| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0581/Э |
| Дугаар | 589 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Д.П /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Пд холбогдох эрүүгийн 1911 01739 0779 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Монгол овогт, 1992 оны 12 сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нарантуул” худалдааны төвд ачигч хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-682 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ДН92121618/
Шүүгдэгч Д.П нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 6 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-682 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Батжаргалтай “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салст, баруун чихний дэлбээнд цус хуралт зүүн завьжинд шарх, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, оочинд зулгаралт бүхий хөнгөн хохирол гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Пгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Д.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-33-34/ “..Миний уур хүрээд гэрийн үүдэн дотор талд Батжаргалын нүүрэнд 4-5 удаа гараараа цохисон. Гэтэл түүний шанаа орчмоос цус гараад байсан. Тэгээд Батжаргалыг гэрээс чирээд гаргаж байхдаа түүний нүүрийг үүдний довжоонд байдаг тоосго нэг удаа цохисон..” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16/ “..шөнө юу болсон талаар юу ч санахгүй байна. Өглөө 06 цаг өнгөрч байх үед би сэрсэн чинь өрөөсөн нүд хавдаад, аньчихсан юм харах аргагүй болсон байсан. Нүүр, ам нил цус болсон байсан. 3 орчим насны охин хүүхэд нь намайг харж байгаад аав таныг зодсон гэж хэлсэн чинь Пүүжээ чимээгүй бол чи гээд дуугүй болгосон. Уг гэмтлүүдийн надад Пүрэвсүрэн учруулсан гэж бодож байна. Учир нь би тэднийг тасарч унаад сэрэхэд зодуулсан байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Энхтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24-25/ “..2019 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад архи нь дуусаад Батжаргалыг гэрийн баруун талд хэвтээд босохгүй болохоор нь тэнд нь унтуулахаар үлдээгээд бүгдээрээ унтахаар хэвтсэн. Гэтэл Батжаргал босож ирээд манай зуух орчим руу шүлс, нусаа хаяад байхаар нь би түүнд битгий заваараад байгаач, боль гэсэн миний өөдөөс битгий хуц гичий минь гэсэн чинь манай нөхөр босож ирээд Батжаргалын мөрөнд нь гараараа нэг удаа цохисон чинь Батжаргал босож ирээд та нар намайг яах гэж байгаа юм бэ зодох гэж байгаа юм уу гээд байсан. Манай нөхөр Батжаргалыг чирээд үүд рүү гарах хооронд Батжаргалын муухай дуугараад хүүхэд сэрээд уйлаад байсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7451 дугаартай дүгнэлтэнд: /хх-27/ “.. Г.Батжаргалын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салст, баруун чихний дэлбээнд цус хуралт зүүн завьжинд шарх, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт болон Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Энэрэл 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн гадна талбайг харуулсан 6 дугаарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.П нь 2019 оны 6 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-682 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Батжаргалтай “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, түүний биед “биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салст, баруун чихний дэлбээнд цус хуралт зүүн завьжинд шарх, 4 шүдний сулрал, дух, зүүн хацар, оочинд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Пгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Пд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Д.Пд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч Г.Батжаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Пг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.П нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР