Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 601

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Өсвөр насны шүүгдэгч Г.С

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлням,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сид холбогдох эрүүгийн 1911 00938 0692 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Өндөрийн бүлэг овогтой 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажил, сургуульгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 13 дугаар гудамжны 656 тоотод оршин суух хаягтай,

урьд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлййн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг хойшлуулсан,

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 cap 11 хоног хорих ялыг оногдуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  РД:УП03251234.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.С нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Туул ресторанд хохирогч Ц.Жавхлангийн Ай фоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Соос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Соос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32-33/ “..Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим гэрээсээ Хүүхдийн 100-руу хүүхэдтэй уулзахаар Баянбүрд төвийн хажуугаар гараад  Туул ресторан руу хулгай хийх зорилгоор гадна үүднээс нь цаасан хайрцаг  дотогш яваад ортол цонхны хажуу талын ширээн дээр 35-40 орчим насны ах хоёр сууж байсан ба ширээн дээр шаргал өнгийн санагдаж байна Ай Фони-7  загварын гар утас байсан тэгээд нөгөө ах, эгч хоёрын хажууд очиж ахаа, эгчээ  мөнгө өгөөч гэж анхаарлыг нь өөр рүүгээ сарниулж байгаад ширээн дээр байсан гар утсан дээр нь авч явсан цаасан хайрцгаа тавьж утсыг нь хулгайлан аваад гараад гүйгээд монтел худалдааны төв рүү очиж нөгөө гар утсаа гадна нь зогсож байсан ченж нарт зарах гэсэн боловч авахгүй болохоор цааш Сүхбаатарын талбай орох гээд явж байгаад нэг явуулын танихгүй ах зогсож байхаар нь ахаа гар утас авах уу гэсэн чинь хэдээр зарах гэж байгаа юм бэ гэхээр нь 100.000 төгрөг гэсэн чинь нөгөө хүн худалдаж авсан. Тэндээсээ гэртээ очиж амарсан. Маргааш нь нь Нарантуул 2 худалдааны төв рүү гарч 100.000 төгрөгөө хувцас авч өмссөн..” гэсэн мэдүүлэг,

           

Хохирогч Ц.Жавхлангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16-17/ “..Би 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр найз Батсайхан, Нурлат нарын хамтаар оройн хоол идэхээр Туул ресторанд орсон юм. Ороод хоол идчихээд юм ярилцаад сууж байтал 21 цагийн орчимд гаднаас улаан малгайтай цамц өмссөн шар царайтай, намхан 20 орчим насны эрэгтэй орж ирээд бид гурвын сууж байсан ширээн дээр задгай мөнгө өгөөч гээд уйлагнаад гуйгаад байсан бөгөөд гартаа нэг хавтгай ламинартчихсан цаас барьчихсан зогсож байсан ба бид нар юм хэлээгүй байж байтал удалгүй өөрөө гараад явчихсан юм .. Тэгээд тэр эрэгтэйг гарч явсаны дараа би ширээнд өөрийн ай фоне-7 плас загварын гар утсаа тавьснаа санаад авах гэтэл алга болчихсон байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Нурлатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-18/ “..улаан цамцтай эрэгтэй хүүхэд орж ирээд ширээн дээр нэг дөрвөлжин А4 хэмжээтэй цаас шиг зүйл тавиад задгай мөнгө байна уу? гээд гуйсан бөгөөд Батсайхан яв гээд хөөсөн чинь за за юун сүртэй юм бэ? та нар ч гэлүү бараг уурлаад гарсан. Энэ явдал бараг 10 секундэнд болж өнгөрсөн. Тэгээд 2-3 минутын дараа Жавхлан гэнэт миний утас байхгүй болчихсон байна залгадаа гэсэн бөгөөд нэг залгахад дуудаад дахиад нэг залгасан чинь холдбогдох боломжгүй болчихсон юм..” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Н.Санждоржийн  иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх -38/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-40-49/, эд зүйлийн үнэлгээ /хх-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвар насны шүүгдэгч Г.С нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Туул ресторанд най нарын хамт хоол идээд сууж байсан хохирогч Ц.Жавхлангаас гуйлга гуйж анхаарлыг нь саринуулан түүний Ай фоне 7 плас загварын гар утсыг авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Өсвар насны шүүгдэгч Г.Сийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг байх тул шүүх өснөр насны шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Өсвөр насны шүүгдэгч Г.С болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.С нь хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгч төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.С гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16 настай буюу өсвөр насны хүн болох нь төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журмыг баримталж шүүх хуралдааныг явууллаа.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байх бөгөөд нь өсвөр насны шүүгдэгч Г.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, ялыг сургалт хүмүүжлиийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.С нь 42 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Өндөрийн бүлэг овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч Г.Сид 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Сид оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Сид оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай

 

6. Өсвөр насны шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Сид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР