Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 593

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ /томилолтоор/

Шүүгдэгч Г.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 1811 02112 0623 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Харчу овогт, 1973 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 23-195 б тоотод оршин суух, урьд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 11 жилээр тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, РД:ХГ73051371

 

Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 20-177 б тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Мөнгөнцэцэгтэй маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Баас мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв..” гэв.

Шүүгдэгч Г.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-25-26/ “..Тухайн үед хамтран амьдрагч Мөнгөнцэцэгийн төрсөн дүү Төмөрчөдөр хөдөөнөөс ирсэн надтай хамт барилга дээр ажиллаж байсан юм. Тэгээд Төмөрчөдөрийг ажил муу хийгээд байна гээд ажиллуулж байсан Солонгос хүн маань хэлээд байсан бөгөөд энэ талаар би Мөнгөнцэцэгт хэлж байсан юм.. Тэгээд Төмөрчөдөр Мөнгөнцэцэг бид 3 архиа хувааж уугаад байж байтал Төмөрчөдөр явахаар болсон. Мөнгөнцэцэг чи явж яах гээд байгаа юм шгэж загнаад би Төмөрчөдөрийг өмөөрөх өнгө аястай юм яриад бага зэрэг маргаан үүссэн. Тэгээд Төмөрчөдөр явсан. Түүнийг явсаны дараа Мөнгөнцэцэг бид 2 маргаад Мөнгөнцэцэг намайг цохиод авахаар нь би зөрүүлээд хэд хэдэн удаа цохисон..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч М.Мөнгөнцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21-22/ “..дүү Төмөрчөдөр нь хамтран амьдрагч Баатартай хамтран барилгын туслах ажил хийж байсан удаатай юм. Өчигдрийн хувьд Г.Б нь миний төрсөн дүү М.Төмөрчөдөрийг "олигтой юм хийж чадахгүй" гэхээр нь би "за яахав дээ, манай дүүг загнаад яахав, хөл гар муутай болохоор хэцүү, хэд хоног цуг ажилчихаач" гэж хэлсэнээс болж надад уурлаад намайг зодох болсон. Эхлээд миний зүүн талын хавирга хэсэг рүү дараа нь зүүн гарын булчингийн гадна хэсэг рүү олон цохьсон. Нүүр лүү цохих гээд байхаар нь би нүүрээ хамгаалаад зүүн гараараа хаатал нүүр лүү цохиход нь зүүн гар оногдож хавдсан. Мөн нүүр лүү битүү цохьсон. Би яг хэдэн удаа гэдгийг хэлж мэдэхгүй байна. Маш олон удаагийн давтамжтай цохиж зодсон, Би Баатарыг цохисон зүйл байхгүй харин өөдөөс нь тэмцэж самардсан байх. Би зодуулчихаад хүүхдүүд рүүгээ явах гэтэл намайг явуулаагүй “хэвтээд унт” гээд ор луу оруулаад хэвтүүлчихсэн. Өнөөдөр өглөө 6 цагийн үед Баатарт ажилдаа явлаа гэж худлаа хэлээд гэмтэл согогийн үндэсний төвд ирж эмчид үзүүлчихээд хүүхдүүд рүүгээ залгаж мэдэгдсэн. Баатар нилээн согтуу байсан. 2016 оны зун шиг санаж байна Баатар нь намайг зодоод миний баруун талын хацрыг хөхрүүлж байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Сүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23/ “..2018-07-23-ны өдөр 12 цагийн орчимд манай ээж над руу танихгүй дугаараас залгаад "ээж нь гэмтэл дээр байна" гээд намайг дуудсан бөгөөд намайг гэмтлийн эмнэлэг дээр яваад очиход ээж маань хамтран амьдрагчдаа зодуулсан гээд ээжийн нүүр нь танигдахааргүй болоод хавдсан биё нь тэр чигтээ хөхөрсөн, зүүн гарын бугалга орчим нь хөхрөөд хавдсан, зүүн гарын сарвуу нь бас хавдсан үс нь унасан, хүзүү хоолой нь зулгараад улаасан, толгойн баруун хэсэгт цус шүүрсэн байсан. Тэгээд гэмтлийн эмч зүүн талын хавирга цуурсан, тархи нь доргисон гээд эм бичиж өгөөд тэгээд цагдаад өргөдөл бичиж өгсөн. Баатар нь ээжийг 2015 оны хавар зодож байсан шиг санаж байна. Миний хувьд тусдаа амьдардаг учраас өөр зодуулсныг мэдэхгүй ямар ч байсан тэр хамтран амьдардаг хүн нь зодоод байдаг юм шиг байна лээ. Миний дүгнэснээр ээжтэй их ширүүн харьцдаг. Архи их уудаг хүн. Манай ээж архи амсдаггүй байсан энэ хүнтэй нийлснээс хойш уудаг болсон юм шиг байна лээ..” гэх мэдүүлэг,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №9080 дугаар дүгнэлтэнд: /хх-28/ “..М.Мөнгөнцэцэгийн биед зүүн 5, 11-р хавирганы далд, бага зэрэг зөрсөн хугарал, зулай, дагзны хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дух зүүн шанаа, хацар, эрүүний цусхуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний зулгаралт, баруун, зүүн чих, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвууны цус хуралт, сарвуу зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, гуя, баруун бугалганы цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-36-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 20-177б тоотод 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа хохирогч М.Мөнгөнцэцэгтэй маргалдан улмаар түүнийг зодож, түүний биед  зүүн 5, 11-р хавирганы далд, бага зэрэг зөрсөн хугарал, зулай, дагзны хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дух зүүн шанаа, хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний зулгаралт, баруун, зүүн чих, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвууны цус хуралт, сарвуу зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, гуя, баруун бугалганы цус хуралт, цээжний зүүн дээд хэсгийн хуучин цус хуралт бүхий гэмтэл учруулжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Бын дээрх байдлаар хамтран амьдрагч М.Мөнгөнцэцэгийг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд, сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул түүний үйлдэл “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Бт  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас биеэр 01 жил 01 сар 29 хоногиийг эдэлсэн бөгөөд, 09 жил 10 сар 01 хоногийг ял эдлээгүй байна.

 

Иймд Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоох оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 9 жил 10 сар 1 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

            Хохирогч М.Мөнгөнцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Быг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 415 дугаар ангиас 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид шилжүүлэх хорьсон бөгөөд  шүүх хуралдаан болохоос өмнө 29 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоох оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 9 жил 10 сар 1 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 11 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Г.Б нь хохирогч М.Мөнгөнцэцэгт төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөөлөгч, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР