| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 136/2016/00180/и |
| Дугаар | 46 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 46
,
Ш.Бийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2016/00325 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Ш.Бийн хүсэлттэй,
А.Бийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох, өв залгамжлагчаар тогтоолгож, орон сууц өмчлөх өв нээлгэх тухай иргэний хэргийг
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний эцэг А.Б миний эх О.Стой гэр бүл болж 1957 онд охин Б /Жосор/ намайг, 1959 онд охин Жыг, 1960 онд хүү Жигмэдийг, 1962 онд охин Уийг, төрүүлсэн байдаг. Эдгээр хүмүүсээс одоо амьд байгаа нь би байгаа юм. Одоо охин Ж, хүү Ж, охин У нар нь нас барцгаасан байна. Өмнөговь аймаг руу С, Х нарт өргүүлсэн байдаг. Гэтэл 12 жилийн дараа тэр өргөж авсан С нь нас барж, Х нь суугаа болсон тул миний эцэг А.Б “Х ээж бид 2-ыг” Хатанбулаг сум руу шилжүүлж авсан. А.Бтай 1970 оноос 1989 хүртэл хамт нэг ам бүлд амьдарсан. А.Бийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргаж байна.
Миний эцэг А.Б нь 1945 оны эх орноо хамгаалах, чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн юм. Энэ хүнд 2008 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар “Чөлөөлөх дайнд оролцсон амьд байгаа болон 2008.06.06-аас хойш нас барсан ахмадад төрөөс үнэ төлбөргүй 1 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл миний эцэг А.Б нь 2009.04.27-ны өдөр нас нөгцсөн тул хуульд заасны дагуу би өөрийгөө “Хууль ёсны өвлөгч” гэж үздэг. Иймд Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар олгогдсон Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 3-р байрны 1-р орц 41 тоот 34.21 м2 орон сууцны өв залгамжлах эрхийг нээж өгнө үү гэжээ. /хх-1/
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б, А.Б хоёр ямар холбоотой хүмүүс вэ гэдэг нь хэргийн 17,19, 21-р хуудсанд байгаа гэрч У, Ц, Б нарын мэдүүлгээр харагддаг ба С, Б нар хамтран амьдарч байхад охин Б 1957 онд төрсөн байдаг. Мөн Дорноговь аймгийн төрийн архивын лавлагаа, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэргээс тодорхой харагдана.
Б нь Х, С нарт өргөгдөж Өмнөговь аймаг руу явсан. 1959 оны үед үрчлэлтийн тухай төрийн захиргааны байгууллагад бүртгэл байгаагүй байна. Очсон хойноо Ж гэдэг нэртэй болсон байна. Ийм нэртэй байж байгаад буцаад, энэ нь Өмнөговь аймгийн сургуульд орсон баримтаар нотлогддог. 1970 онд С нас барж, Х нь суугаа болсон учир харж хандах хүн нь зарим нь нас барсан, Б өөрөө насанд хүрээгүй хүүхэд байсан учраас Аын Б гэдэг хүн очиж авсан. Авсанаас нь хойш Бтай 1970 оноос 1989 он хүртэл нэг ам бүлд хамг амьдарсан. Нэг ам бүлд амьдарсан тухай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдана. Ийм учраас Бийн охин болох нь тогтоогдоод байгаа юм. Б нь 1980 оноос хойш Шар гэдэг хүнтэй гэр бүл болоод хэд хэдэн хүүхэд гаргасан. Үүний нэг нь Б гэдэг охин байгаа. Талийгаач Б Бээс гарсан охин Бтэй амьдарсан, түүний асрамж халамжид амьдарч байгаад нас нөгчсөн байдаг юм. хүүхэд нь тогтдоггүй айл байсан учраас тухайн үедээ өргөж авсан хүүхдийнхээ нэрийг сольсон. Солихдоо Б гэдэг нэрээр нэрлэсэн. Овгийг нь солихдоо Шанж гэж өөрсдийнхөө өргөж авсан ээж Хий талын дээд өвөг болох Шанж гэдэг овгоор овоглосон байдаг юм.
Зорилго нь Бийн төрсөн охин Б өвөг эцэг Бтайгаа хамт сүүлийн 17 жил амьдарсан байдаг юм. Энэ хүнийг нас барсны дараа Ерөнхийлөгчийн зарлиг гараад орон сууц өгсөн байдаг. Биологийн эцгээр Г. Ухныг тогтоосноор Бийг Бийн охин биш болохыг нотолж байгаа баримт биш гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт бол Баяр-Эрдэнийн холбогдолтой иргэний хэрэг дээр гарсан дүгнэлт. Шүүх өөрийн санаачлагаар нотлох баримт оруулж ирээд уншиж танилцуулаад байгаа нь хууль зөрчсөн асуудал. Энэ хэрэгт энэ дүгнэлт нотлох баримт болохгүй. Үүнийг нотлох баримтаар хангахгүй байх хүсэлтийг гаргаж байна. Бээс гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бийг бага байхад нь Ж гэж нэртэй байсан. Тэр чинь 2 Ж байсан юм билээ. Дараагийн 1959 онд төрсөн Ж нь нас барсан. Дараа нь У гэдэг нь нас барсан. Бага хүүхдийг өвгөн, хөгшин хоёр ирж аваад Ханбогд сум руу явсан. Очсон хойноо Ж гэдэг нэрийг солиод өгсөн. 1957 оны 5 сард төрсөн хүүхэд юм. Өвгөн, хөгшин хоёр Шанж гэдэг овогтой, 1970 онд өвгөн нас бараад, хөгшин амьд сэрүүн байгаа дээрээ ах дүүг нь бараадуулна гээд Ханд гэж хөгшин манай Б ахтай байж байсан хүн. Тэр авгайн гадаа Х гуай Бийг аваад нүүж ирсэн. Тэгээд тэр айлтай айлсаж байсан. Б ах нэг очоод нэг яваад байсан. Тэр үед У Стой явж байсан үе, Б ах Хандаасаа салаагүй байсан. Тэр учрыг Цэрэн сайн мэдэж байсан юм. Дээр үеийн хүмүүс хамаагүй байдаг байсан. Энд хэд хоноод, тэнд хэд хоноод л явдаг байсан. С дээр очихоосоо өмнө Ханд дээр очдог байсан. Стой сүүлд суугаад ирэн очин байгаад байсан. 1960-н хэдэн онд бүх хүмүүсийг, айлын хүүхдүүдийг бүгдийг эцэг эхтэй болгоно гээд ил очдогоор нь тэр тэднийд очиж байна гээд тэрүүгээр нь эх, эцгээр нь бүртгэж байсан. Тэгээд эцгийнх нь нэрээр бүртгүүлсэн юм билээ. Тэр үед Бтэй гэр бүлийн харьцаатай байсан гэдгээ өөрөө нотолж хэлж байгаа. Тэгээд явж байгаад Б үнэхээрийн Ухнын хүүхэд гэдэг нь шинжилгээгээр гарч ирж байгаа гэжээ.
Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Ш.Бийн хүсэлттэй А.Бийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох, өв залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны өв нээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар урьд илүү төлсөн 70,200 төгрөгийг хүсэлт гаргагч Ш.Бэд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдан шийдвэрлэжээ. /хх 81-83/
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдсанд гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингэхдээ ... Ш.Б нь 1958.01.05-ны өдөр төрсөн нь ... тогтоогдож байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Хатанбулаг сумын ЗДТГ-ын 2011.04.26-ны өдрийн 06/114 дугаар албан бичигт ... 1957 оны Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрөгсдийн бүртгэлийн 52-т эцэг Аын Б, эх Охины С нарын охин Ж 1957.8.27-ны өдөр төрснийг 1957.09.12-нд бүртгэсэн байна гэсэн нотлох баримт/ мөн 1957 оны ИГББТ-ийн бүртгэлийн хуулбар/ байхад шүүх 1958.01.05-ны өдөр төрсөн нь тогтоогдож байна гэж үндэслэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх А.Б нь 1956 оноос 1965 он хүртэл О.Стой 1966 оноос хойш Хандтай, 1970 оноос Шанжийн Хтэй гэр бүлийн харьцаатай байж гэж үндэслэсэн нь хавтаст хэрэгт байхгүй мэдээллийг хаанаас гаргаж ирж үндэслэсэн нь тодорхойгүй байгаад гомдолтой байна. Шүүх.. Ш.Б нь Ш.Хий дагавар хүүхэд болох байсан үйл явдал тогтоогдож байна гэж үндэслэх хэсэгтээ заасан бөгөөд ямар нотлох баримтаар үйл явдал нотлогдож байгаагаа дурьдаагүй байна.
Ш.Б нь Ш.Хий дагавар биш үрчлэгдсэн хүүхэд болох нь хэрэгт авагдсан гэрч У, Цэрэндулам, Балжийбуу болон УБЕГ-ын 2011.06.28-ны 10/01/5366 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно.
Шүүх Бийн хүсэлттэй иргэний хэрэгт зохигчдоос ямар нэг шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар өөр хэргийн шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж ирж шийдвэрийн үндэслэл болгож шийдвэр гаргаж байгаа нь 00325 дугаар шийдвэр нь бүхэлдээ шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч бага насандаа Ж, Ж-Осор нэртэй байсан эсэх, бусдад үрчлэгдэж байсан эсэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг анхаарна уу.
Гэтэл шүүх зөвхөн регистрийн дугаар зөрүүтэй гэдгээр хүсэлтийг, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн 2016.09.16-ны өдрийн 00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэв.
ХЯНАВАЛ:
Hэхэмжлэгч буюу хүсэлт гаргач Ш.Б нь А.Бийн төрсөн охин болохыг тогтоолгох, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар олгогдсон Улаанбаатар хот, * *** тоот, 34,21 м2 талбай бүхий орон сууцны өв залгамжлах эрхийг нээлгэх гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шйидвэрлэж Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 133, 135 дугаар зүйлд заасантай нийцээгүй байв.
Тодруулбал 1. Нэхэмжлэгч Ш.Б нь А.Бийн төрсөн охин болохыг тогтоолгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар олгогдсон Улаанбаатар хот, * *** тоот, 34,21 м2 талбай бүхий орон сууцны өв залгамжлах эрхийг нээлгэх гэсэн үндсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байхаас гадна эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох нөхцлийг бүрдүүлдэг болно.
Тэгэхээр дээрх нэхэмжлэлээс А.Бийн төрсөн охин болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл бол нэхэмжлэгч нь энэхүү үйл явдлыг тогтоолгосноор Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар А.Бийн хууль ёсны өв залгамжлагч болох боломжтой болох буюу энэ утгаараа түүний энэхүү хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох тухай хүсэлт гэж ойлгон онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар олгогдсон Улаанбаатар хот, * *** тоот, 34,21 м2 талбай бүхий орон сууцны өв залгамжлах эрхийг нээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй байх ба энэхүү шаардлага нь дээрх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосноор хэрэгжих боломжгүй ямар нөхцөл байдал нэхэмжлэгчид саад болж байгаа, улмаар өөр хэн нэгэн этгээд маргаан үүсгэснээс энэ эрх нь зөрчигдөж байгаа бол энэхүү шаардлагыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан 2 шаардлагын аль нэг нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хүсэлт биш бол хэргийг бүхэлд нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжгүй ба зөрчигдсөн эрхийг сэргээх, маргаантай эрхийг хамгаалах тухай нэхэмжлэлийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий журмын дагуу явагдах бөгөөд үүнээс шалтгаалж хэргийн оролцогчдын эрх зүйн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах журам өөр өөр болно.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар олгогдсон Улаанбаатар хот, * *** тоот, 34,21 м2 талбай бүхий орон сууцны өв залгамжлах эрхийг нээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг үл хөдлөх эд хөрөнгө бодитоор бий болсон эсэх буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, одоо хэний өмчлөл эзэмшилд байгаа зэрэг нэхэмжлэлийг үндэслэх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг ... хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ... тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилох журам энд мөн адил хамааралтай юм.
Гэтэл анхан шатны шүүх дээрх дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэний хүсэлтээр, ямар зорилгоор хийгдсэн ажиллагаа болох нь тодорхойгүй буюу өөрийн санаачилгаар 5286 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргасан нь хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэнтэй нийцээгүй байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дын “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2016/00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Н.БАТЧИМЭГ