| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/1091/Э |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1079
2019 12 18 2019/ШЦТ/1079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Б.А (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1909044381492 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Болдын нуур” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3 дугаар гудамж 85 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холлевүүд” бааранд 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Г.Очирзулын биед халдан зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулайн няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909044381492 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Холливууд бааранд орж үйлчлүүлсэн. Би жаахан уугаад согтчихсон. Өөрийнхөө сууж байсан ширээг гэж андуураад Очирзулын сууж байсан ширээн дээр очиж суугаад ширээн дээр байсан пивийг ууж байгаад Очирзул болон хамт явж байсан хүмүүстэй маргалдсан. Очирзулыг пивоны шил барьсан гараараа цохиод гэмтэл учруулсан. Болсон үйл явдалд маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн /
Хохирогч Г.Очирзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө өөрийн найз Энхбаяр, Цэнгүүн нарын хамт Холлевүүд бааранд орсон. Бүжиглэж байгаад ширээгээ харахад манай ширээн дээр үлдсэн гурван пивийг нэг танихгүй залуу уугаад сууж байсан. Энхбаяр бид хоёр ширээнд дээр очоод тэр залуугаас “юу хийгээд байгаа юм бэ” гэж асуухад тэр залуу “наашаа суучих” гэж хэлсэн. Би тэр залуугаас “юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэр залуу ширээн дээр байсан пивийг аваад миний толгойны зулай хэсэгт цохисон. Энхбаяр, Цэнгүүн нар салгасан. Миний КТГ-н мөнгө болон эмчилгээний мөнгийг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Э.Цэнгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө өөрийн найз Очирзул, Энхбаяр нарын хамт Холливууд бааранд орсон. Бүжиглэж байхад манай ширээн дээр нэг залуу сууж байсан. Манай 2 найз ширээ рүүгээ явсан. Нэг харсан манай ширээн дээр ноцолдож байгаа харагдсан. Би ширээ рүүгээ очсон. Миний араас баруун нүд хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохисон. Хэн юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэр үед манай найз Очирзул толгойгоо барьчихсан цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнө өөрийн найз Очирзул, Цэнгүүн нарын хамт Холливууд бааранд орсон. Бүжиглэж байгаад ширээн дээрээ очтол үл таних нэг залуу манай ширээн дээр сууж байсан. Тухайн залууд хандаж “чи юу хийж байгаа юм бэ, энэ манай ширээ” гэж хэлтэл суучих гэхээр нь би суусан. Манай найз Очирзул “чи юу хийж байгаа юм бэ” гэтэл дахиад нэг пивоны шил аваад Очирзулын толгой руу нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14371 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Г.Очирзулын биед тархи доргилт, зулайн няцарсан шарх, баруун шүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холлевүүд” бааранд 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Г.Очирзултай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн няцарсан шарх, баруун шүдний дээд доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Очирзулын мэдүүлэг, гэрч Б.Энхбаяр, гэрч Э.Цэнгүн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14371 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Очирзулаас “...Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН