| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0005/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 11
2019 12 27 2020/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогтой Лхаасүрэнгийн Бод холбогдох эрүүгийн “1911024211150” дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3 дугаар гудамж 0072в тоотод оршин суух,
урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнссэн,
Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 276 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгээр 8 жилийн хорих ялаар,
Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 134 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлж тэнссэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 608 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Тугчин овогт Л.Б, /РД: ............
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3-72в тоотод өөрийн хүү Б.Сумьяабазарыг дэлгүүрлүү удаан явлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн зовхи, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ “...Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв,
Шүүгдэгч Б. Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тус өдөр би өглөө 08 цагийн үед найзуудтайгаа архи ууж байгаад гэртээ ороод унтаж байсан чинь Сумьяабазар гэрт ороод ирчихсэн ус авах гэж байгаа бололтой байхаар нь 3000 төгрөг өгөөд “Аавдаа ундаа аваад ирээрэй” гэж хэлээд гаргасан бөгөөд Сумьяабазар гэртээ ирэхгүй удаад байхаар нь би хойноос нь худаг дээр яваад очсон чинь манай гудамжны үл бүтэх хулгайч 2-3 хүүхэдтэй цуг юм яриад зогсож байхаар нь миний уур хүрээд Сумьяабазарын “Хөөш, чи юу хийж байгаан” гэж хэлээд яваад очсон чинь хамт байсан 3 хүүхэд нь зугтаагаад яваад өгсөн бөгөөд би Сумьяабазарын толгой, нүүрлүү гараараа цохиод “Чи ямар удаан явдаг юм, энэ муухай хүүхдүүдтэй яагаад нийлээд байгаан, архичин, хулгайч, тамхичин болох гээд байгаа юм уу, гэртээ харья” гэж хэлээд бид 2 гэртээ орж ирээд би Сумьяабазарыг муу хүүхдүүдтэй нийллээ гээд цээжлүү нь өшиглөөд газарт унагаагаад нүүр хэсэгт нь өшиглөх шиг болсон бөгөөд босоод ирэх үед нь шалны мод барьж байгаад зүүн гар луу нь цохьсон...” гэх /хх-ийн 21-22х/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Сумьяабазар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тус өдөр өглөө хичээлдээ 07 цагт яваад өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн чинь манай аав буюу Б гэрт ирчихсэн архи үнэртүүлчихсэн унтаж байсан бөгөөд би гэрээ цэвэрлээд усанд явах гээд байж байсан чинь 17 цагийн үед аав сэрээд надад 5000 төгрөг өгөөд “Ундаа аваад ирээрэй” гэж хэлээд өгсөн бөгөөд би худаг дээр найзуудтайгаа таараад цугтаа явах гээд бие биенээ хүлээж байсан чинь аав гэнэт гудамжнаас гарч ирээд над дээр ирээд “яасан удаан явдаг юм бэ чи” гэж хэлээд нүүрлүү 2 удаа алгадаад толгойруу 2 удаа алгадаж цохиод гэрлүүгээ бид 2 цуг яваад гэртээ орсон чинь аав намайг “чи яасан удаан явдаг юм бэ? Чи намайг доромжпоод байна уу?” гэж хэлээд цээж рүү өшиглөж газарт унагаагаад нүүр лүү 1 удаа өшиглөөд баруун гар дээр 2-3 удаа дэвсэж байгаад тайвширсан бололтой байхаар нь би хариулт мөнгийг нь өгөх гээд боссон чинь зүүн гар луу шалны мод барьж байгаад цохих үед нь газарт уначихсан чинь миний гар дээр 2-3 удаа дэвссэн бөгөөд би уйлаад ядарсандаа болоод унтаад өгсөн...”, “...энэ үед аав бид хоёр хоёулахнаа байсан. Мөн намайг зодож байхдаа ээжрүү залгаад энийг чинь нэг мөсөн алаад өгье гэж хэлж байсан...” гэх /хх-ийн 16-17х/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-11х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10796 дугаартай
Б.Сумьяабазарын биед зүүн зовхи, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 32х/,
Хууль ёсны төлөөлөгч Б.Бямба-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тус өдөр ажилдаа яваад орой ээж дүү 2 дээрээ ороод гаръя гэж бодоод оройн 21 цагийн үед гэртээ очих үед гэрт Сумьяабазар зурагт үзээд цаашаа хараад суучихсан аав болох Б хоол хийгээд сууж байсан бөгөөд би хувцсаа сольж дуусаад Сумьяабазартай юм ярих гэсэн чинь цаашаа хараад суугаад байхаар нь очоод харсан чинь нүд нь хавдсан байхаар нь би яагаад ийм болчихсон талаар асуухад “Аав ийм болгочихсон юм аа, ундаа удаан авч ирлээ гэж намайг зодсон юм” гэж хэлэхээр нь би дүргүй хүрээд цагдаа дуудаад өгчихсөн юм. Аав 3-4 жил байнга архи ууж байгаа бөгөөд ойрын 1 жилийн хугацаанд гудамжны архичидтай нийлээд гэртээ ч ирэхгүй байгаа. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна ...” гэх /хх-ийн 26-27х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж согтууруулах ундаа 6 сарын хугацаатай хэрэглэхийг хориглож, торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугчин овогт Лхаасүрэнгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан согтууруулах ундаа 6 сарын хугацаанд хэрэглэхийг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД