Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 22

 

 

Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам, П.Шинэтулга,

В.Очирхүрд нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0061/Э

 

     Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

 

           Шүүгдэгч                                                  Т.Бямбажав,

                                                                             Г.Бат-Эрдэнэ,

                                                                             А.Сосорбарам,

                                                                             П.Шинэтулга,

                                                                             В.Очирхүрд  

 

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч                     М.Даваасүрэн

                                                                            П.Ган-Очир

                                                                             Г.Эрдэнэчимэг

 

            Хохирогч                                                        Д.Оюунбат 

 

           Нарийн бичгийн дарга                            Н.Батзаяа нарыг оролцуулан

 

       Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолтой Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам, П.Шинэтулга, В.Очирхүрд нарт холбогдох 201706000050 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Оюунбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ИК98051635 регистрийн дугаартай, Чилаа овогт Тайвангийн Бямбажав.

           Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан, ГМ99020810 регистрийн дугаартай, Шаргалжуут овогт Гантөмөрийн Бат-Эрдэнэ.

 

        Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ИК95070310 регистрийн дугаартай, Балжир овогт Алтанхуягийн Сосорбарам.

 

       Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Бүрэнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ИП99082918 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Вандагдоржийн Очирхүрд.

 

         Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух,  урьд ял шийтгэлгүй, ГМ86112319 регистрийн дугаартай, Шартал овогт Пярлайн Шинэтулга.

         

       Шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам, В.Очирхүрд нар нь бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг "Ихэр ханан" гэх газраас иргэн Д.Оюунбатын 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      шүүгдэгч П.Шинэтулга нь шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, В.Очирхүрд нарыг 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч Д.Оюунбатын 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор:

     Шүүгдэгч Тайвангийн Бямбажав, Гантөмөрийн Бат-Эрдэнэ, Алтанхуягийн Сосорбарам, насанд хүрээгүй шүүгдэгч Вандагдоржийн Очирхүрд нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах, шүүгдэгч Пярлайн Шинэтулгыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, насанд хүрээгүй шүүгдэгч В.Очирхүрдэд 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч П.Шинэтулгыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар 301 /гурван зуун нэг/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

          Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5-д   заасныг баримтлан шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч В.Очирхүрдэд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан ялыг  насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид  тус тус ялыг эдлүүлж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч П. Шинэтулга нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар сольдог болохыг мэдэгдэж,

    Шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам, П.Шинэтулга, насанд хүрээгүй шүүгдэгч В.Очирхүрд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй  болохыг тус тус дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн иштэй, бариулын урт 11 см, өргөн 2.5 см, ажиллах хэсгийн урт 13 см, ажиллах хэсгийн бариулын хэсгийн өргөн 2.6 см нийт урт 24 см хуучин ашиглаж байсан, хүрэн өнгийн иштэй бариулын урт 10.8 см, бариулын өргөн 2.3 см, ажиллах хэсгийн урт 11.2 см, ажиллах хэсгийн өргөн 2.3 см, хутганы нийт урт 22 см хуучин ашиглаж байсан 2 ширхэг хутга, улаан эрээн өнгийн урт нь 4.82 см, өргөн 2.8 см дээс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Бямбажав, А.Сосорбарам, Г.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/, 6 /зургаа/ сараар тус тус тогтоож, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч В.Очирхүрдэд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хойшлуулж түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газар, түүний эх З.Бадамцэцэг нарт  даалгаж,

       Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, 43-62 УНЕ улсын дугаартай HYUNDAI VERNA ACCENT маркийн тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт түүний эзэмшигч иргэний нэхэмжлэгч М.Батбаярт,  хээр зүсмийн морийг иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригт, Даюун маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Б.Вандагдоржид тус тус  олгож, 

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бямбажав, А.Сосорбарам, П.Шинэтулга, насанд хүрээгүй шүүгдэгч В.Очирхүрд, Г.Бат-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

     Хохирогч Д.Оюунбат давж заалдах гомдолдoo: “... миний бие 2017 оны 02 дугаар сарын 05-нд 3 тооны адуугаа хулгайд алдсан. Үүнийг А.Сосорбарам, Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, В.Очирхүрд нарын хүмүүс бүлэглэн хулгайлж манай өрх гэр бүлд хохирол учруулсан болно. Энэ хулгайн хэрэг илэрсний даруй хэрэгтэн нарын аав, ээжүүд над дээр ирж хохирлыг чинь барагдуулж өгье нэг адуугаа хэдээр үнэлэх юм бэ гэж ирсэн. Би адуугаа нэг бүрийг нь 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Харин одоо алагдсан 2 адууны мөнгөө бэлэн авна, нэгийг нь явцын дунд илэрвэл авна шүү гэж тохиролцсон. Тэр хүмүүс харин хүүхдүүдэд маань гомдолгүй гэсэн хүсэлт гаргаж өгөөч гэснийг нь би зөвшөөрч мөрдөн байцаагчид гомдолгүй гэсэн мэдүүлгээ өгч хохирол болох 1.500.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. Үлдэгдлийг нь ноолуураас өгнө гэж тохироод одоо болтол өгөхгүй байгаа учраас танай байгууллагад гомдол мэдүүлж байна. Учир нь ярьж тохирсноор байвал ийм асуудал үүсэхгүй. Гомдолгүй гэсэн мэдүүлэг өгүүлж хэргээс мултарчихаад сүүлд нь унжаад байгаад нь гомдол нэхэж байгаа юм. Тухайн үед цагдаагийн байгууллага хулгай хийсэн нөхдийг хорих гэснийг нь зөвшөөрч өгөөгүй байгууллага, мөн хамтран хулгай хийж тээвэрлэсэн Лхам-Эрдэнэ гэгч хүнийг хэрэгт холбогдолгүй болгосон гэх зэрэг асуудлыг ойлгохгүй байна. Энэ шүүгдэгч нар сумын цагдаад баригдсаны даруй хулгай хийсэн үйлдлүүдээ нэг бүрчлэн ярьж байсан. Гэтэл аймагт очоод хоригдоогүйн учраас өмнөх илэрсэн 2 адуунаас өөр юм хэлээгүй. Ингээд малаа хулгайд алдсан малчид хохироод үлдэж байгаад миний бие гомдолтой байгааг ойлгож энэ хэргийг дахин шүүж миний хохирлыг барагдуулж өгнө үү...  ” гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар  дүгнэлтдээ:

       Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам, В.Очирхүрд нар нь 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө бүлэглэж Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг "Ихэр ханан" гэх газраас иргэн Д.Оюунбатын 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

          шүүгдэгч П.Шинэтулга нь шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, В.Очирхүрд нарыг бусдын 2 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг нуун далдалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

      Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлууд тогтоогдсон, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулжээ.

         Хохирогч Д.Оюунбатын давж заалдах гомдлын тухайд мөрдөн байцаалтын шатанд дээрх шүүгдэгч нарыг хохирогчийн 1 тооны бор хээр гүүг хулгайлсан гэх үйлдлийг, мөн Г.Лхам-Эрдэнэд холбогдох хэргийг хуульд заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон, мөн алдагдсан 2 тооны адууны үнэлгээг эрх бүхий байгууллага гаргасан, мөн дүгнэлтийг хохирогчид танилцуулсан байх боловч тэрээр хуульд заасан журмын дагуу гомдол, хүсэлт гаргаагүй байна.

        Шүүгдэгч нар нь хулгайлсан гэх 2 тооны адууны / 316.15 кг мах, 2 толгой, 2 шир, 8 шийр/ 728.000 төгрөгийн үнэ бүхий мах, 1.500.000 төгрөгийг хохирогчид бэлнээр хүлээлгэн өгсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хохирогч Д.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

        2002 оны Эрүүгийн хуульд заасан “гэмт хэргийг нуун далдлах” гэх бие даасан гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон тул П.Шинэтулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       Мөн анхан шатны шүүх насанд хүрээгүй шүүгдэгч В.Очирхүрдэд ял оногдуулахдаа хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх эсэхийг  орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

         Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “…шүүгдэгч В.Очирхүрдэд…” гэсний дараа “..эд хөрөнгө хураахгүйгээр…” гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “…2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч В.Очирхүрдэд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй…” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Шинэтулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай…” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Д.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч П.Шинэтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Бямбажав, Г.Бат-Эрдэнэ, А.Сосорбарам, насанд хүрээгүй шүүгдэгч В.Очирхүрд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

 

                ШҮҮГЧИД                                                              Ц.ТУЯА       

     

                                                                                              С.УРАНЧИМЭГ