Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 39

 

                              

 

 

 

 

 

2020        01          07                                    2020/ШЦТ/39

     

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буянбатын Дд холбогдох эрүүгийн 1911009530866 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 38-760 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б Д, /РД: ..............

 

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчин явах үедээ иргэн Б.Анхжаргалын цүнхнээс “Эйч пи” /НР/ загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 665,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11-12 цагийн үед байх Чингэлтэй дүүргийн 7 буудлаас хот руу автобусанд суугаад явж байсан чинь нэг 20 гаран насны цүнх үүрсэн охины цүнх дотор нь нэг зөөврийн компьютер байхаар нь түүнд мэдэгдэхгүйгээр хулгай хийж аваад өөрийн өмсөж байсан хувцасны энгэрт хийгээд 6 буудлын автобусны буудал дээр буучихсан юм. Тэгсэн чинь тэр охин миний араас бууж ирээд миний гар руу нэг харчихаад өөр нэг залууг хараад тэр залууг зулгаагаад үлдсэн юм. Тэгхээр нь би буудлын араас нэг такси бариад нөгөө охиныг холоос ажиглаад байсан чинь тэр охин 17-ийн автобусны буудлын хажууд байдаг цагдаагийн хэлтэс рүү орж байсан. Тэгээд би хулгай хийж авсан зөөврийн компьютероо заралгүй өөртөө байлгаж байгаад намайг хайж олоод мэдчих байх гэж айгаад зөөврийн компьютероо Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт аваачиж өгөөд хэргээ хүлээсэн юм. Энэ миний буруу би дахин ийм хэрэг хийхгүй...” /хх-ийн 60-61х/,

Хохирогч Б.Анхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах гэрээсээ Ногоонбулгийн автобусны буудлаас 4-23 чиглэлийн цэнхэр алаг автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн завсрын буудал дээр ирж зогсоод автобус хөдлөөд явах үед миний цүнхэн дотор байсан саарал өнгийн эйч пи “НР” загварын нөүтбүүкээ алдсанаа мэдээд автобуснаас буугаад ойр орчимд нөүтбүүк авсан хүнийг хайсан боловч олоогүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх /хх-ийн 29-30х/,

Дамно ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний “...зөөврийн компьютер 665,000 төгрөг...” тайлан /хх-ийн 41х/,

Шүүхийн шинжилгээний үндэслний хүрээлэнгийн шинжээчийн 06/295 дугаартай "... шинжилгээнд тэнцэж буй Буянбат овогтой Д гэх гарын хээний дардас нь 5 удаа бүртгэгдсэн байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 45х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Доржсэнгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчин явах үедээ иргэн Б.Анхжаргалын цүнхнээс “Эйч пи” /НР/ загварын зөөврийн компьютерийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 665,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эд зүйлийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 52 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч түүний бичлэн биелүүлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 64 цагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                 

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Буянбатын Доржсэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржсэнгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 52 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, түүний биечлэн биелүүлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 64 цагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.АРИУНБОЛД