Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1045

 

 

 

 

 

2019           12          10                                    2019/ШЦТ/1045    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар /томилолтоор/,  

            Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 1909032921106 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 11 дүгээр гудамж 165 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монполимент цогцолборын урд гарцан дээр хохирогч Б.Санжаажавтай таксины хөлснөөс болж маргалдан газар унагаан өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн шүдний эмтрэл, зүүн дээд доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, дух, зүүн хацар, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909032921106 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Санжаажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 26-ны орой Баянмонгол хорооллын зам дагуу явж байгаад такси бариад саарал өнгийн Тоёота приус-20 маркийн УБЧ улсын дугаартай автомашинд суусан. Баянмонгол хорооллоос Далай таур руу хүргүүлэхээр болсон. Би таксинаас буухдаа 2000 төгрөг данс руу шилжүүлэх гэхэд “2000 төгрөг данс руу шилжүүлэхэд мессеж ирэхгүй, 5000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тань руу 20.000 төгрөг шилжүүлье та миний машиныг бариад 120 руу дөхүүлээд өгчих” гэж хэлсэн. Гар утсанд нь мессеж ирэхгүй байна гээд уурласан. Тухайн хүн намайг “20.000 төгрөг төлж чадахгүй бацаан” гээд хэл амаар доромжлоод байсан. Намайг машинаас нь буухад тухайн ах машинаасаа бууж ирээд “мөнгөө төлж чадахгүй” гэж хэлээд намайг газар унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Миний баруун нүд хөхөрсөн, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгарсан. Мөн уруул хэсэг хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 26-ны орой Баянмонгол хорооллын зам дагуу явж байсан хүнийг аваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Далай тауэрийн гадна хүргэж өгсөн. Би 2000 төгрөг гарлаа гэтэл “бэлэн мөнгө байхгүй, 20.000 төгрөг шилжүүлээд машинаа бариулъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй над руу 5000 төгрөг шилжүүлчих би 3000 төгрөг хариулаад өгье” гэж хэлсэн. Миний данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн гээд худлаа хэлээд байсан. Би “мөнгө ороогүй байна” гэхэд “мөнгө орчихсон” гээд намайг элдвээр доромжилсон. Тэгээд машинаас буугаад намайг “гараад ир” гэж хэлсэн. Буугаад очтол намайг мөргөх гээд нүүрээрээ тулаад ирсэн. Тэгэхээр нь би зайлаад татаж унагасан. Газар унахдаа тухайн хүн биедээ гэмтэл авсан байх. Тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10419 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Санжаажавын биед дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн дээд доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, дух баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...бараан өнгийн хувцастай хоёр эрэгтэй автомашинаас бууж ирээд бараан хувцастай шаргал өмдтэй эрэгтэй нь нөгөө залуугаа унагаагаад дээрээс нь өшиглөөд зодож байгаа бичлэг байв...” гэжээ /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Зүүн хацарт 2,5х2,5 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралт гэмтэл нь дүгнэлт хэсэгт тусгагдах ёстой. Уг гэмтэл нь дүгнэлт хэсэгт нэмэгдсэнээр гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монполимент” цогцолборын урд замын гарцан дээр хохирогч Б.Санжаажавыг “таксины хөлсөө төлсөнгүй” хэмээн маргалдан улмаар газар унагаан өшиглөн зодож түүний эрүүл мэндэд “дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн дээд доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, дух баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Б.Санжаажавын “...Намайг машинаас нь буухад тухайн ах машинаасаа бууж ирээд “мөнгөө төлж чадахгүй” гэж хэлээд намайг газар унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Миний баруун нүд хөхөрсөн, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгарсан. Мөн уруул хэсэг хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Бгийн “...Би “мөнгө ороогүй байна” гэхэд “мөнгө орчихсон” гээд намайг элдвээр доромжилсон. Тэгээд машинаас буугаад намайг “гараад ир” гэж хэлсэн. Буугаад очтол намайг мөргөх гээд нүүрээрээ тулаад ирсэн. Тэгэхээр нь би зайлаад татаж унагасан. Газар унахдаа тухайн хүн биедээ гэмтэл авсан байх...” гэсэн мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгийн тэмдэглэл,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10419 дугаартай дүгнэлт,

 

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Санжаажавтай “таксины мөнгө шилжүүлсэнгүй” гэж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн,, хэргийн нөхцөл байдал нь эд мөрийн баримтаар тогтоогдсон камерын бичлэгт тусгагдсан, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Бгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүх шүүгдэгч Х.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Санжаажаваас “...нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 42, 56 / байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Х.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 470.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                           

                   ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 470.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН