Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 00667

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00667

Улаанбаатар хот

             

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Нэхэмжлэгч: “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 19 дүгээр байр, “Астра буйлдинг” төв 2 давхар, 202 тоотод байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 9019073075, регистрийн дугаар 2823624/

 

            Хариуцагч: Боржигон овогт Чойнямын Ням-Эрдэнэд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Хайрхан 1 дүгээр гудамж, 31 тотод оршин суух, регистрийн дугаар ХБ57100906/

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 410.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Очирсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Чойням овогтой Ням-Эрдэнэ нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ВишнФанд ББСБ-ын Улаанбаатар-4 салбараас 10809428 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2,7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлж байгаад төлөхөө больсон, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Одоогийн байдлаар нийт 410.000 төгрөгийн төлбөртэй байна. Зээлдэгч Ч.Ням-Эрдэнэ ньүндсэн зээл 365.000 төгрөг, зээлийн хүүнд 45.000 төгрөг, нийт 410.000 төгрөгийн төлбөртэй байна. Иймд 410.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Ням-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний Ч.Ням-Эрдэнэ нь “Вишнфанд” ББСБ-аас нэхэмжилсэн 410.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Очирсүрэн “...Зээлдэгч Ч.Ням-Эрдэнээс үндсэн зээл 365.000 төгрөг,зээлийн хүү 45.000 төгрөг, нийт 410.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Ням-Эрдэнэ хүлээн зөвшөөрч “...Вишнфанд ББСБ-аас нэхэмжилсэн 410.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Ч.Ням-Эрдэнэ нь “Вишнфанд ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлага болох 410.000  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Ням-Эрдэнэд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 410.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 07-ныөдөр төлсөн 12.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Ч.Ням-Эрдэнээс 6.475 төгрөг, Хан-Уул Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 6.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД