Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 28

 

                              

 

 

 

 

 

2020        01          06                                    2020/ШЦТ/28

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уяач овогтой Ононгийн Гэд холбогдох эрүүгийн “1911029071233” дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын вагон үзэгч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 33-4866 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Уяач овогтой О Г /РД: ...........

 

Шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 33-486 тоот дахь гэртээ хохирогч Х.Вандандамбууг миний гар утсыг хулгайлах гэлээ хэмээн маргалдаж, улмаар нүүр лүү нь цохиж, цээж рүү өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “баруун талд хацрын сэртэнгийн хугарал, баруун зовхи хацрын цус хуралт, баруун дээд 3-р шүдний эмтрэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Архи ууж сууж байтал хажуугаас Юмжирдулам нь гэнэт чиний цагаан малгайг чинь Вандандамбуу гэртээ аваачаад тавьчихсан байна лээ гэж хэлсэн. Энэ өдрөөс хэд хоногийн өмнө миний 2 гар утас алга болохоор нь Вандандамбууг хардсан юм. Тэгээд би утас хулгай хийсэн байна гээд Вандандамбууг зодсон...” гэх /хх-ийн 31/,

Хохирогч Х.Вандандамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цагт хороололд Г, Гантөмөр, Эрка, Оодой гэх дүү, 2 найзынхаа хамтаар байсан. Караокеноос гараад би найз охиноо дуудсан ба энэ үед 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өглөө болж байсан...30 минутын дараа Г гэртээ ганцаараа ирсэн. Г ирээд нэг шил архи авч ууж байгаад миний нойр хүрээд гээд унтаад өгсөн. Нэг сэрэхэд Г миний дээр гарчихсан миний нүүр рүү цохиж байсан. Би яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи миний гар утсыг хулгайлсан гээд над руу дайраад байсан. Би гэрээс гараад зугтаатал хашааны үүдэнд намайг бариад авсан ба хашаанд барьж аваад миний нүүр рүү цохиод байсан. Миний цээж рүү нэг удаа хөшиглөөд гэр рүү оруулсан. Гэртээ ороод намайг орон дээрээ унагаад миний дээр гарч суугаад миний нүүр рүү цохиод байсан. Намайг маш олон удаа цохисон ба чи яасан их зугтаадаг юм чамайг яг одоо ална гэж хэлсэн. Тэгээд Эрка тэлийгээрээ миний нуруу руу 2 удаа цохисон ба мөн хажуугаас 1-2 удаа цохисон. Намайг зодож байгаад Г Цагдаа руу залгаад утас хулгай хийсэн хулгайчийг барьчихлаа гэж дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 10-11х/,

Гэрч Э.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өглөө сэртэл Дамбуу эхнэр нь гээд нэг хүүхэнтэй хамт согтуу орж ирсэн. Удалгүй Г араас нь ороод ирсэн. Энэ үед Гантөмөр хөдөө явна гээд яваад өгсөн. Бид нар шил архи уусан ба муудаад унаад өгсөн...” гэх /хх-16х/,

Гэрч Г.Юмжирдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г миний хөлний дэргэд утсаа цэнэглэчхээд гарсан ба эргэж орж ирээд миний утас яагаад чиний хөлний доор байдаг юм бэ гэж хэлээд дайрсан ба манай найз залуу бид хоёрыг хамт хулгай хийх гэж байна гээд маргалдсан. Өмнө нь манайхаас 2 утас алга болсон тэрийг та 2 авсан гээд манай найз залууг нүүр рүү нь цохисоор байгаад сэрээсэн. Тэгээд авч гараад хашаандаа нүүр 2-3 удаа цохиод эргэж орж ирээд ор руу түлхсэн ба эхлээд алгадаж байгаад сүүлдээ гараа атгаад цохиод эхэлсэн. Мөн энэ үед миний гар утас дуугарсан ба Г булааж авсан...Эрка манай нөхрийн нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн, нүүр рүү нь гараа атгаж байгаад зөндөө олон удаа цохисон. Эрка манай нөхрийг зодож байх үед Г над дээр ирээд миний үснээс зулгаагаад чи хулгай хийтчихээд ичдэггүй юм уу, Өмнө нь алга болсон утсыг та 2 авсан биздээ гээд намайг хараагаад байсан. Намайг зодож байхдаа" цагдаагаа дууд гэж хэлсэн ба цагдаад олон юм яривал ална шүү гэж хэлсэн...Тэгтэл Г миний хөл рүү 3-4 удаа өшиглөсөн...” гэх /хх-ийн 17-18/,

Гэрч М.Улаанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэрээсээ гараад Гийн гэрт нь очтол Г, Эрка ах хоёр Вандандамбууг зодсон байдалтай хэрэлдээд, баруун нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх /хх-ийн 19х/

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13335 дугаартай

Х.Вандандамбуугийнн биед баруун талд хацрын сэртэнгийн хугарал, баруун зовхи хацрын цус хуралт, баруун дээд 3-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 33-486 тоот дахь гэртээ хохирогч Х.Вандандамбууг миний гар утсыг хулгайлах гэлээ хэмээн маргалдаж, улмаар нүүр лүү нь цохиж, цээж рүү өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “баруун талд хацрын сэртэнгийн хугарал, баруун зовхи хацрын цус хуралт, баруун дээд 3-р шүдний эмтрэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Гээс эмчилгээний зардал 643,200 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Вандандамбууд олгуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн  эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Уяач овогтой Ононгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гийг 1000 нэгж буюу 1,000,000 нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Гээс нийт 643,200 /зургаан зуун дөчин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Мон лаа 4-1а тоотод оршин суух, Харчу овгийн Халзангийн Вандандамбуу /РД: АИ96040413/-т олгосугай.

 5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД