| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0553/Э |
| Дугаар | 572 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч Ц.Батбямба /томилолтоор/
Шүүгдэгч Б.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 1911 01423 0657 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Богд Очирваань 1999 оны 3 сарын 10-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-690 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ИЙ99031016/.
Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2019 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 04:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 17-н автобусны буудлын орчимд явж байсан иргэн Ө.Алтанмөчирийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Б.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн орой 22 цагийн орчимд өөрийн найз Мөнх-Одтой 7 буудал дээр уулзсан юм. Улмаар дэлгүүр орж 1 шил архи аваад, манай нэг найз Дов гэх залуу таксинд явна гээд зогсож байхад машинд чинь нэг шил архи уучихъя гэж гуйсан. Тэгээд би найз Мөнх-Одын хамтаар нэг шил архи, нэг том пиво уусан юм. Ингээд нэг мэдэхэд шөнийн 03 цаг 30 минутын үед 7 буудлаас машинтай хөдлөөд 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр буугаад 17 найт клубт орох гээд ирэхэд хаалттай байсан. Тэгээд уг баарнаас гараад баарны үүдэнд зогсож байхад “эмэгтэй хүн утсаа бариад алхаж явсан” юм. Би хажуугаар гарахдаа утсыг нь аваад гүйчихсэн. Тэгээд такси бариад гэрлүүгээ харьж унтсан. Харин тэр өдрийн маргааш нь 7 буудлын танидаг 7 буудал дээр таараад, чи тэр баарны урд талаас утас аваад зугтаасан байна. Тэр утсыг аваачиж өг гэж хэлсэн юм. Харин тэр үед би тухайн гар утсыг буудлын ресепшн Гэрлээ гэх эмэгтэйд өгсөн. Тэгээд би ажилдаа явсан..” гэсэн мэдүүлэг /хх-35-36/
Хохирогч Ө.Алтанмөрчирөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-11-12/ “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд гар утсаа шүүрүүлсэн юм.” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мөнх-Одоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-15-16/ “..би 2019 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 01:30 цагийн үед найз Түвшинжаргалтай 7 буудлын эцэс дээр уулзаад тэндээ автомашин дотор 2 шил архи хувааж уусан. Тэгээд би нилээн согтсон ба нэг сэрэхэд 17-н баарны гадаа явж байсан. Тэндээсээ гэртээ хариад унтсан. ..харин надтай хамт явж байсан манай найз Түвшинжаргал замын хажууд зогсож байсан эмэгтэй хүний гараас гар утсыг нь авсан талаар маргааш нь хамт явж байсан дүү Бямбахишигээс мэдсэн. Түвшээ тэр гар утсыг эмэгтэйгээс булааж аваад зам хөндлөн гараад гүйгээд явчихсан гэсэн..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бямбахишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20-21/ “..би 2019 оны 5 дугаар сарын 14-ны орой таксинд явах гээд найз Тэлмэнгийн автомашиныг унаад явж байтал хамаатны ах Мөнх-Од нь 7 буудал дээр таараад автомашинд чинь 1 шил архи ууя гээд гуйхаар нь зөвшөөрсөн. Ах Мөнх-Од нь найз Түвшээ гэх залуутай архиа хувааж уусан. Тэндээсээ 17-н буудал дээр ирээд Түвшинжаргал, Мөнх-Од хоёр буугаад явсан. Түүнээс хойш 10 орчим минутын дараа Мөнх-Од автомашинд орж ирээд Түвшээ байхгүй болчихлоо, намайг гэрт хүргээд өгчих гэхээр нь би гэрт нь хүргэж өгөөд гэртээ хариад амарсан..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -43/, шүүгдэгч Б.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-26-27/, хохирол төлсөн гомдол саналгүй талаар хохирогчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2019 оны 5 дугаар сарын 14-ний шөнө 04:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 17-н автобусны буудлын орчимд явж байсан иргэн Ө.Алтанмөчирийн 400.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг булаан авч зугтаасан байна.
Шүүгдэгч Б.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэг байх тул шүүх шүүгдэгч Б.Тыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Т нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Богд Очирваань овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Шүүгдэгч Б.Тыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлэгсүгэй.
4. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР