| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2016/00776/И |
| Дугаар | 00666 |
| Огноо | 2015-09-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 00666
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2016/00664 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: “Лэндмастерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Баялаг хотхон, 60/2-06 тоотод байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9011179013/
Хариуцагч: “Нэйшнлдевелопер” ХХК-д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Гутал” ХХК-ийн байр, улсын бүртгэлийн гэрчилгээ 9011104148, регистрийн дугаар 5183405/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.233.552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Лэндмастерс” ХХК-ийн төлөөлөгч Э.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Нэйшнл девелопер” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Doosan 210 маркийн экскаватор машинаар газар шорооны ажил гүйцэтгэхээр /ND16/Г-/ дугаартай гэрээг, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх тухай /ND16/Г-22/ дугаартай гэрээг 2 экскаватор машинаар газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр хоёр гэрээ байгуулсан билээ. Дээрх 2 гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох манай компанийн зүгээс экскаватороор ажил гүйцэтгэсний хөлс нь сарын 8.800.000 төгрөг байхаар төлбөрийг гэрээний 2.6-д зааснаар тухайн сарын төлбөрийг дараа сарынх нь 28-30-ны өдрийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлж байхаар харилцан тохиролцсон юм. Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар ажил 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эхэлсэн. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг цаг хугацаанд нь хийж ирсэн билээ. Гэтэл захиалагч Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээний үүргээ удаа дараа зөрчиж гэрээт ажлын хөлсийг гэрээнд зааснаар төлж барагдуулалгүй манай компанийг хохироож өнөөдрийг хүрээд байна. Тухайлбал, захиалагч тал нь ажил эхэлсэнээс хойшхи хугацаанд буюу гэрээний 2.6-д заасны дагуу 2016 оны 4, 5, 6, 7, 8 дугаар сарын гэрээний төлбөр бүрэн барагдуулаагүй байна. Үүнд 4 дүгээр сарын гэрээний төлбөр 9.208.258 төгрөг, 5 дугаар сарын төлбөр 32.633.655 төгрөг, 6 дугаар сарын төлбөр 23.364.667 төгрөг, 7 дугаар сарын төлбөр 20.360.000 төгрөг, 8 дугаар сар 6.504.000 төгрөг, нийт 90.614.447 төгрөг болоод байгаагаас 13.480.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ингээд сүүлд хоёр компанийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 77.134.447.00 төгрөгийг “Нэйшнл девелопер” ХХК нь манай компанид төлөх тооцоо гарч байна. Иймд манай компанид төлөх ёстой гэрээт ажлын хөлс 77.134.447.00 төгрөг, гэрээт ажлын хөлсийг хугацаанд төлөөгүй хоног тутмын алданги 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 8 дугаар 15-ны өдөр хүртэл нийт 35 хоногт тооцсон алдангид 8.099.105 төгрөг, нийт 85.233.552 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Галбадрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болон 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрүүдэд техникийн түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Сарын түрээсийн төлбөрт 32.800.000 төгрөг төлөхөөр зааж эхний төлбөрийг 5 дугаар сарын сүүлээр орж ирэх санхүүжилтээс хийхээр тохирч байсан. 4, 5 дугаар саруудад газар хөлдүү байсан учир хүлээгдэж буй санхүүжилтийн хэмжээ их бага орж ирсэн учир бид 5 сард төлбөр хий чадаагүй харин 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөг тус тус төлсөн. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр орж ирэх санхүүжилтээс 2 тал тохиролцсоны үндсэн дээр 20.000.000 төгрөг төлөхөөр болсон. Манай компаниас төлбөрийг тус заасан өдөр /2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баасан гариг/ нь гүйцэтгэсэн боловч нэхэмжлэх дээр төлбөр хүлээн авагч байгууллагын нэрийг буруу бичигдсэнээс болж төлбөр хийгдээгүй. Ингээд төлбөрийг дараагийн ажлын өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хийх гэсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс татварын өртэй гэх шалтгаанаар Төрийн банкин дахь 343100167963 тоот манай компанийн дансыг битүүмжилж дансанд байсан 62.883.917 төгрөгийг Татварын орлогод шилжүүлсэн. Энэ тухай “Лэнд мастерс” компанийн удирдлагад танилцуулсан боловч манай компанийг шүүхэд өгсөн байна. Бид гэрээний үүргээ биелүүлж гэрээний үндсэн төлбөр болох 77.134.447 төгрөгийг бүрэн барагдуулах тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Харин нэхэмжлэлд дурдсан алданги болох 8.099.105 төгрөгийг төлөх боломжгүй тул алдангийн дүнг хасах саналтай байна. Бид гэрээний төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17.134.447 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Лэндмастерс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги болох 8.099.105 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17.134.447 төгрөг, нийт 77.134.447 төгрөгийг энэ гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Лэндмастерс” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.233.552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8.099.105 төгрөгөөс татгалзаж, үлдэх 77.134.447 төгрөгийг хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн байна.
Талууд дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан “Лэндмастерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нэйшнл девелопер” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.233.552 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8.099.105 төгрөгөөс татгалзаж, үлдэх 77.134.447 төгрөгийг хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Лэндмастерс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 649.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан, хариуцагч “Нэйшнл девелопер” ХХК-иас 324.060 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар данснаас 324.060 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Лэндмастерс” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД