөө гэр рүүгээ авч явсан. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед Х, Б бид 3 өөрийн өвөлжөө рүүгээ манай нөхрийн 77-81 Сүа улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр шургааган хашаа ачаад өвөлжөөн дээр буулгаад тэнд байсан хөрзөнгөө янзалсан юм. Тэгээд шургааган хашаагаа буулгаад байж байтал манай өвөлжөөнөөс урд зүгт 100 гаруй метр зайд ямаа байна гэж Х хэлсэн. Хэний ямаа юм бол гэж Х нь хөөж ирэхээр нь бид 3 хашаад имийг нь харахад ямар айлын мал гэдгийг нь мэдээгүй. Олон янзын имтэй байсан. Тухайн хөөж ирсэн ямааг бид 3 тоолсон бөгөөд 13 ишиг, 8 ямаа байсан ба хашиж орхисон. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед А гэх айл дээр өөрийн 22 хонь 4 ямаа, 1 үхрийг ачиж хөдлөөд тэндээсээ Б, Х бид 3 шууд өвөлжөөн дээрээ очиж тухайн 21 ямаанаас 8 ямааг ачаад үлдсэн 13 ишгийг хашаанаас нь гаргаж орхисон. Тэгээд Баруун-Урт сум руу хөдлөөд өглөө 07 цагийн орчим орж ирээд Б гэх хүнээр машинаа засуулах санаатай тэдний хашаанд байж байгаад цагдаад баригдсан. Нөхөр бид хоёр өөрсдийнхөө малыг Улаанбаатар хот руу аваачиж өгөх санаатай байсан бөгөөд өөрсдийнхөө малтай цуг өгөх гэж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,

- Яллагдагч Д.Хгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б ах, Бч эгч бид гурав Б ахын өвөлжөөн дээр хөрзөнгөө гишгэж байтал өвөлжөөнөөс урд зүгт 100 метр зайтай хэдэн ямаа харагдахаар нь Б, Бч бид гурав явган хөөж ирэхэд хэнийх нь тодорхойгүй ямаанууд байхаар бид гурав тус өвөлжөөн дээр хашиж хаалгыг нь төмөр тороор дарж үлдээсэн юм. Маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б ахын хойд талын айлаас 22 хонь 4 ямаа, 1 үхрийг ачаад бид гурав Бгийн 77-81 СҮА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй ямаа хашсан өвөлжөөн дээр очоод гурвуулаа энэ хэдэн ямаанаас арай гайгүй хэдэн ямааг нь ачаад явъя гээд хязаалангаас дээш насны 8 ямааг ачаад үлдсэн 13 тооны ямааг тэнд нь үлдээж Баруун-Урт сум руу явсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа бөгөөд хохирогч Банзрагчийн хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 97/,

    - Хохирогч Ш.Бийн : 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 20 минутын үед манай саахалт айлын хүн Баасанжав нь танай имтэй 30 орчим тооны ямаа Б гэх айлын өвөлжөөн дээр байна гэхээр нь би тэр даруй өвөлжөө рүү очиход ямар ч мал амьтан байгаагүй. Тэгсэн манай гэрээс хойд зүгт “Харгилтай” гэх газарт нутаглах Б нь тэр цаг хугацаанд өөрийн Маяти машинтай аймаг орсон гэж хүнээс дуулаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Маргааш нь Б түүний эхнэр Ба Бгийн талын хамаатных нь залуу болох Х нар нь Баруун-Урт суманд байх Б гэх айлын хашаанд байхад нь цагдаагийн байгууллагын ажилчид шалгахад манай 8 ямаа байсан бөгөөд би очиж тухайн 8 ямаагаа авсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хонио тоолж үзэхэд 34 ямаа дутаж байсан юм. Тийм учраас би Х, Б, Бч нарыг манай 34 тооны ямааг тухайн үед хулгайлсан гэж бодсон. Тэгсэн би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн ямааг дахин 2-3 удаа тоолж үзэхэд 21 тооны ямаа дутсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэг л удаа тоолсон болохоор 34 тооны ямаа гэж алдаж тоолсон байх. Б, Х, Бч нар нь 10 сарын эхээр надтай ирж уулзаад 13 тооны ямаа авчирч өгч намайг хохиролгүй болгосон. Тийм учраас надад цаашид дээрх гурван хүнээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. 8 эр ямаа үлдсэн 13 ямаа нь хязаалан ямаа байсан юм. Би зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

- Гэрч Ш.Ггийн: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг “Хулстай” гэх газар нөхөр Банзрагч, хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 09 сарын 19-ний өдөр намайг суман дээр байхад манай нөхөр Банзрагч нь “хэдэн ямаагаа тасдчихсан чинь айлын өвөлжөөн дээр хашаатай байна гэхээр нь очтол байхгүй байна. Манай хойно байх Б сая Сүхбаатар аймаг руу мал ачаад явсан сурагтай, чи цагдаад мэдэгд” гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Маргааш өглөө нь Б түүний эхнэр Ба Х нар нь Баруун-Урт сумын Б гэх айлын хашаанд байхад нь цагдаа нар очиж шалгахад манай зүүн чих сам, баруун чих араасаа хөндөл имтэй 8 тооны ямаа байсан бөгөөд тухайн үед нь тэр 8 ямаагаа тоогоор нь авсан. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө би Бчийн утас руу залгаж та хэд хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад Улаанбаатар хот руу ногоондоо явж байна гэхээр нь “танай өвөлжөөн дээр манай хэдэн ямаа хашаатай байж байгаад алга болсон гэж байна, та хэдэд мэдэгдээгүй биз” гэж асуухад “мал ачаад явж байгаа ирээд шалгахгүй юу, та хаана байгаа юм” гэж надаас асуухаар нь “би аймагт байна” гэж худлаа хэлээд өөрийн охин Буянзаяаг явуулж үзүүлэхэд машинд нь манай имтэй ямаа байгаагүй. Харин цагдаа нар очиж шалгахад манай 8 тооны ямааг тус Б гэх айлын хашаанд нуусан байсныг цагдаагийнхан олж тогтоосон юм. Нөхөр бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хонио тоолж үзэхэд 34 тооны ямаа дутсан байсан юм. Тийм учраас би Х, Б, Бч нарыг манай 34 тооны ямааг тухайн үед хулгайлсан гэж бодсон. Тэгсэн би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн ямааг дахин 2-3 удаа тоолж үзэхэд 21 тооны ямаа дутаад байсан. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэг л удаа тоолсон болохоор 34 тооны ямаа гэж алдаж тоолсон байх. Б, Х, Бч нар нь 10 сарын эхээр ирж уулзаад 13 тооны ямаа авчирч өгч хохиролгүй болгосон. Тийм учраас Х, Б, Бч нараас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Баасанжав ах Бгийн хашаанд манай хонийг хашсан байхад нь хараад 30 тооны хонь байсан гэж нүдэн баримжаагаар хараад хэлсэн юм. Яг тоолоогүй юм. Тийм учраас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

- Гэрч Ц.Бын:...Би Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг “Хулстай” гэх газарт малчин юм. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр болох Одсүрэн, саахалт айлын Энхсаруул, Нэргүй, Бааяа, Мягмар нарын хамт Улаанхүү гэх айлын өвөлжөөнөөс аргал татахаар очиж байтал тухайн өвөлжөөний баруун талд 200-300 метр зайд байх Б гэх айлын өвөлжөөн дээр ямаа майлах дуу гарахаар нь бид хэд очиж үзэхэд Банзрагчийн имтэй 30 гаруй тооны ямаа байсан бөгөөд ихэнх нь бүдүүн эр ямаа харагдсан. Харин 6-7 тооны ишиг харагдаж байсан. Ишиг нь 30 гаруй тооны гэдэгтээ бол орно.Тэгээд би аргалаа аччихаад 17 цаг өнгөрөөгөөд Банзрагч руу очиж хэлсэн юм. Банзрагч шууд Бгийн өвөлжөө рүү очиж үзэхэд байхгүй байсан гэдэг юм. Б гэх хүний өвөлжөөн дээр машиных нь мөр болон мотоциклын мөр бол харагдаж байсан. Б нь өөрөө цагаан өнгийн маяти маркийн том машинтай. Орой 20 цагийн үед Банзрагч нь манайд ирээд тэр ямааг ачаад яваад өгсөн юм шиг байна гэж хэлээд надтай уулзаад явсан. Тухайн өвөлжөөний хаалгыг төмөр саарал тороор хаагаад айлын гэрийн бүслүүрийн хар ременээр боочихсон байдалтай байсан. Банзрагчийн хонь, ямаа баруун чих араасаа хөндөл, зүүн чих сам имтэй болохоор нь би таньсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

- Гэрч Л.Мын: “...Би Б гэх айлын малчнаар 1 дэх жилдээ ажиллаж байна. Б нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед өөрийн хонийг Лоол гэх айлын хашаанд хашихад нь би 21 хонь, 4 ямаа, 1 үхрийг ачилцаж өгчихөөд гэртээ ирэхэд 14 цаг өнгөрч байсан. Бгынх манайхаас зүүн тийш ойролцоогоор 2 км зайтай бөгөөд Б нь гэрээсээ 15 цагаас 16 цагийн хооронд хөдөлсөн. Бгийн хонь, ямаа зөв чих урд ардаасаа шоргоолжтой, баруун тал нь цуулбар имтэй. Лоол гэх айл дээр хонь, ямаа, үхэр ачихад Б эхнэр Ба Лоол гэх хүний аав А болон Сумьяа, миний бие байсан юм. Б нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Хулстай” гэх газарт байх Жамбал гэх айл руу явж өвс цуг хадна гэж байсан ба болчихсон гээд үдийн хойно 16-17 цагийн хооронд гэртээ ирчихсэн харагдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/

- Гэрч Б.Бийн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 07 цаг 40 минутын орчимд Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 13-3 тоот хашаанд гэртээ ирэхэд 77-81 Сүа улсын дугаартай машин ачаан дээрээ хонь, ямаа ачсан манай холын хамаатан Б нь эхнэртэйгээ мөн нэг залуу байсан бөгөөд С гэдэг байх. Б эхэндээ Хэнтий аймаг руу явах гэж байгаа юм. Энэ хонь малыг зарна. Машины тоормос, нум нь эвдэрсэн засаж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би машин засаж байх үед Б нөгөө залуутай хамт тэвшин дээрээс 2 ямаа буулгаад айл руу аваачиж өгчихөөд ирье гэсний дараахан удалгүй нэг машин ирээд явсан. Тэр машинтай ирсэн хүн ачааны машин болон Бгийн зургийг дарчихаад явсан. Тэгэхээр нь би энэ юу болсон юм бэ зураг дараад яваад өгчихлөө гэсэн чинь Б надад “манай өвөлжөөн дээр хэдэн ямаа тасраад ирэхээр нь авчихсан юм, энэ ямаанууд наад гарынх чинь юм шиг байна” гэж хэлээд хэдэн ямаа буулгаад манай хашааны хойд буланд аваачиж тавьсан. Удалгүй цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

- 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 03- 07/,

- 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 08- 15/,

- 02519141 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ/хх- 43/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2019.11.11-ний өдрийн 5/44 дугаартай тогтоол /хх-ийн 44-45/

- “Линзийн өгөөж” ХХК- ийн Ү/19/02/79 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-58/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малын үнэлгээ ” эр ямаа 110.000 төгрөг/ 8 эр ямаа/, хязаалан ямаа 70.000 төгрөг/ 13 хязаалан ямаа/, нийт 1.790.000 төгрөг ”/хх-124/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019.09.23-ны өдрийн 5/756  тоот тодорхойлолт /хх-ийн 98/

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019.10.16-ны өдрийн 6/932  тоот тодорхойлолт /хх-ийн 102/

- Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 99/

- Б.Бын Мал, тэжээвэр амьтад, худгийн 2018 оны тооллого /хх- 113- 115/

 - Төрийн банкны Сүхбаатар салбарын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дугаартай тодорхойлолт /хх- 116/

- 270000578371 дугаартай Зээлийн болон бусад гэрээнүүд /хх- 117- 123/,

- Б.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-100/

- Ж.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 103/

- Ж.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019.10.04-ний өдрийн 8/168  тоот тодорхойлолт /хх-ийн 106/

- Д.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 107/

- Д.Хгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-109/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 110- 112/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хулстай” гэх газраас Б.Бын өвөлжөөний ойролцоо бэлчиж байсан тус сумын иргэн Ш.Бийн 8 эр ямаа, 13 хязаалан насны, нийт 21 тооны ямааг хөөж өвөлжөөний хашаанд хашин хулгайлж 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Бын ” Би 09 дүгээр сарын 18-ний өдөр шургааг мод ачаад хөрзөн гишгэх, өвөлжөөгөө янзлах ажлаар өвөлжөө рүүгээ явсан юм. Өвөлжөөн дээрээ очиход цөөн тооны ямаа байхаар хэнийхийг нь мэдэхгүй тэнд нь хашаад орхисон. Бид гурав хамт байсан. Маргааш өдөр нь би өөрийнхөө малыг борлуулах зорилгоор 21 тооны бог, 1 тооны үхэртэй ачаад өвөлжөөн дээрээ очоод уг хашсан ямаанаас 8 тооны ямааг нэмж ачаад аймаг руу явсан. Бусад ямааг гаргаад орхисон. Мөнгө болгох зорилгоор ачсан 8 ямааг ачсан гэх,
шүүгдэгч Ж.Бийн “ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед Х, Б бид 3 өөрийн өвөлжөө рүүгээ манай нөхрийн 77-81 Сүа улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр шургааган хашаа ачаад өвөлжөөн дээр буулгаад хөрзөнгөө янзалж байхад өвөлжөөнөөс урд зүгт 100 гаруй метр зайд ямаа байна гэж Х хэлсэн. Хэний ямаа юм бол гэж Х нь хөөж ирэхээр нь бид 3 хашаад имийг нь харахад ямар айлын мал гэдгийг нь мэдээгүй. Олон янзын имтэй байсан. Тухайн хөөж ирсэн ямааг бид 3 тоолсон бөгөөд 13 ишиг, 8 ямаа байсныг хашиж орхисон. Маргааш нь Б, Х бид 3 шууд өвөлжөөн дээрээ очиж тухайн 21 ямаанаас 8 ямааг ачаад үлдсэн 13 ишгийг хашаанаас нь гаргаж орхисон. Нөхөр бид хоёр өөрсдийнхөө малыг Улаанбаатар хот руу аваачиж өгөх санаатай байсан бөгөөд өөрсдийнхөө малтай цуг өгөх гэж байсан юм. Тухайн үед хулгайлъя гэсэн санаа огт байгаагүй.Би тухайн үед энэ хоёрт хэрэггүй, хашаанаас нь гаргая гэж хэлж байсан. Энэ хоёр миний үгэнд ороогүй ” гэх,
шүүгдэгч Д.Хгийн “  2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б ах, Бч эгч бид гурав Б ахын өвөлжөөн дээр хөрзөнгөө гишгэж байтал өвөлжөөнөөс урд зүгт 100 метр зайтай хэдэн ямаа харагдахаар нь Б, Бч бид гурав явган хөөж ирэхэд хэнийх нь тодорхойгүй ямаанууд байхаар хашиж үлдээсэн юм. Маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Бгийн 77-81 СҮА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй ямаа хашсан өвөлжөөн дээр очоод гурвуулаа энэ хэдэн ямаанаас арай гайгүй хэдэн ямааг нь ачаад явъя гээд хязаалангаас дээш насны 8 ямааг ачаад үлдсэн 13 тооны ямааг тэнд нь үлдээж Баруун-Урт сум руу явсан “ гэх,
    хохирогч Ш.Бийн “  2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 20 минутын үед манай саахалт айлын Баасанжав нь танай имтэй 30 орчим тооны ямаа Б гэх айлын өвөлжөөн дээр байна гэхээр нь би тэр даруй очиход ямар ч мал амьтан байгаагүй. Б нь өөрийн Маяти машинтай аймаг орсон гэж хүнээс дуулаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Маргааш нь Б түүний эхнэр Ба Х нар нь Баруун-Урт суманд байх Б гэх айлын хашаанд байхад нь цагдаагийн байгууллагын ажилчид шалгахад манай 8 ямаа байсан бөгөөд би очиж тухайн 8 ямаагаа авсан. Өөрийн ямааг дахин 2-3 удаа тоолж үзэхэд 21 тооны ямаа дутсан. Б, Х, Бч нар 10 сарын эхээр надтай ирж уулзаад 13 тооны ямаа авчирч өгч намайг хохиролгүй болгосон “ гэх,
гэрч Ш.Ггийн “2019 оны 09 сарын 19-ний өдөр намайг суман дээр байхад нөхөр Банзрагч нь “хэдэн ямаагаа тасдчихсан чинь айлын өвөлжөөн дээр хашаатай байна гэхээр нь очтол байхгүй байна. Манай хойно байх Б сая Сүхбаатар аймаг руу мал ачаад явсан сурагтай, чи цагдаад мэдэгд” гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Маргааш өглөө нь Б түүний эхнэр Ба Х нар нь Баруун-Урт сумын Б гэх айлын хашаанд байхад нь цагдаа нар очиж шалгахад манай зүүн чих сам, баруун чих араасаа хөндөл имтэй 8 тооны ямаа байсан бөгөөд тухайн үед нь тэр 8 ямаагаа тоогоор нь авсан. 21 тооны ямаа дутсан. Б, Х, Бч нар нь 10 сарын эхээр ирж уулзаад 13 тооны ямаа авчирч өгч хохиролгүй болгосон.”гэх,
гэрч Ц.Бын “ 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанхүү гэх айлын өвөлжөөнөөс аргал татахаар очиход баруун талд 200-300 метр зайд байх Бгийн өвөлжөөн дээр ямаа майлах дуу гарахаар нь очиж үзэхэд Банзрагчийн имтэй 30 гаруй тооны ямаа байсан, ихэнх нь бүдүүн эр ямаа, 6-7 тооны ишиг харагдаж байсан. Би 17 цаг өнгөрөөгөөд Банзрагч руу очиж хэлсэн юм. Банзрагч шууд Бгийн өвөлжөө рүү очиж үзэхэд байхгүй байсан гэдэг юм. Банзрагчийн хонь, ямаа баруун чих араасаа хөндөл, зүүн чих сам имтэй болохоор нь би таньсан юм...гэх,  
гэрч Л.Мын “Б нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед өөрийн хонийг Лоол гэх айлын хашаанд хашихад нь би 21 хонь, 4 ямаа, 1 үхрийг ачилцаж өгсөн, Б нь гэрээсээ 15 цагаас 16 цагийн хооронд хөдөлсөн “ гэх,
гэрч Б.Бийн “ Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 07 цаг 40 минутын орчимд Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 13-3 тоот хашаанд гэртээ ирэхэд Б эхнэртэйгээ, С гэх залуутай 77-81 Сүа улсын дугаартай машин ачаан дээрээ хонь, ямаа ачаад ирсэн байсан. Тэгээд би машиныг нь засаж байх үед машинтай хүн ирээд ачааны машин болон Бгийн зургийг дарчихаад явсан. Тэгэхээр нь би энэ юу болсон юм бэ зураг дараад яваад өгчихлөө гэсэн чинь Б надад “манай өвөлжөөн дээр хэдэн ямаа тасраад ирэхээр нь авчихсан юм, энэ ямаанууд наад гарынх чинь юм шиг байна ” гэж хэлээд хэдэн ямаа буулгаад манай хашааны хойд буланд аваачиж тавьсан. Удалгүй цагдаа нар ирсэн юм...гэх мэдүүлгүүд,  
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг ,
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл ,
02519141 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малын үнэлгээ ” эр ямаа 110.000 төгрөг/ 8 эр ямаа/, хязаалан ямаа 70.000 төгрөг/ 13 хязаалан ямаа/, нийт 1.790.000 төгрөг ” зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээ, хязгаарын хүрээнд тогтоох бөгөөд прокуророос шүүгдэгч нарыг иргэн Ш.Бийн 21 тооны ямааг хулгайлахдаа шүүгдэгч Б.Бын эзэмшлийн Хьюндай Маяти загварын 7781 СҮА улсын дугаартай машиныг ашигласан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, хэрэгт нотлогдоогүй болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгслийг ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулах ба шүүгдэгч нарын хувьд Ш.Бийн 21 ямааг авахдаа өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал, Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хулстай” гэх газарт байх өвөлжөөндөө Д.Х, Ж.Б нар хамт шургааган хашаа буулгаж, хөрзөнгөө янзлах үедээ уг газраас 100-д метр газарт бэлчиж байсан бусдын 21 ямааг гурвуул хөөж хашаандаа хашиж орхин, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний 12 цагийн орчимд Б.Бын эзэмшлийн Хьюндай Маяти загварын 7781 СҮА улсын дугаартай машинтай ирж уг 21 ямаанаас 8 ямааг машиндаа ачиж, 18 ямааг хашаанаас гаргаж орхисон үйл баримтын талаар шүүгдэгч Б.Б, Ж.Б, Д.Х нар тодорхой, тогтвортой мэдүүлэх бөгөөд тэдгээрийг тээврийн хэрэгсэл хэрэглэж бусдын ямааг хулгайлсныг өөр бусад нотлох баримтаар хэрэгт  нотлоогүй байна.   
Мөн хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгссөнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нарын хувьд “ ямаанууд олон төрлийн имтэй, ойр орчны айлын мал биш “ гэж үзэн авах санаа зорилгоор хөөж хашаанд хашсанаар уг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байх ба хулгайлах үйлдэл төгссөний дараа маргааш нь хулгайлсан малыг машинд ачиж явсныг мал хулгайлах гэмт хэрэгт машин механизм ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн энэ талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “ Шүүгдэгч нар нь 21 тооны ямаа хулгайлсан. Харин 8 тооны ямааг хулгайлахдаа тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн ” гэж шүүгдэгч нарын хулгайлсан ямааны тоог яллах дүгнэлтэнд зааснаас өөрөөр буюу “ 8 тооны ямааг хулгайлахдаа тээврийн хэрэгсэл ашигласан ” гэж дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй хийгээд үүнийгээ тодорхой тайлбарлаж, нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нар гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өвөлжөөний ойр байсан малыг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.  

Шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нарын бусдын 21 ямааг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулах бөгөөд прокуророос тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бид 21 ямааны 1.790.000  төгрөгийн хохирол учирснаас тэдгээр нь 8 ямааг биет байдлаар буцаан өгч, 13 ямааны хохирлыг орон ямаагаар нөхөн төлж хохирлыг барагдуулсан хийгээд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын Малын үнэлгээгээр нэг эр ямааг 110.000 төгрөг/ 8 эр ямаа/, нэг хязаалан ямаа 70.000 төгрөг/ 13 хязаалан ямаа/, нийт 1.790.000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас буюу өвөлжөөгөө засаж янзлах явцад өвөлжөөний ойролцоо бэлчиж ирсэн ямааг авсан, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, харин шүүгдэгч нарын гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
            
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Б.Б, Д.Х, Ж.Б нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, Б.Б, Ж.Б нар нь гэр бүлийн хүмүүс, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Х нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, шүүгдэгч Ж.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэхээр шийдвэрлэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршиг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б, Ж.Б, Д.Х нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг хамаарах, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болно.

Мөн  шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байгаа зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 7.3 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох зайлшгүй шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзээгүй тул Б.Бын эзэмшлийн, Төрийн банкны өмчлөлтэй 77-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Прокурорын 5/44 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор тогтооно.     

Шүүгдэгч Б.Б, Ж.Б, Д.Х нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, Ж.Ба Д.Х нарыг бүлэглэн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, шүүгдэгч Ж.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/ зургаа/ сар,  шүүгдэгч Д.Хг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ба, Ж.Б, Д.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б, Ж.Б, Д.Х нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ш.Бид учирсан 21 ямааны 1.790.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Хэрэгт Төрийн банкны өмчлөлийн 77-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Прокурорын 5/44 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж з  алдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН