Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 583

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Н.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ат холбогдох эрүүгийн 1911 01618 0733  дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Булган овогт, 1973 оны 10 сарын 06-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтай ложастик” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-283 тоотод оршин суух хаягтай, урьд 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ФБ73100674/

 

Шүүгдэгч Н.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нь Б.Наранбаатарыг дуут дохио өглөө гэх шалтгаанаар маргалдан, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүд шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Н.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-27-28/ “..би түүнийг чи яагаад хүн өшиглөөд байгаа юм бэ гэж хэлээд түүний шанаа, нүд орчимд нь гараараа 2 удаа цохисон..” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Наранбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-7-10/ “..2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрөөд гэрээсээ гараад цэцэрлэгээс ач охиноо авах гэж гараад машинтай явж байтал зөрөх боломжгүй зам дээр нэг машин зам таглаж зогсчихоод хөдлөхгүй удаад байсан. Тухайн үед хүүхдийн цэцэрлэг тарчихсан ирж ав гээд багш нь яриад байсан болохоор би яарч явсан болохоор уг машины хажууд ирж зогсоод дуут дохио өгсөн чинь жолооч эмэгтэй хажууд сууж явсан эрэгтэй хүн над руу салаавч гаргаж харуулахаар нь би түүнд чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи яагаад сигналдаад байгаа юм бэ гээд бууж ирээд машины хаалга татаж онгойлгоод намайг татаж гаргаж ирээд хувцасны захаар боогоод авахаар нь би зөрүүлээд түүний хувцаснаас заамдаж боосон. Гэтэл уг залуу намайг машины хаалгаар түлхэж оруулан сандал дээр унагаан дээрээс дарж байгаад миний зүүн шанаа, нүд, уруул орчим гараараа нилээн хэдэн удаа цохисон..” гэх мэдүүлэг,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6703 дугаартай дүгнэлтэнд: “/хх-19/ ..Б.Наранбаатарын тархи доргилт, зүүн нүд шанаа, орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт духанд цус хуралт,зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ..шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.." гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Н.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нь Б.Наранбаатарыг дуут дохио өглөө гэх шалтгаанаар маргалдан, цохиж, түүний биед “тархи доргилт, зүүн нүд шанаа, орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт духанд цус хуралт,зөөлөн эдийн няцрал, уруулд шарх” бүхий гэмтэл үүсгэжээ.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ааас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Ат оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Н.Ат торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Н.А нь хохирогчийн эмчилгээний зардалд 340.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Наранбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Булган овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нэргүйн Анхбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР