Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 47

 

,

С.Сын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00266 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд холбогдох

Зээл 10000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Бгийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын эхээр миний хамт ажилладаг Л манай бэрд 10 сая төгрөгийг 15%-н хүүтэй  зээлүүлээч гэсэн. Цементний наймаа хийх гэсэн юм, найдвартай  гэж  гуйсан болохоор нь,  би нөхрөөрөө  цалингийн  зээл 15,000,000 төгрөгийг  авахуулаад 5,000,000  төгрөгийг  бид  өөрсдөө  хэрэглээд, 10,000,000

төгрөгийг Бгийн дансруу шилжүүлсэн. Нэг сарын дараа Б утасдаад Саа эгчээ би одоо вагоноо ачуулаад дахиад нэг эргэлдүүлэх хэрэгтэй байна. Энэ удаад хүүг нь өгье. Дараа сард үндсэн мөнгөтэй нь өгье гэхээр нь нэг удаа зөвшөөрсөн. Хоёр дахь сард нь бас надруу утасдсан та дахиад нэг сар хойшлуулж өгөөч Улаанбаатар хотод вагон буугаад мөнгө амжиж ирэхгүй байна гэхэд нь би за эцсийн удаа шүү гэж хэлээд зөвшөөрсөн. Гурав дахь удаа 01 дүгээр сарын 05-ны өдөр ярихад нь би одоо мөнгөө авмаар байна. Чи наадхаараа мөнгө төгрөг хийж орлого олж чадахгүй байгаа бол дэмий ингэж хүү төлөөд хэрэггүй эгчийнхээ мөнгийг өгчих гэсэн. 1,500,000 төгрөгийг сарын 15%-иар энэ саналыг бол Л, Б нар өөрсдөө надад санал болгосон. Гурван удаа 1,500,000 төгрөг өгсөн. Хүү гэж 4,500,000 төгрөг өгсөн.

Л нилээд хэд хоног хөөцөлдөж яваад ирээд миний хөгшөөн нөгөө мөнгө чинь баларч байгаа юм шиг байна. Б чиний мөнгийг аваад цементний наймаа хийгээгүй юм байна. 25%-н хүүтэй цаашаа өөр хүнд зээлүүлж байсан юм байна гэж надад хэлсэн. Л бид хоёр Бтай С гээд найзынд нь очсон чинь Б, С бас нэг хүүхэн гурвуулаа байсан. Дөрвөн сард Л над дээр нэг залуу хүүхэн хоёр дагуулж очсон. Би нэг жижиг өрөөгөө түрээслүүлдэг юм тэгсэн тэр өрөөг нь хэдэн сар түрээслээд мөнгөө ч өгөхгүй алга болсон хүүхэн залуу хоёрыг дагуулаад ирсэн. Тэгээд Л энэ нөгөө чиний мөнгийг авсан хүмүүс байна. Та нар тэгээд тийм өндөр 25%-н хүүтэй мөнгө зээлж байхаар тэгээд таниж мэдэхгүй биш яах гэж ингэж болчимгүй зүйл хийдэг залуучууд вэ? Би бол 10%-ийн хүүтэй л өгчих байсан гэж зөвлөөд өнгөрсөн. Тэр залуу хүүхэн хоёр надад гурван сарын хүү гэж 3 сая төгрөг өгсөн. Тэр мөнгө миний байрыг түрээслэж амьдарч байхдаа өгөх ёстой байсан мөнгө юм. 3 сая төгрөг өгснөөс хойш тэр 2 залуу таны 10 сая төгрөгийг өгнө гээд л ор сураггүй алга болсон. Мөнгийг би Бд өгсөн тэр хоёрт би өгөөгүй. Бтай ярих гэхээр утсаа тасалдаг. Үүнээс хойш эд нар намайг түр тайвшруулж залилж байна гэж үзсэн. Мөнгөө өгөх болов уу гэж гурван жил гаруй хүлээсэн. Тэгээд бүр болохгүй болохоор нь шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 09 сарын сүүлээр Эрээнд явж байгаад хадам ээж болох Лгээс хотод цемент үнэтэй байна гэнэ, цемент ачуулах гэсэн юм, 10 сая төгрөг хүүтэй зээлүүлэх хүн байна уу гэхэд манай ажлын байцаагч Саа эгч чинь хүнд мөнгө зээлдүүлдэг би асуугаад өгье гэсэн. Маргааш нь Замын-Үүдэд ирээд асуухад өөрийг нь уулзуул гэсний дагуу би Саа эгчийн ажил дээр очиж уулзаад сарын 15 хувийн хүүтэйгээр 10 сая төгрөгийг зээлж авсан нь үнэн. Саа эгч цалингийн зээл авч мөнгө өгөх гэсээр байтал нь цементийн үнэ буурчихсан тул мөнгийг аваад 3-4 хоноод буцааж өгье гэж байтал хамт ажилладаг С миний найз М, Э хоёрт мөнгөний хэрэг байгаа юм, чи наад мөнгөө зээлчих, 1 сар хэрэглээд өгье гэж байна гээд гуйгаад байсан. М, Э нар нь тэр үед дэлгүүр ажиллуулж байсан. С эд нар найдвартай, бараа татаж эргэлдүүлээд өгнө гээд байсан. Барьцаанд нь байрны ордер өгнө гээд өгөөгүй өнөөг хүрсэн. Мөн надаас 2 сарын өмнө 4800000 төгрөг зээлээд хүүг нь өгч байсан болохоор би итгэсэн юм. Би ч гэсэн одоо болтол мөнгөө авч чадаагүй.

Би М, Э нараас сар болоод Саа эгчийн мөнгийг нэхэхэд энэ хүүг нь өгье гэсээр 2013 оны 10, 11, 12 дугаар сарын хүү сар бүр 1500000 төгрөгийг тус тус авч Саа эгчийн дансанд нийт 4500000 төгрөгийг хийсэн. Энэ хугацаанд Саа эгч бүх мөнгөө авъя гээд би энэ хоёрт хэлсэн боловч өгч чадахгүй байсан.  Ингээд үнэн учраа Саа эгч, ээж Л нарт хэлж М, Э нартай уулзуулсан. Тэд ч хүлээн зөвшөөрч Бгаас бид зээлсэн нь үнэн, бид хариуцаж төлнө би таньд Сэлэнгэ аймагт байгаа аав ээжийн байрыг барьцаанд тавьж зээл аваад таны мөнгийг төлнө гэдэг баталгааг 2014.01.15-нд бичиж Саа эгчид өгсөн. М, Э нь 2014.01.17-ны өдөр Саагаас авсан мөнгө гэж бичсэн нь энэ хүмүүс тухайн мөнгийг зээлсэн гэдгийг мэдсэн хугацаа юм. Би Э, Мад 2013.10.15-ны үед өгсөн мөнгө байгаа юм. Зээлээ хөөцөлдөж байна гэсээр байгаад зээлээ аваад 2014.04.01-нд би ажилтай байсан тул ээж Лгийн хамт М, Э нар нь Саа эгчийн гэрт очиж 2014 оны 1, 2, 3-р сарын хүү болох 3 сая төгрөгийг бэлнээр өгч үндсэн мөнгө болох 10 сая төгрөгийг 4 сарын 10-наас 5 сарын 10-ны хооронд төлж барагдуулна. хүүг нэмж төлнө, энэ мөнгө Бд огт хамааралгүй болно гэж баталгааг бичиж өгсөн.

Нийтдээ зээлийн хүүнд 7500000 төгрөгийг өгсөн. М, Э нарт хүг 10 хувь болголоо гэж хэлж тооцсон байна лээ. Би хүнд итгэж зээлдүүлсэн нь буруутай, гэхдээ энэ мөнгийг би төлөх ёсгүй. Саа эгч миний нэр хүндэд халдаж байгаа, ажил дээр дүүгээ явуулж дарга, хамт олны дунд зээлээ төлөөч, яасан ширтэй юм гэж доромжилж, ажил хийлгэхгүй байсан. Сүүлдээ арга бараад нуугдаж хүртэл байсан. Би доромжлуулж нэр хүнддээ халдуулж байгаад гомдолтой байна. Саа эгч тухайн үед өөрөө М, Э нартай нүүр тулан уулзаж тохиролцон хүүгээ хүртэл 10 хувь болгон 3 сая төгрөгний хүүг хүртэл авчихаад надад хамааралгүй гэдгийг нотолчихоод хэзээ хойно надад хамааралтай болгож доромжлоод таарсан хүн болгондоо луйварчин гэж зарлаад надад хамааруулж шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна.

Би өөрийн хариуцаж байх үеийн бүх хүүг бүрэн төлсөн. Одоо надад хамааралгүй би төлөхгүй, харин би гэрч болж өгч болно... Би 10 сая төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ хүнд дамжуулаад зээлүүлсэн өөрөө тэр мөнгийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх 16-19, 36-37/

            Анхан шатны шүүх:  Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар хариуцагч Б.Бгаас 4,734,187.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,265,812.26 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 174950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 90698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сад олгож,

                       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийг  өөрөө  гардан  авах  ба  ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. /хх 41-45/           

Хариуцагч Б.Б давж заалдсан гомдолдоо: Миний бие нь С.Саагаас 2013 оны 09 дүгээр сарын сүүлээр 10,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд бид хоёрын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй. Ингээд авсан мөнгөө буцааж өгөх гэж байтал хамт ажилладаг Л.С нь М, Э нар нь мөнгөний хэрэгтэй байгаа, зээлдүүлчихээч гэсэн. Тэгэхээр нь би 10,000,000 төгрөгийг М, Э нарт өгсөн. Ингээд би С.Саад өгөх мөнгөө М, Э нарыг уулзуулж С.Саа М,Э нар нь бичгээр мөнгө өгч авалцсан тухай баримт үйлдэж зээлсэн мөнгөө хэзээ буцааж төлөх талаар тохиролцсон. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа болно.

Ингээд М, Э нар нь С.Саатай тохирсон хугацаандаа хүүгээ өгч чадахгүй болж гэрээгээ сунгаад хүү нь 15% байсныг 10% болгож хүүнд нь 3,000,000 төгрөгийг 2014 оны 04-р сарын 01-ний өдөр өгч баримт үйлдсэн байдаг юм. Уг баримтанд Б.Б нь уг асуудалд ямар ч хамааралгүй болно гэж бичсэн байгаа. Үүнийг С.Саа нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрөө харж байгаад бичүүлсэн болно. Мөн С.Саа нь М, Э нараас мөнгө байнга шаардаж байсан нь тогтоогдож байгаа. Эндээс үзэхэд С.Саа болон М, Э нарын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдаж үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин миний хувьд С.Сад зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн “...С.Сын өмнө хариуцагч Б.Б зээлийг буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн болохоос М, Э нар нь нэхэмжпэгч С.Сын өмнө үүрэг хүлээгээгүй байна” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүх “...С.С нь хариуцагч Б.Бд 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ хүү тохирсон талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй байна” гэж дүгнэсэн.

 Харин “Иргэний хуулийн 222.5, 222.7 дахь хэсэгт заасны дагуу Хаан банкны хүүгээр хүү тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж дүгнэж уг зээлэнд сарын 1,7% хүү тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл дээрх хуулийн заалтууд нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар гэсэн иргэний хуулийн ерөнхий зохицуулалт юм. Харин уг үүргийн харилцааг нарийвчлан зохицуулсан зохицуулалт юм. Харин уг үүргийн харилцааг нарийвчлан зохицуулалт бол иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний зохицуулалт юм. Иймд С.С бид хоёрын хооронд үүссэн харилцаа зээлийн гэрээний зохицуулалтаар зохицуулагдах ёстой байтал хуулийн нарийвчилсан зохицуулалтыг шүүх хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэж тэр тусмаа дур мэдэн өөрийн санаачлагаар Хаан банкны хүүгээр сарын 1,7%-ын хүү тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 48-49/                                             

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээл 10000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б.Б нь зээлийн хүүг 3 сар төлж, уг зээлийг өөр хүнд дамжуулан өгсөн тул зээлийг хариуцаж төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 4734187,74 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Тодруулбал анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг С.С, Б.Б нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч нэхэмжлэгч С.Сын үндсэн зээлд гэж 10000000 төгрөг нэхэмжилснийг буюу түүний нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар тодорхойлсон нь ойлгомжгүй болсон байх ба энэ нь анхан шатны шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д заасан зохицуулалт нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн хувьд хариуцагчаас хүү, хохирол гэж тодорхойлсон, нэхэмжилсэн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг шүүх үндэслэх  учиртай.

Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс үүссэн хүү болон хохирол шаардаагүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт 10000000 төгрөгийг хариуцагчаас шаардсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 7500000 төгрөг төлсөн, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон энэ талаар зохигчид маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга баримт нь түүнийг банкнаас авсан зээлнээсээ хариуцагч Б.Бд зээлсэн гэдгийг нотлохоор шүүхэд ирүүлсэн гэж ойлгогдож байх ба уг баримтыг үндэслэн хариуцагч Б.Бгаас хүү, хохирол нэхэмжилсэн гэх агуулга нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт тусгагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бгаас хүүнд гэж нийт 4500000 төгрөг, мөн  Э, М гэгч нараас энэхүү зээлийн гэрээний үүрэгт 3000000 төгрөг авсанаа үгүйсгээгүй, мөн Э, М нараас өөр гэрээний үүрэг шаардах эрхтэй болохоо нотлоогүй  тул хариуцагч Б.Бг нэхэмжлэгч С.Сад нийт 7500000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Улмаар хариуцагч Б.Б уг 7500000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн хэдий ч талууд зээлийн гэрээний хүүгийн нөхцлийн талаар бичгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч С.С нь хүү авах эрхгүй ба хариуцагчийн төлсөн 7500000 төгрөгийг үндсэн зээлд тооцож хариуцагчаас нийт 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Бгийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00266 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “...222 дугаар зүйлийн 222.5, 222.7 ...” гэснийг хасч, ”... 4734187,74...” гэснийг “2500000” гэж, “...5265812,26...” гэснийг “7500000” гэж,

2 дугаар заалтын “...57.1...” гэсний ард “ 60 дугаар зүйлийн 60.1” гэж нэмж, “ ... 90698 ...” гэснийг “54950” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90697 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                  Н.БАТЧИМЭГ