Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 602

 

 

 

                                                                      

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч Э.Бадрал,  

         Шүүгдэгч Т.М /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мт холбогдох эрүүгийн 1811 00012 0232 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Хальбин овогт, 1986 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 10-843 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, БЗД,СБД,ЧД-ийн ЭХАШШүүхийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан ба ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ЖВ86090437 .

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

 Шүүгдэгч Т.М нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 8-117 тоот хашаанд байх иргэн Г.Эрдэнэбаярын эзэмшлийн 65-42 УБН улсын дугаартай Хьюндэй аксент маркийн автомашинаас 15 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, автомашины аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 454.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн Х.Нямгаваагийн эзэмшлийн монгол гэрт цоожийг нь эвдэн нэвтэрч 420.000 төгрөгийн үнэ бүхий Самсун-маркийн LCD загварын 42 инчийн зурагтыг,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн М.Бат-Эрдэний эзэмшлийн монгол гэрт хаалгыг нь эвдэн нэвтэрч 300.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох  баримтуудыг шинжлан судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Маас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Т.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-37-39, 122-123, 191-192/ “..би өмнө нь гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан байгаа, надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон түүний гэрчээр өгсөн “...Би тухайн өдөр Эх нялхасын автобусны буудалын ойролцоо зам дагаад алхаж явтал 2 залуу тааралдаад 2000 төгрөг байна уу, ганц шил архи аваад уучих уу гэсэн. Тэгэхээр нь байна гээд автобусны буудлын хажуу талын дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хандгай архи аваад гудамжинд уусан юм. Тэгээд тэр хоёр залуугаас салаад зогсож байтал цагаан өнгийн аксент маркийн машин зогсож байхаар нь цонхоор нь харсан чинь арын суудал дээр тортой юм байсан. Тэгэхээр нь хаалгыг нь татаад үзтэл машин онгорхой байсан. Тэгээд арын суудал дээр байсан тортой гоо сайхны барааг аваад гудамжны үзүүрт байсан хүнсний дэлгүүрт 50.000 төгрөгөөр бүгдийг зарчихсан тэгээд Батаагийн гэрээс гараад буцаад хулгай хийсэн газраа ирсэн чинь хашааны гадаа байсан машиныг хашаан дотор оруулаад тавьчихсан байсан, тэгэхээр нь хашаа руу ороод машины хаалгыг онгойлгоод, урд копудыг нь татаж онгойлгоод акумляторыг нь салгаж аваад хашаанаас гараад явсан. Тэгээд зам дээр зогсож байгаад явуулын машинд 30.000 төгрөгөөр зарсан ба мөнгөөрөө архи аваад найз Батаагийнд ууж сууж байгаад цагдаа нарт баригдсан. Би хулгайлсан бүх барааг Гурван-Эрдэнэ нэртэй дэлгүүрт зарсан, бараанаас өөртөө юу ч аваагүй.

Миний санаж байгаагаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх архи уучихсан, ганцаараа гэрлүүгээ харьж явахдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших 70 давхар оршуулгын газрын тэнд замаас холгүй байдаг задгай хашаатай Монгол цагаан гэрт орж хулгай хийсэн нь үнэн. ..газарт байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад гарсанаа санаж байна. Тэр зурагтыг нь аваад төв зам руу гарч зам дагуу явж байсан танихгүй хүнд “мөнгөний хэрэг болчихоод байна, энэ зурагтыг хямдхан авчих” гээд 20.000 төгрөгөөр зарсан. Түүний дараа хулгай хийж олсон мөнгөө бүгдийг нь архи авч уухдаа зарцуулсан... ингээд нэг мэдэхэд ахин хулгай хийсэн газрынхаа ойролцоо ирсэн байсан ба өөр нэг монгол гэрийн цоожийг нь эвдээд хойморт нь байсан зурагтыг нь аваад гарсан юм. ..Дээрх 2 гэрээс хулгай хийхдээ зурагтнаас өөр ямар ч эд зүйл авч гараагүй. Хулгай хийсэн газраа бол зааж өгч чадна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Эрдэнэбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-92-94, 162-163/ “..Би хувиараа гоо сайханы бараа бүтээгдэхүүн зардаг юм. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 хороо Зүүн тасганы 8-117 тоотод байрлах найз охиныхоо гэрт ирсэн юм. Тэгээд машинаа хашааны гадаа тавьчихсан байж байгаад орой 23 цагийн хашаа руу оруулж тавьсан юм. 2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед босоод гадаа гараад машинаасаа юм авах гээд машин руугаа орсон чинь миний машины арын суудал дээр байсан гоо сайханы бүтээгдэхүүн байхгүй байсан. Тэгээд тэр нийтийн байрны хяналтын камерын бичлэгийг үзээд манай хадам аавын таньдаг хүн байна гэсэн. Тэгээд камерыг нь шүүж үзэхэд хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн машинаас аккумлятор аваад явж байгаа бичлэг байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн.., Би 253.500 төгрөгийн бараагаа алдсан ба үүн дээр 90,000 төгрөгөөр үнэлэгдсэн аккумлятор байгаа тул нийт 343.500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Учир нь би өөрийн алдсан зарим бараагаа буцаан авсан байгаа болохоор хохирлын хэмжээнээс хасуулж тоолсон..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Нямгаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-18-21, 162-163/ “..2017 оны 12 дугаар сарын 19 -ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гарсан ба Дэнжийн 1000-д байх аавынхаа гэрт очиж цай, хоол идчихээд 17 цаг 40 минутын орчим ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан..Тэгээд би гайхаад гэртээ ороход гэрийн хамаг юм эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд эд зүйлээ бүртгэхэд гэрт байсан 42 инчийн Самсунг маркийн LCD зурагт алга болсон байсан..” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч С.Хүрэлтогоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-159-161/ “..Миний санаж байгаагаар 2017 оны 12 дугаар сарын 19-өөс 20-ны өдөр манай гэрийн хаалгыг эвдээд хулгайч орж хар өнгийн Самсунг брендийн 32 инчийн ЛСД зурагт алга болсон ба тэр даруй цагдаад хандаж байсан.. Хулгай гарсан өдөр манай гэрээс зурагт болон гар утас алдагдсан гэж бодож байтал дараа нь гэрээ цэвэрлэж байхдаа Самсунг гранмаркийн rap утсаа олсон. Тухайн зурагтыг 2017 оны 10 дугаар сард Некст электроникс цахилгаан барааны дэлгүүрээс 499.000 төгрөгөөр худалдан авч байсан..., Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба манайх шинэ зурагттай болсон байгаа ба тэр хүнийг л бага ял аваасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл манай гзс бүлийн зүгээс Т.М гэх хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал хүсэлт байхгүй..” гэх мэдүүлэг, Гэрч Б.Энх-Амгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-95-96/ “..Би Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо Дунд Тасганы 3-22 тоотод байрлах дэлгүүрийг ажиллуулдаг. 2019 оны 03 сарын 12-ны өдөр 22 цагийн үед гаднаас 40 орчим насны эрэгтэй хүн тортой юм барьчихсан гоо сайхны бараа хямд зарна, аавын бие муу байгаа болохоор хямдхан өгнө, бүгдийг нь 35000 төгрөгөнд өгнө гэхээр нь би авчихсан. ...маргааш нь ажил дээрээ ирээд тухайн барааг үзэж амжаагүй байхад гаднаас цагдаа нар ирээд хурагаагаад аваад явсан..” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх- 79х-80х/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “..уг автомашины хойд талын суудал дээр байсан гоо сайхны бүтээгдэхүүн байхгүй байна гэх тул 10 дугаараар дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Машины копуд дээрээс 2 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авсан. Аккумлятор байсан гэх газрыг С үсгээр тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81х-84х/

“..Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасган 8-117 тоот “машинаас аккумлятор хулгайлаад явсан байна” гэх дуудлагаар очиж ...камерын бичлэгт хулгай хийж бичигдсэн 32 настай Туваандорж овогтой Мөнхбаярыг олж хулгай хийсэн гоо сайхны барааг хаана тавьсныг олж тогтоон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 3-22 тоотод байрлах Батжаргал овогтой Энх-Амгалангаас 16 нэр төрлийн гоо сайхны барааг хүлээн авч тэмдэглэл үйлдэн шалгуулахаар хүлээлгэн өгөв. Ахмад Я.Чулуунбаатар” гэх илтгэх хуудас, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх- 85х-85х/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх- 88х-99х/, Эд зүйлийн үнэлгээ “...нийт 454.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-121х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Мөнхбаярын заасан замаар явахад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо 117 тоот хаягтай ногоон өнгийн теүе: хаалгатай модон хашаа байв. Т.М нь уг 117 тоот хашааны гадна байсаг саарал өнгийн машины дотроос гоо сайхны бараа авсан гэж зааж байв...”гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 148х-154х/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх- 9х-10х, 141х-142х/ Хэргийн газрын үзлэг хийсэн “...гэрийн хаалга нээлттэй байх ба ...шар өнгийн шкафны хаалга дэлгээтэй, доторх хөнжил гудсыг гаргаж онгичсон байдалтай байх ба түүний хажууд шар өнгийн модон ор, түүний дээр хөнжил, хувцас хунар эмх цэгцгүй, ...гэрийн хойморт бор өнгийн модон тавиур байх ба түүний дээр зурагт байсан гэх газарт F гэсэн тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл /хх-н 11х-14х/,...гэрийн хаалгыг гол хэсгээр эвдэж онгойлгосон байдалтай, хаалганы цүүнд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, цоожгүй байх ба үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав. ...зурагт байсан гэх газарт F үсэг тавьж 1 кадр зургаар бэхжүүлэн авав. ...авдрын урд газар төмөр хайрцаг, түүнээс хоёр ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авлаа..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 141х-142х/,

 

Шинжээчийн 06/049 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. ...2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000510014138, MNOOO0PLUO2O72 дугаараар бүртгэгдсэн Туваандорж овогтой Мөнхбаярын зүүн гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна..” гэх дүгнэлт /хх-45х-48х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “..Мөнхбаярын зааснаар засмал замаар явсаар уг засмал дуусахад үргэлжилсэн шороон замаар хойд зүгт 500 орчим метр зайд явахад зүүн тийш харсан задгай хэсэгтэй ямар нэгэн хаяг самбаргүй, зүүн хойд талд ГК940 гэсэн бичиглэлтэй модон хашаа байв. Уг хашаа руу яллагдагч Т.М нь орж энэ айл руу орж зурагтыг авсан гэж заах ба “тухайн үед бүрээс туурга нь бүрэн байсан ч одоо бүрээс нь урагдсан, хүн амьдардаггүй юм шиг харагдаж байна” гэж заав. ..Мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэн яллагдагч Т.Мын зааснаар ...хойд зүг буюу барууу гар тийш эргэхэд уулын налуу хэсэгт газрыг тэгшилж барьсан 2 монгол гэр байх бөгөөд яллагдагч Т.М нь "би зүүн талын айл руу нь орж зурагтыг нь авсан юм гэж заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-148х-154х/, Эд зүйлийн үнэлгээ “..Самсунг брендийн 42 инчийн ЛСД зурагт 2017 онд авсан-420,000 төгрөг, ..Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт-300,000 төгрөг” гэх /хх-ийн 55х, 170х/, болон шүүгдэгч Т.Мын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-49/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 8-117 тоот хашаанд байх иргэн Г.Эрдэнэбаярын эзэмшлийн 65-42 УБН улсын дугаартай Хьюндэй аксент маркийн автомашинаас 15 нэр төрлийн 454.000 төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн, 90.000 төгрөгийн автомашины аккумуляторыг,

мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн Х.Нямгаваагийн эзэмшлийн монгол гэрт цоожийг нь эвдэн нэвтэрч 420,000 төгрөгийн үнэ бүхий Самсунгмаркийн LCD загварын 42 инчийн зурагтыг,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн М.Бат-Эрдэний эзэмшлийн монгол гэрт хаалгыг нь эвдэн нэвтэрч 300.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Т.Мын хохирогч Г.Эрдэнэбаярын эзэмшлийн 65-42 УБН улсын дугаартай Хьюндэй аксент маркийн автомашинаас эд зүйлс хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Нямгаваагийн гэрээс эд зүйлс, хохирогч М.Бат-Эрдэнийн гэртээс эд зүйлс хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 д заасан ялыг сонсгосон байна.

 

Шүүгдэгч Т.Мын дээрхи үйлдлүүд бүгд хулгайлах гэмт хэрэг бөгөөд 2017 оны 12 сараас 2019 оны 3 сарын хооронд үргэлжлэн үйлдэгдсэн, хоёр үйлдэл нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай хэрэг байх тул тус тусад нь давхардуулан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Өөрөөр хэлбэл тус тусад нь гэм буруутайд тооцож, ял оногдуулан нэгтгэж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 д заасан зарчимд нийцэхгүй.

 

Иймд шүүгдэгч Т.Мт давхардуулан сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүчингүй болгож Шүүгдэгч Т.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс нь дээрхи гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаагүй болно.

Шүүгдэгч Т.Мын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, удуу дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч М.Бат-Эрдэнэ өөрт учирсан 300.000 төгрөгийн хохиролыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, хохирогч Х.Нямдаваад учирсан 420.000 төгрөгийн хохиролоос 160.000 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Эрдэнэбаярт учирсан 454.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Маас 260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нямгаваад олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.М нь шүүх хуралдаан болохоос өмнө 142 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Т.Мт давхардуулан оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар хүчингүй болгож, Хальбин овогт Туваандорж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Маас 260.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г задгай тоотод оршин суух Монгол овгийн Хажидсүрэнгийн Нямгаваад РД:НК93032815 олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Т.Мын бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР