Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00152

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШШ2017/00290 дүгээр шийдвэр

Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр магадлалтай

Б.А-ын нэхэмжлэлтэй

Ө аймгийн Засаг даргад холбогдох

Ө аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/92 тоот захирамжийг хүчингүй болгох, Ө аймгийн Номгон сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.Б нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А би 2012 оноос Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр болсон орон нутгийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу миний бие төрийн үйлчилгээний албан хаагч нь заавал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх буюу хөдөлмөрийн харилцааг бүрэн дуусгахыг хуульчлаагүй. Аймгийн Засаг дарга нь энэ хуулийн заалтыг буруу ойлгож намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн захирамж гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлснээс хойш 30 хоногийн дараа ажлаа орхиж явах эрхтэй бөгөөд тухайн цаг хугацаанаас хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсонд тооцогддог. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөдлөө гаргасан байхад 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд намайг өөрийн хүсэлтээр буюу хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан гэтэл ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Би Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ эдлэж орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хэрэгжүүлснийхээ төлөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/92 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү гээд нэмэгдүүлсэн шаардлагадаа: Би уг захирамжийн улмаас одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд энэ хугацааны цалин 6 437 503 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А нь 2012 оноос Номгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулан төрийн үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байсан байна. Ажиллаж байх хугацаандаа 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргын ажлыг хийж байсан Б.Бадраад гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлснээс 19-ний өдөр болохоос 55 хоногийн өмнө нэр дэвшигч нь бүртгүүлэх бөгөөд үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байх ёстой юм. Нэхэмжлэгч нь сонгуульд нэр дэвшсэн боловч үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй байсан тул түүний хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/92 дугаартай захирамжийг гаргасан ба үндэслэл нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна. Номгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд өөр хүнийг томилон ажиллуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШШ2017/00290 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ө аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/92 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.А-ыг Ө аймгийн Номгон сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор буюу 6 239 418 төгрөгийг Ө аймгийн Засаг даргын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ө аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 324 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ө аймгийн засаг даргын тамгын газраас 114 780 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШШ2017/00290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.Б нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 9 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал тавиагүй, ажилтан буюу нэхэмжлэгч Б.А нь сургуулийн захирлын ажлыг хийж гүйцэтгэсээр байсан үйл баримт нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцнэ” гэсэн дүгнэлт хийсэн нь “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж болох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй болон нэхэмжлэгч Б.А-ын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, нэр дэвшигчээр бүртгэгдсэн зэрэг үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохын тулд ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан юм. Ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “... төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ... орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн заалтыг үндэслэн гаргасан байна. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаснаас хойш тухайн ажлын байранд ажиллаж байсан боловч сонгуульд нэр дэвшигчээр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлсэн, түүнээс хойш хуульд зааснаар ажлаа гүйцэтгээгүй, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгуульд нэр дэвшиж оролцсон үйлдэл зэрэгт шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснээс хойш нэрээ татах боломж нь Сонгуулийн тухай хуулиар хязгаарлагддаг тул энэхүү хугацааг өнгөртөл тухайн сургуулийн захирлыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах үүднээс “Ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг” хангаж шийдвэрлэлгүй 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргэсэн юм. Хэрэв аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Б.А-ыг ажлаас нь чөлөөлөөгүй байсан бол тэрээр сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжгүй байсан юм. Б.А нь Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, өрсөлдсөн үйлдэл нь тухайн ажлаас чөлөөлөх захирамжийн агуулгыг хүлээн зөвшөөрснийг харуулсан үйлдэл юм. Б.А нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ажил олгогчид санал тавьсан байх бөгөөд энэ хүртэлх хугацаанд тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байсан гэж үзэх үндэслэлтэй ч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцласан байхад шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалтыг хэрэглэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А-аас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд тайлбар гаргахдаа: Б.А миний бие аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/92 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг дараах хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн бодитой шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн гомдолд намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байсан. Нэр дэвшигчээр бүртгэхгүй байсан тэр бүү хэл сонгуульд оролцсоноороо тухайн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй байна. Би өөрөө ажлаас чөлөөлөгдөх буюу хөдөлмөрийн харилцааг дуусгах сонирхол надад байгаагүй. Би хүсээгүй. Зөвхөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хүсэлт нь нэр дэвшигчээр л бүртгэхэд ач холбогдолтой болохоос биш хөдөлмөрийн харилцааг дуусгах зорилгогүй байсан. Тодруулбал: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би аймгийн сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлсэн. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн захирамж гаргачихаад чиний сонгогдох, сонгуульд нэр дэвших эрхийг баталгаажуулж байна. Чамд тусалж байна гэж тайлбарладаг. Заавал ажлаас чөлөөлсөн шийдвэр байна гэж заагаагүй байхад чөлөөлсөн шийдвэр байх ёстой гэж хуулиас давсан шийдвэр гаргадаг. Хуулиар шаардаагүй зүйлийг өөрсдөө нөхөж зохицуулдаг. Өөрөөр хэлбэл: Ажил үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэдэг нь ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг шаардаагүй. Ажил үүргээ гүйцэтгэж байсан тохиолдолд ажлаас чөлөөлөх, эсхүл хүлээлгэх хариуцлагыг хуульчлаагүй. Би сонгуулийн тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлж ээлжийн амралтаа эдэлсэн. Сонгуулийн үед ажлаа хийж байгаагүй бөгөөд тухайн үед түр чөлөөлөгдөх үү, бүр чөлөөлөгдөх үү гэдэг бол зохицуулагдаагүй харилцаа. Энэ үед би ээлжийн амралттай байсан нь бидний дунд хөдөлмөрийн харилцаа хүчин төгөлдөр байсныг ойлгоно. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралттай болон эмнэлгийн магадлагаагаар ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа хүнийг эзгүй хойгуур нь ажлаас чөлөөлөхийг хориглодог. Аймгийн Засаг дарга энэ заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд ажилтан өргөдлөө өгснөөс хойш 30 хоног өнгөрсөн бол ажилтан ажлаа орхиж явж болно гэж заасан. Энэ хугацаанд шийдвэр гараагүй бол би ажлаа орхиж явна уу, үргэлжлүүлэн хийхүү гэдэг бол миний эрхийн асуудал. Гэтэл аймгийн Засаг даргын захирамж 7 сарын дараа намайг ажлаас чөлөөлөгдсөн. Ийм үндэслэлгүй захирамж гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж бүтэн жил гаруй хугацаанд намайг ажилгүй орлогогүй байлгаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.А Ө аймгийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хэрэгжүүлснийхээ төлөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.А нь Ө аймгийн Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр болох Орон нутгийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд намаас нэр дэвшүүлэхийг зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сумын Сонгуулийн хороонд нэр дэвшүүлснээр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орон нутгийн хурлын сонгуульд оролцож, Б.А нь Сумын ИТХ-ын гишүүнээр сонгогдсон байна.

Нэхэмжлэгч Б.А-ын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн Засаг даргад гаргасан Ажлаас түр чөлөөлөгдөх тухай хүсэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Аймгийн Засаг дарга б/92 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д зааснаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх “...ажилтны 2016 оны 03 дугаар сард гаргасан ажлаас түр чөлөөлөгдөх саналыг ажил олгогч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул 2016 оны 10 дугаар сард гаргасан ажил олгогчийн шийдвэрийг ажилтны саналыг үндэслэсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д “ажилтан санаачилснаар “ хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ “....Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т заасны дагуу хуулиар тавигдаж байгаа шаардлагыг хангах үүднээс 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө хүсэлтээ гаргаж байгаа боловч хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэгдсэн өдрөөс хойш ажил, албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т “ Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ...нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь Сонгуулийн тухай хуулийг баримтлан тухайн сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажил олгогчид гаргасан боловч тэрээр хүсэлтдээ сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснээс хойш ажил, албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа талаараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд бичсэн байгааг хоёр шатны шүүх анхаарсангүй.

Тэрээр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн тул ажил олгогч хүсэлтэд үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх ажил олгогчийг ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2. дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй  байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШШ2017/00290 дүгээр шийдвэр, Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ө аймгийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Ө аймгийн Засаг даргын Тамгын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД