| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0596/Э |
| Дугаар | 600 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Д.Л /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Лид холбогдох эрүүгийн 1911 01672 0777 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт 1978 оны 12 сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1142 тоотод оршин суух хаягтай, урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 135 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ял шийтгүүлж, 1996 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр суллагдсан,
мөн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял шийтгүүлж, 1998 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:СЧ78122278/
Шүүгдэгч Д.Лхагвадож нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1091 тоот хашааны гадаа хохирогч Д.Батзаяаг хэл, амаар доромжилж, улмаар нүүрэнд нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Лоос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч Д.Лоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-23-24/: “..2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн авто бааз дээр 2 найзынхаа хамт архи ууж согтоод, зүс таних Батзаяагаар гэр лүүгээ хүргүүлээд, замдаа маргалдаад гэрийн гадаа ирээд Батзаяагийн нүүр рүү нь цохичихсон. Би Батзаяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Батзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-9-10/ “..2019 оны 6 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчим би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зам гүүрийн бааз орчимд таксинд явж байсан зүс таних залуу машинд согтуу орж ирж суугаад гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би хөдлөөд явж байтал тэр хэл амаар доромжлоод байсан. Гэрийнх нь гадаа иртэл машинаас буухгүй байхаар нь би буугаад ороод унт гэж хэлтэл машинаас бууж ирээд намайг алгадаад, заамдаж авсан. Би зөрүүлээд заамдаад, тавиад орж унт гээд түлхтэл газарт унасан. Газраас босож ирээд миний нүүр рүү нэг удаа цохисон ба би цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Мөнгөнгаралаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16/ “...2019 оны 6 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчим гэртээ байж байтал гэрийн гадаа машин ирээд зогссон. Би гэрээс гараад хашааны гадаа гартал манай нөхөр найз Батзаяатайгаа хамт машин дотор нь маргалдаж байсан. Би юу болсон, яасан талаар асуугаад нөхрийгөө машинаас буулгаад гэртээ ороод амар гэж хэлээд машинаас буулгаад явж байтал манай хүн Батзаяаг пизда ална гэж хэлтэл Батзаяа машинаасаа бууж ирээд манай нөхрийг түлхээд чи алаатах гээд түлхээд унагаасан. Тэгтэл манай нөхөр босож ирээд Батзаяатай заамдалцаад авсан. Батзаяа манай нөхөр лүү нэг удаа цохисон ба манай нөхөр зөрүүлээд цохисон. Тэгтэл Батзаяа газарт унаад, босоод гүйгээд явсан. Юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7082 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-18/ “..Д.Батзаяагийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Лийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Лхагвадож нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1091 тоот хашааны гадаа хохирогч Д.Батзаяаг хэл, амаар доромжилж, улмаар нүүрэнд нь нэг удаа цохиж түүний биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг цохиж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Лийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Лид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Д.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР