| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0207/э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 211
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч У.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Лт холбогдох 1930004810280 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, РД:..., У.Л.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч нь У.Л нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн барилгын ажилчид байрладаг байранд иргэн Э.Жийг зодож, эрүүл мэндэд нь “толгойн зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч У.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үдийнхээ хоолонд орчихоод гараад ирэхэд Э.Ж ирээд намайг цаашаа суучих гэхээр нь би цаана чинь зай байна гэж хэлсэн. Гэтэл Э.Ж “пясданууд чинь хүн орж ирчихээд байхад цай хийж өгдөггүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд цайгүй болчихож гэж манайхан хэлсэн. Гэтэл Э.Ж “ус хийгээд өг” гэж хэлэхээр нь би “хүмүүс хоолоо идэж байна. Чи өөрөө хийгээд уу” гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Би Жийг плита наадаг алхаар цохисон. Хохирогчид томографик, эм тарианы мөнгө гээд 150.000 төгрөг, боолтны мөнгө гээд 200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол гээд 1.000.000 төгрөг өгсөн...гэв.
- Яллагдагч У.Лийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар бүгдийг хэлсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
- У.Лийн гэрчээр өгсөн: Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын соёлын төвийн барилгын даамлаар ажилладаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн үед барилгын ажилчдын байранд үдийн хоолондоо орж байхад гаднаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын спорт заалны барилгын ажил дээр шаврын ажил хийхээр Э.Ж ажилчдын хоолоо идэж байсан байранд орж ирээд миний хажууд ирээд “өвгөөн хажууд чинь суучих уу” гэхээр нь би цаана чинь зай байна, цаанаа суучих” гэж хэлэхэд Э.Ж цаана очиж суусан. Тэгээд Э.Ж “пизда нар минь хүн орж ирж байхад цай хийж өгдөггүй юм уу” гэж хэлэхэд манай ажилчдын нэг нь “тогооч байхгүй болохоор цайгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Э.Ж ус хийгээд өгчих гээд манай нэг ажилчинд хэлсэн юм. Тэгэхээр нь “би хүмүүс хоолоо идэж байна, чи өөрөө хийгээд уучих” гэхэд Э.Ж надад хандаж “чи хэн бэ” гэж 2-3 удаагийн давтамжтай хэлсэн. Тэгээд Э.Ж бид хоёр барьцалдаж аваад ноцолдож байхдаа би ширээн дээр байсан плитаны алхаар толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд Э.Ж бид хоёрыг манай ажилчид салгасан юм. ...Э.Ж гэх хүнд бэлнээр 200,000 төгрөг, томографын 90,000 төгрөг, эм тарианы 60,000 төгрөг, нийт 350,000 орчим төгрөг төлсөн ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/
- Хохирогч Э.Жийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би танил ах А гэх хүнтэй хамт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын спорт заалны барилгын шаврыг хийхээр ирсэн юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Хэнтий аймгийн “Элит мандал” гэх пабад найз Сүхбатын хамт хоол идээд бид хоёр, хоёр лааз “Сэнгүр” пиво уучихаад салсан юм. Би замдаа нэг пиво ууна гээд дэлгүүрээс дахин нэг лааз пиво худалдаж аваад замдаа уусан. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд ирээд спорт заал барьж байгаа газар очоод ажилчид байрлаж байсан өрөөнд ороод би У.Л гэх хүнийг цааш нь суучих хөлөө авалдаа гэж хэлээд У.Л гэх хүний хажууд суусан юм. Тэгсэн чинь У.Л гэх хүн “хэн бэ чи” гэж асуухаар нь би “хэнээр яах гээв чи” гэж У.Л гэх хүн бид хоёр барьцалдаж авахад У.Л гэх хүн миний толгой хэсэгт алхаар нэг удаа цохисон. Тэгээд У.Л гэх хүн бид хоёрыг өрөөнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би Мөнххаан сумын эмнэлэгт очиж үзүүлж цагдаа дуудсан юм. Би У.Л гэх хүнтэй урьд өмнө нь муудаж байгаагүй. Бид хоёрын дунд ямар нэг өс хонзонгийн зүйл болон нэг нэгнээсээ авах авлага байхгүй. У.Л гэх хүн миний толгой руу алхаар нэг удаа цохисноор миний толгой хэсэгт 5 оёдол тавьсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-4/,
- Гэрч Д.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн үед өдрийн хоолонд орж байхад Улаанбаатар хотоос спорт заалны барилга дээр шавар хийнэ гэж гаднаас хүн орж ирсэн. Тэгээд манай барилгын даамал У.Л гэх хүн хоол идээд орон дээр сууж байхад нь Э.Ж гэх хүн хажуу талд нь ирээд “чи хөлөө авчих би сууя” гэж хэлээд Э.Ж үг хэлээр өдөөд байсан. Тэгэхэд У.Л, З.Ж нар нэг нэгнийгээ заамдаж аваад байж байхад У.Л ах плитаны алхаар Э.Жийг нэг удаа цохисон хаана цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
- Гэрч Э.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай барилгын даамал У.Л болон манай ажлынхан Мөнххаан сумын спорт заалны барилгын өрлөгийн ажлыг хийж байгаад өдрийн хоолондоо орж байхад Жавхлалнтөгс Бөхмөрөнг дагаж гаднаас орж ирээд манай даамал Лийг “ хөгшөөн хөлөө татчих “ гээд Лийн хажууд суусан. Тэгээд Ж намайг цай хийгээд өгчих гэхээр нь би “ цай алга, энэ хоолыг ид “ гээд өөрийнхөө идэж байсан хоолыг өгтөл Ж “ доромжилчих юм байна л даа “ гэхээр нь би Жөөс холдоод суусан. Тэгэхэд Ж “ пиздаа нараа хар ч болтугай ус өгөөч “ гэж хэлэхэд Бөхмөрөн Жт ус хийж өгөөд гараад явсан. Тэгтэл манай барилгын даамал У.Л “ чи юун хүн бэ, хаанаас орж ирээд хоолоо идэж байгаа хүмүүс рүү дайраад байгаа юм бэ” гэхэд Э.Ж нь “ чи хэн юм хаанаас ирсэн юм бэ, би зүгээр цай нэхлээ ш дээ “ гэж хэлээд Э.Ж, Л хоёр маргалдаж хоорондоо зодолдоод орон дээрээс унасан. Тэгээд гаднаас Бөхмөрөн орж ирээд тэр хоёрыг салгаад Л ах гараад явсан, араас нь Ж гараад явсан. Өөр юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
- Гэрч Б.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Ж бид нарын байрлаж байсан газар орж ирээд цай нэхээд байхаар нь би ус хийж өгсөн. Ж Л ахыг хөлөө татаад цаашаа суучих гээд Л ахын хажууд суусан. Тэгээд Ж Л ахыг чи надтай юм ярих гээд байгаа юм уу гээд өдөж хоргоогоод байсан. Ж олон юм яриад байсан би бусад зүйлийг нь сайн сонсоогүй. Тэгээд би байрлаж байсан байрны зүүн талд байх гэрт орж хоолоо идэж байхад ажилчдын байранд түжигнэх чимээ гарахаар нь би гэрээс гарч ажилчдын байранд ороход шалан дээр Жийн цус гоожсон, Лтэй заамдалцаж барьцалдсан байдалтай байхад Ж би чиний цувдайг гоожуулна гэж Л ахад хандаж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг салгаад Жтэй хамт ирсэн ахыг дуудаж, тэр ах Жийг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
- Гэрч И.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 11 сарын 06-ны өдөр 13 цагийн үед ажилчидтайгаа хамт хоолоо идэж байхад гаднаас Ж гэх хүн орж ирээд манай барилгын даамал У.Л гэх хүнийг хөлөө татаад цаашаа суучих гэж хэлэхэд У.Л тэнд зөндөө суудал байна ш дээ тийшээ суучих гэхэд Ж Лийн хажууд шахаж суусан. Ж гэх хүн цай унд өгдөггүй юм уу гэж хэлэхэд нь гарч хэлэхэд тэнд байсан хүмүүс цай байхгүй байна гэж хэлэхэд Ж гэх хүн тэгвэл хар ус ч хамаагүй байвал өгчих гэхэд У.Л чи усаа өөрөө хийгээд уучихаа гэж хэлэхэд нь гарч явсан. Тэгээд би ажилчдын хоол идэж байсан байрны үүдэнд хайрга дээш нь болгож байсан. Тэгтэл Л, Ж хоёр заамдалцаад гарч ирсэн. Л Жийг эндээс яваа гэхэд Ж битгий хуц чамайг ална гэж хэлээд маргалдаж байхад Мөнххаан сумын спорт заалны барилгыг хариуцаж байгаа хүн ирээд Жийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
- Гэрч Г.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 11 сарын 06-ны өдөр 13 цагийн үед үдийн хоолондоо орж байхад Ж гэх хүн гаднаас согтуу орж ирээд орон дээр сууж байсан Л ахыг хөлөө татаад суучих хөгшөөн гэж хэлээд Л ахын хажууд суугаад пиздаануудаа цай хийгээд өг гэж хэлэхэд тэнд хоол идэж байсан хүмүүс тогооч байхгүй, цай байхгүй байна гэж хэлэхэд Л ах ус байна, ус уухуу гэхэд Ж гэх хүн Л ахыг хэл амаар доромжлоод пизда минь ална шүү гэж хэлэхэд Л ах ахын дүү зүгээр бай гэж хэлсэн. Тэгээд миний утас цэнэггүй болохоор нь би гар утсаа цэнэглээд эргээд хартал Ж, Л хоёр хоорондоо маргалдаад зодолдож байсан.Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд больцгоо гэж хэлээд Ж Л нарыг салгасан. Тэгэхэд Ж Л ахыг гарах уу гадаа гарч алалцъя гээд байсан. Л ах Жийг алхаар цохиж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
- Гэрч Ц.Аийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 11 сарын 06-ны өдөр 13 цагийн үед ажилчид өдрийн хоолоо идэхээр ирсэн юм. Манай тогооч Гандиймаа байхгүй байсан учраас би ажилчдын хоолыг аягалж байхад гаднаас шар куртиктэй нэг залуу орж ирээд зогсож байснаа орон дээр сууж байсан барилгын даамал Л гэх хүнийг энэ дээр суучих уу хөгшөөн гэж хэлэхэд Л гэх хүн тийшээ суулдаа гэж хэлж байсан. Тэгээд би гараад явсан, дотор өөр юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
- Мөнхаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Угийн Эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 22/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 589 дугаартай дүгнэлтэнд: Э.Жийн биед толгойн зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 23/
-У.Лийн Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/
-У.Лийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/
-У.Лийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.11.11. /хх-ийн 44/
-Хохирогч Э.Жийн хохирол хүлээн авсан тухай “ ...Э.Ж миний бие 2019.11.08-ны өдөр Лээс боолт, эм тарианы 200.000 төгрөг авсан нь үнэн болноо...” гэх баримт /хх-ийн 46/
-Хохирогч Э.Жийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай “ хүсэлт /хх-ийн 53/
-У.Лийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай “ хүсэлт /хх-ийн 55/
-Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын 2019.11.29-ний өдрийн 94 дугаартай санал /хх-ийн 56/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч У.Л нь нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт байрлах Соёлын төвийн барилгын ажилчдын байранд иргэн Э.Жтэй маргаан үүсгэн түүнийг плита наахад хэрэглэдэг резинэн алхаар толгойд нь цохиж эрүүл мэндэд нь “толгойн зулайн хуйханд язарсан шарх ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь У.Лийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Ж, гэрч нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 589 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, энэ хэргийн хохирогч Э.Ж нь Хэнтий аймгаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын спорт заалны барилгад ажиллахаар ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, барилгын ажилчдын өрөөнд шүүгдэгч У.Лтэй үл ялих зүйлээр маргаан үүсгэн, улмаар хоорондоо барьцалдах явцад У.Л нь түүнийг плита наахад хэрэглэдэг резинэн алхаар толгойд нь цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Э.Жийн “ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд ирээд спорт заал барьж байгаа газар очоод ажилчид байрлаж байсан өрөөнд ороод би У.Л гэх хүнийг цааш нь суучих хөлөө авалдаа гэж хэлээд У.Л гэх хүний хажууд суусан юм. Тэгсэн чинь У.Л гэх хүн “хэн бэ чи” гэж асуухаар нь би “хэнээр яах гээв чи” гэж У.Л гэх хүн бид хоёр барьцалдаж авахад У.Л гэх хүн миний толгой хэсэгт алхаар нэг удаа цохисон. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ” гэх,
шүүгдэгч У.Лийн “ Э.Ж пязданууд чинь хүн орж ирчихээд байхад цай хийж өгдөггүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд цайгүй болчихож гэж манайхан хэлсэн. Гэтэл Э.Ж “ус хийгээд өг” гэж хэлэхээр нь би “хүмүүс хоолоо идэж байна. Чи өөрөө хийгээд уу” гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Би Э.Жийг плита наадаг резинин алхаар цохьсон...” гэх,
гэрч Э.Бийн “ Ж Бөхмөрөнг дагаж гаднаас орж ирээд манай даамал Лийг “ хөгшөөн хөлөө татчих “ гээд Лийн хажууд суусан. Тэгээд Ж намайг цай хийгээд өгчих гэхээр нь би “ цай алга, энэ хоолыг ид” гээд өөрийнхөө идэж байсан хоолыг өгтөл Ж “ доромжилчих юм байна л даа” гэхээр нь би Жөөс холдоод суусан. Тэгэхэд Ж “ пиздаа нараа хар ч болтугай ус өгөөч” гэж хэлэхэд Бөхмөрөн Жавхлантөгөд ус хийж өгөөд гараад явсан. Тэгтэл манай барилгын даамал У.Л “ чи юун хүн бэ, хаанаас орж ирээд хоолоо идэж байгаа хүмүүс рүү дайраад байгаа юм бэ” гэхэд Э.Ж нь “ чи хэн юм хаанаас ирсэн юм бэ, би зүгээр цай нэхлээ ш дээ” гэж хэлээд Э.Ж, Л хоёр маргалдаж хоорондоо зодолдоод орон дээрээс унасан.” гэх,
гэрч Б.Бгийн “ Ж Л ахыг чи надтай юм ярих гээд байгаа юм уу” гээд өдөж хоргоогоод байсан. Ж олон юм яриад байсан би бусад зүйлийг нь сайн сонсоогүй. Ажилчдын байранд түжигнэх чимээ гарахаар нь ороход шалан дээр Жийн цус гоожсон, Лтэй заамдалцаж барьцалдсан байдалтай байхад Ж би чиний цувдайг гоожуулна гэж Л ахад хандаж хэлсэн...гэх,
гэрч И.Оын “ Ж гэх хүн орж ирээд манай барилгын даамал У.Л гэх хүнийг хөлөө татаад цаашаа суучих” гэж хэлэхэд У.Л тэнд зөндөө суудал байна ш дээ тийшээ суучих гэхэд Ж Лийн хажууд шахаж суусан. Ж гэх хүн цай унд өгдөггүй юм уу гэж хэлэхэд нь гарч хэлэхэд тэнд байсан хүмүүс цай байхгүй байна гэж хэлэхэд Ж гэх хүн тэгвэл хар ус ч хамаагүй байвал өгчих гэхэд У.Л чи усаа өөрөө хийгээд уучихаа гэж хэлэхэд нь би гарч явсан. Тэгтэл Л, Ж хоёр заамдалцаад гарч ирсэн. Л Жийг эндээс яваа гэхэд Ж битгий хуц чамайг ална гэж хэлээд маргалдсан” гэх,
гэрч Г.Оын “Ж Л ахын хажууд суугаад пиздаануудаа цай хийгээд өг” гэж хэлэхэд тэнд хоол идэж байсан хүмүүс тогооч байхгүй, цай байхгүй байна гэж хэлэхэд Л ах ус байна, ус уух уу гэхэд Ж гэх хүн Л ахыг хэл амаар доромжлоод пизда минь ална шүү гэж хэлэхэд Л ах ахын дүү зүгээр бай гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал Ж, Л хоёр хоорондоо маргалдаад зодолдож байсан. Ж Л нарыг салгахад Ж Л ахыг гарах уу гадаа гарч алалцъя гээд байсан. Л ах Жийг алхаар цохиж байхыг хараагүй...” гэх,
гэрч Ц.Аийн “гаднаас шар куртиктэй нэг залуу орж ирээд зогсож байснаа орон дээр сууж байсан барилгын даамал Л гэх хүнийг энэ дээр суучих уу хөгшөөн гэж хэлэхэд Л гэх хүн тийшээ суулдаа гэж хэлж байсан. Тэгээд би гараад явсан, дотор өөр юу болсныг мэдэхгүй...” гэх,
шинжээчийн 589 дугаартай “ Э.Жийн биед толгойн зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.
Шүүгдэгч У.Лийн, хохирогч Э.Жийг зодож, гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
У.Л нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн зүй бус харьцаанаас шалтаглан түүнийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
У.Л нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Жөд учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 1.350.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, “ гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг тус аймгийн Прокурорын газарт гаргажээ /хх- 55/.
Шүүгдэгч У.Лийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
У.Лийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцжээ.
Тухайлбал, шүүгдэгч У.Лийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд татгалзах зүйлгүй “ гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд У.Лт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У.Л энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан У.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.Л оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Ялтан У.Л энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Ж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН