Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 570

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Г.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Ст холбогдох эрүүгийн 1811 02498 0617 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Урианхан овогт, 1997 оны 02 сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Улсын драмын эрдмийн театрт жүжигчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Тонхил 2-р баг Тамч гэх газарт оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоогоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19-14 тоотод түр оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ДИ97020314/

 

Шүүгдэгч Г.С нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2018 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Элеганс” зочид буудлын гадна согтуугаар У.Бөхбаттай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Саас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

Шүүгдэгч Г.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-45/: “..Тухайн өдөр ангийхантайгаа уулзаж явж байгаад хамт нэг сургуульд сурч байсан У.Бөхбаттай тааралдаад мэнд мэдэцгээгээд гар барих үед Бөхөө юу байна хөгшөөн гэхээр нь тайван юу байна гээд гар барьсан, тэгтэл хажуунаас Болдхүү Бөхөөд хандаж чи одоо бид нарыг хөгшөөн ч гэх шиг, яаж харьцаад байгаа юм бэ гээд маргаан үүсээд Болдхүү Бөхөөг мангасдсан чинь Бөхөө би шүдэндээ эмчилгээтэй байгаа, та нар ахархаад байх юм байхгүй шүү, бүгдийг чинь гөлөг болгоно, цагдаа дуудна гээд орилоод цаашаа яваад өгсөн, түүний араас Болдхүү бид 2 очоод Бөхбатыг зогсоогоод чи яах юм бэ гээд ярилцах гээд очтол Бөхөө шууд Болдхүүгийн шанаа хавьд цохиод авсан, тэгэхээр нь найзыгаа өмөөрөөд Бөхөөгийн нүүрэн тус газар нь 1-2 удаа гараа атгаж байгаад цохичихсон юм. Би түүний шүдэнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч У.Бөхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17-21/ “..тухайн өдөр би караокенээс гараад үүдэнд нь хамт сурч байсан нэг сургуулийн Сүлдээ, Болдоо, Содоо, Далайжаргал нартай таараад “за юу байцгаана даа хөгшчүүлээ, сайхан амарцгаасан уу гээд Сүлдээ, Болдоо нартай гар барьчихаад Содоотой гap барих гэтэл чи яахаараа бидэнтэй үе болчихдог юм, яахаараа хөгшөөн болчихдог юм гэхээр нь би чөлөө аваад доод анги руу орчихсон болохоос үе биз дээ гээд маргахад Болдоо хажуунаас нэг удаа алгадсан. Содоо түлхэж унагаад нүүр рүү цохиж бие рүү өшиглөөд байсан...Тухайн үед бага зэрэг согтолттой байсан болохоор би өмнө нь өшиглөж гэмтэл учруулсан гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Содоо миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Болдоо алгадах үед надад ямар нэг гэмтэл учраагүй... шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүдийг Содоо нүүрэнд цохиж учруулсан. Эмчилгээний зардалд 1.700.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхсүлдээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-25-26/ “..тухайн үед би Төгсөөтэй юм яриад зогсож байтал гэнэт Бөхбат, Содоо 2 маргалдаад эхэлсэн. Тэгтэл Болдоо Содоог өмөөрөөд Бөхбатын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа түлхсэн, тэгээд гэнэт бужигналдаад явчихсан, Содоо зодоон хийх гээд дайраад байхаар нь ерөнхийдөө Содоог татаж хохирглосон...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №11489 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-36/ “..У.Бөхбатын биед зүүн дээд 1, 2, 3 дугаар шүднүүдийн сулрал гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Сын иргэний үнэмлэхний хуулбар /хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Элеганс” зочид буудлын гадна согтуугаар У.Бөхбаттай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, түүний биед зүүн дээд 1, 2, 3 дугаар шүднүүдийн сулрал бүхий гэмтэл үүсгэжээ.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохиж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Ст торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхан овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР