| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0589/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч Д.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Нид холбогдох эрүүгийн 1911 01515 0720 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Элжгэн овогт, 1982 оны 4 сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-д бүртгэлийн албаны мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72-7 тоотод амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТЛ82041878/
Шүүгдэгч Д.Н нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 5 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венеци-28” караокений гадаа иргэн Х.Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, биед нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун шагайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ноос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч Д.Ноос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-39-42/: “..Би 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Венеци караоке баарны гадаа хохирогч Х.Баттулгын биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд би өмнө гэрчээр 2 удаа өгсөн мэдүүлэгтээ энэ тухай дэлгэрэнгүй ярьсан байгаа. Миний хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү. Баттулга нь бид нарын байсан караокед манай ажлын Ариунсанааг хэл амаар доромжлоод байхаар нь болиулах санаатай очоод Юу болоод байгааг асуухад Баттулга нь надад хандан “чи хэн бэ, яах гээд байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэх зэргээр хэл амаар доромжлоод хэл ам хийгээд байсан үүнээс л болсон..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.Баттулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-15,16/ “..Миний бие “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн хадгаламж, өмчлөх эрх, бүртгэл, кастодян албаны захирлын ажлыг хийдэг бөгөөд Хөрөнгийн биржийн ажилчидтай ажил төрлийн байнгын холбоотой байдаг. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Арилжааны төлбөр тооцооны газарт ажилладаг Бүжинлхамын төрсөн өдөр болсон бөгөөд миний бие 23 цаг өнгөрөөгөөд хөрөнгийн биржийн ард талд байх караокед очиход манай байгууллагын Оюунбилэг, Батсүрэн, Дүүрэнбилэг, Гэрэлт, Төгөлдөр, Түвшинбаяр нар байсан бөгөөд Бүжинлхам өөрөө яваад өгсөн байсан. Нөгөө талын Хөрөнгийн биржийн 10 гаруй ажилчид сууж байсан. Тэгээд тухайн караокенаас 00 цаг өнгөрөөд гадаа гараад Хөрөнгийн биржийн ажилчидтай таараад юм ярихад нэг эмэгтэй намайг доромжилсон бөгөөд бид 2-ын хооронд маргаан болсон юм. Тэгэхэд нэг ажилтан залуу хүрч ирээд намайг баян айлын бацаан гэх мэтээр доромжлоод байсан ба маргалдаад байж байтал намайг баруун нүд орчим цохиж унагаагаад газар унасан байхад нүүр ам руу өшиглөж зодсон. Намайг зодсон хүн бол хөрөнгийн биржид ажилладаг л залуу байгаа юм. Түүнийг Баттулга сайн мэднэ. Миний бие Нямдоржоос 278.000 төгрөгийг эмчилгээний мөнгө гэж авсан. Миний гарсан зардал нь нийт 286.051 төгрөг болж байгаа.” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Цэрэнтогтохоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17,18-19 / “..Би Санхүүгийн зохицуулах хороонд ахлах референт хийдэг. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд Баттулга бид 2 уулзаж талбайн зүүн талд байрлах пабд сууж пиво уусан. Тэгсэн 22 цагийн орчимд Баттулга хуучин хамт ажиллаж байсан хүний төрсөн өдөр болж байна хоёулаа очоод мэнд хүргэчихээд гаръя гэхээр нь зөвшөөрөөд Хангарьд ордны ард байрлах караоке руу ороход Баттулгын танил 7-8 хүн байсан ба тэр өрөөний эсрэг талын өрөөнд Баттулгыг зодсон гээд байгаа Хөрөнгийн биржийн ажилчид 7-8 хүмүүс бас үйлчлүүлж байсан. Ингээд би удаагүй хүнтэй уулзахаар болоод гарч яваад 00 цагийн орчимд Баттулга руу ярьтал одоо хүрээд ир бараг дуусч байна гэхээр нь яваад очсон. Миний хувьд уг 2 байгууллагын ихэнх хүмүүсийг таньж байсан. Тэгээд дотогш ороход Баттулга бараг ганцаараа үлдчихсэн байхаар нь гаръя гэж хэлээд би түрүүлж гарахад үүдэнд хөрөнгийн биржийн хэсэг хүмүүс тамхи татаад зогсож байсан. Энэ үед Баттулга гартаа тал виски барьчихсан өрөөнөөс гарахад нь хөрөнгийн биржийн өрөөнд сууж байсан хүмүүсийн нэг нь вискиний шавхруу долоодог болчихсон юм уу гэсэн утгатай зүйл хэлчихсэн юм шиг байна лээ. Тэгэнгүүт Баттулга согтуу байсан болохоор тэд нартай маргаан үүсгэсэн байсан. Энэ хооронд би үүдэнд тамхи татаж байсан ба гэнэт баахан хүмүүс шуугилдаад явчихаар нь яваад очтол Хөрөнгийн биржид ажилладаг Амраа гэх залуу Баттулгыг зодсон байсан. Би яг нарийн зодож байхыг нь хараагүй шууд очоод салгахад Баттулгын хамраас нь цус гарчихсан баруун нүд нь улайчихсан байхаар нь Амраад хандаж чи яасан онгироо залуу вэ гэхэд намайг түлхэж унагасан. Тэгэхэд тэд нартай явж байсан хөрөнгийн биржийн ахмад настай эгч найзыгаа аваад яв битгий наадахаа хөөргөж согтуу хүмүүсийг муудалцуулаад бай гэхээр нь Баттулгыг авч яваад таксинд суусан.. Би тухайн үед нэрийг нь мэдэхгүй болохоор Амраа гээд андуураад хэлчихсэн байна лээ, Баттулгыг Нямдорж гэх залуу зодсон юм билээ.” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Бат-Оргилоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22/ “..2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд манай ажлынхан хамт ажилладаг Ганзулын төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах караокед орж пиво ус ундаа аваад дуулаад 2-3 цаг болсон. Тэгээд ариун цэврийн өрөө рүү орж гараад явж байтал хүмүүс гадаа үүдэнд бөөгнөрөөд зогсож байхаар нь юм яриад зогсож байгаа юм байх гэж бодтол зодолдож байгаа юм шиг шуугилдаад байхаар нь яваад очсон тэгсэн хохирогч Баттулга гараад ирсэн ба юу болсон талаар асуухад нилээн согтчихсон буцаж зодолдоно гээд миний угийг сонсохгүй нэг хүн рүү дайраад байсан, яг хэн рүү дайраад байсныг ойлгоогүй. Би Баттулгатай ганцаараа үлдээд яасан юу болов гэж асуухад нилээн согтолтой байсан учраас намайг зодчихлоо ш дээ гэсэн утгатай зүйл яриад байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Мөнхтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-30/ “..Тухайн шөнө зодуулсан гээд байгаа ах нэг газар хамт ажилладаг бололтой нэг эмэгтэйтэй караокений текний хажууд муудалцаад нөгөө эмэгтэйг пизда, гичий гээд байх шиг байсан. Тэгсэн хажуугаас нь өөр нэг ах гарч ирээд нөгөө эмэгтэйг өмөөрөөд боль энэ тэр гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд хэрэлдээд харилцан нэг нэг цохих шиг болсон. Тзгсэн өрөөнийх нь хүмүүс гарч ирээд салгасан бөгөөд хэсэг хугацааны дараа мен дахиж хэрэлдээд гадагшаа гарсан. Гадаа юу болсон талаар мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23/ “..манайд мэргэжилтэн хийдэг Ариунсанаа орж ирээд сая төлбөр тооцооны Баттулга, санхүүгийн зохицуулах хорооны Цэрэнтогтох хоёртой үүдэнд тамхи татаж байгаад таарсан чинь жаахан маргалдаад намайг хэл амаар доромжилж байгаад саллаа гэж хэлэхээр нь тэр явдлыг орхичихоод нилээн хэсэг хугацааны дараа гадаа бужигнаан болоод байх шиг байна Нараа эгчээ гараад зохицуулаарай гэхээр нь үүд хэсэгт гараад очтол төлбөр тооцооны Баттулга манай байгууллагын мэргэжилтэн Нямдорж руу агсарчихсан байдалтай зогсож байхаар нь Нямдорж дээр очоод миний дүү болохгүй шүү, ууж идчихээд хүнтэй маргаад хэрэгггүй орьё гэхэд Баттулга Нямдоржийг хүрч ирээд мөр хавьцаа нь 1 удаа гараараа цохиод авсан. Нямдорж намайг тавь энэ намайг цохичихлоо та харсан биздээ гээд Баттулга дээр очоод хоорондоо барьцалдаад зууралдаж авсан. Сүүлд харахад Баттулгын хамраас цус гарчихсан харагдсан..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №6116 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “..Х.Баттулгын биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун шагайны зөөлөн здийн няцрал гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Нийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венеци-28” караокений гадаа иргэн Х.Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун шагайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохиж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Нид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Д.Н нь хохирогч Х.Баттулгын эмчилгээнд зарцуулсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 286.051 төгрөгөөс 278.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдсэн 8051 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.Баттулгад олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжгэн овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ноос 8051 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 56-13 тоотод оршин суух Тогооч овгийн Хатанбаатарын Баттулгад РД:ХП86122617 олгосугай.
6. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР